Сүүлийн жилүүдэд хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байгаа тухай цагдаагийнхан, эмнэлгийнхэн халаглаж байна. Цагдаагийнхны мэдээллээр хүүхдүүд автын осолд их өртөж байгаа бол эмнэлгийнхэн хятад халуун тогоонд түлэгдсэн хүүхдийн тоо буурахгүй байгаа тухай анхааруулсаар. Ноцтой гэмтлүүдийн 80 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой аж.
Жишээлбэл, халуун тогоонд нэг ч хүүхэд түлэгдэхгүй байх бүрэн боломжтой. Гэтэл жил бүр 100-130 хүүхэд халуун тогоонд түлэгдээд зогсохгүй 2-3 нь эндэнэ. Хэдийгээр монгол гэрт эсвэл жижиг өрөөд амьдарч байгаа ч ямарч тохиолдолд хүүхэд халуун тогоо хоёрыг ойртуулахгүй байх боломж хангалттай бий.
Хүүхдийн бас нэг эндэх шалтгаан бол машины дугуй дор орох. Машинаа хөдөлгөхдөө машины ойролцоо тоглож байгаа хүүхдийг дайрах үзэгдэл цөөнгүй гардаг. Ийм ослоор хүүхэд эндэхгүй байх бүрэн боломж бий. Хүүхэдтэй орчноос хөдлөхдөө машиныхаа хойт, урдахыг зэрвэс харчихад л осол гарахгүй. Бяцхан үрсэд хамгийн их гачлан авчирдаг энэ хоёр ослыг арилгахад хөрөнгө, хугацаа орохгүй. Мэдлэг боловсрол шаардахгүй. Үрдээ жаахан анхаарал хандуулахад л хангалттай.
Уншигч та үүнийг уншаад үрдээ хайргүй хүн байдаг юм уу гэж асууж магад. Энэ тохиолдолд би “Хайртай юм бол яагаад халуун тогоонд түлж, дугуйн дороо ивээд байгаа юм” гэж хариулна. Дээрх ослууд бол гал усны давагдашгүй хүчин зүйл биш. Зүгээр ухамсар, болгоомжгүйгээс хүүхдээ эндэлд хүргэж байгаа асуудал. Дээрх ослуудын ихэнх нь ахуйн хүрээнд гардаг юм байна.Өөрөөр хэлбэл, эцэг эхийн дэргэд. Хохирогч нэхэмжлэгч гэж бараг тодрохгүй. Тиймээс буурахгүй. Энэ тохиолдолд эцэг эхтэй нь хариуцлага тооцдог больё.
Х.БАТТӨГС
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Тэр болгоныг хариуцлагад тооцон гэдэг биелэгдэшгүй даалгавр зүгээр л хүний эрхэнд хэт халдаж байна гэсэн үг угаасаа суурь хүмүүжлийг нь иргэний боловсролд нь сайтар ойлгуулах энэ мэтийн арга хэмжээг төлхүү авах нь л зүйтэй ш тээ