Ли Көцян эргэн ирж, Ликономикс бодлого хэрэгжиж эхлэв

2022 оны 05 сарын 23

“Nikkei”сэтгүүлийн ахлах редактор,  уг сэтгүүлийн Хятад дахь салбарын тэргүүнээр  долоон жил ажилласан Кацүжи Наказавагийн бичсэн “Ерөнхий сайд Ли Көцяны эргэн ирэлт” гэсэн гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Ерөнхий сайд Ли Көцян саяхан засгийн эрхэнд гэнэт эргэн ирсэн нь дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох сэдэв болж байна. Хятадын Ерөнхий сайд нь Төрийн зөвлөлийн тэргүүний хувьд макро эдийн засгийн бодлогоо хариуцдаг уламжлалтай. Гэвч Ши Жиньпин дарга эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, сүүлийн есөн жилийн хугацаанд Лигийн эрх мэдэл зөвхөн нэрийн төдий байсан. Гэхдээ сүүлийн нэг сарын хугацаанд  байдал эрс өөрчлөгдсөн. Хятадын эрх баригч намын цагаан хоолой болсон “Ардын өдөрлөг” сонинг гарчиглаж байхад хоёрдугаар нүүрт нь Ли Көцяны  хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлжээ. 

Лигийн хэлсэн үг агуулгын хувьд авлига, хээл хахуулийг устгах болон улс төрийн тухай байв. Гэхдээ анхааралтай ажиглавал хэд хэдэн сонирхолтой асуудал дурдагджээ. Тэрбээр  бүхий л илтгэлийнхээ турш эдийн засгийг сэргээн босгох арга хэмжээний талаар болон зах зээлийн механизмд тууштай хандах, татварын дарамтыг бууруулах, жижиг, дунд компаниудыг дэмжих, ажлын байр бий болгох тухай ярьжээ. Эдгээр нь Ликономиксын "Likonomics" тулгуур багана байсан юм. 

Ши Жиньпин эдийн засгийн жолоог атгаснаас хойш  уг бодлогын хэрэгжилт зогссон. Гэвч өнгөрсөн  сарын 25-нд тавьсан илтгэлээс харахад  Ли Көцяны баримталдаг эдийн засгийн бодлого эргэн сэргэж буйг харж болохоор байгаа юм.  "Эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах нь бүх шатныхны үндсэн үүрэг, мөн намын үйл ажиллагааг сайжруулах, цэвэр төрийг бий болгох зайлшгүй шаардлага билээ" гэсэн өгүүлбэр хамгийн анхаарал татаж байна.

Ерөнхий сайд Ли Көцян Коммунист намыг хэрхэн удирдах талаар хүртэл ярьжээ. Үүнээс харахад  Ши Жиньпиний эрх мэдэл хэдийн түүнд шилжсэнийг илтгэх мэт. Илтгэлийн бас нэг анхаарал татахуйц зүйл нь Ли Көцян Ши Жиньпинийн санаачилсан КОВИД-19-ийн тухай бодлогыг бараг дурдаагүй явдал юм. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард муу байсантай холбоотой байж магадгүй. Тус улсад сүүлийн үед өрнөж буй  үйл явдлуудыг улс төрийн талаас нь авч үзвэл Хятадын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сараас хойш буурсан нь  чухал өөрчлөлт гарсан байх гэж таамаглахад хүргэж байгаа юм. "People's Daily"-д Ли Көцяны талаар “Ши Жиньпин нэг хүний засаглалаас татгалзаж, Ерөнхий сайдыг жолоочийн суудалд суулгадаг тогтолцоо руу шилжсэн эдийн засгийн бодлого боловсруулахаар төлөвлөж байна” гэжээ. Түүнчлэн саяхан  Коммунист намын  залуучуудын холбооны 100 жилийн ой болсон. Энэ байгууллага нь Ху Жинтауогийн  эрин үед цэцэглэн хөгжиж байв. Ли Көцян Залуучуудын холбооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Гэвч Ши Жиньпин Хятадын дээд удирдагч болсноор Лигийн хувь заяа улам дордсон. Энэ  сарын 10-нд болсон Коммунист намын залуучуудын холбооны 100 жилийн ойн арга хэмжээний уур амьсгал нэлээд хүйтэн болж өнгөрсөн байна. 100 жилийн ойн арга хэмжээ жижгэвтэр хүлээн авалтын танхимд болсон бөгөөд оролцогчдын жагсаалт  нэлээд богиноссон байна. 

Ши Жиньпин 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ "Хятадын Коммунист нам байгаагүй бол Коммунист залуучуудын эвлэл бүрэлдэхгүй байх байсан" гэжээ.

Түүнчлэн сүүлийн үед Залуучуудын холбооны цар хүрээ ч хумигдсаар байгаа юм. Ху Жинтаогийн эрин үед  гишүүдийн тоо нь тогтвортой өсөж байсан ч сүүлийн үед огцом буураад байгаа юм. Уг холбоо  2012 онд 89.9 сая гишүүнтэй байсан нь Коммунист намын гишүүдийн тооноос илүү байв. Гэвч гишүүдийн тоо 2021 оны  байдлаар 73.71 сая болж буурчээ. Харин Коммунист намын гишүүдийн тоо мөн хугацаанд 10 сая гаруй хүнээр нэмэгджээ.  Үүнийг дагаад Ли Көцяны нөлөө ч буурсан. 2016 онд Ши Жиньпиний засаг захиргаа Залуучуудын холбоонд шинэчлэл хийх төлөвлөгөөгөө зарласан. Ши-гийн хувьд энэ том лиг улс төрийн эрх мэдэл бүхий өрсөлдөгч бүлэг нь юм.

Ши Жиньпин Залуучуудын холбооны 100 жилийн ойд хүйтэн хандсан нь нам дотор зөрчилдөөн байгааг илэрхийлж байгаа юм.  Ли Көцяны хувьд Ерөнхий сайдаар ажиллах сүүлийн жил. Харин удахгүй болох намын их хурлаас хойших таван жилийн хугацаанд нэлээд чухал албыг хаших боломж түүнд  бий. Ши Жиньпин өрсөлдөгчгүй удирдагч хэвээр байхын тулд улс төрийн тэмцэлдээ ялах ёстой.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top