Н.Жавзмаа: Байгалийн түүхийн музейд хавтгай “тэшиж, буга “урамдана”

2022 оны 05 сарын 25

Байгалийн түүхийн музейн Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаатай музейн үйл ажиллагаа болон онцлогийн талаар ярилцлаа. Тэрбээр энэ салбарт 30 дах жилдээ ажиллаж байгаа юм.


-Байгалийн түүхийн музей шинэ өнгө төрхтэй болоод удаагүй байна. Ямар өөрчлөлтүүд хийв ?

-Юуны өмнө уншигчдад ойлгомжтой байх үүднээс  музейн энэ хүртэл явж ирсэн  түүхээс товч  дурдая. Монгол Улсад орчин цагийн музей  анх 1924 онд байгуулагдсан. Улсын төв музей бол 1956 онд нээгдсэн  Байгалийн танхимыг түшиглэн БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын тушаалаар Монголын байгалийн түүхийн музей нэрээр 1992 онд байгуулагдсан. 1993-2019 он хүртэл Засгийн газрын ордны зүүн хойд талд байрладаг байлаа. Засгийн газар 2019 онд Музейг нэгтгэн зохион байгуулах тухай тогтоол гаргаснаар “Үлэг гүрвэлийн төв музей”-г татан буулгаж Байгалийн түүхийн музейтэй  нэгтгэн зохион байгуулсан. Түүнээс хойш музейн үйл ажиллагаа улам өргөжиж, 2020 онд “Байгалийн үзмэрүүдийн танхим”-ыг ашиглалтад оруулан үзэгч олондоо үйлчилж байна.

-Тэгэхээр үзэгчдийг татах музейн шинэ соёл гэвэл юуг нь онцлох бол?

-Манай үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтэс үзмэрүүдээ өөрсдөө цуглуулдгаараа бусад музейгээс ялгарна. Яагаад гэвэл бүх үзүүллэгийг байгалиас авчирч чихмэл болгодог. Үзэсгэлэнгийн хэлтсийн ажилтан өөрөө анд явна. Агнасан амьтныхаа  арьсыг  боловсруулж  чихмэл хийж  үзмэр болгодог. Дараа  нь тухайн амьтанд тохирсон орчныг байгуулна. Энд суурь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлууд давхар явагддаг учраас мэргэжлийн хүмүүс ажилладаг. Манай хэлтэс хажуудаа сэргээн засварлах лобораторитой.     

-Чихмэл хийх нь сүүлийн үед  урлаг болон хөгжиж байна. Ямар шат дамжлагаар бүтээл  хийдэг вэ ?

-Тухайн амьтны дүрстэй баримал хийж, баримал дээрээ боловсруулсан арьсаа тохож нүд, шүд, содон шинжийг тодотгон  яг тухайн амьтантай адил болгон  үзүүлэн бүтээснээр үзмэр бэлэн болдог. Бид музейн зорилго, зорилтод нийцүүлэн хууль, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үзмэрүүдийг цуглуулахдаа гарал үүслийг бичиг баримтаас эхлээд бүрдүүлэх зүйл олон байдаг.

-Амьтдын чихмэл  хийх зөвшөөрлийн хаанаас авдаг вэ?

-Тухайн үзүүлэн жирийн, ховор, дархан цаазтай ямар ч амьтан байсан үзмэр цуглуулга хийхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авдаг.

-Сүүлийн үед үзэгчдэд зориулан  ямар хөтөлбөрүүд бэлдэж байна?

-Манай музей одоогоор гурван хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Боловсролын хөтөлбөр гэхэд түүнд хамрагдсан  ажилчид музейг олон нийтэд илүү үнэ цэнтэй болгож өгдөг. Музей үзэгчдэд албан бус байдлаар тодорхой агуулгыг суралцаж, мэдлэг олж  авах орчин нөхцлийг  бүрдүүлж өгдөг. Тухайлбал, хүмүүс лекц сонсохын оронд өөрсдөө бие даан судалгаа хийж, аливаа шинэ зүйлийг сурч авах боломжтой. Бид тэднийг чиглүүлж өгдөг. Байгалийн түүхийн музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр нь байгууллагын сан хөмрөг, үзмэр, цуглуулгад тулгуурлан танхимын болон танхимын бус сургалтын арга хэлбэрээр бага насныхан /СӨБ/, ЕБС-ийн сурагчид, оюутан, насанд хүрэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагддаг.

Бага насны хүүхдүүдэд эртний амьтан, ургамал судлалын  шинжлэх ухааны хялбаршуулсан ойлголт өгдөг. Түүний дараа мэдлэгт суурилсан бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Энэ нь багачууд эх орныхоо байгалийн түүх, соёлын өвөөр бахархах, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэдэг. “Бяцхан палеонтологич” хөтөлбөрөөр эртний амьтдыг ямар  хүмүүс хэрхэн судалдаг юм бол гэсэн бодол хүүхэд бүрийн сонирхлыг татдаг. Хүүхдийн сонирхлыг  хамгийн их татдаг зүйл үзүүллэг бол  үлэг гүрвэл. Үлэг гүрвэл хэмээх амьтан хэдий үед хэрхэн  оршин  амьдарч байсныг  хүүхэд бүр сонирхдог.

-Үзэсгэлэнгийн хэдэн танхимтай вэ?

-Манай музей байнгын үзмэрийн дөрвөн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. “Цэрдийн галавын гайхамшиг” танхимд Батаар болон цэрдийн үед холбогдох палеонтологийн олдворуудыг гурван хэмжээст өвөрмөц шийдлээр дэглэн  олон нийтэд толилуулж байна. “Дунд төрмөлийн эрин”  танхимд мезозойн эринд хамаарагдах гурван галавт амьдарч байсан эртний үлэг гүрвэл тэдгээрийн төрөл зүйлийг  харуулсан. “Эрт төрмөлийн эрин” танхимд Монгол орны өргөн уудам нутаг дахь  эртний амьтан, ургамлын үүсэл, тэдгээрийн түүхэн хөгжлийн ор мөр чулуужин үлдсэн үзмэрүүдийг 324 м/кв талбайд дэглэсэн байгаа.

Байгалийн танхимыг 2020 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Энд хөхтөн амьтан, шувуу, геологи, ургамал, шавжийн үзмэрүүдийн дээжийг 324 метр квадрат талбайд дэглэсэн. Байгалийн танхимд 37 зүйлийн өндөр уул, тайга, ойт хээрийн бүслүүр, хуурай хээр, цөлөрхөг хээрийн бүсэд амьдардаг амьтдыг байгалийн бүс, бүслүүрээр нь хуваан дэглэсэн. Мөн энэ танхимаас шувууны сан хөмрөгийн 11 баг 29 овогт багтах шувууд, шавжийн цуглуулга, ургамлын хатаадас /гирбар/ болон геологийн сан хөмрөгийн хосгүй үнэт зэрэглэлд хамаарах солир, ногоон хаш болон бусад эрдсүүдийг үзэх боломжтой.

-Удахгүй болох “Эх үрсийн баяр”-аар  ямар бэлэг барьж байна вэ?

-Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгтэй хамтран  “Хүүхдийн төлөө, за” гэсэн уриан дор амьтны гэрэл зургийн “Танилцъя” үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөсөн. Байгалийн гэрэл зураг авдаг 40 гаруй уран бүтээлч  өөрийн бүтээлээ хүүхдэд зориулан үзэсгэлэнд тусгайлан хандивласан. 80 гаруй бүтээлийг толилуулах юм. Хүүхэд багачууд маань баярын өдрөөрөө нүүдлийн болон суурин, мөн байгальд тэр бүр харах боломжгүй үзэсгэлэнт шувууд, халиун буга, хавтгай, хүрэн баавгай гээд сүрлэг амьтдын гэрэл зургийг үзэж, тэдний амьдралын онцлог, зан төрхийг харуулсан гэрэл зургуудыг тайлбарлуулж, мэдлэгээ тэлэх боломжтой. Нэг ёсондоо манай музейн танхимд  хавтгай “тэшиж, буга “урамдаж”, шувууд “жиргэж” ер бусын сонин ертөнц үзэгчдийг угтахад  бэлэн болоод байна.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
P(174.198.7.230) 2022 оны 05 сарын 25

Khuurkhun l chikhmel boltson bna sh dee kkkk

0  |  0
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 25

haanaas iim soliotoi amitan garaad irevee,uuriig ni jihmel bolgo

0  |  0
Top