Хүүхдийн гэх Төрийн болон Төрийн бус байгууллагууд юу хийдэг юм бэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Нийгэмд элбэг үзэгдэх болсон зовнилын нэг бол дотоодод эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдээ эмчлэх гэсэн эцэг эхчүүдийн хандив, тусламж хүссэн цуваа. Гадны оронд өндөр үнэ өртгөөр хүүхдээ эмчилж чадахгүй, харж хандах байгууллага байхгүй эцэг эхчүүд ард түмэндээ хандахаас өөр арга байхгүй. Үнэхээр өөр боломж байхгүй учраас эцсийн байдлаар ард түмэндээ хандаж байгаа хэрэг.

Монгол Улсад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж бие даасан агентлаг бий. Хүүхдийн төлөө сан гэж хуулиар баталгаажсан албан ёсны сан байдаг. Энэ мэтээр дурдаад байвал хүүхдийн төлөө анхаарч ажиллах ёстой олон байгууллага албан ёсоор ажиллаж байгаа. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа Хүүхдийн төлөө санг шинэчлэн байгуулж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг хэлэлцэн баталсан ч “Өвдөж зовсон хүүхдэд” гэх агуулга багтсангүй.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж бие даасан агентлаг чухам юу хийж байна вэ. Монголын ирээдүй болсон хүүхдүүд олноор хүнд өвчин тусаж, өндөр өртгөөр эмчлүүлэх шаардлагатай байгааг ядахад анхаарч харж байна уу.

Тэдний хийж байгаа ажлаас цухасхан дурдахад гар зургийн уралдаан зарлах, цахим аян өрнүүлэх, шилдэг хүүхэд багачуудыг хүлээн авч уулзах, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах гэх мэт зүйлсээр хязгаарлагдана. Нийгмийнхээ гүнд орж ажиллаж чадахгүй хоосон лоозонгоор ажил хийдэг ийм газар байх хэрэг байна уу. Засгийн газраас өргөн барьсан “Хэмнэлтийн тухай хууль”-д адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг зарим нэг байгууллагыг татан буулгах замаар нэгтгэх гэсэн заалтыг УИХ-аар баталсан. Үнэхээр төсөв хэмнэх гэж хууль батлуулсан бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг татан буулгаж, чиг үүргийнх нь яамны аль нэг хэлтэст төлөөллийг нь оруулчих хэрэгтэй. Салбар яамныхаа амыг хардаг, бие даасан үйл ажиллагаа явуулдаггүй дүлий байгууллагын хэрэг алга.

Бие даасан агентлагийн хувьд хүүхдийн төлөө гараа сунгадаг гадна дотны байгууллага болон хувь хүн, бизнесмэнүүд ч цөөнгүй байдаг. Эднийг нэгтгэж болно, хамтран ажиллаж болно. Олон талаар ядарч зүдэрсэн, өвдөж шаналсан хүүхдүүдэд туслах боломж нь байхад яагаад чимээгүй сууна вэ. Харин ч эсрэгээрээ тэдний энэхүү ажлыг хувь уран бүтээлчид, бизнесмэнүүд, зарим ТББ-ууд хийж хэрэгжүүлж байна. Уг нь эднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ажиллах үүрэг нь тэдэнд бий. Гэтэл янз бүрийн зорилгоор байгуулагдсан ТББ-д найдаж суух юм. Өнгөрөгч 2021 оны сүүлийн байдлаар Монгол Улсад хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй нийтэд үйлчилдэг ТББ байгаа аж. “Олон хүн сайнтай муутай” гэдэг шиг тэдэнд ашиг хонжоо хайсан нь ч бий, алдар нэр горилсон нь ч бий, үнэхээр хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллага ч бий.

Өнөөдөр олон хүүхэд Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдөж, улмаар ард түмнээсээ тусламж хүсэж байхад энэ 120 гаруй ТББ-аас ямар нь гарч ирээд тусламжийн гараа сунгав гэхээр дурдах нэр олдохгүй байна. Зарим нэг хүүхдийн төлөө ТББ нь Эх үрсийн баяраар УИХ-ын гишүүдийн тойрогт хямдхан бэлэг тарааж өөрсдийгөө ихээхэн ажил хийсэн мэтээр цахим орчинд рекламдаж байгаа жишээ ч бий. Энэ нь УИХ-ын гишүүний пиарыг нэг талаас нь дэмждэг хэсэг бүлэг этгээдүүд байгаагаас тэдний туйлын зорилго бол хүүхдийн төлөө биш юм. Зарим байгууллагууд энэ мэтээр хүүхдийн төлөө ажиллаж байгаа нь цөөнгүй.

Өнгөрөгч жил нэгэн Алдарт уяачтай ярилцлага хийж суух зуур тэрбээр “Мориноос хаа нэг хүүхэд унах гэмтэх тохиолдол эрт дээр үеэсээ байж ирсэн. Одоо хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ өргөн хөгжсөн учраас нийгэм даяар шуугиж байна. Үүнийг буруутгахгүй. Харин хүүхэд мориноос уналаа, бэртлээ гэх сургаар хүүхдийн төлөө гэсэн асар олон байгууллагууд гарч ирээд хүүхдийн эрх гээд шуугиан дэгдээдэг. Гэтэл хүүхэд өвдөх, сурч боловсорч чадахгүй байх, хүчирхийлэлд өртөж байхад өнөөх шуугиад байдаг ТББ-аас нэг нь ч очдоггүй” хэмээж байсан.

Энэ мэт олонд харагдах, шүүмжлэх замаар нэр хүндээ өсгөдөг ТББ-ууд олон байдагтай санал нийлнэ. Сүүлийн үед элбэг ажиглагдах болсон хүүхдийн өвчлөл, тэр тусмаа гадаадад эмчлэгдэх боломжтой хүүхдүүдийн эцэг эх тусламж хүсэх болов. Энэ хэрээр ажиглаж байхад гол төлөв эгэл жирийн иргэд талхныхаа мөнгөнөөс илүүчлэх, урлаг соёлын алдартнууд хандивын тоглолт зохион байгуулах, зарим албан байгууллага нэг өдрийнхөө цалинг хандивлах зэргээр хязгаарлагдаж байна. Харин өнөөх хүүхдийн төлөө гэсэн ТББ байдаггүй. Гэхдээ энэ нь өнгөрөгч дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл хийсэн ажиглалт шүү.

Статистикаас харвал улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй нийтэд үйлчилдэг ТББ байгааг дурджээ. Нэг сая гаруй хүүхэдтэй манай улсад бол чамлах тоо биш. Халамж асрамжийн төвүүд бол тодорхой дүрэм журмын дагуу улсаас татаас авах замаар хяналт дор ажил үүргээ явуулдаг байх. Харин 120 гаруй ТББ-ыг шалгах хяналт тавих эрх зүйн зохицуулалт байна уу. Энд бултаар нь шүүмжилж эсэргүүцээгүй юм шүү. Манай улсын нийт хүн амын 37.1 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бол тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд амьжиргааны түвшин янз бүрийн өрхөд өсөж бойжиж байгаа гэхээр хүүхдийн төлөө гэсэн байгууллагууд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

Төрийн болон Төрийн бус байгууллагын зорилго чиглэлээс олныг харлаа. Бүгд адил төстэй байхаас гадна оношлогдох боломжгүй, гадаадад эмчлэгдэх гэх мэт өвчтэй хүүхдүүдэд хандсан үг үсэг ч алга. Гол төлөв хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хүсэл сонирхол дээр дөрөөлсөн байгууллагууд байх юм. Бусад нь өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж урлаг, спортоор хичээллүүлж, тэднийг улс орондоо төдийгүй дэлхийд амжилттай өрсөлдөх чадвартай иргэн болгох, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэх мэт агуулга л харагдана.

Уг нь нэг ТББ-тай байгууллагагүй эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяас билгийг нээхийг хичээдэг, авьяас чадварынх нь замаар аль нэг төрөл зүйлээр хичээллүүлдэг, сургадаг. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн авьяас чадварыг хаанахын ямар ТББ нээж илрүүлээд тив дэлхийд гаргасан юм. Дэлхийн хэмжээнд дуулж байгаа Чингис хаан одонт Г.Ариунбаатарыг хаанахын ямар ТББ авьяас чадварыг нээгээд олон улсад гаргачихсан юм. Тэднийг аав ээж, гэр бүл нь дэмжсэн, улмаар багш, дасгалжуулагч нь нээсэн, өөрсдөө хичээсэн. Энд ямар ч ТББ хамаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин ч авьяас билгээ нээн илрүүлсэн хүүхдүүдийн амжилтыг өөртөө наах гэсэн ТББ байдгийг дурдаж л байсан.

Хүүхдийн төлөө сангийн журамд ч энэ талаар тодорхой заасан зүйл байхгүй. Тус сангийн журамд адил төстэй байж болох нэг зүйл байгаа нь “олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын паралимп, дифлимп, тусгай олимпд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээний хураамж, замын зардал, бэлтгэл хийх заал, байрны түрээс, шаардлагатай тоног төхөөрөмж, олон улсад хүчинтэй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамж, хувцас хэрэгсэл зэрэг зардалд дэмжлэг олгох” гэсэн зүйл бий. Ядахад өвдсөн хүүхдэд тусалж болдоггүй юм бол өвдөхөөс сэргийлэх гэсэн ямар нэгэн агуулга алга.

Өнгөрөгч жил Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон хандивын тоглолт санаачлан зохион байгуулсан бөгөөд тус хандиваар цуглуулсан 2.2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хэл амтайхан шилжүүлсэн. Энэ мөнгийг үнэхээр хүүхдийн төлөө хуримтлуулсан бол тодорхой судалгаатайгаар өвдөж зовсон хүүхдэд туслахад болохгүй зүйл алга. Тэгэхээр хүүхдийн төлөө гэх нэртэй төрийн байгууллагууд ч, ТББ-ууд ч үйл ажиллагаандаа анхаарах цаг нь болсон. Төрөөс ч энэ тал дээр анхаарал хандуулж, үйл ажиллагааг нь хянахад болохгүй зүйл алга.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top