Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагын хариуг өгөхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг хийнэ гэв

2022 оны 05 сарын 05

Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагын хариуг ажлын 5 хоногт багтаан өгөхгүй бол УИХ-ыг тараах дараагийн шатны тэмцлийг хийнэ гэв.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын хүмүүс өнөөдөр /2022.05.05/ Сүхбаатарын талбайд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг шаардсан жагсаал хийлээ.


УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр эцэг хууль ч бас тодорхой өөрчлөлтийг шаардаж байдаг. 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан цагаас хойш дэлхийн дэг журам өөрчлөгдөж, бид ч бас энэ өөрчлөлтөд бэлэн байх ёстойг геополитикийн үйл явдлууд сануулсаар байна. Бид энэ дунд өөрсдийн эрх ашгаа хамгаалах, ардчиллаа улам бүр бэхжүүлэх нь зүй ёсны болж ирлээ.

Үүнд парламент хамгийн чухал нөлөөтэй. Хөгжингүй улс орнуудын парламентын хажууд манай УИХ жижиг бөгөөд лоббид өртөх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл ардчиллаа чадан ядан бэхжүүлж буй манай оронд аль нэг улсын нөлөө, шахалт ирэх магадлалтай гэсэн үг. Түүнийг тогтоон барьж, шингээх нь парламентын засаглалын давуу тал байдаг. Тиймээс гишүүдийн эрх мэдлийг задалж, тоог нь нэмбэл ирж буй шуурганд өртөхгүй байх боломжтой.

Үндсэндээ Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа дэг журам өөрчлөгдөж, улс орнууд дунд “хана хэрэм” үүсээд байна. Энэ нөхцөл байдалд бид өөрсдийн бүрэн эрхт байдлаа хадгалан хамгаалахын тулд парламентаа хүчирхэгжүүлэхээс өөр сонголтгүй болжээ. Парламент аль нэг лобби бүлгийн нөлөөнд автахгүйгээр хууль тогтоомжоо баталдаг байх тэр боломжийг хангахын тулд 76 гишүүний тоог нэмэх, олон намын төлөөллийг багтаахаас өөр гарцгүй. Ингэж байж батлагдаж буй хууль тогтоомж шахсан бяслаг мэт байна.  Мөн улс орны хөгжлийн эсрэг бодлогууд дарагдана. Өнөөдөр парламент сумын соёлын төв, хөшөө дурсгал, суварга барихаас хэтрэхээ больсон нь үнэн. Гэтэл үүний цаана манай улсын хөгжлийн гол бүтээн байгуулалт үлдсээр байна. Түүнийгээ хэрэгжүүлье гэхээр гадна дотноос нөлөө орж ирж, хөгжлөө хязгаарлуулаад сууж байгаа нь жижиг орны зовлон. Энэ зовлонг үгүйсгэе гэвэл хүчирхэг парламент байгуулахаас өөр гарц алга байна.

Гаднаас ирэх эдийн засаг, соёлын дарамтуудыг шингээх нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай шууд холбогдоно. Тиймээс өнөөдрийн соёлын төв ярьдаг давжаа 76-г улсын хөгжил ярьдаг УИХ болгохын тулд Үндсэн Хуульд гар дүрэх нь оновчтой шийдэл байж болох юм.  1992 онд баталсан Үндсэн Хууль 2 сая иргэний дуу хоолой болохуйц гэж үзэн УИХ 76 гишүүнтэй байхаар тогтсон. Гэвч өнөөдөр хүн амын тоо 3 сая 600 мянга давжээ. Тэд иргэн бүрийнхээ дуу хоолой нь болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нөгөө шалтгаан энэ. Шийдвэр гаргаж байгаа орчинг олон нийтийн дуу хоолойг бүрэн төлөөлөхүйц хэмжээнд аваачихгүй бол хэрүүлийн алим тасрахгүй. Санал гээгддэггүй зарчмыг үндэслэж цөөн бүлгийг оруулж ирэхгүй бол эрх мэдлийн төвлөрөл багасахгүй байна. Тиймээс төлөөллийн ардчиллыг илүү төгөлдөршүүлж, иргэн бүрийнхээ дуу хоолойг илэрхийлж чадахуйц парламентыг бүрдүүлэх нь дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой шийдэл болж байгаа юм" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За мир(202.126.88.162) 2022 оны 05 сарын 06

Эхлээд монгол улсын төлөө гэдэгээ нотол . Гадаадын ямар улсын даалгавараар үймээн жагсаал хийх гэж байгаагаа хэл

0  |  0
Иргэн(66.181.160.30) 2022 оны 05 сарын 05

76-г нэмж, холимог болгох нь улс төрд үхэн хатан дурлагчдад зориулсан гэсэн үг, харин дээд, доод танхимтай болох нь илүү чадамжийг бий болгоноо.

0  |  0
Зочин(103.26.195.64) 2022 оны 05 сарын 06

Ард нь Ардын нам байгаа юм биш биз УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмнэ Сайдуудаа давхар дээлтэй болгоно гэж цамнаад байсан биз дээ тэд

0  |  1
Top