"Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Э.Адъяасүрэн тус сэтгүүлээс ЗААВАЛ УНШИХ зургаан нийтлэлийг онцоллоо.
Сэтгүүлийнхээ шинэ дугаарыг гар дээрээ авах болгонд хүлээж хүлээж таалагдсан хувцасаа авахуулсан хүүхэд шиг хөлсөж баярладаг хөөрүү зан сэдрээд ирнэ... Шинэ гоёлоо хүүхэд бүрт гайхуулмаар ч юм шиг, зөрж өнгөрсөн болгон нэвт шувт хараад ч байх шиг санагдах тэр л сандруухан мэдрэмж. Ном сэтгүүл нухдаг хэн бүхэнд танил, магадгүй өтөл болсон ч үл сарнин арилах өнөөх гэгээхэн мэдрэмж... Хуудас эргэх бүрт хамарт шаргих шинэхэн хэвлэлтийн үнэр... Өнгө будаг нь алаглаж нүд татах гэрэл зургууд... Өглөөний нар, өтгөн кофегоор хачирлачихвал бүр янзтай.
“Зиндаа” сэтгүүл улиралдаа 220-300 нүүрээр гардаг ланжгар эд. Тэр хэрээр Таныг уйдаахгүй, бас тийм ч амар “тавьж явуулахгүй”. Материал бүр нь хадаас гэж хэлэхгүй ч ахин дахин эргүүлмээр, хурууд шиг хүлхмээр, хугацаа алдаж үнээ гээхгүй нийтлэл нэжгээд буйг бардам хэлнэ. Чихэр олон янз, зарим нь аманд ороод хайлна, зарим нь араанд ууссан ч амтагдсаар л байна. Яг л үүн шиг янз янзын төрх, хэлбэр дүрс, хэв хийцтэй ярилцлага, сурвалжилга, нийтлэл, хөрөг тэмдэглэлүүд таны өмнө баринтаглагдан очиж байна. Заавал уншвал зохилтой, цаг гарзсандаа үл харамсах зургаан нийтлэлийг онцолж цухас танилцуулъя.
“Монголчууд сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг” гэж ярьдаг. Энэ нь ч ортой юм. Эм залах хийгээд хүртэх нь тухайн хүний итгэл үнэмшил, сүжигтэй нягт холбоотой. Оточ хүн өвчтөндөө зөвхөн бие махбодийг засч сэлбэх гэж тан барьдаггүй, сэтгэлийг зам мөрийг тэгшитгэх чин эрмэлзэлтэй байдаг аж. Шинжлэх ухаан хэчнээн хөгжлөө ч уламжлалт анагаах ухаан хэзээ ч алсрахгүй билээ. Учир нь түүнд бүхэл бүтэн асрахуй, амьдрахуйн философи агуулагдаж байдаг. Хүний судас хэзээ ч худлаа хэлдэггүй. Харин “судасны хэл”-ийг зөв сонсч, тайлж, оношлох нь оточ хүний хамгийн гол эзэмших ёстой увидас.
“Отчоос нэг эм залаад уухад гурван муу заяанд төрөхгүй” гэж түүхэн сурвалжуудад тэмдэглэгджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр оточ хүн эмээ хийгээд аравнайлж шүншиглээд, Манлын тарни болоод судрын адис жанлавыг бүрэн гүйцэд шингээж өгдөг аж. Энэ нь Манла бурхны дууг сонсох, адис хүртэх, тарнийг даган баясах гурван үйлтэй дүйцдэг байна. Энэ мэт уламжлалт анагаах ухааны эм тан, байгалийн болон хүн төрөлхүйтний таван махбодийн онол, арга билэг, шүтэн барилдахуйн талаарх “нарийн ширийн”-ийг Манба дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдоржийн “Монгол асрахуйн ухаан” хөрөг, ярилцлагаас уншиж болох нээ.
Жил бүрийн 5 дугаар сарын 22 бол технологийн салбарынхны хувьд “Биткойн пицца”-ны өдөр.
Учир нь хамгийн анхны крипто шилжүүлэг эзэндээ пицца захиалга хийж өгчээ. Биткойныг хийсвэр мөнгө гэж үздэг байсан хүмүүсийн хувьд энэ нь илбийн мэт бодит зүйл байлаа. Тэр үеэс хойш 12 жил улирч байна. Энэ хооронд блокчейн гэдэг нээлт бизнест ч тусгалаа олж, бидний амьдралын салшгүй хэсэг болоод байна. Мөнгөтэй төсгүй мөнгө бидний арилжааг удирдаж, ахуйг орлож, тэр ч байтугай амьдралыг шийдэх өдөр ойрхон байна. Сүүлийн үед крипто үндэстэн болох гэж буйгаа ч зарим улс орон зарлаад буй. Оршин буй дэлхийдээ ээлтэй, эко амьдрахын тулд эдийн засгийг тэтгэгч салбар бүрт блокчейн технологийг нутагшуулахаар ажиллаж байна. Эдгээр нэр томьёонууд нэг л хийсвэр, утопи сонсогдоод байгаа биз. Гэхдээ үүний цаана койны хөөсрөлөөр баяжиж буй хэсэг байхад бөөн бөөн койн худалдаж аваад, хөөс хагарахад хохирч буй иргэд ч байна. Чухамдаа койн гэгч боломж уу эсвэл бооцоо юу гэдэг талаар сэтгүүлч Б.Болорсүх “Чухал сэдэв”-т хөндлөө.
Чинжүүнд чимх давс үрчихсэн юм шиг часхийсэн бичлэгтэй, хоржоонтой, хорлонтой нэг нийтлэлч “Зиндаа” сэтгүүлд бий. Саяхан “Суут нууц” номоороо шуугиан тарьсан, “Гол тоглогч” булангийн автор Д.Дамдинжав. Түүний онилсон энэ удаагийн гол тоглогч бол Шадар сайд С.Амарсайхан. Улстөрийн гардан байлдаанд орж, торгон цэрэг болох хүртлээ хүн юу эсийг үзэх билээ. Тэр эхлээд газрын тулаанд унаж босч, дараа нь агаарын байлдаанд шархдаж дархлаажиж, сүүлдээ торгуулийн суманд тохоогдон чанагдаж явсанаар өнөөдрийн С.Амарсайханыг бүтээсэн. Одоо түүнтэй баргийн аавын хүү байлдаж тоглох амаргүй. Дарины үнэр, сумны замаг тачигнах чимээ түүнийг хэрхэн хатуужуулж, чанга улстөрч болгосныг тэрбээр “Тоглоом эргэсэн нь”, “Дэвжээгээ сольсон нь”, “Мафитай бооцоолсон нь”, Бооцоонд хожсон нь” гэх зэрэг 8 дэд гарчигийн дор, памфлет буюу баримтат ёгт нийтлэлийн хэлбэрээр тоймложээ. Торгуулийн суман түүнд юу үлдээв, түүний дараачийн тулаан хаана өрнөх бол...
Амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр, үзэл санаагаараа үлгэрлэн бусдад гэрэл гэгээ түгээж буй хэн бүхэнд нээлттэй нэг булан байдаг нь “Хандлага”. Энэ удаагийн “Хандлага” буланд нийслэлээс гэр бүлээрээ Хатгалд суурьшин амьдарч буй хуульч, нийтлэгч Ч.Бат-Уянгын “Гэртээ усанд орох хүсэл маань багадаа 15 саяын үнэтэй” нийтлэл орлоо. Түүнийг нийгмийн сүлжээнд идэвхтэй, хэд хэдэн сайт, сэтгүүлд юм бичдэг сайн нийтлэлч гэж мэднэ. Гэхдээ “Зиндаа”-гийн эрхлэгч миний өгсөн өнцөг бол “Хөдөө амьдаръя хэмээн сэтгэл хөдлөлөөрөө шийдэж буй залууст юу зөвлөх вэ. Ялангуяа ажлын байр хэр байна, ямар бизнес өөртөө бий болгож болох вэ гэх мэт ахуй амьжиргааны боломж, практик талаас нь бичээрэй” хэмээн захиалсан юм. Хүсэлтэд маань хуульч хүний нягт нямбай зангаар яв цав хандаж хот хөдөөгийн ялгаа, төсөөлөл ба бодит байдлын гэрэлтэй, сүүдэртэй талыг өнцөг сэдвээс огтхон ч гажилгүй, сонирхолтой энгүүнээр хүүрнэсэн байгаа.
Ахмадын замнал, өнгөрсөн цаг үеийн түүхээс бид суралцаж, нэхэн санаж, цохон дурсаж явах учиртай юм. Ялангуяа хүмүний амьдралын аль нэг үедээ тод гялалзаж чадсан, хийж бүтээсэн зүйлтэй, эгэл хэрнээ эгэлгүй намтар бүтээсэн хүмүүсийг “Хүмүн цадиг” онцолдог. Энэ удаад “анхны” гэх 10 тодотголын эзэн Ж.Бямбажав агсаныг онцлов. Өмгөөлөгчдийн байгууллагын анхны эмэгтэй дарга, Улсын бага хурлын анхны эмэгтэй депутат, Үндсэн хуулийн цэцийн анхны эмэгтэй гишүүн, УИХ-ын анхны эмэгтэй гишүүдийн нэг гээд хууль боловсруулах, тогтоох, хянах байгууллагын анхны гэх 10 тодотгол түүнийх. Хууль шүүхийн чанга хатуу салбарт 40 гаруй жил тэсч, бүр манлайлж явж ирсэн тэр эмэгтэй хэн байв. Эдүгэ энэ эрхэм хүн бидний дунд байхгүй ч тэрхүү хэн хүнд заяадаггүй ховор тавиланг “Зиндаа” яахин бийрлэхгүй өнгөрөөх билээ.
“Алтан загасны үлгэр” бол үнэндээ харамч эмгэний тухай үлгэр биш. Энэ бол өвгөн эмгэн хоёрын эргэлзээгүй, болзолгүй хайрын тухай, түүнийхээ төлөө чадах бүхнээрээ хүслийг нь гүйцэлдүүлж буй үлгэр. Гэхдээ энд хайрын тухай хоёр дахь тэмдэгт бий. Загас өвгөнийг хайрлах дэнчингийн тухай хайр... Тэгвэл яагаад хайр гэж? Загас өвгөний хэлээр ярьдаг, далайд буцаан тавьбал хүссэн бүхнийг гүйцэлдүүлэхийг амладаг. Харин өвгөн юу ч хүсэлгүй зүгээр л сулладаг. Энэ бол нууцлаг эрх чөлөө, эрх чөлөө гэдэг гарцаагүй болзолгүй зүйл гэдгийг хэлэхийг хүссэн. Энэ бол бэлгэдлийн симбол түвшин, тэмдэгтийн нууцлаг түвшин, хөгжимд л агуулагдах сэтгэлгээний категори...
Сонирхолтой байж магад гээд нийтлэлийн энэ хэсгээс ишлэсэн маань жаахан ойлгомжгүй болчих шиг боллоо. Бүрэн эхээр нь уншвал мэдээж учир зангилаа нь тайлагдана. Энэ бол хөгжим судлаач, докторант М.Мөнгөнсүхийн “Хөгжим оюун санааны тохируулга болох нь” шүүмж нийтлэл юм. Урлагийн шүүмж буюу реценз нь “Зиндаа”-гийн брэнд булангуудын нэг. Учир нь энэ буланг яг салбарын хүмүүс ээлжлэн хөтөлдөг. Тэд бол тэр болгон энд тэнд яриад бичээд байдаггүй чимээ анир багатай хүмүүс. Гэхдээ мэддэг зүйлээ л тултал бичдэг, түүнийг нь бид шимтэн уншдаг билээ л...
Сэтгэгдэл ( 1 )
Goe setguul bololtoi. haaguur zaragddag ve