Ноолуур 75-80 мянган төгрөгт хүрээд буурчээ

2022 оны 05 сарын 23

Ноолуурын үнэ ханш тогтмол уруудаж байгаа талаарх мэдээлэл гарсан. Тиймээс бид бүхэн орон нутагт ноолуур өнөөдөр /өчигдөр/ ноолуурын үнэ хэдтэй байгаа талаар тодруулсан юм. Ингэхэд бидний холбогдсон аймгуудын ченж нарын хэлж байгаагаар ноолуурын үнэ өдөр бүр тогтмол уруудаж байгаа гэнэ.

Завхан аймгийн ноолуурын ченж н.Батцоож гэдэг хүний хэлж буйгаар өнөөдөр /өчигдөр/ ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна гэв. Ингэхдээ хялгас ихтэй зэргээс хамаарч үнэ нь хэлбэлзэж байгаа аж. Уг нь тус аймагт энэ жил хамгийн ихдээ 150 мянган төгрөгт хүрсэн бол энэ сарын 16-нд л гэхэд 95 мянга байсан бол маргааш нь ийнхүү гэнэтхэн унасан байна. Ер нь ноолуурын үнэ ийнхүү унаж байгаа нь нэгдүгээрт урд хөршийн хил хаалттай, хоёрдугаарт ямааны хялгас суларсантай холбоотой гэнэ.

Тэгвэл Булган аймгийн хувьд өчигдөр 80 мянган төгрөг байлаа. Тавдугаар сарын эхээр 163 мянга буюу хамгийн өндөр үнэдээ хүрч байсан ч ийнхүү 20-иодхон хоногийн дараа гэхэд хоёр дахин багассан гэдгийг ченж н.Ганболд хэллээ. Булган аймгийн хэмжээнд малчид бараг ямаагаа бүрэн самнаад дууссан байна. Малчдын хотонд одоогоор борлон, хэдэн ишигтэй ямаа л самнагдаагүй үлджээ. Аймгийн ченж нарыг өөрсдөө дур мэдэн ханшаа унагаж байгаа хэмээн малчид нь буруутгадаг. Гэвч нийслэлд худалдан авах ханшаас шалтгаалан тухайн өдрийн үнийг тогтоодог гэдгээ ч учирлаж байлаа.     

Жил бүр говийн болон зүүн аймгуудад ноолууран түрүүлэн гарч, цаашдын үнийг нь тогтоодог гэсэн тогтсон ойлголт байдаг. Харин Дундговь аймагт энэ жил харьцангуй оройтож ноолуур гарчээ. Гэхдээ гуравдугаар сарын сүүл үед 150 мянган төгрөг хүрч байсан ноолуур өдгөө 80 мянгатай хэлбэлзэж байна.

Ноолуурын ченж Нараагийн хэлж байгаагаар тус аймгийн малчид нэг үеэ бодвол үнэ тогтооход тэднийг буруутгах нь гайгүй болсон аж. Тэд ч гэсэн мөн л нийслэлд байгаа үнэ ханшаас өөрсдийн тодорхой ашгаа тооцож өдөр, өдрийнхөө ханшийг тогтоодог гэнэ. Зүүн аймгуудын ноолуур өндөр үнэтэй байдаг бол баруун аймгуудынх харьцангуй бага байдаг. Үүнийхээ ч дагуу Ховд аймагт өчигдөр ноолуур 75 мянган төгрөг байлаа. Гэхдээ хар ноолуур нь ийм үнэтэй бол улаан ноолуур 80 мянган төгрөг байв. Улаан, цагаан гэдэг нь зөвхөн өнгө болохоос бус ямар нэгэн байдлаар ямааны үйлдэр угсаатай хамаагүй гэдгийг бидний холбогдсон ченж Б хэллээ. Тус аймагт ноолуур анх гарахдаа 130 мянган төгрөг хүрсэн ч түүнээс хойш тогтмол буусаар ийм ханшид хүрчээ.

Харин Архангай аймгийн Хайрхан сумын малчны хэлж буйгаар тэдний суманд ч мөн 80 мянган төгрөгийн үнэтэй байв. Сумын хэмжээнд ноолуур дээд тал нь 132 мянга хүрсэн ч сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн ченжүүд ирэхээ байснаас ийнхүү унажээ. Тэдний сумынханы ноолуурыг жил бүр Хөвсгөл аймгаас ноолуурын ченж нар очиж нутгийнханаас арай өндөр үнээр авсаар бараг уламжлал тогтсон байна. Тиймээс нутгийн малчид сумынхаа хэдэн ченжийн тогтоосон ханшаар өгч байгаа ажээ.   

Ноолуурын үнэ ийнхүү тогтмол уруудаж байгаа нь хил гааль хаалттай байгаатай шууд холбоотой гэдгийг ченжүүд хэлж байлаа. Тэгвэл түүнээс гадна БНХАУ-ын дотоод нөхцөл байдал, цар тахал үүнд нөлөөлж байгаа аж. Гэсэн хэдий боловч ойрын хугацаанд хилээ нээх, урд хөрштэйгөө сайтар ойлголцох шаардлага үүсэж байгаа юм. Эс бөгөөс олон малчин, ченжүүд, цаашлаад улсын эдийн засаг хохирох эрсдэл бодитоор үүсжээ. 

Т.ДАРХАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top