Т.Амарзаяа: Үндсэн хуулийг өөрчлөх нийгмийн зөвшилцөл бүрдээгүй 

2022 оны 05 сарын 23

Бодлогод залуусын хяналт ТББ-ын захирал Т.Амарзаяатай Үндсэн хуулийн сэдвээр ярилцлаа. 


-Үндсэн хуулийг боловс­ронгуй болгох шаардлагыг улс төрийн намууд тавьж, хаврын чуулганаар хэлэлцэх нь бараг л тодорхой болчих шиг. Хэрэв өөрчлөх бол ямар шинэчлэл хийх ёстой вэ?

-Иргэний нийгмийн салбарт иргэд, залуусын бодит оролцоог шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх чиглэлээр хараат бусаар бие даан ажилладагийн хувьд таны асуултуудад иргэний нийгмийн байгууллагын өнцгөөс хариулъя. Манай улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд хийсэн. Ингэхдээ шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, парламентын ардчилал, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг  чухал өөрчлөлтүүдийг өргөн хүрээнд хэлэлцэж, зөвшилцөж хийсэн.

Үндсэн хууль хүссэн үедээ оролдож, засаж өөрчилж болдог дурын нэг хууль биш. Хамгийн тогтвортой, хамгийн удаан хугацаанд үнэ цэнэтэйгээр хэрэгждэг бидний гол зарчим, жанжин шугам болсон хууль байх учиртай. Иймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явцыг иргэн хүний хувиар анхааралтай ажиглаж, зарим чухал заалтыг дэмжиж, залуу­чуудад иргэний нийгмийн байгууллагуудад энгийншүүлж таниулах, тайлбарлах ажлыг манай байгууллага, бусад иргэний нийгмийн залуустай хамтран сайн дурын үндсэнд хийсэн. Тэр үед одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаард­лагыг өргөн барьж буй намууд хаана, юу хийж байсан болоод гэнэт гарч ирж дахин өөрчлөлт оруулахыг шаардаж байна вэ гэдгийг асуумаар байна.

Энэ хүмүүст жирийн иргэд биднээс илүү саналаа хэлэх, зөвшилцөх, шаардлагаа хүргэх боломж нь тухайн үед байсан байх. Үнэхээр энэ богино хугацаанд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал мөрдөх, тэр дундаа 5.3.1, 5.3.2 дахь заалт буюу иргэд, олон нийтийн оролцоог хангах, иргэдийн саналаа илэрхийлэх боломжийг хангах тал дээр нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг том алдаа болсон арван есдүгээр зүйлийн 19.2-т заасан “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заасныг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Энэ заалт нь Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэж, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, нам байгуулах эрхийг зөрчсөн ирээдүйд жинэхэнэ утгаар олон намын тогтолцоотой болох, түүнийг бэхжүүлэхэд сөрөг нөлөөтэй  гэж хардаг.

-Манай улс 2008, 2012 онд хоёр парламент дамжуулан ярьж байж 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаа  өөрчлөх боломж хуулиараа бол байхгүй. Өөр ямар гарц байж болох вэ?

-Миний ойлгож байгаагаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.3-т зааснаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заасан байна. Тэгэхээр уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд удаагүй байгаа учир энэ удаа боломжгүй гэж харагдаж байна. Гэхдээ хуульчид, шийдвэр гаргагчид юу гэж тайлбарлаж, энэ өөрчлөлтийг хийх нь их сонин байна.

-Өнөөдрийн нөхцөл байдалд Үндсэн хуулийг өөрчлөх нийг­мийн зөвшилцөл бүрдсэн үү, эсвэл?

-Нийгмийн зөвшилцөл хараа­хан бүрдээгүй. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөн сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Намуудын дэвшүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөрийг харж сонгодог, төлөөллийн зарчмыг хангасан шударга сонгуулийг Үндсэн хуульдаа хуульчлаад өгчихвөл сайн л байна. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа харвал ээлжит УИХ-ын сонгууль явуулахаас нэг жилийн дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэж заасан байгаа юм. Тэгэхээр 2024 оны сонгуулиас өмнө нийгмийн зөвшилцлийг хангаж чадах уу гэдэг нь өөрөө том асуулт юм.

-Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн бүлэг хуульд байх ёстой гэсэн саналууд яригдах боллоо? Ямар зохицуулалт хийвэл улс орны хөгжлийг хурдасгах бол?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д, “Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан байдаг. Ер нь энэ бүлэг бүхэлдээ эдийн засгийн хэлбэр, нийтийн болон хувийн өмчийг хуулиар хамгаалах тухай заасан. Тэгэхээр үүнээс илүү өргөн агуулгаар зохицуулалт хийх шаардлагатай эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй юм. Энэ тухай Үндсэн хууль судлаачид илүү үндэслэлтэй ярих болов уу.

-Улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзсанаар талцал хуваагдлыг арилгана гэдэгтэй та санал нийлэх үү?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон нийт сонгогчдын нэг хувьтай тэнцэх гишүүнээр нам байгуулах тухай заалт бол үнэхээр бодит амьдралд нийцэхгүй. Одоогийн эрх барьж байгаа хоёр гуравхан том намтайгаа цаашид мөнхөрцгөөе гэж байгаагаас өөрцгүй. Ер нь төрийн зүгээс улс төрийн намуу­дад, иргэний нийгмийн байгууллагуудад ч  чөлөөтэй, ямар нэгэн саад шахалт, дарамтгүйгээр эвлэлдэн нэгдэх эрхийг нь баталгаажуулж өгөх нь чухал. Энэ нь хэт өндөр босготой болоод ирэхээр л асуудал үүсээд байгаа юм. Улс төрийн намын хувьд төрийн эрх мэдэлд хүрэхээс өмнө иргэний нийгмийн талбарын нэг тоглогч буюу улс төрийн үзэл баримтлалаараа нэгдсэн хэсэг хүмүүс л байдаг. Харин аль нэг гишүүн нь сонгуульд нэр дэвшээд УИХ-д суудал авчихвал төрийн нэг хэсэг болж хувирдаг онцлогтой.

-Тэгэхээр иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулах эрх нээлттэй буюу хэт өндөр шалгуур тавих ёсгүй гэсэн үг үү?

-Өндөр шаардлага бол мөнгө­тэй, эрх мэдэлтэй хэсэг бүлэгт л боломж олгож байгаа гэсэн үг шүү дээ. Манай улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж, улс төрд шинэ салхи оруулж ирэх чин хүсэлтэй байгаа эсэхийг мэдэх аргагүй. Үнэхээр л ардчилсан улс юм бол энэ боломж нээлттэй байх ёстой. Харам­салтай нь сүүлийн үед өдөр ирэх тусам хуулиар иргэдийн эрхийг хязгаарлах зохицуулалтууд хийгдсээр байгаа энэ цаг үед улс төрийн хүсэл зориг мэдэх байх гэж л хариулмаар. Хамтдаа сайн ажиг­лаж харах л хэрэгтэй байх даа. 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top