Zindaa.mn сайтын энэ удаагийн зочноор удган Норолхоожавын Хишигжаргалыг урьж ярилцлаа. Тэрээр бага залуу наснаасаа хүний амьдралд тохиолдож болох уй гашуу, өвчин зовлон, хүнд хүчир бүхнийг туулж, эцэст нь удган болох хувь тавилантай золгожээ. Тэр цагаас хойш өдгөө 17 жилийн турш түүнийг зорьж очсон хүмүүст тус хүргэх тэнгэр, газрын үйлийг холбож байна.
БИ ҮХЭХЭЭС НААГУУР ЗОВЛОН ТУУЛЖ БӨӨ БОЛСОН
-Бөө болох хүнд ямар нэгэн байдлаар дохио илэрдэг гэж ярьдаг. Та анх яаж удган болсон бэ?
-Бага насандаа онцгой зүйл мэдрээгүй, бусдын адил эцэг эхтэйгээ аз жаргалтай өнгөрүүлсэн.
19 настй байхад анх удаа мэдрэгдсэн. Өглөө эрт босоод гэрээс гартал хэрээ дуугарч байна. Би шууд л гүйж ороод ээждээ “эмээ нас барчихлаа” гэж хэлсэн. Хэн тэгж байна гэж асуухад нь хэлэх үг олддоггүй. Намайг муу амлалаа гэж загнаад өнгөрсөн. Тэр үед гар утас байсангүй. Эгчийг босгоод эмээ рүү явуулахад өнгөрчихсөн байна гэж ирсэн. Түүнээс хойш ээж маань “Чи айхавтар ам хатуутай хүүхэд шүү. Хамаагүй юм битгий ярьж байгаарай” гэдэг байсан.
Төд удалгүй би үр хүүхэд төрүүлж, хүүхдээ алдан, анхны амьдрал маань бүтэлгүйтлээ. Сэтгэл санаагаар унасан намайг ээж маань Баянхошууны эцэст байдаг хийдийн хамба н.Банзар багшид шавь оруулахаар очсон. Тэр үед хийдийн гадна тааралдсан нэгэн эмээтэй ээж удаан ярилцаж, миний охин энэ эмээгийнд амьдар. Чамтай хамт амьдрах ёстой юм байна гэж хэллээ. Би тэр үед юу болохоо ч мэдээгүй. Намайг амар тайван байлгахын тулд энэ хүн рүү явуулж байна гэж ойлгосон. Ингээд тэр эмээтэй амьдарч эхэлсэн.
-Огт танихгүй хүнтэй юу?
-Тийм. 7 буудлын эцэст байдаг цагаан толгойтой эмээ гэж хүмүүс мэддэг. Одоо бол тэнгэр болчихсон. Эмээ замдаа “Чамайг зарцлах гэж байна гэж битгий бодоорой. Надад хоол унд, гэрийн ажил хийдэг хүн байдаг” гэснээс өөр үг хэлсэнгүй. Тэндээс бол миний үйл эхэлсэн гэж боддог.
Тэр үед надад бөө болно гэдгийг хэн ч хэлээгүй. Эмээгийнд амьдарч байхдаа хүний зовлон бэрхшээл, аз жаргал гэж юу байдгийг ойлгож, амьдралыг таньсан. Эмээ дээр ихэвчлэн зовж зүдэрсэн хүмүүс ирдэг. Тэр бүгдэд намайг чимээгүй хараад сууж бай л гэдэг байлаа.
Өдөр бүр би эмээтэй хамт өглөө оройдоо мөргөл хийнэ. Эмээгээс би анхны номоо сонсож, тэр үеэс хичээл явагдсан гэж одоо боддог юм.
Эмээгийнд дээрх маягаар жил гаруй амьдарсны дараа эмээ “миний хүү одоо харих цаг нь болсон” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харилаа.
Үүний дараа Дархадын удган Д.Энхжаргалаас “Чи уг тэнгэр залгаж бөө болох ёстой юм байна” гэдэг үгийг анх удаа сонссон. Тэр үед бөө гэдгийг “Өглөө” кинон дээр гардгаар л төсөөлдөг байсан. Би шууд л бөө болохгүй гэдгээ хэлсэн. Энхжаргал удган дургүйцэх тусам хатуу, битгий их цааргалаарай гэсэн.
-Тэгээд л сахиусаа авчихсан уу?
-Үгүй. Энэ хооронд би хулгай хийх, худлаа ярихаас бусдаар маш олон зовлон туулсан. Үхэлтэй ч нүүр тулгарсан.
Хүнийг ядраад, доош орохын цагт найз нөхөд байдаггүй юм билээ. Нөхөд байтугай ах дүү ч холддог юм. Ядарч явахад мянган төгрөг ч олддоггүй юм билээ. Автобусанд суух зуун төгрөг гуйхад өгдөггүй юм билээ. Тийм амьдралыг биеэрээ үзсэн. Би харанхуй шөнө таван настай хүүгээ дагуулаад нүүрс түүж галаа түлдэг байлаа. Тэр үед би 25 настай л байж, шөнөөр явахаас айсандаа балчир хүүгээ хань татаж байгаа нь тэр.
Гурав дахь хүүхдээ төрүүлж, Эх нялхсын эмнэлэгт (Одоогийн ЭХЭМҮТ) өвчтэй хүүхэдтэйгээ гурван жил амьдарсан. Нярайн тасгаас эхлээд л дотрын тасаг, мэдрэлийн тасаг, цусны тасаг гээд бүх тасгуудад эхний хоёр жилийг барж, үлдсэн нэг жилийг СХД-ийн хүүхдийн эмнэлэгт барлаа. Тэр хооронд би юу эсийг бодох вэ дээ. Өнгөрсний тухай, цаашдаа яаж амьдрах, хүнийг ядрахаар яагаад бүх хүн нүүрээ буруулдаг тухай, дараа нь би хатуу байна шүү гэж бодно.
Үр хүүхдээ үхүүлэх маш хэцүү зовлон. Өмнө нь анхны хүүхдээ алдчихсан учраас унтсан хойгуур хүүхэд минь өнгөрчихвий гэж нойргүй хононо. Олон хоног нойргүй байхаар зогсоогоороо унтдаг болчихдог. Ор дэр хүрэлцээгүй. Би эх нялхасын эмнэлгийн бүх нүх сүвэнд халаадаа дэвсээд л унтдаг байсан.
Бага маань иймэрхүү байдалтай явсаар гурван нас хүрч, эмнэлгээс арай холдох шинжтэй болон, баяртай байтал том хүү өвдсөн. Ингээд Эх нялхаст буцаад ирлээ. Эх хүнд шантардаг үе байдаг юм билээ. Би ер нь яасан муу ёрын хүн бэ. Хажууд хань тэсэхгүй хаяад явчихна. Үр хүүхэд нь өвчнөөс салахгүй. Хүн үр хүүхэд төрүүлсний жаргал гэж байхаас гайг эдэлнэ гэж байх уу. Нас 30 дөхлөө. Би яах ёстой юм бэ гэсэн бодол тээгээд явж байтал би өөрөө бамбай булчирхайн хорт хавдартай болсон. Артерийн судсан дээр таарсан маш хүнд хагалгааг Монголд хийх боломжгүй гэнэ. Ингээд Хавдар судлалын эмнэлэгт (ХСҮТ) үхэлтэй эвлэрэн хэвтэж байхад азаар Германаас сургалтаар эмч ирж, мэс засал амжилттай болсон. Миний зовлон ингээд дууссангүй, унаж таддаг боллоо. Уналт хоорондын зай ойртсоор, таталт хүчтэй болж, эмнэлэгт очихоор эмч нар намайг баашиллаа гээд загнана. Тэр үед би нэг байгууллага ажилд орсон байсан.
Захирал маань Ховд аймгийн хүн, нутгийнхаа нэг бөөд үзүүлэхийн зөвлөснөөр би очсон. Тэр бөө “Онго сахиус тань 9, 15, 25 настайд чинь чамтай уулзах жилүүд байж. Одоо 33 насандаа нүүр тулж уулзах цаг нь болсон байна” гэлээ. Надад тэр хүний ярьсан зүйлс ерөөсөө чухал байгаагүй. Бушуухан татаж унадаггүй болъё л гэж бодсон. Энэ хуур манжгийг татахад би унаж татахаа болих уу гэхэд тэгнэ гэж байна. Ингэж би 33-ны мөчлөг дээр онгод тэнгэрийн үйлтэй холбогдсон. Түүнээс хойш үнэхээр л унахаа больж, 18 орчим жил бөөгийн замналаар явж, зорьж ирсэн хүмүүст тус хүргэхийг хичээж явна даа.
-Олон саадыг давжээ. Тэгэхээр бөө болох хүн төрөхдөө л сонгогдчихсон байдаг гэж болох нь ээ?
-Би өөр дээрээ жишээ болгож харахад сонгодог юм байна. Сонгохдоо амьдралын олон өнгийг үзүүлж, угааж, мушгиж, зүлгээд хүнээ бэлддэг гэж ойлгосон.
Өнгөрсөн жилүүдэд өвдөж зовсон, өрөнд орсон, эхнэр, нөхрөөсөө салангуут нь чи бөө бол гэдэг гажуудал их байлаа. Мөн лус савдаг, хий чөтгөр, сүнсэнд хорлогдсон хүмүүс бөөгийн өвчтэй адилхан хий юм харагддаг, сэтгэл санаа хямарч, уйлдаг унждаг болдог. Гэтэл үүнийг андуураад бөө биш байтал бөө болгочихсон тохиолдлууд байдаг. Энэ дотор андуурагдаагүйд нэгдүгээрт баярладаг.
Миний хувьд эхлээд амьдралын хатууг үзүүлж, тэсвэр тэвчээрт сургасан байна. Хүнийг өрөвддөг хайрладаг, байхгүйн зовлонг мэддэг болгож. Үхэл хагацлын зовлонг мэддэг болгосон байна. Ядуу хоосон тарчиг явахын зовлонг мэддэг болгосон байна. Хүнд дээрэлхүүлж, хүнд гээгдэхийн зовлонг үзүүлсэн байна. Тиймээс би ядарч яваа хүмүүсийг сайн ойлгодог.
Надад нэг хүн “Чи сайн цагийн сүүлчийн, муу цагийн эхний бөө юм даа” гэж хэлж байсан. Би олон сайн удган, зайрангуудыг амьд сэрүүнд уулзаж байлаа. Тэдний гэр орноор очиж өөртөө дүгнэлт хийлгэн, сургаал үг, ёс жаягийг сонсож байсан. 17 жилийн хооронд би гадаад, дотоод маш олон газраар явж төрөл бүрийн л хүнтэй уулзаж явлаа.
-Та бөөгийн эрдэмд хэдэн жил суралцаж, бөөлөхөд бэлэн болсон бэ?
-Хоёр жил хуур барьж явган бөөлж, гурав дахь жилээсээ багшдаа тоогдож, хуяглаад бөөлж байсан. Хуур бариад хоёр жил болсон хүн бүрийг хувцаслахгүй. Багш маань чи бэлэн боллоо гэсэн үед хуягаа өмсөж, хэц хэнгэргээ бариад ёслол хийдэг. Ер нь өөрийгөө бөөгийн эрдмийг сурчихсан гэж хэлэхгүй. Туулах тусам оюун санааны агуу зүйл байдаг юм байна. Жил ирэх бүр өөрийгөө голж, сурч, судлах их юм байгааг ойлгодог. Бөө бол шашин биш. Тэр чигээрээ монголчуудын шүтлэг, оюун санааны уламжлагдаж ирсэн зан үйл.
Гэхдээ монгол бөө нь дотроо дархад, буриад, тува, халх, баруун монгол гэсэн ялгаатай. Тиймээс бөө болох ёс заншил нь өөр учир зарим нь хуураар эхэлдэггүй. Жишээ нь буриад бөө нар шууд хэнгэргээр бөөлж эхэлдэг. Жишээ нь би ойрд хүн. Хуурын ая дангаар 13 Алтай буюу Алтай нутгийнхаа онго тэнгэрүүдийг дууддаг. Бөөгийн үйлд ая дан маш чухал. Нэгэн хэмнэл, давтамжтай хуурын сайхан ай зэм, дуу авиагаар онгод тэнгэрүүдтэй холбогддог. Орчин үеийнхээр бол хуурын татлага, ая дангаар соронзон долгион үүсэж онгод тэнгэрүүдтэй холбогдох сүлжээ барьдаг байх нь. Хэнгэрэгтэй бөөлбөл мөн хэнгэргийн ая дангаар дууны герц илүү томорно.
"ЭХИЙН ТАЛЫН ХАРЫН УГААР БОСОЖ, ЭЦГИЙН ТАЛЫН УЛААНЫ ЗАХИУСЫГ БУУЛГАСАН"
-Та бөөгийн удамтай юу. Ямар онго сахиустай вэ?
-Би эцгийн талаас талаас улааны сахиустай, эхийн талаас харын бөөгийн онгодтой.
Ээж тал маань Говь-Алтайн өөлдүүд. Харын талын бөө нартай. Өндөр эмээгээс эхлээд бүрд үзэж хардаг, далч, мэргэч хүмүүс байсан. Намайг анх бөө болоход ээжийн талын харын онгод орж ирж, эхийнхээ талын харын угаар хөлд орж, боссон.
Аав тал Баянхонгорын гаралтай. Миний өвөө болон буурал өвөө маань Баянхонгорын Ламын хүрээний чойжин хүмүүс байсан.
Би ээжийн талын онгод боссоноос хойш таван жилийн дараа Говийн хүүхэн хутагт О.Тагарва багшаас аавын талын сахиусыг буулгуулж авсан.
Миний удган багш Энх-Оюу багш маань эцгийн талын лам сахиус онгодууд орох гээд байгааг надад хэлсэн. Багш маань “Би бөө хүн. Чамд хэнгэрэг цохих, хээр яаж бөөлөхийг заасан. Одоо лам, улааны сахиус орж ирээд байгааг мэдэхгүй. Тэр зүгийнх нь хүмүүст хандах хэрэгтэй” гэлээ. Ингээд би О.Тагарва маш чадалтай, агуу хүн байсан. Намайг сайхан хүлээн авч, “За чи бөө талаасаа бөөгийн багшийг олсон байна охин минь. Удган юм байна. Миний шашинд талаас Дахь эх хүн байна. Дарь эх гэж бид нэрлэдэг юм шүү. Олон түмний зовлонг нимгэлж яваарай миний хүү” гээд надад амилуулж өгсөн олон зүйл бий. Би тэр багшийнхаа амьтай, шүншигтэй зүйлсийг өрөөндөө залж, тэрийгээ шүтдэг. Ер нь үйлийн маань хамгийн хатуу заслыг улааны сахиус маань бууж засдаг.
-Лам нарыг зарим бөө үгүйсгэсэн байдаг. Гэтэл таны хувьд улааны сахиустай бурхны шашныг хүлээн зөвшөөрдөг гэж ойлгож болох уу?
-Ламыг хүлээн зөвшөөрдөг гээд зарим бөө надад дургүй л дээ.
Та бидний аав ээжүүд наанадаж хоёр, гурван үеэрээ лам буюу бурхны шашныг шүтэж ирсэн. Энэ утгаараа үе дамжин шүтэж ирсэн шүтээн нь бидний өвөг дээдсийн итгэл үнэмшлээр амилчихсан байдаг. Гэтэл би бөө болмогцоо бурхнаа гаргаж хая, онго шүтлэгтэй болно гэж ярьж болохгүй. Айлуудын бурхныг гаргаж хаяуулсан алдаанууд их гарсан. Тэгэхээр шүтлэгийн асуудал дээр маш эмзэг, нарийн хандах хэрэгтэй.
Миний өвөө лам байсан. Би бөө болсон ч шарын шашныг үгүйсгэж чадахгүй. Би лам өвөөгийн өвөр дээр, бурхны шашны ном судар дунд өсчхөөд бөөд лам хэрэггүй гээд гаргаж хаях эрх байхгүй. Би онгод дуудахаараа гурван үеэрээ дамждаг, алгасаж болдоггүй. Тэдний бурхан номын ажил хийж байсан бүх ой санамж нь над дээр орж ирдэг. Зарим онгод орохоороо бурхны шашны ном уншиж, гүрэм засал хийж, лүүжин тавьдаг. Би тийм биш байтал тэд маань энэ зан үйлээ хийгээд эхэлдэг.
-Та хар, цагаан талын бөө гэж дээр дурдсан. Энэ ямар ялгаатай вэ?
- Харын гэхээр хар өнгөтэй юм биш. Хийдэг зан үйл, дом заслын аргаараа ялгаатай. Эмчилдэг бол цагаан зүгийнх гэж ярьдаг байх нь.
Одоогийн ажил мэргэжлээр зүйрлэвэл нэг нь эмч, нөгөө нь цагдаа гэж болно. Цагдаа юу хийдэг вэ гэхээр төрийн сүлдээ магнайдаа залаад хууль сахиулдаг. Эмч нар юу хийдэг вэ гэхээр өвдсөн хүнийг эмчилдэг. Ерөнхийдөө ийм л зарчимтай.
Улаан гээд байгаа нь гүртэн чойжин талын сахиус юм. Энэ сахиуснууд буухаараа ном гүрэм уншдаг. Лүүжин тавьдаг. Үхээрийн бузрын заслын бараг 100 хувийг лүүжинт сахиуснууд маань хийж өгдөг, үйлддэг. Тэгэхээр тэд чаддаг чаддаг ажлаа л хийдэг гэж болно. Миний судалж мэдсэнээр улаан сахиуснууд ерөнхийдөө догшин, ууртай буудаг.
-Онгодоо дуудаж буулгахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Бусдыг мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар бол онгодууд тухалж суугаад, яриа дэлгээд байдаггүй. Хүмүүс онгод буугаад ярьж байгаагаар нэг онгод бууж ирлээ гэж ойлгодог. Гэтэл үгүй. Түмэн олноороо ирчихсэн байдаг. Дээгүүр эргэлдээд, биеэр ээлжлэн орж гарч сүлжилдээд байдаг. Тогтвортой суугаад энэ хүмүүстэй ярилцаад өгөөч гэхээр тоостын хорвоо бузар, холилдмооргүй байна гээд буухгүй.
Тавьсан тахил дээр чинь заларч эргэлдээд л гараад байна. Тэр дундаас надад захирагддаг гэдэг юм уу, миний үгээр бууж ирдэг нь тоотой цөөн. Буулгаад ирэхэд хэдэн цагаар яриад суухгүй. Оволзоод л, буцаад гарчих гээд байдаг. Хүнээр бол тогтож суухгүй, алив явъя явъя гээд өндөлзөөд байгаатай ялгаагүй.
Хүүхэлдэйн кино дээр олон бөмбөлөгөөс дүүжлэгдсэн байдаг даа. Би яг тийм мэдрэмж авдаг. Тогтоож барихад маш хэцүү. Тэр хооронд түшээ асуух зүйлээ асуугаад, хэлсэн үгийг нь хүмүүст хурдтай дамжуулах хэрэгтэй. Миний бодлоор бөөлөөд онгод буулгахад 70 хувь нь түшээгийн ажил байдаг. Хэчнээн сайн бөөлөөд гаргаад байгаа зан авир, хэлээд байгаа зүйлийг нь тайлж чадахгүй бол ямар ч хэрэггүй.
-Онгод тэнгэр гэдэг нь мэдэхгүй бидэнд учир битүүлэг, ид шидийн зүйл шиг төсөөлөгддөг. Яг ямар зүйл байдаг юм бэ?
-Чиний онгод гэж юу байдаг вэ гэхээр урд уулын баруун талд нь суудаг бор дээлтэй өвөө, эмээ гэж ярьдаг. Энэ чинь үлгэр юм уу, домог юм уу итгэхэд бэрх биз дээ.
Би 17 жилийн турш бөөлж байгаагийн хувьд онгод гэж юу болох, хаана оршоод, хаанаас ирдэг юм бэ, надтай яаж холбогдоод байна вэ гээд шинжиж байна. Би үүнйг болж өгвөл олон түмэнд ойлгомжтой, шинжлэх ухааны талаас нь тайлбарламаар санагддаг.
Хий ертөнцийн хамгийн дээд талд нь онгод гэж байна.Сүнс бол дундын зүйл байх нь. Хамгийн доор албин чөтгөр буюу тийрэн гэж байна. Энэ нь газрын юм байх нь. Ийм гурван ангилалтай.
Тэгэхээр бид хамгийн дээд талын онгодтой холбогдох ёстой.
Сүнсээр хийх үйлүүд байдаг. Энэ бол сүнс нь зайлчихсан хүнд сүнсийг дуудаж ирүүлэх засал хийж болно. Мөн хүн нь нас барчихаад байхад сүнс нь яваагүй байх тохиолдолд сүнсийг яаж явуулах тухай зан үйлүүд байна.
Албин тийрэнгүүд буюу муу үйл хийсээр төрлөө олж чадахгүй энэ ертөнцөд хоргодчихсон сүнс гэж байна. Үүнээс гадна заавал хүн байх албагүй, бүр тусдаа доод гарлын газрын бузар амьтад байдаг байх нь.
Дээд онгод бол доод талын сүнс, албин чөтгөр, доод газрын зүйлстэй огт хамаагүй.
Энэ юу байна вэ гэхээр бидний өвөг дээдэс, аав ээжийн амьдралын бүх түүх хуурцагт бичигдсэн юм шиг хадгалагдаж байдаг. Тэр хүнд тохиолдож байсан үйл явдлууд дахиад хэзээ ч хэн нэгэнд давтагдаж тохиолдохгүй. Яг үүнтэй адил чиний ч амьдрал хэзээ ч эргэж давтагдахгүй. Нэг удаа кино дүрсэнд бичигдэж байгаа шиг чиний амьдрал чиний оюун санаанд бичигдэж, тархинд нам хадгалагддаг юм байна. Тэгмэгц чи тэр ээж ааваас төрсөн хүүхэд учраас чиний тархинд эцэг эх, эмээ өвөөгийн амьдралын бичлэг мөн хадгалагдаж байдаг. Энгийнээр тайлбарлавал би түүнийг эргэж уншдаг л ажил хийдэг юм байна. Бидний тархи хүчин чадалтай байх нь. Үүнийг дэлхийн олон эрдэмтэн баталчхаад байгаа. Хүний тархи чадамжтай ч ганцхан хувийг ашиглаж байгаад үхдэг юм байна. Гоц гойд эрдэмтэд дөнгөж хоёр дахь руу нь ордог. Бид тархиа бүтэн ашиглахгүй байна гэж шинжлэх ухаанаар яриад байдаг. Миний бодлоор бидний тархинд тархинд дээд дээд үеийн маань өмнөх хэдэн үеийн бичлэгүүд хадгалагдаж байдаг юм байна. Гол нь би тэрийг ажиллуулж, уншиж сурах хэрэгтэй юм байна.
-Гэтэл өөр хүнийг бөө үзээд хэлж өгдөг шүү дээ. Тэр нь яаж байгаа гэсэн үг юм бэ?
-Би давтан хэлье. Би бусад бөө нарын тухай яримааргүй байна. Би өөртөө болоод байгаа зүйлийг л ярья. Яагаад гэвэл бичигдээд үлдчихсэн ямар нэгэн ном сударгүй. Хийморийн санг ингэж унших ёстой, ханийн тэнгэр тэгж дуудна гэдэг шиг юм байхгүй. Бид өөр өөр учраас би бусад бөө нарыг дүгнэж чадахгүй.
Сүнс бол баруун урд зүгт, тийм айлын ууган хүү болж төрнө гэж ярьдаг. Нас барахаар нь бие дээр нь тэмдэг тавихад хүүхэд тэмдэг нь байдаг шүү дээ. Энэ чинь батлагдчихаад байгаа. Энэ бол сүнс нь дараа төрлөө олчихсон байх нь. Гэтэл тусдаа оюун санаа гэж юм яригддаг. Тэгвэл оюун санаанууд хаачдаг вэ. Нөгөө миний туулсан амьдрал, зовсон зовлон, жаргал, миний туулаад гарсан амьдрал, ээж, аавуудын оюун санаа хаачдаг вэ гэхээр миний ойлгосноор хаана ч юм бэ нэг газар, сервер шиг хадгалагдаж байдаг юм байна. Үүнийг дээд тэнгэрт гэж ярьдаг.
Надад ирж үзүүлж байгаа хүмүүс миний удам биш байтал би тэдний амьдралын яаж мэдээд байна вэ гэж гайхдаг. Хэн надад ирж хэлээд байна вэ гэхээр оюун санаанаас ирж хэлээд байна. Уулзахаараа Цэцгээ чи тэр бөгжөө яагаад хаячихсан юм бэ, яагаад хадгалж явж чадаагүй юм бэ, бага дүүгээ дагуулаад ирэхгүй яасан юм бэ гээд асуух жишээний. Тэгэхээр би биш Цэцгээгийн л талын л зүйл байж таарна. Өвөө чинь тийм алдаатай юм хийсэн. Тэр газар очиж тийм юм өргөөрэй гэж хэлдэг.
Тэгэхээр би тэр серверээс хайлт хийж, тэдний тэр өвөг дээдсийг нь олж ирдэг ажлыг хийгээд байна гэсэн үг.
-Танд очиж үзүүлж байгаа хүмүүсээс ямар мэдээллийг авч, “хайлт” хийдэг вэ?
-Тухайн хүний овог нэр, жил, өвөг дээдсийнх нь нутаг усны нэрээр дуудахад мэдээлэл нь тов тодорхой орж ирдэг. Гэтэл нутгаа буруу хэлээд, дээдсийнхээ төрсөн газрыг одоо цагийн сумдаар яриад байдаг. Тэгэхээр мэдээлэл орж ирэхгүй, шууд хаагддаг.
Зарим хүн нь хоёр гурван сонголт хэлээд байдаг. Гэтэл гурвуулаа ч биш байх нь бий. Тэгэхээр би хайлт хийдэг байх нь.
Жишээ ярихад нэг айл гэр бүлээрээ ирж үзүүлж байсан. Ээж нь нөхөргүй, охид нь нөхөргүй, эрэгтэйчүүд хань ижилгүй, архи дарс уудаг, тааруухан явдаг. Гэхдээ охид нь нөхөргүй ч ажлын хувьд амжилттай явж байгаа хүүхнүүд байсан.
Бөөлөөд эхэлтэл хөл доогуур нэг хохимой толгой өнхрөөд болдоггүй. Юун толгой байдаг юм бэ гээд тонгойгоод ажиглаад хартал, сум орчихсон нүхтэй юмаа. Та нар энэ толгойг өөд нь тавиагүйгээс болоод ингэж амьдарч байна гэсэн мэдээлэл миний онгодоор дамжуулж орж ирээд байдаг. Та нар тэр хүнийг яасан юм бэ гэхэд гэнэт 80 гарсан ээж нь миний ах байсан юм аа. Цэргээс халагдаад ирж байхдөө өнгөрсөн гэлээ. Тухайн үед унаа машин байхгүй, холоос гэр рүүгээ алхсан байгаа юм. Ядраад хээр унтаад өгч. Сэрээд өндийтөл ан хийж явсан хүн тарвага гэж андуураад буудчихсан байгаа юм. Хүн гэдгийг нь мэдээд тэнд нь орхичихсон. Гэрийнхэн нь цэргийн хүүхэд ирнэ гэж хүлээгээд ирдэггүй. Гэтэл олон хоногийн дараа муудсан цогцсыг олсон ч оршуулалгүй орхисон байна. Гэтэл тэр хүн гэртээ очих чин хүсэлтэй явж байсан байж таарна. Ингээд тэр айлд эрэгтэй хүний заяа гомдчихсон. Ядаж толгойг нь ч болтугай оршуулаагүй, олон жил энд тэнд өнхрөөд зовж л дээ. Тэрнээс болоод тэр айлд эрэгтэй хүний заяа гомдчихсон байна гэсэн хариулт ирж байх жишээтэй. Үүнийг надад хэн хэлж өгөөд байна вэ гэхээр өөрөө өөрийнх нь удам л надад хэлж өгнө.
Тэгэхээр орчин үеэр бол төв сервер байдаг байх нь. Хүнийг нас барахад оюун санаа тэр серверт очиж хадгалагдах нь байна.
Ийм л зан үйл юм байна. Энэ зан үйлийг эртнээс монголчууд мэддэг байсан нь сонирхолтой. Монголчуудын оюун санаа маш өндөр байсан. Тэнгэр гэж юу юм бэ гээд яриад байдаг. Бид тэнгэр шүтлэгтэй, тэнгэрийг дахин шүтдэг. Гэтэл тэнгэр гэж яг үнэндээ оргүй хоосон, оройд нь хүршгүй огторгүй шүү дээ. Сансарт хүн нисээд хязгааргүй ертөнц юм гэдгийг харлаа. Гэтэл бид хамгийн агуу зүйлийг тэнгэртэйгээ зүйрлэдэг. Өөрийнхөө оюун санааг тэнгэртэй зүйрлэдэг байж. Тэнгэр гэхээр очихоор л 99 хүн сууж байдаг зүйл биш. 77 хар тэнгэр гэхээр 77 хар хувцастай хүн сууж байдаг юм биш. Үлгэрчилбэл тийм юм яригдаад байдаг шүү дээ.
Гэтэл тэнгэр гэдэг маань ор хоосон хязгааргүй ертөнц юм байна гэдгийг шинжлэх ухаан баталчихсан.
ОНЦГОЙ ШААДЛАГАГГҮЙ БОЛ ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛД БИТГИЙ ЯВ
-Хүмүүс хий юманд дайруулсан гэж ярьдаг. Хий юм гэж юу юм бэ. Яагаад ийм зүйл тохиолддог вэ?
-Хий юм гэдэг нь ерөнхийдөө хоёр гурван янзын юм байдаг. Манайхан дайрлага гэж ярьдаг. Энэ нь юу байдаг вэ гэхээр байгалийн өөрийнх нь соронзон долгион буюу хөндлөн огтлолцсон торон долгионууд байна гэж би хардаг. Үүнийг монголчууд “онь хөтөл” гэж ярьдаг. Гэр барихад хаалгыг хөтөл харуулж болохгүй гээд байдаг нь байгалийн соронзон огтлолцолд тааруулахгүй гэсэн үг. Тэр огтлолцол хаагуур явдгийг монголчууд мөн л аль эртнээс шинжиж гаргасан. Энэ нь дандаа гуу жалга буюу байгалийн төмбөгөрөөс тонгойсон ийм хэсэг. Тийм газраар агаарын урсгал буюу газрын соронзон урсгал гүйдэг байх нь. Тэр долгион хэзээ хүчээ авч хурдасдаг вэ гэхээр хавар, намар буюу газар хөлдөх, гэсэх үед энэ соронзон долгион хүчтэй босдог. Үүнийг хөгшчүүл хавар, намар газрын юм босно гэж ярьдаг байсан. Энэ хүчтэй долгионы урсгал дээр согтуу явж таарах, эсвэл унтах зэргээр өөрийн мэдрэмжээ алдсан үед дайрагддаг. Үүнийг дайрлага дайрна гэж ярьдаг байна. Тийм ч учраас монголчууд хонь хариулж яваа хүүхдийг хөдөө битгий унтаарай гээд захиад байдаг. Хээр унтаж байхад нь олж мэдсэн хүн хүүхдийг шууд ташуурдаж, шилбүүрээр ороолгодог. Энэ нь дайрлага дайрчихлаа гэж үзээд хүүхдийг буцааж засдаг засал байж. “Хоньчин Найдан” кино дээр мал харсангүй гээд ташуур гаргаж ирээд ороолгоод байдаг. Хонио мануулах гээд байгаадаа ч биш юм.
Улаанбаатар хотод дайрлагатай газар зөндөө байгаа. Тэнд байрлаж байгаа айлуудыг ажиглаад үзээрэй. Ялгаад буулгачихсан юм шиг гудамжаараа навсгар гэртэй. Нэг нь ч гэсэн яагаад байшин бариад, нэг нь ч гэсэн яагаад дүмбийсэн цагаан гэр барьж болдоггүй юм бэ. Яваад очихоор бүгд архи уудаг, муухай царайтай. Улаанбаатарт тийм хэд хэдэн газар байна Энэ нөхдүүд яачихсан юм бэ гэхээр дайрлага буюу хийн орон зай хүчтэй босдог газар хашаа гэрээ бариад амьдраад байгаа юм. Тэгээд амьдрал ахуй өөдлөхгүй байна гэж ирээд үзүүлж байгаа хүмүүс байна. Үзэхээр яг тийм газар амьдарч байдаг. Хүүхдүүд нь шөнө орой унтдаггүй. Эцэг эх нь шөнө архи ууж байж л унтдаг. Тэгэхгүй бол унтаж болдоггүй гэж зарим нь ярьдаг. Шөнө орой болохоор хэрэлдээд байдаг. Үүнийг засаад өгөөч гэдэг. Засах ямар ч арга байхгүй. Танайх тэр газраасаа нүүх хэрэгтэй. Тэгвэл өөрчлөгдөнө. Үнийг бол дайрлага гэж яриад байна.
-Ад тийрэнд хорлогдохын тухайд?
-Үүний нөгөө талд сүнс буюу ад тийрэн муу муухай юманд дайруулах тухай. Үүнд сүнс нь зайлсан, сүлд хийморь нь унасан, согтуу хүмүүс дайруулдаг. Энэ бол сүг сүүдэр миний яриад байсан тусдаа газрын амьтад байдаг. Газрын маш муухай үнэртэй, сүнс гэдгээс тусдаа амьтад байдаг. Тэдэнд хорлогддог гэсэн үг. Тэд хөлийн өвдөгнөөс доош ертөнцөд байдаг, дээшээ гардаггүй. Газрын доод төвшин гэж ярьж байна. Гэтэл одоо цагт ихэнх баар цэнгээний газар яваад л орно дандаа доошоо подваль руу орчихдог. Тэгэхээр бид газрын доод түвшин руу буюу гүн гүнзгий доод тивтэй холбогдож шоу цэнгээн, архидалт явагдаад байгаа юм. Яагаад гэвэл тэнд байх тусмаа орлого сайтай, байрлал нь сайн байх нь. Тэднийг наашаа наашаа гээд оруулдаг, уулгадаг, цэнгүүлдэг, бүр их шоудуулж, бүр их ухаан алдуулж, өөрийгөө хянах чадваргүй болгож байж ашигладаг амьтад нь тэр ертөнцийнх учраас тэр. Тэнд удаан байгаад байвал хяналтаа алдах нь. Гэмт хэрэг хийсэн, орон шоронд орсон хүмүүстэй би олон ярилцсан. Гэмт хэргийн бүх эх үүсвэр нь архи. Тэгэхээр бүх муу юмны эхлэл архинд байгаа юм. Согтуу байхад л болдог. Согтуу байна гэдэг нь бие хүнийхээ хяналтаа алдсан байх үед нөгөө газар доор орсон баарандаа орчихсон юм уу, хөдөөд бол жалга судаг дагаж, хүний нүднээс нуугдаад хоёр гурван мотоцикл дугуйлж тавиад л архи ууж байна. Дээрээс нь архиа газар тавиад уугаад байдаг нь маш буруу.
-Хүмүүс хий юм харлаа гэдэг. Энэ тохиолдолд засал хийлгэх хэрэгтэй байх тийм үү?
-Шууд засал хийлгэх хэрэгтэй. Хий юм харах, айж зочих, хүн дагаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол шууд нас зүсний засал, гай барцад лүд золиг гаргадаг засал хийлгэх ёстой. Тэр бол засагдахад амархан.
-Оршуулгын ажил явдалд оролцсон зарим хүн бие өвдлөө, бузартлаа гэдэг нь юунаас болж байна вэ?
-Хүмүүсийн их хорлогдож байгаа, хүмүүсийн их анхаармаар өөр нэг зүйл нь оршуулгын зан үйлд их явж байна. Нэг хүнээ өнгөрөхөөр оршуулга дээр нь хэт олноороо очдог. Тэнд нь мэдээж яаж өнгөрснийг нь ч мэдэхгүй хэдэн зуун хүний шарил бий. Тийм газар архи уудаг. Ингэхээр үхээрийн бузар болно. Сүүлийн үед архи уухыг нь болиулсан гэж сонсогдсон. Архи уухгүй ч оршуулгад яваад ирсэн хүн яагаад бузартдаг вэ гэхээр хүний тэр тухайн өдрийн явах зүг, явахгүй зүг гэж байна. Өдөр бүр аз хийморийн зүг, муу зүг гэж байдаг. Яаж мэдрэгддэг вэ гэхээр ажил явдлаас ирснээс нь хойш бие нь өвдөөд байдаг. Түүнээс болоод байгаагаа хэн ч мэддэггүй. Өвчин тусч хүндрээд хэзээ нэгэн цагт аминд нь хүрэх өвчин болох нь ч бий. Эсвэл оршуулгад явж ирснээсээ хойш зан ааш нь хувирдаг. Хэрүүл зодоон хийгээд гэр орноо түйвээгээд байдаг. Эсвэл архинд донтоод эхэлдэг. Тэр бол үхээрийн бузар буюу таарах таарахгүй оршуулгад явснаас болдог.
Одоо соёлтой баймаар байна. Нэгэнт өвөг дээдсээс өгсөн өгөгдлийн дагуу оршуулгыг ёс журмаар нь хийж чадахгүй. Боломж байвал бид маанийн мөнгөө өгөөд болчихмоор байна. Тэр ирсэнгүй, энэ ирсэнгүй, тэр хамт явсангүй гэдэг сэтгэхүйгээ болимоор байна. Тэр хүнд цаана нь ямар зовлон жаргал байгаа билээ. Тэр хүнийг заавал авчирч шарил тойруулж гүйлгэх ямар хэрэгтэй юм бэ. Тухайн нас барсан хүн ямар өдөр, яагаад нас барчихсан юм бэ, амиа хорлочихсон юм уу, хүнд алагдчихсан юм уу, гэнэт осолд ороод өнгөрчихсөн юм уу, тийм юманд явж болохгүй цээр их бий. Гэтэл тэнд олноороо очиж уйлж унжих зохисгүй. Араас нь харин хийх ёстой маань, буян хишиг, зул өргөж, ном гүрмээ л сайн хийх хэрэгтэй.
-Оршуулгад яваад ирж байгаа хүн юу анхаарах хэрэгтэй вэ?
-Боломж байвал хуйларч бөөндөө оршуулгад битгий яваач гэж хэлмээр байна. Яваад ирсэн хүн оршуулгын зан үйлүүд байдаг. Утаа гаргаад бүх явсан хүн, машин тэргийг хоёр галын дундуур гардаг. Аргал хомоол түлээд май тавьчихсан байдаг. Хормой хотоо гөвдөг байх нь. Гар хөлөө ариулдаг байх нь. Ер нь 9-өөс доош насны хүүхэдтэй бол оршуулгад явах шаардлагагүй. Явлаа гэхэд гэртээ шууд ирэлгүйгээр гадуур жаахан явдаг дом байдаг. Олны газраар жаахан явж байгаад гэртээ харьдаг. Тэгэхгүй хүнээ оршуулаад давхиж очоод нялх хүүхдээ тэврээд үнсээд байдаг. Ингээд хүүхэд шөнө уйлаад, сэвтэж бузартдаг байх нь. Үүнээс болоод орон гэр салаад тэр айл сүйрч байгаа тохиолдол ч байна. Үүнийг зарим хүн чи хэтэрхий мухар сүсэгтэй, хачин юм ярилаа гэх байх. Гэхдээ би аль болох орчин үелэг байх гээд хичээдэг. Гэхдээ энэ чинь амьдралд тохиолдоод байна. Өдөрт таван хүн үзэхэд нэг нь оршуулгын идээ, будааны бузар байдаг.
Ажил явдлаас ирсэн лаа, чүдэнз, зулыг бөөгнүүлчихсэн айл байна. Үзэхээр нас барсан хүнд буяны нэхэлтэй гэж гардаг. Та энэ лаа, зулыг асаагаад, талийгаачийн хойноос буян хийгээд өгөөч ээ гэж өгч байхад лааг нь асаахгүй гэртээ хадгалаад байдаг. Би лаа цуглуулдаг гээд гэрээрээ дүүрэн зэдийн лаа хадгалаад өвчин ээрээд байсан эмэгтэй ч ирж байлаа.
Нэгэнт та айлаас зэд хүлээгээд авсан бол лаа, зулыг нь асаагаад талийгаачийнх нь араас залбираад өгөөрэй. Лааг нь дуустал нь асаах хэрэгтэй. Гэртээ авчраад мартчихаж болохгүй. Тэгэхээр өгч, авч байгаа хүн аль аль нь бодолтой байх нь зөв. Тэр хүний юмыг хэнд ч хамаагүй тараагаад байж болохгүй. Лаа өглөө гэхэд дуустал нь асаах жижиг хэмжээтэйг өгөх нь зохистой. Бүтэн хоёр, гурван хоног асаах данхайсан том лаа өгчихвөл бас хэцүү.
ГАЛАА ТАХИДАГ АЙЛЫН ЭР ЭМ ХОЁР ХЭЗЭЭ Ч САЛДАГГҮЙ
-Сүүлийн үед хүүхэд, томчуудын амиа хорлолт их байгаа ажиглагддаг. Тан дээр ийм асуудлаар очиж байгаа хүмүүс юунаас болсон байдаг вэ?
-Ирж үзүүлж байгаа хүмүүсийн доод тал нь есөн настай байна.
Хүүхэд нь ганцаараа баймаар байна гэж орилдог, хоол унд идэхгүй, гэрэл, нар үзэхгүй хөшгөө хаачихдаг, бусадтай үг яриагаа солилцохгүй байна. Газар шагайгаад, хүний өөдөөс эгцэлж харахгүй байна гэсэн шалтгаануудтай ирдэг. Энэ чинь амиа хорлолтын эхний шат. Үүнийг үзсэн чинь хоёр гурван сонин тохиолдол гарч байна.
Хүүхдүүд элдэв видео үзэж, оюун санаагаа маш их бохирдуулж байна. 17 орчим настай охиноо дагуулаад нэг эмэгтэй ирж байсан. Охин нь аймшгийн видео үздэг. Тэрнээсээ өөрөө айгаад шөнө унтаж чаддаггүй. Тэгсэн мөртөө үзэхээ больж чаддаггүй, донтолт болж байна. Үүнээс болоод сэтгэцийн асуудалд орно. Энэ нь эргээд өндрөөс үсрэх шалтгаан болно гэсэн үг.
Хүүхдүүд өөрсдөө сэтгэлийн хат суугаагүй учраас үзэж байгаа юмандаа ороод байна. Видео дээр гарсан үйл явдлыг амьдралд болоод байгаа юм шиг ойлгодог. Аав нь хаалгаар шагайгаад яаж байна гэхээр видео дээр гарсан эрэгтэй хүн гэж боддог. Ээжийгээ энэ яг шулам байна гэж боддог. Ийм болчхоод байна.
Аниме үздэг 10 настай хүү амьдрал, аниме хоёроо ялгахгүй болчихсон байсан. Дээрээс нь маш их муу мэдээлэл явж, хүмүүст айдас төрүүлж байна.
Мэдээллийн замбараагүй урсгалаас болж хүмүүс өөрсдөө хүсээгүй ч сэтгэцэд нь гэмтэл сууж байна. Тэгэхээр бид өөрийгөө хамгаалж, тэвчээртэй байх хэрэгтэй. Авч байгаа мэдээллээ хязгаартай, шүүлтүүртэй авмаар байна.
Мөрийтэй тоглож, асар их мөнгөний алдагдал, өрөнд орсон залуучууд амиа хорлох явдал гарч байна. Нэг эмэгтэй “ Манай нөхрийг хүн алчихсан байх, яагаад ч амиа хорлох хүн биш, цагдаа нар буруу дүгнэлт гаргасан байх” гээд ирж үзүүлсэн. Үзэхээр өрөнд ороод амиа хорлочихсон байсан. Залуус өөрийнхөө идэж уух хоолноос илүү барьцаатай тоглоомд хамаг мөнгөө өгч, дээрээс нь бусдаас зээл авч, орон гэр, байр машин бүх хөрөнгөө тавьж тоглочхоод дараа нь тэр ачааллаа даахгүй амиа хорлож байна.
Манай хүн амын дөрвөн хүний нэг нь стресс, депресстэй гэдэг судалгаа гарсан байна.
Тэр тусмаа төрийн албан хаагч маш стресстэй байдаг нь яриад сууж байхад ажиглагддаг.
Төрийн ажил хийж байгаа хүмүүсийг харахад ажлын эргэлт нь дөрвөн жил болчхоод байна. Тэгэхээр дөрөвхөн жил ажиллаад гарахын хооронд дөчин жилийн зовлон үүрээд гарч байна.
Ийм байтал чи битгий амбиц хөөж, хэн нэгнийг гомдоох, уйлуулах, хашраах үйлдэл хийгээд байгаач ээ. Би дарга л болчихсон юм чинь бүгдийг нь хяргаад өгье, алаад өгье гэж битгий харьцаач ээ. Бүгдээрээ хүнлэг бай.
-Үйлийн үр өөрт нь биш гэхэд үр хүүхдэд нь ирдэг гэсэн хатуу үг бий. Ер нь үйлийн үр гэж юу юм бэ. Үнэхээр үр хүүхдэд нь муугаар нөлөөлдөг үү?
-Үйлийн үр байдаг, байдаггүй гэж ярьцгаадаг. Ээж аавын хийсэн үйлийн үрийг би яасан гэж үүрэх ёстой юм бэ гэдэг. Гэтэл энэ дээр хараал гэж яригдана. Тэгтэл хараал, жатга гэсэн хоёр зүйл байна.
Хараал нь өдөртөө, жилдээ ч очдоггүй байх нь. Чиний гомдоосон хэн нэгэн чамайг муу, муухайгаар дурсаад л байвал хараал болно. олон жилийн дараа чамд хараал нь ирнэ. Олон жилийн дараа учраас өөрөө эдэлдэггүй юм гэхэд үр хүүхдэд нь хүрдэг.
Бас лусын хараал гэж байдаг. Мод, бут хугалж, гол ус бузартуулахад маргааш нь л тэр хүн болохоо байчихдаггүй. Тэр жилдээ ч болохоо байчихдаггүй. Яадаг ч үгүй яваад байдаг. Гэтэл ямх ямхаар буюу бага багаар идэж ирдэг. Энэ нь үр хүүхэд дээр ирдэг. Хугацаа нь тэгж таардаг байх нь. Хугацаа нь үйлийн лай, муу муухайг хийсний дараа ямх ямхаар идсээр байгаад, олон ямх чинь олон жил явна биз дээ. Тэгээд буцаж тойроод эргээд буухаараа хүүхэд дээр нь ирдэг. Үүнийг бол үйлийн үр гээд байгаа юм.
Хүний гэр бүлийг битгий салгаач ээ. Гэр бүл салгасны чинь хараал гэж олон жилийн давтамжтай яваад байна. Үр хүүхэд нь хань ижилтэй болохгүй. Үе удмаараа салдаг, нийлдэг. Энэ бол нийтлэг тохиолдож байгаа хараалын нэг шүү. Олон янзын хараал байна. Жатга бол биш байх нь. Тэр хүнийг муу муухайгаар дурсаад л байвал хараал болох нь.
Хүн хүнээ маш их хайрлаж, дээдлэх ёстой. За гэсэн бол ёогүй, эргэж буцдаггүй байх ёстой. Аав нь гэр бүлдээ амласан бол амлалтдаа хүрдэг байх хэрэгтэй. Дарга нь ажилчдынхаа цалинг энэ сар нэмнэ гэсэн бол нэмдэг байх хэрэгтэй.
Тэгэхээр бид хамгийн түрүүнд өөрчлөлтийг гэр бүлээсээ л эхлэх хэрэгтэй. Би хүүхдэдээ хайртай л юм бол зөв амьдралыг шууд эхэл. Яагаад гэвэл миний хүүхэд алуурчин, худалч, хулгайч болох, миний хүүхэд шоронд суух нь ямар ч ээж, аавд сайхан байхгүй. Тийм учраас ээж, аав хоёр л өөрсдөөсөө шууд эхлэх ёстой. Хүүхдийнхээ хажууд хэрэлддэггүй байх ёстой. Хүүхдийнхээ хажууд муу муухайг ярьдаггүй баймаар байна.
Зөв явахад хайгаад олдошгүй хэцүү юм ерөөсөө байхгүй. Хүн өөрийнхөө зөн совинд хөтлөгдөж, өөрийн амьдралыг авч явах хэрэгтэй. Үнэхээр саад бэрхшээл тулгарч, айхавтар явдал тохиолдсон бол лам, бөөд үзүүлж болно.
-Айл гэрийн гал голомт ариун байвал гай барцад холуур өнгөрдөг гэж бидэнд захьдаг байсан. Энэ тухай хэлж өгнө үү?
-Гэрийнхээ галыг тахь гэхээр хүүхнүүд лам, бөө аваачих гээд байдаг. Айл гэрийн галыг эхнэр нь тахина. Лам, бөө хамаа байхгүй.
Гал тахидаг хамгийн том зан үйл байна. Галаа тахидаг айл хэзээ ч урууддаггүй. Хэзээ ч цаг бусын үхэл болдоггүй. Галаа тахидаг айлын эр эм хоёр хэзээ ч салдаггүй. Тэрийг салгадаггүй, хүнийг нь үхүүлдэггүй, хүүхдүүдийг нь өвчүүлдэггүй ажлыг галын бурхан өөрөө зохицуулаад байж байдаг. Айл гэр болоход нь галын эзэн эр, эмийг хооронд нь гагнадаг. Хэзээ ч гадуур явж өөр эмтэй рүү гүйдэггүй. Галаа тахих зан үйлийг би зохиогоогүй шүү. Эрт үеэс байсан. Түүнийг уламжлаад хийгээд яваач ээ. Тэгвэл танай гэр бүлийн гишүүд байн байн өвдөхгүй, гэр бүл салж, өрөнд орохгүй.
-Тэгвэл ямар тохиолдолд лам, бөөгөөр галыг тахиулдаг вэ. Эхнэр хүн өөрөө яаж тахих вэ?
-Эмэгтэй хүнийг галын хүн, тогооны хүн гээд нэрлэдэг биз дээ. Тэгэхээр эмэгтэй хүн өөрөө л галаа тахидаг байсан. Бөө, ламыг залж гал тахиулдаг хоёр л нөхцөл байдаг.
Нэг нь эцгийн гэрээс гал тастаж, шинээр айл болох. Нөгөө нь гал бузартах буюу гэр оронд гал гарах, хүүхэд галд түлэгдэхэд гал хилэгнэчихлээ гэж үзэж лам, бөө зална.
Бусад тохиолдолд эхнэр хүн өөрөө галдаа мах шөлний дээжээ өргөж, залбирч мөргөж, арц хүжээр өргөж байхад болно.
Галын мөргөл залбирлын үг байдаг.
Галын эх галаахай минь ээ,
Гайхамшигтай сайхан шидээ хайрла аа та минь.
Үеийн үед таныгаа Үргэлжлүүлэн тахья.
Цаг үргэлж таныгаа сахин, тахиж явъя.
Та минь гай зовлон битгий авчраач.
Ган, зудын аюулгүй, гадаах малыг минь бүрэн бүтэн байлгаж өгөөч
Эрүүл энх байлгаж, үхэл зовлонгүй байлгаж хайрлаач,
Үгүйрэл хоосролгүй байлгаж хайрлаач гэж хэлээд, галдаа хонины сүүл, шар тосоо өргөж, арц хүж өргөөд, галаа утаж ариулна. Ингээд болчхож байгаа юм.
Юу хүсэж байна түүнийгээ л хэл. Монголын сайн сайхан ерөөлийн үгнүүд байна алийг нь ч хэлж болно. Заавал галыг ингэж хэлж тахидаг гэсэн зүйлгүй.
Ламыг бол би мэдэхгүй юм. Харин дуртай бөө нь айл болгонд очоод бөөлөөд байж болдоггүй. Чаддаг бөө гэхээрээ л айл бүрийг засчихдаггүй. Энд учир байдаг. Яагаад гэхээр миний төрсөн өдрийн төөрөг, жил, гараг өөр. Миний од, зурхай өөр. Тэр тахиулж байгаа айлын гэрийн эзэн нэг өөр. Бид хоёр харшилбал яах вэ. Би тэр айлын галыг тахиж болохгүй. Таардаггүй тийм учир байна. Зарим айл галаа тахиулсны дараа гал гарсан, хүүхэд түлэгдсэн гэдэг.
Хүүхэд цайнд түлэгдэх гэдэг гал догширч байгаагийн тэмдэг. Өвчин зовлон ээрээд гэрийн бүх гишүүд өвдөөд байвал гал бузартжээ гэж ойлгон, лам бөөгөөр тахиулах хэрэгтэй.
Бусад үед галдаа өргөл өргөөд, гэрийн эзэгтэй өөрөө тахиад байж байдаг байх нь. Гал өөрөө ийм хүчтэй байх нь.
-Энэ цаг үед хот суурин газарт байрны айлуудын эхнэр нь өдөр тутамдаа галаа яаж тахих вэ?
-Бид байранд амьдардаг гэдэг рүү бүх буруугаа хийчихдэг. Дэлхий ертөнцийн бүх хүн аргатай. Шал руу халахгүй доороо хөл, суурьтай жижиг тулга байж болно. Модыг хоолны савх шиг нарийхан зороод, нэг атга болгоод тулгандаа асаана. Утаа май болохгүй. Мэдээж аюулгүй байдлаа харах хэрэгтэй. Мөн хээр гарахдаа тулгаа авч яваад тахичхаад аваад ирж болно. Өөрсдийнхөө боломж, нөхцөлд тааруулах янз бүрийн л арга байна. Сүүлийн үед зуслантай айлууд зуслан дээрээ гал их түлдэг болж. Залуучууд их мэддэг болчихсон. Хүүхдүүдээ хүртэл галыг тойруулаад, жоохон хүүхдүүдийг харуулах хэрэгтэй. Тэгвэл өвчин зовлон ороохгүй.
-Та бусдад тохиолдсон бодит явдлаар “Сургамжит түүхүүд” гэдэг ном гаргасан. Үүнийг бичих болсон зорилго тань юу вэ. Хүмүүсийг юу олж аваасай гэж хүссэн бэ?
-Намайг энэ номыг бичихэд хүний зовлонг бусдад дэлгэж, мөнгө оллоо гэж зарим хүн дургүйцэж байсан. Ер нь ном бичиж, хэвлүүлдэг хүмүүс мэдэх байх. Би зохиолч хүн биш. Гэхдээ номоо борлуулаад овойж оцойтол ашиг гараад, ном бичдэг хүмүүс баяжаад байдаггүй. Энэ бол ашигтай бизнес биш.
Надад үзүүлэхээр өдөр бүр зовлон бэрхшээлтэй олон хүн ирдэг. Алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх боломжтой байтал үүнийг мэддэггүйгээс болж их алддаг. Энэ нь өнгөрсөн 70, 80 жилийн нийгмийн суртлаас болоод бид өв уламжлал, ёс заншлаа гээж, нүгэл буяны заагийг ухамсраасаа авч хаясны гай юм даа.
Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэдэг. Тиймээс хүмүүсийг алдахаасаа өмнө ойлгоосой. Буруу үйлдэл хийхээсээ өмнө болдоггүйг мэдээсэй. Шашин шүтлэг хамаагүй. Хүн болгон аваад уншчихаасай, тэр тусмаа амьдралд шинээр хөл тавьж байгаа өсвөр насны хүүхдүүд энэ номыг үзээсэй, сургамж аваасай гэдэг сэтгэлээр номоо гаргасан.
Саяхан надад Францаас номыг маань Франц хэл руу орчуулж гаргах санал ирүүлсэн. Тэр номыг уншаад ахуй амьдрал ялгаатай ч хүмүүст хэрэгтэй гэдгийг харсан байна.
“Сургамжит түүхүүд” номоо өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан. Одоо Мир, Интер номын дэлгүүрүүдээр худалдаалж байна. Энэ хооронд уншигчид маш сайн хүлээж авлаа. Би урам авсан. Олон айл амьдрал нь өөрчлөгдсөн тухайгаа надад утсаар залгаад хэлж байна. Чатаар захиа бичээд явуулж байна. Маш олон талаас надад баярласан, талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Оройн хоолны дараа аяга угаах хэрүүл тасарлаа. Ном шагайдаггүй хүүхэд минь таны номыг уншаад номын амтанд орлоо, баярлалаа гэж байна. Дээд айл нь байнга хэрэлдэж, зодолдоод байхаар нь арга ядахдаа энэ номыг оруулж өгсөн гэнэ. Гэтэл нөгөө гэр бүл зодолдохоо болиод орж ирж уучлалт гуйсан байна.
Хүн гэдэг чинь усан тэнэг биш учраас уншиж хараад ойлгоно. Би урам ороод хоёрдугаар дэвтрийг нь бичиж байгаа. Анх бичихдээ фэйсбүүкийн найзууддаа зориулж богино хэмжээтэй, цөөн үгээр бичсэн. Мөн мэргэжлийн утга зохиолын хүн биш учраас алдаатай зүйлс харагдаад байгаа. Үүнийг хоёрдугаар дэвтэртээ засаж, дэлгэрэнгүй болгон бичиж байгаа.
Мөн энэ номыг маань Соёлын тэргүүний ажилтан, өгүүлэгч С.Батсүх уншиж, сонсдог ном болгоод надад хүлээлгэж өглөө. Батсүх маань "Танаас төлбөр мөнгө авахгүй. Үүнийг хүмүүст хүрээсэй л гэж бодож байна. Номын тань хүч шүү" гэж хэлсэн. Би маш их баярласан. Худалдаанд гарахад бэлэн болсон. Мөн хөдөө орон нутгийнхандаа зориулж CD болгох санаатай байна. Аль болох л олонд хүргэж, хүмүүс сургамж аваасай, битгий алдаасай гэсэн үүднээс л хандаж байна.
-Таныг бөөлж байхад цөөнгүй сонин, содон зүйл тохиолдож байсан болов уу? Энэ талаар сонирхож, ярилцлагаа өндөрлүүлье.
-Бөөлж байхад нэг сонин юм гэвэл очсон газар орны мэдээллүүд их орж ирдэг. Солонгост бөөлж байхад Солонгосын тухай, Японы арал дээр бөөлж байхад тухайн арал дээр болсон дайны үед хохирсон хүний эмгэнэл орж ирнэ. Ер нь очсон газар орныхоо бүх зүйлтэй холбогдож болдог. Хөдөө явж байгаад уул ус, хадны ёроолд ч мэдээлэл байдаг.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт бөөлж байхад би дөрвөн мөчөө уяуулсан юм шиг эвхэрч хэвтээд, казахаар ярьж, орилоод байж л дээ. Гэтэл баруун аймгийнхан Османуудтай байлдах үед энэ Алаг хадан дээр казахуудыг авчирч хөнөөсөн байгаа юм.
Нэг удаа Хөвсгөл аймгийн Намнан хайрхан хиргэсүүрийн хажууд бөөлсөн. Хиргэсүүр гэдэг чинь эртний оршуулга. Залуу байсан болохоор хэдэн зуун жилийн өмнөх юм намайг яав л гэж бодоод хиргэсүүрийн хажууханд сууж байгаад бөөллөө. Тэгтэл эмэгтэй хүн уйлаад л, хашхираад сүйд болж. Түшээ маань орон зайн юмнууд орчихлоо гэж бодоод юу болов гэтэл
"Галданд би гай тариагүй, гараас хөтлөх үргүй, ханилж суух ханьгүй, хайрлаж суух эцэг эхгүй болголоо. Ус хүртэл улаанаар урсаж, ургамал хүртэл улаанаар цэцэглэлээ. Галданд би гай тариагүй" гээд орилоод байна гэнэ.
Тэгэхээр тэр нутгаар Галдан бошигт дайраад явсан байж таарна. Галданд түйвээлгэсэн айлын авгай л орилсон болж таарч байна. Галданбошигтыг баруун аймгаас ирээд Туул хавьцаа байлдаад буцсан гэж би сонсоод байдаг. Гэтэл Хөвсгөлд Намнан хайрханд очсон байж таарах уу гэж бодоод ирээд түүхийн ухааны доктор Д.Хоролдамбатай уулзаж асуулаа. Тэгтэл Өндөр гэгээн Занабазар Галдан бошигтоос зугтааж Дархадын ууланд гарч амьд үлдсэн гэж байна. Тэр хүртэл нь Галдан хөөж явахдаа замд таарсан амьтай бүхнийг самарчээ.
Энэ мэт бөөлж байхад түүхийн холбогдолтой орж ирсэн мэдээллүүдийг үнэн зөвийг мэдэхийн тулд эргээд түүхч, судлаачдын түүхийн ном унших шаардлагатай болдог.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 14 )
Үнэхээр бодууштай мэдүүштэй зүйл байна. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэж үнэн шүү
Сайн байна уу...Энэ хүний хаяг утас байна уу...Тусгана уу...Баярлалаа
Энэ хүний хаяг утас бна уу туслаач...
бид шашин хар тамхи гэх үеийн хүмүүс гэхдээ миний хувьд учиргүй шүтлээ гээд өргөл барьц бариад бөө рүү гүйгээд байсангүй шашин бөө муу муухай гэж занаж зүхэж үгүйсгэж явсангүй,манайх бурхантай л айл байсан одоо ч байгаа. Удган Хишигжаргалын ярилцлагаас асар олон зүйл мэдэж авлаа .Хүн үхэн үхтлээ сурсаар л байдаг гэгч юмдаа Их номтой мундаг бүсгүй байна. Энэ ярилцлага зүгээр нэг сэтгүүлчдийн хийдгээс огт өөр философийн гүн гүнзгий ойлголт өгсөн асар ач холбогдолтой ухаалаг яриа болсон байна. Энэ ухаалаг царайлаг бүсгүйд сайн сайхан бүхнийг өөртөө хүртэж бусдад дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе
бид шашин хар тамхи гэх үеийн хүмүүс гэхдээ миний хувьд учиргүй шүтлээ гээд өргөл барьц бариад бөө рүү гүйгээд байсангүй шашин бөө муу муухай гэж занаж зүхэж үгүйсгэж явсангүй,манайх бурхантай л айл байсан одоо ч байгаа. Удган Хишигжаргалын ярилцлагаас асар олон зүйл мэдэж авлаа .Хүн үхэн үхтлээ сурсаар л байдаг гэгч юмдаа Их номтой мундаг бүсгүй байна. Энэ ярилцлага зүгээр нэг сэтгүүлчдийн хийдгээс огт өөр философийн гүн гүнзгий ойлголт өгсөн асар ач холбогдолтой ухаалаг яриа болсон байна. Энэ ухаалаг царайлаг бүсгүйд сайн сайхан бүхнийг өөртөө хүртэж бусдад дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе
бид шашин хар тамхи гэх үеийн хүмүүс гэхдээ миний хувьд учиргүй шүтлээ гээд өргөл барьц бариад бөө рүү гүйгээд байсангүй шашин бөө муу муухай гэж занаж зүхэж үгүйсгэж явсангүй,манайх бурхантай л айл байсан одоо ч байгаа. Удган Хишигжаргалын ярилцлагаас асар олон зүйл мэдэж авлаа .Хүн үхэн үхтлээ сурсаар л байдаг гэгч юмдаа Их номтой мундаг бүсгүй байна. Энэ ярилцлага зүгээр нэг сэтгүүлчдийн хийдгээс огт өөр философийн гүн гүнзгий ойлголт өгсөн асар ач холбогдолтой ухаалаг яриа болсон байна. Энэ ухаалаг царайлаг бүсгүйд сайн сайхан бүхнийг өөртөө хүртэж бусдад дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе
Бусдыг хараана гж айлгаж болохгүй шүү.хүнд хүн чанар хэрэгтэй
Үнэхээр мундаг хүн шүү шудрага түс тас зантай сэтгэл сайтай багшдаа урт насалж удаан жаргах сайн бүхний дээдийг хүсэн ерөөе хайртай шүү тандаа
ok
HUN ERTUNTCUD HUN BOLJ IREHDEE HOOLOO N OLJ IDEH N TER HUNII L TAVILAN............\n
Mash ikh medeelel aguulsan yariltslaga boljee. Mash ikh bayarlalaa.
Гуцаад байгаарай айлын авгай хормой хотоо сайн хавчаад галаа мануул салдаггүй юмаа. Түүнээс та нар айлын гал бузарлах чинь өарийг чинь өөдтэй явуулөхгүй шүү.
Medmeer yum ih bn bayrla
бид бүхэнд санаа сургамж авах сайхан түүх ухаарах сэрэмжлэхийг өгсөн таньд баярллаа