Шри Ланкагийн эрх баригчид тус улс дефолт болсныг хүлээн зөвшөөрч, зарлалаа. Учир нь тус улс гадаад өрийн эргэн төлөлтөө гүйцэтгэж чадахгүй хэвээр байна гэж “Financial Times” Шри Ланкагийн Төв банкны тэргүүн Нандалала Вирасингхег дурдан мэдээллээ.
Өнгөрсөн пүрэв гарагт (2022.05.19) гадаад өрийн эргэн төлөлтийн хугацаа дууссан тул тус улсыг дефолт болсныг зарлах бүрэн үндэслэлтэй гэж тэрбээр мэдэгджээ.
Шатахуун худалдаж авах ч төсөвгүй болжээ
Шри-Ланкийн шинэ Ерөнхий сайд даваа гарагт хямралд нэрвэгдсэн тус улс бензиний нөөцгүй болж буй тухай мэдэгдээд шатахууны урт дараалалд нэгдэхгүй байхыг иргэдээсээ хүсжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхий сайдаар томилогдсон Ранил Викремесингхе ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тус улсад зайлшгүй шаардлагатай импортын барааг төлөхөд 75 сая ам.долларын валют хэрэгтэй гэж мэдэгдэээд "Одоогоор ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна. Ирэх хоёр сар бидний амьдралын хамгийн хэцүү үе байх болно" гэжээ.
Тус улсын Ерөнхийлөгч жагсагчдыг тайвшруулахын тулд өмнөх Ерөнхий сайд Махинда Ражапаксаг сөрөг хүчний парламентын гишүүн Викремесингхегээр сольсон юм. Гэвч жагсагчид Готабая Ражапакса Ерөнхийлөгч хэвээр байгаа цагт эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Шри-Ланкийн иргэд мөн Викремесингег худалч хэмээн цоллоод буй.
Худалдааны нийслэл Коломбо хотод шатахуун түгээх станцуудад автомашины урт дараалал үүсээд байгаа ажээ. Тус хотын иргэн Мохаммад Али “Би зургаан цаг гаруй дараалалд зогсож байна. Бензин авахын тулд 6-7 цагийг дараалалд өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болсон. Би 07.00 цагаас хойш энд байгаа бөгөөд одоо болтол түлш байгаа эсэх нь тодорхойгүй байна" хэмээн ярьжээ.
КОВИД-19, нефтийн үнийн өсөлт, Ражапаксасын популист амлалт зэргээс үүдэж тус улс 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш анх удаа урьд өмнө байгаагүй хямралд өртөөд байна. Энэтхэгийн зээлийн шугамаар ням гарагт дизель түлш тус улсад ирсэн боловч арал даяар тараагаагүй байна. Викрмесингхэ мөн тус улсад маш их хэрэгтэй байгаа санхүүгийн тусламжийн талаар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх чухал албан тушаалтнуудыг хараахан зарлаагүй байна. Үнийн өсөлт, хомсдлыг эсэргүүцсэн жагсаал дөрөвдүгээр сарын эхээр нийслэл Коломбо хотод өрнөж, орон даяар үргэлжилсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2021 оны сүүлчээс эхлэн өсөж эхэлсэн бөгөөд хүмүүс хүнсэндээ жилийн өмнөхөөс 30 хувиар илүүг төлж байгаа аж. Мөн шатахууны хомсдол газар авч, цахилгаан тасарч, эм тарианы хомсдол үүссэн нь эрүүл мэндийн салбарыг сүйрлийн ирмэгт хүргээд байгаа юм.
ШРИ-ЛАНКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ЮУ НӨЛӨӨЛӨВ
Шри-Ланкийн гадаад валютын нөөц бараг дуусаж, импортоос ихээхэн хамааралтай тул гол хүнсний бүтээгдэхүүн, шатахууны төлбөрөө төлөх боломжгүй болсон. Шри-Ланк нь аялал жуулчлалын салбараас эдийн засгийнхаа дийлэнхийг бүрдүүлдэг. Харин 2019 онд хэд хэдэн сүмд бөмбөг дэлбэрсэн нь жуулчдыг айдаст автуулсан. Одоогоор олон нийтийн уур хилэн хэдэн арван жилийн турш төрийн чухал албан тушаал хашиж байсан Ражапаксагийн гэр бүлд чиглээд байна. 2009 онд иргэний дайн дууссаны дараа тус улс гадаад бус дотоодын зах зээлдээ илүү анхаарал хандуулахыг сонгосон. Тиймээс экспортын орлого бага хэвээр байхад импортын төлбөр өссөөр байв.
Түүнчлэн Засгийн газар нь шаардлагагүй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Хятад улсад асар их өр тавьжээ. 2019 оны эцсийн байдлаар Шри-Ланка 7.6 тэрбум ам.доллар буюу 5.8 тэрбум фунт стерлингийн гадаад валютын нөөцтэй байжээ. Гэсэн хэдий ч 2020 оны гуравдугаар сар гэхэд нөөц нь ердөө 1.93 тэрбум ам.доллар (1.5 тэрбум фунт стерлинг) болж буурчээ.
Саяхан Засгийн газраас нь тус улсын мэдэлд ердөө 50 сая ам.доллар (40.5 сая фунт стерлинг) байгаа гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч Готабая Ражапакса 2019 онд засгийн эрхэнд гарахдаа татварын хэмжээг бууруулахаар шийдсэн нь валют худалдаж авахад бага мөнгө үлдэхэд нөлөөлсөн. Ражапакса татварын бууралт нь "алдаа" байсныг хүлээн зөвшөөрч, Сангийн сайд Сабри 1.4 тэрбум доллар (1.13 тэрбум фунт) орлогоо алдсан гэж мэдэгдэв.
ШРИ- ЛАНКА ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ГАДААД ӨР ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ
Шри Ланкийн Засгийн газрын өр 51 тэрбум ам.доллар буюу 39 тэрбум фунт стерлинг болжээ. Энэ жил долоон тэрбум ам.доллар (5.4 тэрбум фунт стерлинг) төлөх шаардлагатай бөгөөд ирэх жилүүдэд илүү ихийг төлөх шаардлагатай болно. Дөрөвдүгээр сард Шри Ланкийн Засгийн газар нийт 78 сая ам.долларын эргэн төлөлтийг хийж чадаагүй. Энэ нь тус улс тусгаар тогтносноос хойш анх удаа гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн тохиолдол байлаа.
Тус улс шатахуун зэрэг зайлшгүй шаардлагатай импортын бараагаа импортлохын тулд гурван тэрбум ам.долларын яаралтай зээл авахыг хүсэж буй. Дэлхийн банк 600 сая ам.долларын зээл олгохоор болсон. Түүнчлэн Энэтхэг улс 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд импортод 1.5 тэрбум ам.долларын зээл олгох боломжтой гэсэн. Мөн 65 мянган тонн бордоо, 400 мянган тонн түлш илгээсэн бөгөөд тавдугаар сарын сүүлээр илүү их түлш тээвэрлэх төлөвтэй байна.
Шри-Ланкийн Засгийн газар Олон улсын валютын сан (ОУВС)-аас тусламж авах талаар ярилцаж байгаа. Гэхдээ ОУВС Засгийн газар зээлийн хүү болон татварыг нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгдсэн нь улс орны амьжиргааны өртөг хямралыг улам дордуулахаар байгаа юм. Шри- Ланка Хятадад 6.5 тэрбум ам.долларын өртэй бөгөөд өрийн бүтцийг хэрхэн өөрчлөх талаар ярилцаж байна.
Хятад улс өмнө нь Шри-Ланкийн рупийг өөрийн валют болох ренминбигээр солих замаар Шри-Ланкийн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Шри-Ланк дефолт зарлах нь хөгжиж буй орнуудын хувьд ноцтой дохио болно гэж тус улсын бондыг эзэмшдэг “Pictet Asset Management” банкны тэргүүн мэдэгдлээ. Өсөлт удааширч, хөрөнгө оруулалтын нөхцөл чангарч байгаа нь хөгжиж буй орнуудын дефолтын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг тэрбээр онцолжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )