Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, академич Т.Намжим 2008 онд Япон улстай хамтран жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн төслийг бэлэн болгож байжээ. Ихээхэн цаг хугацаа, хөрөнгө зарцуулсан энэ төсөл өнөөдөр түүний байгуулсан Сэкию компанийн мэдэлд, хүчинтэй хэвээр байгаа гэнэ. Энэ талаар Сэкию компанийн Ерөнхий захирал Н.Итгэлтэй ярилцлаа.
-Одоогоос 14 жилийн өмнө танай аав, Сэкию компанийн захирал Т.Намжим Японы талтай нефть боловсруулах үлдвэрийн төсөлд гарын үсэг зурж байсан гэнэ. Энэ талаар тодруулна уу?
-2008 онд аав маань олон жил хөөцөлдсөны үр дүнд Монголд жилд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэж байгуулах гэрээнд гарын үсэг зурж байсан юм.
-Энэ бүхэнд юу багтсан бэ?
-Олон жилийн судалгаа, эдийн засгийн тооцоо, үйлдвэрт нийлүүлэх, технологийн гэрээ, байгал орчны үнэлгээ мөн газар нь ч шийдэгдсэн байсан.
-Боловсон хүчний асуудлыг яаж шийдэх дээр байв?
-Японы тал хариуцахаар байсан. Үйлдвэрийн үндсэн 600 гаруй ажилтныг Японд бэлтгэнэ. Үүнээс 250 нь нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтан. Дээр нь орон нутаг болон компаниудаас жилд 20 сая ам.долларын худалдан авалт хийж, 320 сая ам.доллар төсөвт төвлөрүүлэх тооцоотой
-Төслөөр газар хаана шийдэгдэж, үйлдвэр хэзээ баригдах байсан бэ?
-Газар нь Дархан хотын үйлдвэрийн бүсэд шийдэгдсэн. Одоо ч хэвээр байгаа. Үйлдвэр 2014-2018 онд баригдаж 4-5 жилийн хугацаанд жилийн нэг хувийн хүүтэй 1.4 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээсэн.
-Санхүүжилт, түүхий эдийн хангамжийг хэрхэн шийдсэн бэ?
-Японы хамгийн сүүлийн үеийн технологи учраас ямарч нефтийг боловсруулах боломжтой. Дэд бүтцээ ашиглан ОХУ-аас болон дотоодоос түүхий нийлүүлж болно. Санхүүжилтийг Японы Төрийн банк хариуцахаар гэрээнд тусгасан.
-Технологийн гэрээнүүд гэдэг нь юуг хэлдэг вэ?
-Нефть боловсруулах, боловсруулалтаас үлдсэн хаягдлыг боловсруулахад маш олон төрлийн технологи шаардагдана. Энэ бүх гэрээнүүдийг хийсний үндсэн дээр үйлдвэр байгуулагдана. Энэ технологиуд нь нэг газраас биш олон газраас нийлүүлэгддэг учраас үйлдвэр барихаасаа дутахгүй хөрөнгө, хугацаа шаардагддаг юм.
-Хэр олон технологи байх бол?
-Маш олон. Гэхдээ гэрээ бүр тусдаа байдаг учраас л асар их ажиллагаа шаарддаг.
-Монголчууд өнөөдөр их хэмжээний өр тавьж нефть боловсруулах үйлдвэр байгуулах гэж байна. Бараг таван жил болох гэж байхад нефтийн үйлдвэрийн тухай таатай мэдээ бага байна. Танай компанийг цар тахлаас өмнө Японы мөнгөөр үйлдвэр байгуулаад, өртгөө нөхөхөд юу саад болов?
-Эхний ээлжид нефть боловсруулах үйлдвэрийг говьд байгуулах заалттай Засгийн газрын тогтоол. Мөн нефть боловсруулах үйлдвэрт зөвхөн дотоодын нефтийг ашиглана гэсэн Үндэсний аюулгүй байдлын шийдвэр нөлөөлсөн.
-Энэ шийдвэрүүдийн хүрээнд үйлдвэр байгуулах боломжгүй юм уу?
-Япончууд аливаа асуудалд хоноцын сэтгэлгээгээр ханддаггүй. Аливаа шийдвэр, хэрэгжилтээ урт настай байхаар тооцоолдог. Говьд байгуулсан бол эхнээсээ дэд бүтцийн асуудлаас эхлээд олон зардал нэмэгдэнэ. Тухайн үедээ дотоодын нефть олборлолт нэмэгдэж байна гэсэн мэдээ гарч байсан. Өнөөдөр буурч байгаа тухай ярьж байна. Энэ бүхнийг япончууд урьдчилан харж ажлаа төлөвлөдөг.
-Танай төслийг хэрэгжүүлэх сонирхол дээд түвшинд байгаагүй юм болов уу?
-Би санаатайгаар саатуулсан гэж гэж боддоггүй. Дээд түвшинд мэдээлэл авах зарчим гэж байхгүй болсон байх. Шадрууд нь мэдлэггүй, эсвэл санаатайгаа буруу мэдээлэл өгдөг байж магадгүй гэж сүүлийн үед боддог болсон.
-Яагаад?
-Аав бид хоёр олон жил энэ салбарын асуудлаар олон газар явж, олон хүнтэй уулзаж, олон үйлдвэртэй танилцсан. Нэг ч удаа “Манай үйлдвэр байгуулагдсан газраасаа болон нефть нь гадаад дотоодынхоос хамаарч сайн ажиллаж байгаа” гэсэн үйлдвэрийн захиралтай тааралдаж байгаагүй. XXI зуун гарчихаад байхад дээрх шийдвэрүүдийг мэрэг, төлөг тавьж гаргаагүй л байлтай.
-Японы талтай уулздаг уу?
-Энэ асуудлаараа Японы талтай харилцаатай байдаг.
-Гэрээгээ мартсан болов уу?
-Япон хүн хуумгай юм хийдэггүй. Тэд тухай үед ярьсан зүйлдээ өнөөг хүртэл баттай зогсож байгаа. Манай талаас багахан бодлого хэрэгжүүлчихвэл асуудал цааш явахад бэлэн байгаа.
-Одоо барьж байгаа төрийн үйлдвэр анх дотоодын хэрэгцээний 50 гаруй хувийг хангана гэж байсан. Түүнээс хойш бараг таван жил өнгөрлөө. Та нар үйлдвэрээ төр засагт хандаад эхлүүлж болохгүй юү?
-Цар тахлын үеэр үйлдвэр зогссон. Импортын машин орж ирсэн хэвээр л байна. Эндээс төр хувийн хэвшлийн ялгаа харагдаж байна. 14 жилийн өмнөх төр засгийн шийдвэр болох хоёр мунхаг өгүүлбэрээс болоод өнөөдөр жил бүр 1.5 тэрбум ам.долларыг гадагш алдаж байна. Төрийн үйлдвэр баригдаж л байг. Хувийн хэвшлийнхэн ч бас барьж байх хэрэгтэй л дээ. Харин сүүлийн үед Ерөнхий сайдын амнаас нааштай үг дуулдаж байна.
-Зусардаж эхлэхээр шийдсэн үү?
-Үгүй, үгүй. Та манай аавыг мэднэ дээ. Нялуу, зусар гэж мэдэхгүй. Үгээ товч, тодорхой хэлчихдэг зантай. Би ч бас тийм араншинтай байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том төслүүдэд хувийн хэвшлээ оруулах санаа дэвшүүлээд байгаа. Өмнөх Засгийн газрууд хувийн хэвшлийг урамшуулаад, дэмжээд байсныг нэг их санахгүй байна.
-Энэ гайхалтай төсөл хэрэгжихгүй байгаа нь та төр засгийн “түлхүүр”-ийг олохгүй байгаад л байхдаа...
-Та юм авч, өгөх тухай ярьж байх шиг байна. Аавтай тийм юм ярих зүрхтэй хүн байхгүй гэдгийг та мэднэ. Ийм том гэрээний ард байгаа хүмүүс япончууд гээд бодчих. Манайд улс төр, эдийн засаг, нийгмийн ямар олон асуудал байгааг тэд сайн мэдэж байгаа. Ийм том гэрээнд япон хүний итгэлийг хүлээсэн тохиолдол манай ховор л байх. Тэд энэ төслийг бид хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай гэж үзсэн учраас итгэл үзүүлсэн.
-Дарж хэвтсээр байгаад төсөл чинь муудчихгүй байгаа даа?
-Япончууд тэрийгээ тооцохгүй яахав дээ.
Х.БАТТӨГС
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Төр хувийн хэвшлийн түншлэл гэж хуультай болж байгаа сураг гарсан, тэр нь чухам хэр сайн хууль болсныг мэдэхгүй бна. Төрийн үүрэг хариуцлага гэж мундахгүй их юм бий: эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, одоо бол улсын гадаад өр төлбөр, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч тог цахилгаан гээд! Харамсалтай нь Төр өөрөө хийнэ гэсээр ёстой л цаасан дээр “том төсөл” нэртэй үлдсэн улс орны эдийн засагт хэрэгтэй олон ажил төсөл хэвээр олон жил боллоо! Хэрэв үнэхээр чухал гэж байгаа бол хувийн хэвшил бизнесүүдээр хийлгэмээр байна. Хөрөнгө оруулалтыг дэмжиж томоохон компаниудыг бий болгомоор байна
Оюун-Эрдэнэ дэмжиж байгаа бол ок биз ээ. Улс орон минь хөгжөөд л байна удаан ч гэсэн. Нээх өндөр хөгжил хэрэггүй. Ард иргэд холлтой бол болоо.
энэ төсөлд манай төр загаас маш хүнд суртал гаргаж байсаныг мэдэх юм байна хувийн хэвшил хийчихээр юмыг заавал улсын нэрээр хийж мөнгө хусах гэсэн атгаг санааа манай дарга нарт их байдгаас тэршүүдээ
Ажлыг нь эхлүүлэхээр,мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах хэрэгтэй.Амжилт,бүү ухраарай
Хэдэн жил өнгөрөхөд энэ асуудлыг дарж байсан хүмүүс нь хэний эрх ашгийг хамгаалж байсан нь тодорхой..Эцсийн эцэст монголын ард түмэн л хохирно..Одоо ч хоцроогүй бүх юм эхэлж байна. Япончууд за гэсэн бол ёогүй ард түмэн шүү....
ажлыг нь эхлүүлэхсэн