Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.05.18/ хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой маргаантай асуудлаар Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны нөөцийн талаарх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулга хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Мөн Газрын тосны олборлолт, хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр газрын тосны хайгуул явагдаж байгаа, ялангуяа газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутгийн талаар аймгийн Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх шийдвэр гаргажээ.
Тэрээр цааш нь "Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр нь жилдээ 1.100.000 тонн гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.500.000 мянга орчим газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй байсан. Сүүлийн үед энэ тоо хэмжээ багасч байгаа. Энэ нь хамгийн гол асуудал болж байгаа. Яагаад гэвэл бид өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэр барихдаа тухайн үедээ хүчин чадлыг нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.500.000 тонныг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байсан.
2021 оныг дуусталх хугацаанд нийт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. Ойролцоогоор сүүлийн жилүүдэд 200 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлж байгаа.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилье гэдэг асуудлыг Монгол Улсын талаас удаа дараа тавьж байсан. Тухайн үед Ашигт малтмалын газраас хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан юм билээ. Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мөн хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан. Гэвч тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Шийдэлд хүрдэггүйн онцлог бол хоёр талын байр суурь маргаантай байдагтай холбоотой.
Нэгдүгээрт, бүтээгдэхүүн хуваах гэрээний тухайд 1993 онд АНУ-ын хэд хэдэн компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр тодорхой хэмжээний орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг төлөхгүй гэсэн байдаг. 2005 онд Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компани хувьцааг нь худалдан авч, бүтээгдэхүүн хуваах гэрээг бүх нөхцөлтэйгөөр нь шилжүүлж авсан байдаг. Хамгийн анхны буюу 1993 оны бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр газрын тосны нөөц ашигласны төлбөрт Рояалти төлдөггүй байсан. Үүнээс хойших гэрээнээс Монгол Улс рояалти авч эхэлсэн.
Тухайн үеийнхээ хууль эрх зүйн нөхцөл байдалтай холбоотой. Нэг талаас нь хэлвэл, 1993 оны анхны гэрээ байгуулж байсан үеийн нөхцөл байдлыг санах хэрэгтэй. Тэр үеийн хүмүүсээ буруутгаж болохгүй. Яагаад гэвэл тэр үед 1969 оноос хойш газрын тосны хайгуулын ажил бүр мөсөн зогссон байсан.1991 онд Газрын тосны тухай хуулийг санаачилж, Их хурал баталсан байдаг. Тэгэхээр газрын тосны нөөцтэй эсэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж авах зорилгоор үүнийг хийсэн болов уу гэж боддог. 1995 оноос рояалти авч эхэлсэн байдаг.
1993 оны гэрээг Тосон-Уулын талбай дээр байгуулсан. Түүнээс хойш Тамсаг болон бусад бүх гэрээнүүдээс Рояалтыг авч байгаа. Өнөөдөр Монгол Улсад газрын тосны 21 гэрээ байгаагаас ашиглалтын 4, хайгуулын 17 гэрээ байна.
Мөн тухайн үед энэхүү гэрээнүүдийг Засгийн газраар батламжилсан байдаг. Гэхдээ тухайн үед орлогын татвар төлөхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн заалт анх гэрээ байгуулахад байсан. Яг энэ заалтуудтайгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанид шилжиж ирсэн байдаг.
Татварын асуудал УИХ-ын асуудал байдаг. Гэрээ бол Засгийн газрын хуралдаанаар батлагдсан гэхэд утгаараа УИХ-аар ороогүй гэсэн үг. Энэ асуудлыг эргэж ярьдаг. Эрхээ хэтрүүлсэн гэдэг асуудал яригддаг зүйлүүд байдаг" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
hasak i hurlain gsihun badalhan mon bis.chi uhsen hudlaa heled yuga hiine.
Шудрага биш юмаа,ямар Улс ингэж эрхэлж байдаг юм бэ.Монгол компаниуд болохоор татварын дарамтанд амьдарч байгаа барьцаж байнаа