Манай улсын хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор саяхан нийт үхэр сүргийг вакцин хамруулсан билээ. Гэхдээ шүлхий өвчний дэгдэлт нь мал, махны экспортод шууд нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс шүлхий өвчиний талаар малын эмч, судлаач Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.
-Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин чухам ямар шалтгаан нөхцөлөөс үүдэн гардаг вэ?
-Шүлхий өвчин гарах хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн түгээмэл нь мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөс үүдэн гардаг. Энэ дотроо төрлөөсөө шалтгаалан ялгаатай. Гахай, үхэр хоёр бол хамгийн шүлхийн вирус их тээдэг. Гэхдээ бусдыгаа бодоход илүү мэдрэмтгий буюу амархан халдвар авсан шигээ шинж тэмдэг нь ч хурдаг илэрдэг. Харин бог мал энэ хоёр шиг учиргүй шинж тэмдэг өгөхгүй. Шүлхийн вирус нуугдмал, далд байдалтай байх хугацаа нь урт. Маш сайн үзэж байж л туурайн салаа, завьжаар нь харагддаг. Бусад амьтан малд халдварлуулах, тээгч байдал нь ч хамаагүй бага. Хоёрдугаарт, өвс тэжээлээс халддаг. Миний санаж байгаагаар 2016, 2017 онуудад ийм байдлаар их халдварлаж байсан. Отор, нүүдлээр явсан мал буцахдаа халдвараа өвс, тэжээлээр дамжуулдаг. Мөн тээврийн хэрэгслээр дамжин их халддаг. Голомтод газраас гарч байгаа тээврийн хэрэгслийг сайтар ариутгах шаардлагатай байдаг. Эдгээр дээр нэмэгдээд дамжуулдаг, халдварлуулдаг нэг хүчин зүйл нь хүн. Хүн өөрөө халдвар авахгүй ч гэсэн хувцас хунарт нь наалдсан шүлхийн вирусийг эрүүл мал руу тээдэг гэж үздэг. Мэдээж, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс ч халдварладаг.
-Өнгөрсөн 2020, 2021 онд манай улс нэлэнхүйдээ шахуу шүлхийтэй болсон. Үүнд ямар хүчин зүйлүүд нь илүү нөлөөлсөн бэ?
-Ер нь 2000-2018 он хүртэл нэг жилд 11-44 удаагийн тохиолдол гарч, 1-8 аймгийг хамарсан голомт үүсэж байсан. Зарим жил нь харьцангуй тайван байсан. Хамгийн их тохиолдол нь 2010 онд гарсан юм. Зүүн гурван аймаг, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв аймаг, нийслэлийг хамарч байлаа. Энэ үед маш их хохирол амссан. Тухайн үеийнх нь баримталж байсан заавар ч нөлөөлсөн. Яагаад гэхээр тухайн үед өвчний шинж тэмдэг илэрсэн малыг шууд устгадаг байсан. Тийм болохоор нийтдээ 25 орчим мянган мал устгасан нь хамгийн их мал устгасан тохиолдол болсон. Харин 2018 оноос хойш тайван байж байгаад 2020 оны долоодугаар сард анх гарснаас хойш 21 аймгийн 301 сумыг хамарсан. Ингэхэд дээр дурдсан таван шалтгаан дотроос отрын малын шилжилт илүү нөлөөлсөн. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал ид гаарч байсан болохоор мал эмнэлгийн байгууллагаас бусад байгууллагууд нь цар тахалд илүү анхаарал хандуулсан. Мэргэжлийн байгууллагаас анхааруулж байсан ч нэгэнт тархчихсан байсан. Ялангуяа огт вакцин тариагүй, гардаггүй байсан баруун аймгуудад гарсан. Ийм их газар нутгийг хамарч шүлхий гарч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо тасарсан нь ингэж их тархахад шууд нөлөөлсөн байх магадлал маш өндөр.
-Манай улс өмнө нь малын гоц халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж байсан юм бэ?
-Баримт сөхөөд үзэх юм бол хэд хэдэн аргаар тэмцэж байсан. Манай улсад шүлхий өвчний тохиолдол 1976 онд хамгийн сүүлд гараад түүнээс хойш 2000 он хүртэл огт гараагүй юм. Харин түүнээс хойш энэ өвчин байнга шахуу гарч байна. Тэр 1976 оноос өмнө өргөн тархчихсан тохиолдолд өвчилсөн малаас авсан шүлсийг шингэрүүлээд нийтэд нь хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх маягаар тэмцэж байсан. Үүнийг шүлсдэх арга ч гэж нэрлэдэг юм. Энэ арга бол вакцин гараагүй үеийн арга. Одоо бол Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журамд харш зүйл.
Харин 2000 онд дахин бүртгэгдэхэд нь манай улс шүлхийн өвчний мэргэжилтэн бэлтгэхээ больчихсон, нэг үеийн эмч нар энэ өвчний талаар ямар ч ойлголтгүй болчихсон байсан. Тиймээс дүрэм, заавраа шинэчилсэн. Ингээд 2013 он хүртэл шинж тэмдэгтэй байсан малыг сүргийн дотроос ялган устгаж, үлдсэнийг нь вакцинжуулдаг аргыг хэрэглэсэн. Мөн хорио цээрийн арга хэмжээг авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн аргыг ч хэрэглэж байсан. Гэтэл 2013 онд зааварт хэд хэдэн шалтгаанаас үүдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт энэ аргыг хэрэглэхэд их хэмжээний зардал гардаг. Хоёрдугаарт, дэлхий нийтээр масс устгалын аргаас татгалзаж эхэлсэн нь ч нөлөөлсөн. Бөөнд нь устгалыг болиулж өвчилсөн малыг аль болох хэрэгцээлэх шаардлагатай гэсэн өөрчлөлтийг хийсэн.
-Хэрэгцээлэх гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Өвчлөөд эдгэрсэн малыг тодорхой хугацааны дараа зарим эд эрхтнийг нь аваад дулааны аргаар боловсруулж, нэгдсэн хяналтын дор хүнсэнд хэрэглэх л арга юм.
-Одоо тухайн үеийн аргууд нэлээн өөрчлөгдсөн гэж дуулсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Гол шинэчлэгдсэн арга нь вакцинжуулалт. Масс устгалаа больсон. Одоогийн зааварт хоёр тохиолдолд устгахаар заасан байгаа. Нэг нь гахайг устгана. Нөгөө нь маш хязгаарлагдмал тохиолдолд буюу ганц ферм дээр гарсан, өөр тийшээ халдаагүй нь батлагдсан байлаа гэхэд өвчилсөн малыг сонгон устгалд оруулна. Гэхдээ энэ бол бэлчээрийн мал аж ахуйд хамаарахгүй.
-Малын гоц халдварт өвчний вакциныг малдаа тарьж байна. Энэ нь эргээд хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн байдлаар хүнд сөрөг нөлөөлөл үзүүлэх үү?
-Вакциныхаа заавар дээр тодорхой хугацааны дараа хүнсэнд хэрэглэж болно гээд заачихсан байдаг юм. Энэ хоногууд нь 7-21 гээд янз бүр байдаг. Харин одоо ирж байгаа вакцины заавар дээр шууд хүнсэнд хэрэглэнэ гэж заасан байгаа юм билээ.
-Ер нь тухайн хугацаанаас нь өмнө хүнсэнд хэрэглэчихвэл яах вэ?
-Яагаад өдөр зааж өгч байна вэ гэхээр нэгдүгээрт, эсрэг бие буюу дархлаа үүсэх хамгийн бага хугацааг хэлж байгаа юм. Хоёрдугаарт, тарьсны дараагаар аль ч вакцинд буглаа үүсэх магадлалтай. Тэр нь шимэгдэж дуусах тодорхой хугацаа гэж бий. Тэгэхээр яаж мэдэхэв, аль болох тэр өдрийг нь гүйцээгээд хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ одоо вакцин сайжраад шууд хэрэглэж болдог болсон байна шүү дээ. Манайх малаа хавар, намар хоёрт вакцинжуулдаг. Харин өвөл өвчин гараад вакцин тарихад чанарт нь нөлөөлөх магадлалтай. Вакцин нь хөлдөх, дутуу шахагдах зэрэг эрсдэлтэй.
-Улсын хэмжээнд үхэр сүргээ вакцинжуулсан. Энэ тал дээр юу хэлэх вэ. Хэр үр дүнтэй байх вэ?
-Өмнө нь бид тодорхой сүргийг вакцинжуулах аргыг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж байсан арга. Яагаад хязгаарлагдмал гэхээр вакцины нөөц хангалттай биш байсантай холбоотой. Тийм болохоор зөвхөн зарим аймаг, сумын хэмжээнд тухайн сүргийг тарьсан. Мөн нэг суманд өвчин гарчихсан тохиолдолд түүний эргэн тойрны эрүүл малыг тарьж, бүслэх аргыг хэрэглэж байсан.
-Манай улс мал, амьтны гоц халдварт өвчинд жилдээ хэд орчим төгрөгийг зарцуулдаг юм бэ?
-Яг одоогийн байдлыг тодорхой тэд гээд хэлж чадахгүй. Гэхдээ өмнө нь вакцинд 2-3 тэрбум төгрөг, дээд тал нь таван тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсөнд мөн 2-3 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байсан. Үйлчилгээний хөлс гэдэг нь хоёр эх үүсвэртэй байж болдог. Шүлхий бол бүх зардлыг нь улс даах ёстой өвчний жагсаалтад байдаг ч гэсэн гамшгийн үед дайчилгаа явуулсан тохиолдолд тэр зардлыг орон нутаг нь хуваалцаж болдог юм. Өнгөрсөн 2006-2018 оны хооронд манай улс нийтдээ 10 орчим сая тун вакцин хэрэглэснээс 42 хувийг нь буцалтгүй тусламжаар авч байсан. Говьсүмбэр аймагт 2014 онд дээр дурдсан бүслэх аргыг хэрэглэж, аймгийн хэмжээний бүх малыг тарьж байсан. Тухайн аймгаас улсын нийслэл рүү халдвар дамжих эрсдэл байсан учраас тухайн үедээ тусламжаар ирсэн вакцинаар ийм арга хэмжээ авч байлаа.
-Шүлхийн вакциныг олон улс орон үйлдвэрлэдэг. Тэдгээрийн үйлчлэл нь ижилхэн байх уу?
-Ер нь зарчмын хувьд ижилхэн. Харин чанарын хувьд гол анхаарах ёстой зүйл нь вакцин дотор байгаа омог их чухал. Тэр нь байгаль дээр гарч байгаа үүсгэгч, вакцинд тарьж байгаа үүсгэгч хоёр генетикийн хувьд ядахдаа 95 хувиас дээш нийцтэй байх ёстой. Энэ хоёр зөрөх юм бол хамгаалах чанар нь төдий чинээгээр буурна. Үүнээс гадна шүлхий өвчин маань оношилгоогоор дотроо долоон хэвшилтэй. Тэгэхээр эхлээд А нь уу, О нь уу гэдгээ зө оношлох ёстой.
Манай эхлээд дотооддоо оношилчихоод гадагшаа олон улсын лаборатори руу явуулж баталгаажуулдаг юм. Манайх Англи, Орос хоёр руу явуулдаг. Хятад улсад мөн ийм төрлийн лаборатори бий. Гэхдээ манайх урд хөрш рүү явуулж байгаагүй. Тухайн лабораториос онош маань эцсийн байдлаар гараад ирдэг. Тэгэхээр нь түүндээ тохирсон омгоор хийсэн вакциныг хайж олдог. Өнгөрсөн хугацаанд манай улсад нэг л удаа зөрж байсан.
-Малын өвчлөлийн тухай мэдээллийг ил тодоор мэдээлж байх үүргийг олон улсын өмнө хүлээдэг. Одоо манайх ингэж ил тодоор мэдээлж чадаж байна уу?
-Ил тод мэдээлэл нь тухайн улсын мал эмнэлгийн нэгэн чухал үзүүлэлт байдаг. Хэр зэрэг ил тод байгаа, итгэл даахуйц түнш байхаас шалтгаалан худалдаанд нөлөөлдөг. Өнгөрсөн 2020, 2021 онуудын мэдээллийг хайхаар маш цөөхөн гарч байгаа. Өнгөрсөн 2020 оны зургаадугаар сард зургаа гараад 2021 оны гуравдугаар сараас хойш нөхөж мэдээлсэн юм байна лээ. Энэ хооронд чинь хэвлэл мэдээллээр албан бус мэдээлэл маш их гарсан. Тухайн үед даргаар нь ажиллаж байсан хүмүүс тэдэн аймгийн ийм сумдад өвчин гарчлаа гэдэг мэдээллийг хэвлэлд өгч байсан хэрнээ албан ёсны суваг дээрээ мэдээлэл байршуулж байгаагүй.
Ингэж мэдээлэхгүй байх нь эргээд худалдааны түншүүддээ сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас өвчин гарсан, арга хэмжээ авсан, бүрэн намжсан гэсэн мэдээллээ цаг тухай бүрд нь ил тод, шуурхай мэдээлж байх ёстой. Ер нь бол ингэж мэдээлээгүй, өвчин их гарсан зэргээс шалтгаалан эхлээд худалдааны хязгаарлалт тавигддаг. Энэ нь тухайн өвчин бүртгэгдсэн аймаг сумаас мал, мах авахаа болино гэсэн үг. Харин хязгаарлалт хийлгэсэн шалтгаануудаа хурдан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байвал хориг тавьдаг.
-Саяхан Казакстан улс манайхаас мах авахаа болилоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас үүнтэй холбоотой юу?
-Ер нь ганц манайх ч биш, дэлхийн бусад орнуудад өвчин гарлаа гээд мэдээлэхээр тодорхой өвчин гарсан хэсгээс нь мал, мах, түүхий эд авахаа хязгаарладаг. Түүний дагуу л явж байгаа байх. Миний ойлгож байгаагаар одоо гадагшаа гаргах гээд яриад байгаа махнуудыг магадгүй 2021 оны долоодугаар сараас өмнө шүлхийгүй газраас бэлдэж, дулааны аргаар боловсруулан хөлдөөчихсөн байсан байж мэднэ. Харин энэ хугацаанаас хойш бол бүгд л хорио, хязгаарлалттай байгаа. Адууны махыг бол чөлөөтэй гаргаж байгаа шүү дээ. Яагаад гэхээр гоц халдварт шүлхий гэдэг өвчин адуунд халдварладаггүй. Ер нь манайх үхрийн махыг маш бага хэмжээтэй гаргадаг. Ихэнх нь хонь, ямаа л байдаг юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
2-3 жилийн өмнө 1-р хорооллын Миний дэлгүүрт вакцинтай хонины мах зарж бсан. Чанахаар нэг тийм цагаан бургилсан өнгөгүй шөл гарч амсаад үзэхэд онцгүй байв. Дахиад нэг жаахан мах худалдаж авсан чинь дотроо булчирхай, хальс гээд бас л онцгүй бсан. Худалдаанд гаргаж байгаа малын махыг хянадаг газар бдаг юм уу? Ариун цэвэр хяналтын газар ч гэх шиг их л олон хяналтын газартай мөртлөө хийж хэрэгжүүлж байгаа нь мэдэгдэхгүй. Худалдагч нар нь хяналтын бичигтэй гээд тэр бичгээрээ гаднаас баахан мах оруулж ирээд зардагийг ойлгохгүй бна.\n\n\n