Т.Сүрэнхай: Сувилахуйн ухаан гэдэг хайрлахуйн ухаан юм

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Олон улсын Сувилагчдын баярын өдрөөр Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн, Олон улсын Ф.Найтингелийн шагналт, Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т.Сүрэнхайтай ярилцлаа.


-Танд баярын мэнд хүргэе. Эрүүл мэндийн салбарт хувь заяагаа холбосон шалтгаан болоод сувилахуйн салбарт хүчин зүтгэж байсан он жилүүдээ дурсан ярина уу?

-Баярлалаа. Монголынхоо үе үеийн алтан гартай, ариун сэтгэлтэй сувилагч нартаа баярын мэнд дэвшүүлье. Би тэртээ 1976 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Сувилагчийн сургуульд орж байлаа. Тухайн үед сургуульдаа жаахан сэтгэл дундуур байсан ч ээж минь дэм өгч “Миний охин сувилагч мэргэжил гэдэг буянтай ажил шүү. Хүний амь аварч, олон хүнд буян болж яваарай” гэж хэлсэн. Энэ үг нь маш их хүч өгч Сувилагчийн сургуульдаа эргэлт буцалтгүй орж суралцаж төгссөн. Төгсөөд Нэгдүгээр амаржих газрын нярайн тасагт очлоо. Тэр тусмаа дутуу нярайн тасагт өөрийн хүсэлтээрээ очиж сувилагчийн мэргэжилдээ улам дурлан ажилласан даа.

Дутуу нярай, гүйцэт нярай хоёрын асаргаа сувилгаа өөр, өөр. Дутуу нярай гэдэг эмзэг, турьхан шүү дээ, хайр халамж, торгон мэдрэмж, эхийн сэтгэлээр л хайрлаж бөөцийлдөг. Хүүхдээ угаана, арчилна, хөхүүлнэ, эмчилнэ. Гэртээ харьсан ч нөгөө нярай маань гайгүй хоносон байгаа гэж санаа зовно, санана, зүүдэлнэ. Бид чинь өглөө бүр усанд ороод, хоолой амаа зайлж цэмбийсэн хүн л ажилдаа орно. Нярайн тасаг гэдэг ариун орчин шүү дээ. Хиртэй гараар хүрэмгүй улаан нялзрай шинэхэн хүнийг энэ орчлонд хүн болгохын төлөө нойр хоолгүй ажилласан өдрүүдээ одоо бодоход ямар их хариуцлага, ямар их хайр байж вэ гэж бодогддог. Ер нь сувилагч мэргэжил гэдэг хайрлах ухаан юм. Энэ бүхнийг таван жил ажиллах хугацаанд С.Наваансамдан, Дагийсүрэн, Түвшинжаргал зэрэг мундаг хүмүүсийн агуу ухаан, хамт олонч, халуун дулаан сэтгэлээр мэдэрч, ажил амьдралынхаа анхны гарааг  эхэлсэндээ өөрийгөө азтайд тооцдог.

Миний хань Т.Дэлгэрсайхан дэд хурандаа цолтой эмч хүн. Хань маань Зэвсэгт хүчний харьяа 256 дугаар ангид эмчээр томилогдох үед нь би ханиа дагаад Цэргийн эмнэлэгт сувилагчаар ажиллах боллоо. 1985 оноос хойш цэргийн сувилагч хийсэн дээ. Алгын чинээ алдрай үрээс алдын чинээ том эрсийн дунд очиж ажиллана гэдэг ажиллах арга барил, сэтгэл зүй гээд бүх зүйл нь өөр байдаг. Цэргийн дэг журам, сувилагчийн тангараг хоёроо хатуу чанд мөрдөж шижигнэсэн залуу цэрэг эрсийн эрүүл энхийн манаанд хүчин зүтгэлээ. Цэргийн эмнэлэгт яаралтай тусламжийг түлхүү үзүүлж, олныг хамарсан халдварт өвчлөлийг эмчлэх шаардлага гарна л даа. Манай цэргийн салбарын эмнэлгийн хамт олон маш зохион байгуулалттай, хариуцлагатай, хамт олонч хүмүүс байсан. Сайн хамт олон гэдэг амьдралын том шагнал юм шиг санагддаг. Нэг нэгнийхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлж мэддэг, хийх бүтээх урам зоригийг нь  бадрааж чаддаг тийм л хамт олонтой хүн. Тиймдээ ч миний бие Олон улсын Ф.Найтингелийн шагнал, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг хүртсэн. Энэ бүхэн гар, сэтгэл нийлсэн хамт олны минь гавьяа гэж талархаж явдаг.

-Эрүүлийг хамгаалахын салбарт 43 жил ажилласан он жилүүдэд амь дүйсэн яаралтай дуудлагад олонтаа явж байсан байх. Хамгийн мартагдашгүй үйл явдлаасаа дурсвал?

-Зөндөө гарч байсан. Зэвсэгт хүчний 256 дугаар ангид буюу Сэргэлэнгийн дивизэд ажиллаж байхад бууны сумтай, хутганы шархтай цэрэг ирж л байлаа. Хуарангийн цэргүүд хоолны хордлогод орж түргэн авч байв. Тэр үед тус ангийн Лазаретын ангийн дарга, ахмад Д.Бямбаагийн гярхай, чамбай удирдлагаар цэргүүдийг түргэн хугацаанд эмчилж байсан. Энэ мэт халдварт болон олныг хамарсан өвчлөл үе үе дэгдэнэ л дээ. Тэр бүрийд хариуцлагатай, түргэн шуурхай ажилладаг байлаа. Монгол Улсын аюулгүй байдлыг манаж буй цэрэг хүчний эрүүл мэндийг хамгаална гэдэг маш том хариуцлага шүү дээ.

-Эмч гэдэг алдрын цаад том ажлыг нугалж байдаг сувилагчдын гавьяа, нарийн чимхлүүр хөдөлмөр зүтгэлийг дурдаад байвал барахгүй. Жил бүр Олон улсын сувилагчдын баярыг тэмдэглэдэг. Сувилахуйн салбарыг хөгжүүлэхэд юу дутагдаж байна вэ?

-Би сувилагч мэргэжлээрээ үнэхээр их бахархдаг. Эмч нар онош тавьдаг. Эмчийн оношын үнэлгээний үр дүн сувилагчийн ажлаар гүйцэтгэгддэг. Сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас амьдралын эцсийн дохио болсон эхэр татсан амьсгал, туйлдаж ядарсан зүрхний цохилтыг сонсох хүртэл зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй хүн бол сувилагчид байдаг.  Сувилагчдын өдрийг 1850-иад оны үед Крымийн дайны үеэс тэмдэглэж эхэлсэн. Дайны талбарт эмч нар ажиллаж байгаа хэдий ч цэрэг эрс амь үрэгдээд л байж. Гэлэнмаа нарыг тусламж үйлчилгээ үзүүлэх журмаар дайны талбарт ажиллуулахад цэргүүд хурдан тэнхэрч, амь эрсдэх нь багассан гэдэг. Яагаад гэхээр цэргүүд хайр халамж, асаргаа сувилгаа дутагдсан байх нь. Сувилагчид гэдэг сувилахаас гадна хүн бүрийн сэтгэл зүйг оношилж, эмнэж харилцдаг, эвлэг зөөлөн найрсаг халуун сэтгэлээр ханддаг. Энэ бүхнээс өвдөж зовсон хүний сэтгэл илааршиж анагааддаг юм шүү дээ. Тэгэхээр сувилахуй ухаан гэдэг хайрлахуйн ухаан юм гэж би хэлэх дуртай.

Сувилахуйн тусламж үйлчилгээний бие даасан чадварыг хөгжүүлэх шаардлагатай байна. Дэлхий дахинд сувилагч мэргэжлийг бакалаврын боловсролын түвшинд олгодог болсон. Манай улс ч энэ жишгээр явж  байгаа бөгөөд улсын хэмжээнд 13 мянга гаруй сувилагч байгаа. Түүний 50 гаруй хувь нь бакалаврын боловсролтой, доктор 144, дэд профессор дөрөв, Ф.Найтингелийн шагналт сувилагч ес байдаг. Энэ үзүүлэлтийг анагаах ухааны шинжлэх ухаантай харьцуулбал доогуур түвшинд байгаа, зүй нь бол анагаах болон сувилахуйн шинжлэх ухаан хоёр парраллел хөгжиж явах ёстой. Сувилагчид сэтгэн бодох, судалгаа хийх үнэлгээ хийдэг, оношлох чадвартай байх ёстой. Сувилагч бол эмч нарын баруун гар гэдэг сэтгэлгээг халахын төлөө С.Наранчимэг доктор, Батсүх гавьяат нар маш их зүтгэсэн. Сувилагч нарыг техникийн ажилтан шиг битгий ойлгоосой, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж буй сувилахуйн мэргэжилтэн гэж ойлгоосой гэж хүсэж байна.

-Энэ их хариуцлагатай, цаг наргүй ажлыг нугалж буй сувилагч нарын цалин хөлс, нийгмийн халамж хэр байдаг вэ. Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг бол,  сэтгэлийнхээ гал цогоор л тэжээгдэн тэтгэгдэж байна уу?

-Түүхэн хөгжлийн 100 жилийн хугацаанд сувилагчийн хөдөлмөрийн үнэлгээ маш бага байж ирсэн. 1970-аад онд миний сургууль төгссөн үед сувилагчийн цалин 320 төгрөг байсан. Одоо бол сувилагчид 770 мянган төгрөгний цалин авдаг. Энэ үнэлэмж нийгмийн хэрэгцээ шаардлагын хаана нь ч хүрэхгүй байна. Энэ хэмжээг хамгийн багадаа нэг сая төгрөг болгоосой. Тэд чинь хүн л юм чинь ардаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа шүү дээ. Монгол Улс хөгжихийн тулд эрүүл хүнтэй байх хэрэгтэй. Эрүүл хүний төлөө зүтгэж буй эмнэлгийн мэргэжилтэнгүүд өндөр цалин авах ёстой. 

-Та яриандаа сувилагчдын боловсролын асуудлыг хөндлөө. Глобал удирдагч их сургуулийн Сувилахуйн сургууль хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ. Энэ хугацаанд хэдэн оюутан төгссөн бэ. Эмнэлгүүдэд сувилагчдын боловсон хүчин дутмаг байна гэж их ярьдаг шүү дээ?

-Эрүүл мэндийн салбарт ажилласан 43 жилийн 20 жилд нь Төрийн бус байгууллагад сувилагчийг алдаршуулах, тэдний хөдөлмөр зүтгэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллажээ. Сувилахуйн амьдрал төвийн тэргүүний албыг хашиж байх үед таван жилийн өмнө Глобал удирдагч их сургуулийн захирал Б.Отгонбатаас Сувилахуйн сургуульдаа баг хамт олноороо ирж ажиллаач гэж хүсэлт ирсэн. Манайд үндсэн 10 багш, гэрээт найман багш ажилладгаараа анхны том багт тооцогддог. Манай захирал сувилахуйн салбарын сургалтыг хөгжүүлэхэд маш их дэмжлэг үзүүлдэг. Манай сургууль эмнэл зүйн практиктай, дадлага, онол хослуулж явдаг, маш чадварлаг багш мэргэжилтэнгүүдтэй.

Сувилахуйн сургуульд 2017 онд манай багийг ирэхэд 36 хүүхэд суралцаж байсан бол өдгөө 387 оюутантай болсон. Төгсөгчид маань 95 хувь нь хувийн болон төрийн хэвшилд эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж байна. Багш нар оюутнууддаа хамгийн гол нь сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй гэж хэлдэг. Аавтайгаа хамт сувилагчийн сургуульд сурахаар ирсэн охины харцнаас би чин сэтгэл мэдэрсэн учраас урилга өгч элсүүлж байлаа. Тэр охинд “Цав цагаахан халад өмссөн сувилагчид цаг бусаар нүүрлэсэн үхэл, өвчин хоёртой тэмцэж, орчлонгийн мянга мянган шөнө цурамхийлгүй олон олон амьдралыг бусдад хүргэсэн ачтан энэ мэргэжлийг сонгосон чамдаа би баярлалаа” гээд л урилгаа гардуултал тэр охин баярлаад уйлж байсан. Энэ мэргэжилд зөв хандлагатай, зөөлөн сэтгэлтэй хүн л хэрэгтэй. Тэр хүүхэд шалгалтандаа хэчнээн 800 оноо авсан ч сэтгэлгүй, хандлагагүй бол сувилагч болж чадахгүй.

-Олон улсын сувилагчдын  баярын өдрөөрөө салбараараа чуулж жаргал, зовлонгоо ярилцаж, хэтийн төлөв, зорилго зорилтоо тодорхойлдог. Энэ өдрөөр төр засагтаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 100 жилийн түүхэнд сувилагч 100 жил хамтдаа зүтгэсэн. Яагаад 100 жил зүтгэсэн сувилагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж чадахгүй байна вэ. Аймаг аймгаас сувилахуйн салбарыг хөгжүүлж буй сувилагчдаасаа нэг нэг хүнийг шагнаж урамшуулаасай гэж битүүхэн харж явдаг даа. Манай улс сувилахуйн салбартаа Г.Өөдөс, Ө.Тунгалаг, Г.Шаалаахүү тэргүүтэй хуруу дарам цөөхөн гавьяаттай. Насаараа сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хүчин зүтгэж, зуу зуун сувилагчдыг бэлтгэсэн А.Даваасамбуу гавьяагаа үнэлүүлж чадаагүй шүү дээ. Цэргийн салбарт П.Зина гэж гайхамшигтай сувилагч байна. Дорнодын түймэр, Багануурын осол гээд маш олон шуурхай дуудлагад явж, олон хүнд хэцүү хагалгаанд дуудагдан орж байсан чадварлаг хүн, тэр хүнийг төр засаг мартах учиргүй. Сувилагч нарын цалин хөдөлмөрийг нэмэгдүүлж, амьдрах орчныг нь сайжруулж, мэргэжлийнх нь үнэ цэнийг өсгөх хэрэгтэй байна.

ДЭМБ-аас 2021-2025 онд сувилахуйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Нэгдүгээрт, сувилахуйн боловсрол, хоёрдугаарт, сувилахуйн ажлын байр, гуравт хүний нөөц, дөрөвт манлайлал юм. Энэ чиглэлээр ЭМЯ, мэргэжлийн салбар зөвлөл идэвхтэй хамтарч ажиллана гэж найдаж байна. Монгол Улсын хэмжээнд нэг эмчид 1.1 сувилагч ногдож буй. Нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо маш өндөр байна. Сувилагч хүн ажлын байранд богино хугацаанд цөөн хүнд үйлчлэх юм бол чанар, үйлчилгээ нь сайжирна шүү дээ. Хүний нөөцийн хувьд үндэсний хэмжээнд ахисан түвшний боловсрол олгож байж сувилагчийн хомсдол багасна. Манай улсын хэмжээнд 12 сургууль сувилагч мэргэжилтэн бэлтгэж байна. Сувилахуйн мэргэжлээр үндэсний их сургуулийг байгуулаад чадварлаг, чанартай мэргэжилтэн бэлтгэвэл сайнсан гэж бодож явдаг. Сүүлийн үед энхийг сахиулах хүчинд сувилагчийн манлайлал нэмэгдэж байгаа. Энэ манлайллыг улам хөгжүүлж, өргөжүүлэх хэрэгтэй. Монголын сувилахуйн хөгжил салан бутархай байсаар байна. Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа нийцэж чадахгүй  байгаад харамсдаг. Сувилагч хүн зөвхөн тариа хийдэг хүн биш, бүх талын мэдлэгтэй, чадвартай болж хөгжиж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өмнөговь ангиас(59.153.112.192) 2024 оны 01 сарын 06

Мундаг удирдагч шүү манай захирал

0  |  0
зочин(64.119.22.44) 2024 оны 01 сарын 07

Үйлдвэр хоршооллн 96 байрны охин сайхан ярилцлага өгчээ. Яг л аавтайгаа адилхан болж. Амжилт хүсье!

2  |  1
зочин(64.119.22.44) 2024 оны 01 сарын 07

Үйлдвэр хоршооллн 96 байрны охин сайхан ярилцлага өгчээ. Яг л аавтайгаа адилхан болж. Амжилт хүсье!

1  |  0
Top