БШУЯ, ЖАЙКА Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ын эхний хоёр жилийн үр дүнгийн танилцуулгыг хийлээ. Энэ үеэр цэцэрлэг, сургуульд тэгш хамран сургах олон улсын загварыг боловсролын салбарт нэвтрүүлснээр хэрэгжилт ямар байгааг нийслэл, хөдөө орон нутгийн багш нарт тайлагнаж сайн жишээг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.
ТЭГШ ХАМРАН СУРГАХ САЙН ЖИШЭЭГ БАГШ НАРТ ЦАХИМААР ТҮЛХҮҮ ХҮРГЭНЭ
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11.835 хүүхэд өнгөрсөн онд бүртгэгдсэн. Тэднээс 2422 нь хөдөлгөөний, 2263 нь оюуны, 1087 нь харааны бэрхшээлтэй аж. Үүнээс цэцэрлэгийн насны буюу 3-5 насны 1629 хүүхэд байгаагаас 1023 хүүхэд нь боловсрол мэдээллийн системд бүртгэгдэж 311 хүүхэд нь тусгай цэцэрлэгт бусад нь ердийн цэцэрлэгт явж байгаа аж. Сургуулийн насны буюу 6-17 насны 8873 хүүхэд байгаагаас боловсролын системд 6208 хүүхэд бүртгэгдэж үүнээс 1683 хүүхэд нь тусгай сургуульд, 4500 гаруй хүүхэд нь ердийн сургуульд боловсрол эзэмшиж буй. Тэгвэл үлдсэн хувь боловсролд хамрагдаж чадахгүй үе тэнгийнхнээсээ хоцорч, нийгмийн амьдралаас орхигдож буй гэхэд хилсдэхгүй.
Монгол Улс 2009 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц”-д нэгдэн орсны дараа дотоодын холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн хөтөлбөртэй дүйцэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан баталсан. Гэвч бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон ч шаардлагатай хөгжлийн дэмжлэг авах хандлага, тогтолцоо хараахан бүрдээгүйн улмаас сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 100 хувь бүрдэж чадахгүй байна.
Мөн сургуульд хамрагдсан ч хөгжлийн бэрхшээлийн ангилал, хүнд хөнгөнөөс шалтгаалан хөгжлийн үе шатандаа нийцсэн боловсролын үйлчилгээг авч чадахгүй байх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцахад хүндрэл үүсэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Төсөл хэрэгжих явц болон зорилго зорилтын талаар Тэгш хамран сургах боловсролын бодлогын ерөнхий менежер Сүзүки Саяака “Энэхүү семинараар Японы сайн жишээг Монголд танилцуулж, Монголын хөрсөн дээр буусан загварыг нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Тусгай хэрэгцээт боловсролыг тэгш хамран сургах төсөл маань 2020 оны есдүгээр сараас эхэлсэн. 2024 оны хоёрдугаар сар хүртэл ажиллахаар төлөвлөж байна. Бидний зорилт нэгт, 2-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг цогцоор нь дэмжих тогтолцоог нэвтрүүлсэн. Хөгжлийн дэмжлэгийн гол үүргийг гүйцэтгэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс”-ын чиг үүрэг, сайн жишээг танилцууллаа.
Хоёрт: Цэцэрлэгт тэгш хамран сургах боловсролын загварыг танилцуулж, бүх цэцэрлэгт дэмжлэгийн баг байгуулах, цэцэрлэгийн насны хүүхдийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалтыг багш нарт заах юм.
Гурав: Тэгш хамран сургах боловсролын загварыг нэвтрүүлсэн бөгөөд сургуульд шинээр орох хүүхэд, сургуульд хамрагдаж чаддаггүй дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг “Боловсролд хамрагдалтыг дэмжих хурал”-аар оруулан асуудлыг шийдвэрлэх, үндэсний хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургууль дээр байгуулагдсан сургуулийн дэмжлэгийн багийн тухай, дэмжлэг шаардлагатай байгаа хүүхдүүдэд зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Дөрөвт: Боловсролын ерөнхий газартай хамтран боловсруулж байгаа тэгш хамруулан сургах боловсролын агуулгаар багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад ашиглах хэрэглэгдэхүүнийг танилцуулсан. Ялангуяа ажлын байран дээр байгаа бүх багш цахимаар сургалтанд хамрагдах боломжтой болгох зорилгоор цахим хэрэглэгдэхүүнийг түлхүү боловсруулж байгаа” гэлээ.
Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдийн нэг орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэлдэг гэсэн тооцоолол гаргасан байдаг. Энэ нь хүн ам өсөхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч нэмэгдэнэ гэсэн үг. Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдийн нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, оюуны бэрхшээлтэй хүүхдийн дөрөв нийт зургаан тусгай сургууль байна.
Мөн хөдөө орон нутгийн зарим сургууль хажуудаа тусгай бүлэг нээж, 2019-2020 оны хичээлийн жилд 35 тусгай бүлэгт 420 орчим хүүхэд хамрагджээ. 2020 онд ДЦП буюу тархины саажилттай хүүхдүүдийн X ясли, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон нь онцлох үйл явдал болж хүүхдэд боловсролын, сэргээн засах, нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн ажээ.
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДЭД ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ
Монгол Улс 60 орчим жилийн өмнөөс тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг ОХУ, Унгарт бэлтгэж эхэлжээ. Гэвч 1990-ээд оны үеэс энэ систем тасалдаж мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай болсон учраас МУБИС-д Тусгай хэрэгцээт боловсролын багшийг 2013 онд нэг жилийн хөрвөх, 2015 онд 3.5 жилийн бакалаврын хөтөлбөр шинээр боловсруулан мэргэжлийн боловсон хүчний дэмжлэгтэйгээр бэлтгэж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн нэг жилийн хөрвөх болон 3.5 жилийн бакалаврын ангиудаар багш бэлтгэн ажиллуулж байгаа. Мэргэшсэн тусгай хэрэгцээт боловсролын багшаас гадна цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа бүх багшийг энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай. Учир нь багш хүн хүүхэд бүрийн хөгжлийн түвшинг тодорхойлж, тэдэнд тохирох дэмжлэг, боловсролын үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Засгийн газрын 2020 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 208 дугаар тогтоолоор ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэл болон орон нутагт 6-17 насны 1820 хүүхэд боловсролд хамрагдаагүй байгаа бөгөөд үүний 700 гаруй хүүхэд нь нийслэлд амьдардаг. Дээрх нийт хүүхдүүдийн 900 гаруй нь байнгын асаргаанд, 200 гаруй нь хэвтэрт байдаг аж. Үүний зэрэгцээ гэр нь алслагдмал байдаг, эцэг эх нь сургуульд явуулахаас төвөгшөөдөг гэх зэрэг олон шалтгаантай.
Тиймээс боловсролын хуулиараа явуулын үйлчилгээ үзүүлж аль болох хүүхдэд хүрч ажиллаж сургуулийн өмнөх насныханд долоо хоногт нэг удаа 35 минут, сургуулийн насныханд долоо хоногт хоёр удаа 40-80 минутын үйлчилгээ үзүүлэх, сард хоёр удаа сургууль, хамт олон дээр нь авчирч олон нийтийн ажил оролцуулж нийгэмшүүлэх шаардлагатай.
БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын тэгш хамран сургалтын удирдлага зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа “Энэхүү төсөл нь тухайн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэйг нь эрт илрүүлгээр хэрхэн илрүүлж тогтоох, тогтоосны дараа боловсролын системийг нь хэрхэн боловсруулах гээд нарийн үе шаттай явагдсан. Боловсролын яамнаас боловсролтой холбоотой асуудлыг нь анхаарч тогтолцоог нь бэхжүүлэх үүрэгтэй. Бидэнд тулгамдаж буй асуудлууд олон бий. Тухайлбал, багш нарын арга зүй талаас дутмаг байна. Одоо хэрэгжиж буй төсөл дээрээ тохируулга хийж чадахгүй байх, ганцаарчилж ажиллах тал дээр арга зүйн мэдлэг дутмаг байна. Бид явуулын багш нарын үйлчилгээ, гэрээр эцэг, эх туслах үйлчилгээ зэргээр төслийн хэмжээнд туршиж байна. Үүнийг боловсролын бодлогын баримт бичигт тусгах зорилготой.
Старт-1-ээс гарсан үр дүнгээ ЕБС-ийн 25 сургуулийг сонгож аваад хэрэгжүүлж Стар -2-ыг таван аймгийн хэмжээнд туршиж үндэсний хэмжээнд зохист дэмжлэг үзүүлэх аргыг нэвтрүүлэх гэж байна. Зорилтот 25 сургуулийн удирдлага, багш нар энэхүү семинарт ирсэн байгаа. Байнгын хэвтэрт байдаг, алслагдсан гэртэй хүүхдүүдэд явуулын үйлчилгээ хамгийн үр дүнтэй байдаг. Хүүхдүүд маань багш нараа хараад маш их баярладаг. Тэд дэвтэр номоо бариад багш нараа харуулдаад сууж байдаг юм шүү дээ” гэлээ. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд зориулсан теле хичээлийг I-XII ангийн монгол хэл, математик, нийгэм ахуйн баримжаа хичээлүүдээр 2020 оны гуравдугаар сарын 16-наас тавдугаар сарын 31-ний хооронд 189 удаагийн хичээлийг нэвтрүүлсэн.
Гэвч харааны бэрхшээлтэй хүүхдүүд теле хичээлээр суралцахад нэлээд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийг брайл хэлбэрт шилжүүлэн хэвлэх, зарим сурах бичгийг Дейзи буюу сонсох хэлбэрт шилжүүлэх, харааны болон сонсголын бэрхшээлтэй сурагчдад нэн тэргүүн шаардлагатай техник хэрэгсэл, төхөөрөмжөөр хангаж, “Дейзи уншигч” төхөөрөмжийг нийлүүлэхэд шаардагдах 200 сая төгрөгийг Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэжээ. Мөн 116 дугаар сургуулийн сурах бичгийг брайл үсгээр хэвлүүлсэн нь нүдээ олсон ажил байлаа. Манай улсад дохионы хэлний багш дутмаг байдаг бөгөөд дохионы хэлний багш нар шинжлэх ухааны хэллэгээ яаж дохих вэ гэдэг дээр хөтөлбөр боловсруулжээ. Энэ мэтчилэн багш нарт ч тулгардаг олон бэрхшээл бий учир боловсролын салбарт багш нараа чадавхжуулахаас эхлээд хийж хэрэгжүүлж буй ажил их байгаа талаар төслийн удирдагчид онцолж байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )