Сүүлийн хоёр жилийн хугацаанд зэсийн ханш 125 хувиар өсжээ

2022 оны 05 сарын 09

Зэсийн үнэ 2020 оны гуравдугаар сараас хойш 125 хувиар өсөж, цар тахал эхэлснээс хойш ханш нь түүхэн дээд хэмжээнд  хүрсэн түүхий эдийн нэг болоод байна. Зэсийн ханш өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Эдгээр хүчин зүйл нь шар металлын ханш өсөхөд цаашид ч нөлөөлөхөөр байгааг шинжээчид онцолж байна.

 

ЗЭСИЙН ОЛБОРЛОЛТ СҮҮЛИЙН 30 ЖИЛД БУСАД МЕТАЛЛТАЙ ХАРЬЦУУЛАХАД УДААН ӨССӨН

 

Сүүлийн 30 жилийн хугацаанд хөнгөн цагааны үйлдвэрлэл 256 хувиар, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 257 хувиар өссөн бол 2013 оноос хойш зэсийн олборлолт, үйлдвэрлэл аажмаар буюу жилд ердөө 1.7 хувиар өсжээ. Зэсийн нийлүүлэлтийн удаашрал  нь олон хүчин зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт, зэсийн үнэ 2010 -2016 оны  хооронд 58 хувиар буурч, үйлдвэрлэлийн өртөгтэйгөө дөхөж улмаар уурхай болон хүдэр боловсруулах үйлдвэрүүдэд шинээр хөрөнгө оруулах нь буурч байв. Хоёрдугаарт, зэсийн хүдэр дэх  зэсийн агууламж тогтмол буурч байна. Зэсийн ордны  илрүүлсэн нөөц өссөөр байгаа ч зэс олборлох зардал мөн нэмэгдсээр байгаа юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДАЛ БА ЗЭС

 

Газрын тос, байгалийн хийн үнийн огцом өсөлт нь зэс нэн шаардлагатай сэргээгдэх эрчим хүч,  батерей, цахилгаан машин зэрэг өөр технологиудын эрэлтийг нэмэгдүүлж магадгүй юм.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ

 

Эрчим хүчний шилжилт нь зэс болон лити, кобальт зэрэг бусад металлын эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлж эхлээд байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд нарны эрчим хүчний үнэ бараг 70 хувиар  буурсан бол батерейны үнэ мөн адил буурсан байна. 1990 оноос хойш нарны эрчим хүч, батерей үйлдвэрлэх зардал бараг 98 хувиар буурчээ. Хэрэв ойрын хэдэн арван жилд ийм хандлага үргэлжилбэл нүүрстөрөгчгүй, эрчим хүч бүхий ирээдүйг төсөөлөх боломжтой. Гэхдээ үүнийг дагаад  илүү их зэс утас шаардлагатай болно.

Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд цахилгаан автомашины эрэлтийн хамгийн хурдацтай өсөлт нь өнгөрсөн он байсан бөгөөд цахилгаан автомашины борлуулалт бараг 190 хувиар  өссөн байна.

 

ХЯТАДЫН НӨЛӨӨ

 

Хятад улс шинээр олборлосон зэсийн 40-50 хувийг жил бүр худалдаж авдаг. Түүхий зэсийн зарим хэсгийг дотооддоо ашигладаг бол дийлэнх хувийг завсрын болон эцсийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд ашиглаад, тухайн бараа материалаа экспортлодог. Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлтийн хурд нь зэсийн үнээс хамааралтай байдаг. Цар тахлын эхэн үед огцом буурсан Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд 2020 оны хоёрдугаар хагас болон 2021 оны эхний хагаст эрчимтэй сэргэсэн. Зэсийн үнэ энэ өсөлтийг даган мөн хэлбэлзэж байв. Үүнээс хойш Хятадын аж үйлдвэрийн өсөлтийн хурд мэдэгдэхүйц удааширсан. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрахын хэрээр зэсийн үнэ хэдэн сарын турш суларсаар байсан ч  сүүлийн хэдэн сард аажмаар өсөж эхлээд байна. Түүнчлэн ханш нь ийнхүү өсөж буй Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй. ОХУ 2021 онд 850 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь дэл­хийн  зэсийн тав орчим хувийг эзэлж байна.

 

ЦАР ТАХАЛ

 

АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэгчид хэрэглээний цахилгаан бараа болон зэсийн агууламж ихтэй бусад бүтээгдэхүүнийг худалдан авах хандлагатай болсон. Энэ нь зэсийн эрэлтийг мөн нэмэгдүүлэх хандлагатай байгаа юм. Богино хугацаанд хэрэглээний эрэлтийн ийм өөрчлөлт нь эрчим хүчний шилжилтийн үр дүнд бий болсон зэсийн эрэлтийн зарим хэсгийг нөхөж магадгүй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top