Г.Түвшин: Орог нуур ширгэдэг бас сэргэдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Г.Түвшин 2016 онд МУИС-ийг газарзүйч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр хөрс судлал болон зайнаас тандах судалгаа хийдэг. Орог нуурын судалгааны үеэр ширгэхийг нь ч сэргэхийг нь ч үзсэн нэгэн юм.


-Яагаад энэ мэргэжлийг сонгон мэргэшихээр болов?

-Хөдөө төрж, хөдөө өссөн болохоор байгальдаа их ойрхон байсан. Энэ л хамгийн том шалтгаан болсон гэж боддог доо.

-Нууруудтай холбоотой судалгааны ажлаасаа сонирхуулахгүй юу?

-2017 оноос хойш багштайгаа хамт говийн нууруудаар явж судалгаа хийсэн юм. Мөн Японы Каназава их сургуультай хамтарсан төслийн хүрээнд Бөөнцагаан, Орог нууруудын усны хими шинж чанар болон хурдсын мэдээллийн судалгааг одоог хүртэл хийж байгаа. Энэ төслийн хүрээнд дээрх нууруудын гадаргын талбайн өөрчлөлтийг тооцож үзсэн.

Мөн 2018 онд МУИС-ийн Газарзүйн тэнхимд магистр хамгаалж байсан. 2020 оны долоодугаар сард Орог нууран дээр очиж судалгаа хийгээд, хоёр сарын дараа дахин очиход нуурын талбай мэдэгдэхүйц хэмжээгээр өөрчлөгдсөн байсан. Тэгээд энэ хоёр зургаа харьцуулаад, өөрийн сошиал хаягт нийтлээд, түүнийг нь манай нэг багш хараад, нийтлэл бичих санал тавьсан. Тухайн жилээ "Говийн сувд-Орог нуур" нэртэй нийтлэл анх удаа бичсэн. Орог нуур нь нэлээн хэлбэлзэлтэй бөгөөд зарим жил 100 км/кв хүрч байхад зарим жил юу ч үгүй ширгээд алга болчихдог өвөрмөц нуур юм. 1987-2021 оны хооронд хийсэн судалгааны дүнгээс харахад 2005, 2009 болон 2020 онд нуур ширгэж алга болсон байдаг. Ер нь бүх л газрын зураг дээр Орог нуурыг ширгэдэг нуур гэж тэмдэглэсэн байдаг нь бас миний судалгааны үр дүнг батлах нэг шалтгаан болсон.

-Орог нуур ширгэдэг, сэргэдэг нь үнэн үү?

-Монголын говь буюу хуурай гандуу бүс нутаг нь өөрөө маш их эрс тэс уур амьсгалтай байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд ихээр яригдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөнд магадгүй хамгийн түрүүнд өртөх нуур нь Орог нуур юм. Хангайн нуруунаас усжих Түйн гол нь Орог нуурын хамгийн том тэжээл болох бөгөөд зарим жилүүдэд нуурандаа хүрч чадалгүй газар доогуур шургадаг. Мөн нуурын урд талаар Говь-Алтайн нурууны хамгийн өндөр оргил болох Их Богд уул байдаг. Энэ нуруунаас бууж буй хаврын шар усны үер болон зун, намрын үерийн ус нь мөн нуурын усны тэжээл болдог. Тэгэхээр эдгээр усны тэжээлүүдийг зөв ашиглаж, зохицуулж чадвал Орог нуурыг бүр мөсөн ширгэх аюулаас аварч чадна гэж бодож байна.

-Орог нуурын өнөөгийн байдал ямар байна?

-Орог нууранд хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард очсон. Тэр үед өмнөх жил нь бүрмөсөн ширгээд, нуур дахин дүүрч байхтай нь таарсан юм. Харин сүүлд энэ сарын 01-ний сансрын зурагнаас харахад Орог нуур олон жилийн дундаж хэмжээндээ байна лээ. Талбайн хэмжээ ойролцоогоор 80 км/кв орчим байсан.

-Бөөнцагаан нуурт асуудал байна уу?

-Бөөнцагаан нуур нь Монголын говьд байгаа хамгийн том нуур бөгөөд Монгол орны хэмжээнд талбайгаараа есдүгээр байрт ордог. Сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнгээс харахад нуурын хэмжээ багасч байна. Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл байдаг. Бүс нутгийн онцлогоос шалтгаалж нуурын гадаргаас маш их хэмжээний ууршилт явагддаг. Үүнд нөгөө л уур амьсгалын өөрчлөлт, температур нэмэгдэж байгаа нь шууд хамааралтай гэж үзэж байна. Мөн Бөөнцагаан нуурын үндсэн тэжээл болох Байдрагийн голын савд явагдаж буй олон уурхайн үйл ажиллагаа их, бага хэмжээгээр нөлөөлж байгааг дурдаж болох юм. Гэвч зөвхөн миний бодлоор бол хүний үйл ажиллагаанаас илүүтэйгээр байгаль дээр явагдаж буй процессууд нуурын талбайн өөрчлөлтөнд илүүтэйгээр нөлөөлж байна гэж хардаг юм.

-Одоо ямар судалгаа хийж байна?

-Одоогоор Монгол орны том, томоохон нууруудын талбайн өөрчлөлтийг сансрын зураг ашиглан тооцож байгаа. Энэ ажлаа зогсоохгүйгээр цаашид улам нарийвчлан судална гэж бодож байна.

-Судалгааны ажилд бэрхшээл гарч байна уу?

-Ер нь ихэнх хүмүүсийн хувьд “хобби чинь юу вэ” гэж асуувал “аялах" гэж хариулдаг байх. Харин миний хувьд бол хобби болон мэргэжил маань аялах болохоор бүх зүйл нь л сайхан байдаг даа. Шинэ газар үзэх шинэ хүмүүстэй танилцах гээд л олон сайхан зүйлс бий. Хэцүү зүйл мэдээж олон тулгардаг, халуун, хүйтэн, цас, бороо, шуурга гэх мэт. Гэхдээ аялал болон хээрийн судалгааны ажлын үеэр тулгарсан хэцүү зүйлүүд тухайн цаг үедээ л хэцүү боловч одоо эргээд харахад нэг том сорилт бас сайхан дурсамж болж үлдсэн байдаг.

-Залуу хүний хувьд салбарт тулгарсан асуудал байдаг уу?

-Засаж сайжруулах олон асуудал байдаг л даа. Миний хувьд хамгийн түрүүнд зам харилцааг сайжруулбал олон асуудлын гарц шийдэл болох болов уу гэж хардаг юм. Ялангуяа хөрс судлаачийн үүднээс харахад хатуу хучилттай зам тавиагүйгээс болж унаган байгаль дээр маш их шороон зам ихээр үүсдэг. Түүнийг дагаад газрын доройтол, хөрсний эвдрэл үүсэх гэх мэт олон асуудал тулгардаг юм. Дурдвал маш олон асуудлууд байгаа учраас ингээд зогссон нь дээр болов уу.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.47) 2022 оны 05 сарын 22

Говийн нуур луу цутгадаг голуудын дагуу мод тарьж хөрсөндөө хур тунадасныхаа шингээлтийг нэмэгдүүлсэнээр голын урсац нэмэгдэх агаарын чийгшил нэмэгдэнэ.. Голын зарим хэсэгт эргийг нь сэтэлж томруулан олон жижиг нууруудыг үүсгэн уусаа нөөцөлж агаарын чийгшилийг бас нэмэгдүүлж болно

0  |  0
Top