Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага байгааг эрх баригчид болон бусад улс төрийн хүчин чимээгүйхэн зөвшөөрч байна. Улс төр, нийгэмд тулгарч байгаа зүй ёсны шаардлага гэдэгтэй маргах аргагүй.
Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хийхэд түүчээлэн ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатар Хаврын чуулганы нээлтийн үеэр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эргэж харах цаг нь болсон” хэмээн онцолсон.
Мөнхүү тэрбээр мягмар гарагт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэн сайн таниулах вэ” цахим хакатон тэмцээний шилдэг оролцогчид болон зохион байгуулагчдын төлөөллийг хүлээн авч уулзахдаа, “Монгол Улсын Үндсэн хууль бол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Үндсэн хуульд тусгасан эрх мэдэл хоорондын хяналт, тэнцэл нь хүний эрхийг хангахад чиглэсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлоод, Иргэдэд Үндсэн хуулиа хүндэтгэн дээдэлж, таньж мэдэх, сурталчлан таниулахад манлайлан оролцсон залууст баяр хүргээд Үндсэн хууль өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа”-г хэлнэ лээ. УИХ-ын дарга өөрөө энэ асуудлыг удаа дараа хөндөж байгаагаас харахад шаардлага байна гэсэн үг.
Тэгэхээр өнөөдөр яригдаж байгаа зүйл гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Давхар дээл”, “Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байх”, “Парламентын гишүүдийн тоог нэмэх” гэсэн гурван асуудал байгааг дуулгана лээ. Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуульд ч анхаарах ёстойг хөндсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, зүйл заалт нь хоорондоо уялдаатай төдийгүй зайлшгүй шаардлагатай зүйлс гэдгийг нийгэм өөрөө сануулж буй.
Нэн тулгамдаж байгаа асуудал бол парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах үндсэн зарчимтай зөрчилдөж байгааг хаа хаанаа дуулгах болжээ. Тэр нь Сонгуулийн тухай хууль юм. Тухайлбал, сүүлийн хоёр сонгуулийг мажоритар тогтолцоогоор зохион байгуулж, намын санал ихээр гээгдсэн гэж үздэг. Өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өгч, сонгогчдын 44 орчим хувь нь МАН-ын, 33 хувь нь АН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн ч МАН-д 65, АН-д есөн суудал ногдож байх жишээтэй. Тэгвэл 2020 оны сонгууль ч яг ийм жишгээр явагдсан нь яах аргагүй тогтолцооны гажиг гэдгийг судлаачид хэлдэг. Өнөөдрийн хувьд нэг намын дарангуйлал ч тогтож мэдэхээр байгааг тал талаас сануулж шүүмжлээд эхэлсэн.
Мөн нэг асуудал байгаа нь “Давхар дээл”-ний асуудал. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал, Я.Доржханд нар энэхүү өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгчээ. Шалтгаан нь тэд 2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох” тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээ дурдсан. Сүүлийн 20 жил шүүмжилж, олноороо хэлэлцэж байж оруулсан өөрчлөлтийг хашир бурхинууд ил буруутгахгүй байна. Яагаад гэхээр үнэхээр буруу яваад байсныг мэдэж байсан учраас тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийж байхад чимээгүй дэмжиж байв.
Гагцхүү эрх ашгийнхаа төлөө араас нь турхирч байгааг өнөөдрийн үйл явцаас харж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал нэгтэй баталж байхад Цэцэд гомдол гаргаад байгаа нөхөд хэрхэн ямар аргаар парламентад орж ирэх тухай толгой гашилган мөрөөдөж байснаас хууль гэж юу байдгийг ч мэдээгүй байх. Мэдэх ч шаардлагагүй амьдарч байв. Тодотговол, Ш.Адьшаа мэтийн нөхөд шүүх цагдаад шалгагдаж, Я.Доржханд намын наймаа хийж, Н.Ганибал Сүхбаатар аймагт бизнесээ хөгжүүлээд сураггүй явж байсан үе санж. Харин өнөөдөр хэн нэгний захиалгаар хууль мэддэг хүмүүс болж яваагаас өөрцгүй.
Тэд хэлэхдээ “Давхар дээлнээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” хэмээн халаглах болов. Уг нь өчигдөрхөн Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлж байгаа нь шууд УИХ-аас хамааралтай Засгийн газар ажилладаг. Тэгэхээр Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа аманд орчихоод ажил хийхгүй байна” гэх шүүмжлэл дагуулж ирсэн санагдана. Зөвхөн үүндээ ч бус засаглалын хямрал байгааг ойлгох хэрэгтэй.
Мөн нэг асуудал байгаа нь Ерөнхийлөгчийг УИХ-аар сонгох эсэх. Энэ нь өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш. Олон жил яригдсан зүйл учраас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх тухай маргаан ид өрнөж байна. Зарим хуульчид, УИХ-ын гишүүд ийм жижиг парламентаас ард түмний төлөөлөл болсон Ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь иргэдийнхээ эрхийг хязгаарласан хэрэг болно гэх мэтээр эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ дэмжиж байгаа хүмүүс бас бий. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол илүү хариуцлагатай болно. Одоо бол нэг хүн аль нэг инстутицэд хамаардаггүй дураараа шийдвэр гаргаад явдаг нь аюултай болохыг зарим улс орны жишээнээс харж болно гэж байгаа бол ард түмнээс сонголтыг нь булааж авч болохгүй гэх мэтээр хоёр талд маргаж сууна.
Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгохдоо хүрвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал дагаж хөндөгдөхөөс өөр аргагүй аж. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө. “Давхар дээл”-ний асуудлаа цэгцлэнэ гээд бүгд уялдаа холбоотой. Учир нь өнөөдөр хүн амын тоо өссөн ч гишүүдийн тоо хэвээрээ байгаа. Нэг гишүүнд 10 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Нөгөө гишүүнд 40 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Тэгэхээр энэ хүч тэнцвэргүй харилцааг тэгшитгэж, гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэгт зарим байр суурь нэгдэж байгаа.
Нөгөө талаас манай улс шиг цөөн хүн амтай, парламент нь төлөвшөөгүй ийм цагт гишүүдийн тоог нэмж зардал чирэгдэл учруулах хэрэггүй гэж үзсэн. Мөн үүнийг дагаад бүх зүйл өөрчлөлт орох учраас асуудлаа уялдуулан авч үзэх хэрэгтэй, яарах хэрэггүй гэх байр сууриуд ч байна. Одоогийн байдлаар ийм дөрвөн асуудал зүй ёсоор яригдаж, Үндсэн хууль хөндөж орох гурван заалтыг нэн яаралтай авч үзэх шаардлага байгааг нийгэм өөрөө хэллээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага байгааг эрх баригчид ч бусад улс төрийн нам, судлаачид ч зөвшөөрөөд байгаа юм.
С.ДАНЗАН
Сэтгэгдэл ( 2 )
Эрх мэдэлднүүдэд дулдуйдагч нарт таалагдаагүй бололтой
Эрхэлсэн ажлаа зөв, шудрага сайн хийхийн оронд эрх мэдэл, албан тушаалд ”шунагчдын” хүсэл мөрөөдөл л харагдаж байх шиг.