Өгөгдлийн шинжээч мэргэжил хамгийн өндөр цалинтай байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

-Хамгийн эрэлттэй 100 мэргэжлийн 28 хувьд мэргэжил шаардлагагүй-

Их сургууль хийгээд ерөнхий боловсролын сурагчид төгсөх цаг хаяанд иржээ. Энэ үеэр ажил олгогчид өөрсдийн мэргэжлийн онцлог, ажлын байрны давуу талаа танилцуулж, хүний нөөцөө бүрдүүлдэг. Нөгөө талаас арван жилийн сурагчид өөрсдийн сонирхолд нийцсэн, цаашдын амьдралаа бий болгох хөдөлмөрийн эхлэлийг тавьдаг юм. Гэвч хувь хүний сонирхлоос гадна хөдөлмөрийн зах зээлийг судлахгүйгээр мэргэжил сонгоно гэж байдаггүй. Мөн ажлаа солих, эсвэл өөр мэргэжлээр ажиллахыг хүссэн хүмүүс нэлээд бий. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаар манай улсад эрэлттэй ажил мэргэжил хийгээд цалин, ажил олгогчид ажилтны ямар ур чадварыг илүүтэй хардаг талаарх сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.


 

СУРАГЧДЫН МЭРГЭЖИЛ СОНГОЛТООС ИЛҮҮТЭЙ СУРГУУЛИЙН ШАЛГАЛТЫН ОНООНЫ ЭРЭМБЭД АНХААРЧ БАЙНА ГЭВ

 

Ерөнхий боловсролын сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 712.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас жилд дунджаар 34.8 мянга орчим хүүхэд төгсдөг байна. Харин их дээд сургуульд жилд 30.4 мянга орчим оюутан элсдэг ажээ. Их, дээд сургуулль, коллежид суралцагсдыг суралцаж буй мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл 2021-2022 оны хичээлийн жилд нийт суралцагсдын 28.8 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүй, 17.5 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 12.8 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралт, 12.2 хувь нь боловсролын чиглэлээр суралцаж байгаа гэх тоон судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

Тэгвэл энэ жил төгсөх сурагч Б.Очирпүрэв “IT инженер мэргэжлээр суралцана хэмээн бодож байгаа. Учир нь технологийн салбар илүүтэй хөгжиж байгаа энэ үед манай улсад ч эрэлт их байгаа. Нөгөө талаас их сонирхолтой мэргэжил. Ямар ч салбарт ажиллах боломжтой гэж бодсон. Мөн цалин ч өндөр. Цалингаа ч тооцож үзэж мэргэжлээ сонгох хэрэгтэй байх” гэсэн юм. Мөн төгсөх ангийн сурагч Л.Батзаяа “Би нягтлан бодогч мэргэжлээр суралцахаар төлөвлөсөн. Нягтлан бодогч маш олон байдаг хэдий ч нэг салбарын нягтлан бодогчоор мэргэших нь илүүтэй сайн байдаг талаар уншсан. Сүүлийн үед дотооддоо гэхээс илүүтэй гадаадад илүү нарийвчлан мэргэшсэн тохиолдолд салбартаа амжилттай байх юм билээ. Тэгэхээр манай улсад төгссөн олон нягтлан бодогчдоос нарийвчлан сурснаараа ялгарна хэмээн бодож байгаа” гэсэн юм.

Харин Т.Мөнх-Эрдэнэ “Барилгын салбарт ажиллах сонирхолтой. Тэгэхээр бизнесийн удирдлага эсвэл барилгын инженер гэх мэргэжлээс сонгохоор болсон. Миний хувьд бизнесийн удирдлага мэргэжлийг сонгосон. Бизнес талаараа олон сонирхолтой зүйлсийг хийж, хөгжүүлэхийг хүсдэг” гэлээ. Сурагч Л.Идэрмөнх “Одоохондоо мэргэжлээ сонгоогүй. Гэхдээ гол хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Учир нь ямар ч мэргэжил рүү хөрвөж болох хичээлүүд болохоор тэр л дээ. Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын мэргэжил сонголтод төдийлөн анхаардаггүй. Харин хэн хэдэн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, хэрхэн өндөр оноогоор сургуулиа дээгүүр жагсаах зэрэгт анхаардаг юм шиг санагдсан. Мэргэжлээ сонгоогүйд маань сургууль буруутай гэж байгаа юм биш. Зүгээр л надад зүйл сонирхолтой байдаг болохоор ямар мэргэжлээр сурахаа шийдэж чадахгүй байгаа юм. Аав, ээжийн хэлсэн мэргэжил надад таалагдахгүй байгаа. Тиймээс өөрөө сонгохын тулд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Энэ мэтээр ерөнхий сургуулийн сурагчид цаашдын ажил мэргэжлийн талаар ярив. Харин оюутнуудын хувьд мэргэжилдээ дургүй, эцэг эх сонгосон, өөрийн хүсэлтээр сонгосон, сонгосон мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэх мэт төрөл бүрийн зүйлийг ярьж байлаа. Сургуулийн нэрийг битгий гаргаарай хэмээн хэлэх залуу бол С.Болдбат юм. Тэрбээр эцэг эхийн шаардлагаар эдийн засагч мэргэжлээр суралцаж байгаа ажээ. Тэрбээр “Дүү нартаа хэлэхэд хүн дургүй мэргэжилдээ хүчээр сурсан ч хэчнээн хичээгээд дуртай болохгүй юм билээ. Би хичээлийн хажуугаар аппликейшн хөгжүүлдэг газар ажилладаг юм. Эдийн засгийн онол гэх мэт хичээлийг үзсэн ч IT салбарт ажиллах шиг хөгжилтэй байдаггүй. Сурсан мэдлэгээ муу гэж үгүйсгэхгүй ч сонирхол маань IT болохоор энэ чиглэлээр дахин сурч, ажиллах мөрөөдөлтэй болсон” гэв.

Мөн оюутан Г.Батцэцэг “Би маркетингийн менежер мэргэжилтэй. Ямар ч салбарт хэрэгтэй мэргэжил. Сүүлийн үед илүү нарийсдаг болсон юм билээ. Тэгэхээр ажлын байранд гараад, мэргэжлээрээ ажилласны дараа нарийсч мэргэшинэ хэмээн шийдсэн. Одоогоор хичээлийн хажуугаар холын зайнаас зарим газрын цахим хуудсыг хөгжүүлж өгдөг” хэмээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭНЭ ОНД 78 МЯНГАН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЭРЭЛТ ҮҮСНЭ

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтаас гаргасан Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаанд энэ онд хамгийн их эрэлттэй 100 мэргэжлийн 28 хувьд нь мэргэжил шаардлагагүй хэмээх үр дүн гарсан байна. Харин 37 хувьд нь дээд боловсрол, 35 хувьд нь техникийн болон мэргэжлийн боловсрол шаардлагатай ажээ. Дээд боловсрол шаардлагатай зарим ажил мэргэжил нь эрэлтээс давсан нийлүүлттэй байдаг. Үүний тод жишээ нь нягтлан бодогч аж.

Жилд 2068 оюутан уг мэргэжлээр төгсдөг бол тус мэргэжлийн ажлын байр нь энэ жил 1300 хүрэхгүй байгаа юм. Харин нөгөө талдаа өгөгдлийн шинжээчийн ажлын байр хамгийн их эрэлттэй буюу 1945 ажлын байр эзнээ хүлээж байгаа ч энэ чиглэлээр төгсөгчдийн тоо 167 аж. Техникийн болон мэргэжлийн ажил боловсрол шаардлагатай мэргэжил дунд эрэлттэй 516 ажлын байрыг бүртгэсэн байна.

Үүнд жолооч, барилга угсралтын мужаан болон тогооч зэрэг мэргэжлүүд хамгийн их эрэлтийг үүсгэжээ. Барилга угсралтын мужааны 1472 ажлын байр байгаа бол энэ чиглэлээр жилд дунджаар 127 оюутан төгсдөг байна. Харин гагнуурчин мэргэжлээр жилд 1550 хүн төгсдөг бол 1000 хүрэхгүй ажлын байр байдаг ажээ.

Харин мэргэжил шаардлагагүй ажилд бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарууд, тэр дундаа үйлдвэрийн болон барилгын туслах ажилтан зэрэг нарийн мэргэжил шаардахгүй ажлын байрууд хамгийн эрэлттэй байгаа юм. Энэхүү мэргэжил шаардахгүй ажилд нийт 11.079 ажлын байр байгаа ажээ. Мөн эрэлттэй ажил мэргэжлийн жагсаалтад цахилгааны инженер, малын эмч, авто машины механик инженер, тоног төхөөрөмжийн инженер, синхрон, аман орчуулагч зэрэг мэргэжлүүд орсон байна. Энэхүү судалгаанд есөн дүүрэг, 21 аймгийн нийт 2923 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Хөдөлмөрийн зах зээлд энэ онд 78 мянган ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ бий болохоор байна. Өнгөрсөн судалгааны дүнгээс үзэхэд 48.3 хувиар өсөх төлөвтэй байна. Ажиллах хүчний эрэлтийн 72.9 хувь нь энэ оны эхний хагаст бол үлдсэн 27.1 хувь нь сүүлийн хагаст бий болох төлөвтэй байна.

Мөн ажил олгогчид сүүлийн таван жилийн хугацаанд ажил горилогчийн ажил мэргэжлийн ур чадвараас илүүтэй хувь хүний зан чанар, суурь хүмүүжил, ерөнхий хандлага, ёс зүйг хамгийн чухал үзүүлэлт хэмээн үзсээр байгаа ажээ. Тэр дундаа хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ур чадварууд шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар, сэтгэл зүйн дасан зохицох чадвар, өрсөлдөх чадвар, өөрийгөө удирдах чадвар, дижитал ур чадварыг хамгийн ихээр шаардаж байгаа аж. Мөн хэлний мэдлэг, аналитик дүн шинжилгээ хийх чадвар ч ажил олгогчдын зүгээс тавьж буй хамгийн эрэлттэй ур чадварын тоонд орсон байна.

 

ӨГӨГДЛИЙН ШИНЖЭЭЧ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛ АНУ-Д МОНГОЛООС ЕС ДАХИН ИХ ЦАЛИН АВДАГ

 

Нээлттэй ажлын байрны зарын мэдээлэлд манай улсад сард дөрвөн сая төгрөгөөс дээш цалинтай долоон ажил мэргэжил байсан юм. Үүнд, гоо сайхны мэс засалч, веб хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгө зууч, англи хэлний хууль зүйн орчуулагч, утасны аппликейшн хөгжүүлэгч, системийн инженер болон ерөнхий нягтлан бодогч зэрэг ажээ. Монголд мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд хамгийн өндөр цалин авдаг байна. Мөн аль нэг салбарт нарийн мэргэшсэн байвал илүү өндөр цалин авдаг ажээ.

Мөн сарын 3-4 сая төгрөгийн цалинтай дараах ажлын байрууд байсан юм.

Үүнд, холбоо дохиоллын инженер, зам, гүүрэн байгууламжийн инженер, өрмийн механик, IT төслийн инженер, барилгын инженер, татварын нягтлан бодогч, засварын мастер болон ерөнхий тогооч гэх мэргэжлүүд байсан юм. Уурхайн талбар дээр ажиллах машин, тоног төхөөрөмжүүдийн операторуудын цалин сүүлийн үед өсөж байна. Инженер дундаас барилгын талбайн инженер, нягтлан бодогчид дундаа тооцооны, программ дээр ажиллах нягтлан бодогчдид, дата өгөгдлийн шинжээч, маркетингийн менежер дотроо брэнд менежер, зах зээлийн судалгаанд дата анализ хийдэг мэргэжлийн эрэлт ихэсжээ.

Харин АНУ-ын Хөдөлмөрийн яамны хийсэн судалгаагаар энэ оны хамгийн өндөр цалинтай таван ажлын байраа зарласан юм. Үүнд их өгөгдлийн шинжээч хамгийн өндөр цалинтай ажлын байраар тодорчээ. Энэхүү мэргэжлийн жилийн цалин нь 140 мянган ам.доллар буюу сардаа 11.7 мянган ам.доллар авдаг байна. Энэ нь монгол мөнгөөр 36 гаруй сая төгрөг юм. Харин мэдээллийн аюулгүй байдлын шинжээч гэх мэргэжил жилийн 125 мянган ам.долларын цалинтай гэдгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Харин гуравдугаарт утасны аппликейшн хөгжүүлэгч мэргэжил жилийн 137 мянган ам.доллар олгодгоороо гуравдугаарт жагссан байна. Харин эмчийн туслах болон сувилагч гэх мэргэжлүүд жилийн 115 мянган ам.доллароор дөрөв болон тавдугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Дээрх харьцаанаас харахад ямар ч улс орон мэдээлэл, технологид суурилж буй учраас өгөгдлий шинжээч гэх мэргэжил хамгийн их эрэлт үүсгэж, тэр хэрээрээ өндөр цалинтай байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top