АНУ болон Европын холбооны орнууд ОХУ-ын эрчим хүч, газрын тос, уул уурхайн түүхий эдийг худалдан авахаас татгалзсан ч БНХАУ Оросоос илүү их эрчим хүчний түүхий эд худалдаж авсаар байгаа бөгөөд тус улсын газрын тос, байгалийн хий, нүүрсний экспорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 75 хувиар өсөж, зургаан тэрбум гаруй ам.долларт хүрчээ.
БНХАУ-ын Оросоос импортлосон шингэрүүлсэн хий өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдэж, 463 мянган тоннд хүрсэн талаар Хятадын гаалийн албаныхан мэдээлжээ. Харин түүхий нефтийн импорт дөрвөн хувиар өсөж, 6.55 сая тоннд хүрсэн байна. Хятадын нефтийн гол эх үүсвэр нь ОХУ болон Саудын Араб болоод буй. ОХУ Украиныг түрэмгийлсэн нь Хятадын ашигт малтмал, тэр дундаа нүүрсний импортыг нь 6.42 тэрбум ам.долларт хүргэсэн.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар БНХАУ-ын стратегийн түншээсээ импортлосон нийт бараа, бүтээгдэхүүний 72 хувь нь эрчим хүчний салбарынх байна. Гэхдээ үүнд ОХУ-аас хий дамжуулах хоолойгоор авсан байгалийн хийн импортыг оруулаагүй аж. Сибирийн хүч бол ОХУ-ын Хятад руу байгалийн хий нийлүүлэх гол дамжуулагч юм.
Түүгээр ч барахгүй Бээжин түүхий нефтийн нөөцөө хямд үнээр ОХУ-аас бүрдүүлэх талаар Москватай ярилцаж байгаа нь Украины дайны улмаас Оросын баруун зах зээл хаагдах тусам Хятадтай эрчим хүчний харилцаагаа улам бэхжүүлж байгааг харуулж байгаа юм. Газрын тос импортлох хэлэлцээ хоёр улсын Засгийн газрын түвшинд компаниудын шууд оролцоо багатайгаар явагдаж эхэлсэн аж. ОХУ-аас хямдралтай үнээр газрын тос худалдан авах нь БНХАУ-ын хувьд их хэмжээний стратегийн нөөцөө нөхөх боломж болохоор байгаа аж. Хоёр улсын Гадаад хэргийн яам одоогоор энэ асуудлаар мэдээлэл өгөөгүй байна.
Цар тахлын хязгаарлалт, цаг агаарын байдал, дотоодын үйлдвэрлэлийн өсөлт зэргээс үүдэлтэйгээр БНХАУ-ын нүүрсний импорт жилийн өмнөхөөс 14 хувиар буурч 3.82 сая тонн болжээ. Гэхдээ гангийн үйлдвэрийн коксжих нүүрсний импорт гурав дахь сардаа өсөж, 1.71 сая тонн болж, өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Хятад улс өнгөрсөн гуравдугараар сард Оросоос 1.4 сая тонн нүүрс худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
Хятадад нийт цахилгаан эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрсний цахилгаан станцаар хангадаг тул Оросоос авах нүүрснийхээ хэмжээг нэмэх бодлого барьж байгааг ажиглагчид онцолж байгаа юм. "Ийм нөхцөлд Хятадын нүүрсний гол нийлүүлэгч нь ОХУ болох магадлал өндөр” тухай "Известия” сонин мөн бичжээ. Тус сонинд "ОХУ-ын гол өрсөлдөгч нь Австрали, Индонез, Монгол Улс. Гэхдээ Австрали ложистикийн хувьд хязгаарлагдмал, харин Индонез, Монголын нүүрс өндөр үнэтэй. Энэ нь Оросын нүүрс олборлогчдын хувьд сайхан боломж ч юуны өмнө Транс Сибирийн төмөр зам, Алс Дорнодын боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагтай" хэмээсэн байна. Хэдий дэлхий дахинд эко эрчим хүч гэж их ярих болсон ч "China Energy Investment Corp” 2022 онд Хятадын нүүрсний хэрэглээ 2.2 хувь нэмэгдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн ОХУ Хятадад жилд 100 сая тонн нүүрс нийлүүлэх хэлэлцээр хийсэн. Дэлхийн геополитикийн байдлаас үүдэн, Европ тивд Оросын нүүрснээс татгалзах бодлого барьж эхэлсэн тул ОХУ нүүрсээ Азид гаргахаас өөр аргагүй болсон. Харин Хятад үүнийг нь ашиглан, маш хямд үнэ санал болгоод байгаа ажээ. Европын хийн хамгийн том ханган нийлүүлэгч ОХУ Украины руу довтолсон нь Европын холбоог эрчим хүчний бодлогоо эргэн харахад хүргэсэн юм. Орос нь Европын хийн 40 хувь, нефтийн 27 хувийг нийлүүлдэг.
Мөн тус улс нь байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсан Польш, Болгарт хий нийлүүлэхээ зогсоогоод байгаа юм. Оросоос нүүрс импортлохыг хориглох Европын холбооны шийдвэр ирэх наймдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд тус холбоо нь Оросын хийн хэрэгцээг энэ оны эцэс гэхэд гуравны хоёроор бууруулахаар төлөвлөж байгаа аж. Гэвч Унгар тэргүүтэй далайд гарцгүй орнууд Оросын нефтид хориг тавихыг эсэргүүцэж байгаа тул Европын холбооны орнууд энэ талаар зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Баттулгын балагаар бид чадсангүй
орос шиг хямдхан экологийн ашигт малтмал дэлхийд байхгүй дээ