Л.Бор: Монгол хүний эрхийн төлөө Ерөнхий сайдад шаардлага өгсөн 

2022 оны 05 сарын 21

“Их Бага Баяншарга сан” ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа.


-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг  цахим дуудлага худалдаагаар олгох журмыг цуцлах шаардлагыг ТББ-ууд Ерөнхий сайдад хүргүүлжээ. Ямар хариу ирсэн бэ?

-Хариу ирүүлэх хуулийн хугацаа энэ сарын 25-аар дуусахаар байгаа. Засгийн газар шаардлагыг судалж, хариу өгнө гэдэгт бид  найдаж, хүлээж  байна. Энэ бол нэг иргэний хүсэлт биш юм. Монголын хүний эрхийн ТББ-ын форумын  20 байгууллага нэгдэж, орон нутгийн санал оролцоогүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг бөөндөж цахимаар олгох нь Үндсэн хуулийн  зургадугаар зүйлийн 6.1, 6.2  дахь  заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь  заалт болон хүний эрхийг хамгаалсан бусад олон хуулийн зүйл, заалтыг зөрчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой үр дагавар үзүүлэх эрсдэлтэй байгаа тул Ерөнхий сайдад шаардлага  хүргүүлсэн.

-Засгийн газрын хувьд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын нэг гэдгээ зарласан? 

-Тэрийг ойлгож  байна л даа. УИХ  өнгөрсөн онд 24 дүгээр тогтоолынхоо  хавсралтаар “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан.  

Түүний 1.1-д “Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлнэ гэсэн. Бидний тавьж байгаа шаардлага бол  эдийн засгийг эрчимжүүлэхийг эсэргүүцээгүй. Харин одоо олгогдоод байгаа 2700 орчим тусгай зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтийг нэг бүрчлэн шалгаач.Татвар төлбөрөө бүрэн аваач. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлтийг нь хийлгэж, малчдын эрхийг хамгаалах зэрэг ажлуудыг хийсний дараа нэмж тусгай зөвшөөрөл олгох эсэхийг олон нийтийн оролцоотой хэлэлцүүлэг хийж  шийдвэр гаргахыг шаардсан. Эдийн засаг хүндрэлтэй байна гээд өмнөх олон асуудлыг шийдэлгүй дахиж олон тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэдийн оролцоо, хяналтгүй олгож болохгүй, энэ нь өөрөө маш  эрсдэлтэй.

-Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд  ноцтой үр дагавар үзүүлнэ гэж үзэж байгаагаа тодотгоно уу. Эсвэл улсын нууцад хамаарах асуудлууд байна уу?

-Миний саяын хэлснээр тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэдийн оролцоо, хяналтгүйгээр  “Журмаар олгоно” гээд бөөндчих юм бол өнөөдөр ямар ч  шийдэлгүй хуримтлагдсан байгаль орчны бохирдол, хохирол, экосистемийн даац, хүнсний аюулгүй байдал, хүний эрх, эдийн засгийн үр өгөөж, нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн хамгаалалт зэрэг олон асуудлыг одоо байгаагаас нь улам хүндрүүлнэ.

Нэг  эхлүүлчихвэл цаашид энэ бүхнийг шийдэх боломж, гарц үгүй болно. Цахимаар лиценз олгох нь хаанахын ямар этгээд авч байгааг хянаж чадахгүй учраас эрсдэлтэй юм. Хар тамхины сүлжээ, гоё нэрний ард нуугдсан терорист үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл орж ирж болзошгүй. Ийм асуудлууд үүсвэл олон улсын хөгжлийн чиг хандлагыг дагах Тогтвортой хөгжлийн зорилгууд, манай улсын нэгдэн орсон Парисын гэрээ, Цөлжилтийн эсрэг конвенц гэхчлэн Монголын төр дэлхий нийтийн өмнө авсан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болно.

-Та олон судалгаа хийж, үндэслэлээ гаргасан байх. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдалд ямар дүгнэлт хийв? 

-Эрдэс баялгийн салбар  улсын төсвийн орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг. Одоогоор нийт 2.565 тусгай зөвшөөрлийг 1.645 аж ахуй нэгж  эзэмшин үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуй нэгжээс  улсын төсөвт оруулдаг орлогын 90 орчим хувийг сүүлийн арван  жилд зөвхөн нэр бүхий арван аж ахуй нэгж дангаар бүрдүүлж, ихэнх нь орон нутаг болон улсад ямар ч  татвар төлбөр төлөлгүй явж иржээ. Иймээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тавих шаардлага, шалгуурыг өндөржүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.Энэ бүхнийг зөрчсөн, хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудад  нийцээгүй тохиолдолд тухайн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаж,  дахин олгохгүй байх нь зүйтэй. Эрдэс баялгийн салбарт байгаа энэ мэт асуудлыг нэг мөр цэгцлээгүй байж  хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар цахимаар бөөндөж олгохыг хориглох шаардлагатай.

-Хуулийн ямар зөрчлүүд байгааг хэлж болох уу?

-Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтаар журмаар Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн ИТХ-ын саналыг авахгүй эсхүл үл харгалзан  тусгай зөвшөөрөл олгож байна. Мөн энэ журмаар Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 заалтаар “Тухайн Усны сав газрын захиргаанаас санал авч түүнд үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно” гэсэн заалтыг зөрчиж, сав газрын дүгнэлтгүйгээр тусгай зөвшөөрөл олгож ирсэн байгаа юм.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ  журмыг шинэчлэн батлахдаа ч олон нийтийн саналыг аваагүй юм байна лээ. Энэ журам нь эрх зүйн нэгдсэн санд ч  бүртгэгдээгүй. Тэгэхээр хэрэгжих эрх зүйн үндэслэл нь  бүрдээгүй гэсэн үг. Ийм  байтал  улс төрийн мэдэгдлээр зарим орон нутагт хэрэгжиж эхлээд байгаа тухай орон нутгийн иргэдээс гомдол гарч байгаа. Газрын хэвлийн баялгийг иргэдээр  хэлэлцүүлэлгүй шууд олгодог, холбогдох олон хуультай зөрчилдөж байгаа энэ журмыг шууд цуцлах ёстой. Хөдөө орон нутагт малчид эрхийнхээ төлөө газар сайгүй тэмцэж байгаа нь үүнтэй холбоотой. Энэ тэмцэл хөдөлгөөн даамжирвал  цаашид нийгмийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй юм.

-Хууль тогтоомжийн “цоорхой” их байна гэсэн үг үү?

-Манай эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчин сул. Тиймээс гадаадын компаниуд манай үндэсний бизнесийн чадавхгүй байдал, эрх зүйн орчны “цоорой”-г  ашиглан зардлаа нөхөх нөөцгүй ордын  лицензийн наймаа хийдэг явдал газар авчээ. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээд нь өөрийн зардлаар ордын нөөцийг олон улсын стандартын дагуу магадлан үнэлгээ хийлгэх эрх зүйн орчныг  бий болгох хэрэгтэй. Жишээ нь, нүүрсний нөөцгүй орд ухсан, мөн нөөцгүй ордын лицензийг сэргээсэн  гээд яривал олон баримт байна. Иймээс хайгуулын зөвшөөрлөөр олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргах эрхийг гадаадын компанид олгохыг хуульчлах шаардлагатай байгаа юм.

-Тэрийг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмаар шийдчихдэггүй юм уу?

-Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь  зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход үйлчлээд,  ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар эрх зүйн зохицуулалтаар олгож байгаа нь тодорхой бус байгаад гол учир байгаа  юм. Орон нутгийн ИТХ-аас татгалзсан санал өгсөн ч, аж ахуй нэгж хайгуулын шатандаа холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтынх  болгоод  байна. Үүнийг зогсоох ёстой. Дараагийн шатанд аж ахуй нэгжийн  хайгуул, ашиглалтынхаа бүх шатанд үүсгэсэн нийгэм, байгаль орчин, экологийн хохирлыг  нөлөөллийн үнэлгээ хийж, хохирлыг заавал барагдуулдаг болмоор байна.

-Ингэхэд манай улс, холбогдох газрууд шинээр лиценз олгож байгаа газрын талаар урьдчилсан судалгаа хэр хийдэг юм бол. Үүнд иргэний нийгмийнхэн хяналт тавьж үзэв үү?

-Судалгаа хийдэггүй, эсвэл түүнийгээ баримталддагүй юм байна гэсэн ойлголт төрсөн.  Уг нь тухайн  бүс, сумын нутагт шинээр лиценз олгох, баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл олгохдоо өмнө олгосон лицензийн тоо, экосистемийн даац, эдийн засгийн үр өгөөж, уурхайгаас үлдээсэн хор хохирол зэргийг харгалзаж үзэх ёстой. Тэр болгоныг нэгтгэн дүгнэж байж  шийдвэр гаргадаг болмоор. Бэлчээрийн нутгийг л гэхэд аймаг, сум бүрд тогтоон уул  уурхайгаас тусгаарлаж  хамгаалах хууль гаргах хэрэгтэй. Нэг суманд хэрэгжүүлэх эрдэс баялгийн төслийн тоонд хязгаар тогтоох  нь зүйтэй. Нэг жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан  суманд  ашигт малтмалын 33 лиценз олгочихсон байсан. Гэтэл тэр сумын 6000 иргэн ажлын байргүй,  орон  нутаг нь огт хөгжөөгүй.

Өнөөдөр Дорноговийн нэг сумд 100 лиценз олгогдсон гээд иргэд нь тэмцэж байна. Ийм байхад малчид амьжиргааны хэдэн малаасаа  салахгүйн төлөө тэмцэх нь зөв шүү дээ. Иргэдийн тулгамдсан асуудалд төр арга хэмжээ авдаггүй. УИХ-ын гишүүдийн олонх нь орон нутгаас сонгогдсон атал тэнд үүссэн асуудлыг шийдвэр гаргах түвшинд ярьдаггүй.  Ингээд тэнд уул уурхай, малчид хоёр тэмцээд байж байна.

Тиймээс  эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, сумын нутагт хэрэгжүүлэх эрдэс баялгийн төслийн тоонд хязгаар тогтоох  шаардлагатай. Энэ бол нэг аймаг, сумын хүрээнд ярьж буй асуудал биш Монгол Улсын хэмжээнд нөхцөл байдал ийм байгааг УИХ, Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эдгээр асуудлаар  хууль тогтоох дээд байгууллага УИХ,  Засгийн газар дэргэдээ Ажлын хэсгийг яаралтай зохион байгуулах учиртай.Орон нутгийн захиргаа, иргэд, малчид, иргэний нийгмийн оролцоотой хэлэлцүүлэг, нийтийн сонсголыг тогтмол нээлттэй явуулж шийдвэр гаргадаг байгаасай гэж бодох юм. Энэ үүднээс бид Засгийн газар, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Албан ёсны хариу ирэхээр олон нийтэд мэдээлнэ.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(66.181.160.106) 2022 оны 05 сарын 21

балай авга

0  |  0
Top