Хуульч Ц.Оюунбаатартай Үндсэн хуультай холбоотой асуудлаар ярилцлаа. Тэрбээр 2016 онд МАХН-аас санаачлан боловсруулсан Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Үндсэн хуулийг боловсронгуй болгоё гэсэн саналууд улс төрийн хүрээнээс хальж, парламентын түвшинд яригдах боллоо. Хуулийн төсөлд олон жил ажилласан хүний хувьд ямар дүгнэлт хийж байна?
-Монголын өнөөгийн улс төр, эдийн засаг, эрх зүйн байдал гүн хямарсан байна. Энэ нь гадаад, дотоод олон шалтгаантай ч бид системийн гэж хэлдэг, төрийн тогтолцооны, нарийн яривал Үндсэн хуулийн шинж чанартай хямралын байдалд орчихсон. Үүнийг бид олон жил ярьсан ч гарцаа олж чадсангүй, харин ч хямрал улам гүнзгийрч байна. Сүүлийн 10-аад жил улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөв голдиролд орох эрэл хайгуул хийж эрдэмтэд судлаачидтай олон удаагийн хэлэлцүүлэг эрдэм шинжилгээний хурлыг манай “ЛОББИ” төв нэлээд хэдэн удаа зохион байгуулсан. 1992 онд батлагдсан, тухайн нөхцөл байдалд батлагдсан Үндсэн хууль өнөөгийн эрчимтэй хөгжил, алсыг харсан хөгжлийн том бодлого явуулах чадвараа нэгэнт алджээ гэсэн дүгнэлтийг бид хийсэн.
Монгол Улс улс төрийн олон намд хуваагдсан, нийгэм нь хагаралдаж зөрчилдсөн, намууд нь компани аж ахуйн шинж чанартай, шууд хэлхэд “Мафи”-ийн шинж чанартай.Тэр нь уул уурхайн бүлэглэлд суурилсан, түүнээсээ нам, бүлэглэлүүд нь санхүүждэг тогтолцоо бий болсон. Ардын нам, Ардчилсан намын бодит үнэн нь ийм байна.Сонгууль гэх шинэчлэлийн процесс, үйл ажиллагаа маань өөрөө авлигын асар том кампанит ажил болж хувирсан. Өөрөөр хэлбэл, сонгуулиар хэдэн зуун тэрбум төгрөгийг цацаж байж аль нэг нам нь илүү суудал авах гэж улайран зүтгэдэг. Ерөнхийлөгчийн болон УИХ, Орон нутгийн сонгууль, тэр байтугай сум, хороо, дүүрэг, анхан шатанд байдал ийм болчихлоо.
Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид хэд хэд хуваагдчихсан. Дэлгүүр, цайны газрыг АН-ынх, МАН-ынх гэж талцан бие биенийхээрээ орохгүй улстөрждөг. Сум, хороо орон нутагт нийгмийг ийм хагаралд хүргэсэн буруу тогтолцоо явж ирсэн. Энэ нь Үндсэн хуулиас үүсэлтэй. Хэт улстөржилт, талцал, намчирхал Монгол орныг сүйрүүлнэ. Сүүлийн жилүүдэд зөндөө ярьсан ч ахиц гарсангүй. Сум хорооны хурлыг улс төрийн намын хатуу гишүүнчлэлгүй болгох тэнд тоглоомын сонгууль явуулахаа зогсоох цаг болсон. Иймд Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Ингэхдээ улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн үүднээс, эсвэл МАН, АН хоорондын хуйвалдааны журмаар хийх зүйл биш. Монголын 3.5 сая иргэний эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ирээдүйд үр хүүхдийн маань асуудал тул хариуцлагатай хандах ёстой.
-Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд та бүхний боловсруулсан Дээд хуулийн төслөөс тусгагдсан зүйл, заалт бий юу?
- МАН, АН-ын тухайн үеийн Ерөнхийлөгч, Засгийн газраас яаравчилж оруулсан нэмэлт бол бодит өөрчлөлт биш. Нийгмийн эрэлт хэрэгцээ, харилцааг зохицуулах чадваргүй.Үндсэн хууль, бусад хууль дээр 20-30 жил ажилласан, судалсан хүний хувьд ийм өөрчлөлт хийгээд нийгэм эвлэрэх, нэгдэх, хөгжлийн шинэ гарц бий болгох шаардлагатайг тэр үед маш тодорхой хэлсэн. Тухайлбал, нэг танхимтай, түүнийгээ бүрдүүлдэг тогтолцоо нь сонгогчдыг худалдаж авдаг, хуваадаг. Сонгогчид юу хүлээдэг вэ гэхээр бага ч гэсэн мөнгө олох арга хэрэгсэл гэж хардаг. Ингээд улс төрийн гол намууд иргэд, сонгогчдыг мал, амьтан, эд хөрөнгө шиг мөнгөөр шууд худалдаж авдаг систем тогтсон. Нэг айлд 20-50 мянган төгрөг өгдөг байснаа сүүлдээ 100 мянга болгож, түүнийгээ багцалж худалдаж аваад цааш өгдөг. Өнөөдөр УИХ-ын бүтэц гэхэд л Банк, уул уурхай, ЖДҮ-чдийн төлөөллөөс бүрдсэн байгаа. Эсвэл уул уурхайн том бүлэглэлээс санхүүжсэн хүмүүс гараад ирчихсэн сууж байна. Энэ тогтолцоо Монголыг хямрааж, цаашилбал тусгаар тогтнолоо алдах зам руу явна. Үүнийг Украин, Шри Ланк улсын жишээнээс харж болно шүү дээ.
-Энэ дүгнэлтээ нотол гэвэл, та ямар үндэслэл, тайлбар хэлэх вэ?
-Нэгдүгээрт, Засгийн газрыг УИХ-ын гаднаас байгуулна гээд чадвартай, чадваргүй баахан хүн томилсон. Нөгөө талаас хууль тогтоох байгууллага нь улс төр, хууль эрх зүй, эдийн засгаар мэргэжсэн туршлагатай парламент гишүүдгүй, гарсан хууль нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй байгаа нь бодит үнэн. Иймээс ч өнөөгийн их хурал Засгийн газрын нэр хүнд нь унасан, хороондын зөрчилтэй, үйл ажиллагааны холбоо байхгүй гэсэн шүүмжлэлийг хэн хүнгүй л хэлж байна.
Өнөөдөр УИХ, Засгийн газрыг тараах шаардлага яригдаж байгаа нь сайд, гишүүний суудалд очоод муу ажилласан, хариуцлагагүй, чадваргүй хүмүүстэй холбоотойгоос гадна тогтолцооны алдаа. Гаднаас сайд тавьснаар асуудал шийдэгдэхгүй. УИХ, Засгийн газар хоорондын ажлын уялдаа холбоо, дээр нь хариуцлага, хяналт, тогтолцоог бүрдүүлсэн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Ингэж чадаагүй учир Засгийн газар бэрхшээл, шүүмжлэлээс зайлсхийдэг, дуулиан шуугиантай гаднын хөрөнгө оруулалттай ганц нэг компани эсвэл дотоодын аж ахуй нэгжийн хууль бус үйл ажиллагааг илрүүлж хөрөнгө үйлдвэр хурааж авах гэх мэт гал унтраасан, сайд нь өөрийгөө сурталчилсан ажил явуулж байна.
Хууль тогтоох байгууллага нь хүчтэй хуульчид, мэргэшсэн парламентаас бүрдэж чадаагүй. Бас нэг гажуудал нь байгалийн баялгийг нийтийн өмч гэж зарласан. Нийтийн өмч гээд зам талбай, цэцэрлэг, бие засах газар шиг эзэнгүйдүүлж болохгүй. Олон улсын аль ч арбитрт очсон public property буюу нийтийн өмч юм бол түүнийг Хятад, Америк, ер хэн ч өмчилж авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын байгалийн баялаг ард түмний онцгой өмчид байх ёстой гэсэн Үндсэн хуулийн өмнөх заалтыг шинэчлэхдээ бүр ч утгагүй болгосон. Өнөөдөр Монгол Улсын газар, түүний хэвлий доорх баялаг 30 гэр бүл болон гадныханы эзэмшилд байгаа шүү дээ. Тэгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийнэ гэхээр УИХ-ын гишүүдийн зарим нь “Болохгүй” гэдэг. Гэтэл тэдний хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 700 ч хонохгүй дампууралд орчихлоо.
-Нөхцөл байдлыг та ингэж дүгнэлээ. Гарах гарцыг нь тодорхойлбол...?
-Хэн нэгнийг буруутгах эсвэл АН нь МАН-ыг, МАН нь АН-ыг чичлэх хэрэггүй, тэдгээрийн оройд уул уурхайн эзэд, Монголын баялгийг хууль бусаар завшиж хөлжсөн олигархиуд л сууж байна шүү дээ. Олон түмний итгэл үнэмшил, эх оронч үзэл бодолд суурилсан тулгатай улс төрийн байгууллага, нам үгүйлэгдэж байна.
Эх оронч улс төрийн хүчин МАХН-ыг эрж хайж биднээс нэхэж байгаа хүмүүс, тэр байтугай АН, МАН хоёрын үзэл баримтлал засгийн эрхэнд гарахаараа онц ялгарах юм алга. Иймд Монгол Улсын хөгжлийн асуудал хямралд орсон. Бодит гарцаа олж шийдэхгүй бол эдийн засгийн байдал уналтад орчихсон, гадаад өр 30-40 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд 10 мянган ам.долларын өр ногдож байна. Эдийн засгийн томоохон дефолт зарлагдах аюул занал байна гэж харж байна. Сүүлийн 32 жилд манай улс зургаан удаа дефолт зарлахдаа тулж байсан. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар дефолтын аюулаас түр мултардаг. Дандаа ингэж явах боломжгүй. Энэ эрсдэлийг мартах загасны ой санамжтай байж болохгүй.
Монголын баялгаас завшсан 20 гаруй тэрбум ам.долларыг гадаадын оффшорт аваачаад нуучихсан, оруулж ирж чаддаггүй. Уг нь оффшорт нуусан хөрөнгийг оруулж ирэх олон улсын хууль эрх зүйн таатай орчин аль хэдийн бүрдсэн байгаа. Харин манай төр, засаг л хийхгүй, хөдлөхгүй, хүсэхгүй байгаа юм. Зам харилцаа, гол бүтээн байгуулалт зогссон, шинээр барьсан гэх төмөр зам нь хоёр жил ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй, нүүрсний экспорт унасан. Баялгаа боловсруулах, ядаж нүүрсээ угаагаад гаргах үйлдвэр байгуулж чадсангүй. Энэ бүхнийг яаж хийх вэ гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлэх учиртай, бизнес төр хоёрыг салгах шаардлагатай.
-Тэгэхээр ямар өөрчлөлт хийх ёстой вэ. Таны ахалсан БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг ямар санал, дүгнэлт дэвшүүлсэн бэ?
-МАХН сүүлийн 10 жил энэ чиглэлээр ажилласан. БНМУ-ын Дээд хуулийн ажлын хэсэгт хуульч, судлаач оролцож, Монголын хөгжлийн түүхэн замнал, түүний дотроос Их засаг хууль, 1924, 1940, 1960, 1992 оны бүх хуулийг харж, гадаадын 40 гаруй орны Үндсэн хуультай харьцуулж хөгжлийн гарцыг тодорхойлсон. 2016-2021 он хүртэл сүүлийн дөрвөн жил хуулийн төсөлд шаргуу ажилласан. Хэдхэн тоо хэлье, Тав дахь Үндсэн хууль буюу Дээд хуулийн төслийг танилцуулж 2017 онд бид Монгол орноо бүтэн тойрсон. 21 аймаг, 160 сумын иргэдтэй гурван удаа уулзаж, нийслэлийн есөн дүүрэгт хэлэлцүүлэг хийж, бичгээр санал авсан.
Дэлхийг бүтэн тойрсонтой адил 80 мянган зам зам туулж, 120 гаруй мянган иргэнтэй уулзсан. 1992 оны Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явахад УИХ 76 хоног хэлэлцсэн гэдэг. Тэгвэл бид ард түмний дунд орж, саналыг нь авсан.Түүний үндсэнд намуудын хямрал, талцал, нийгэмд үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх арга зам нь Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт юм гэсэн дүгнэлт хийсэн. Энд хэд хэдэн чухал зүйл бий. Түүний нэг нь хоёр танхимтай парламенттай болох. Хоёр шатны парламент байх шалтгаан нь 76 гишүүнтэй байна уу, түүнээс олон, цөөн нь хамаагүй сонгууль утгаа алдсан.Улс төрийн намууд ард түмний дунд нэр хүндгүй болсон. Дахиад шинээр нам байгуулагдсан ч олон нийтийн итгэл үнэмшлийг сэргээх бололцоогүй болсон. Энэ нөхцөлд бид Монголын туршлагад өмнө байсан, түүнчлэн улстөржилтөөс зайлах гарц нь хоёр шатны парламент гэж үзсэн. Манай улс 330 сум, 180 орчим хороотой. Эднээс шууд төлөөлөл болгож, тэднээс хамгийн нэр хүндтэйг нь нам бусаар нэр дэвшүүлж гаргаж АИХ-даа гаргаж ирье. Энэ нь АИХ байх уу, Улсын Дээд хурал байх уу, өөр асуудал. Ингэж байж Монголын талцал, хямрал дайсагналыг давж гарна. Ийм замаар хууль тогтоох байгууллагын хуйвалдаан, бүлэглэл, эсвэл уул уурхайн лоббигоор хийж байгаа Монгол Улсын эрх ашгийг хохироосон, гадныханд үйлчилсэн, эсвэл зөвхөн 30 гэр бүлд үйлчилсэн хууль гарах явдлыг зогсооно.
Дээд танхим нь орон тооны бусаар бага зардлаар ажиллах бололцоотой бололцоотой. Жилд дөрвөн удаа хуралддаг, Доод танхимын гаргасан хуулиудыг хянаж цэгцэлдэг, УИХ-д байгаа авлига хээл хахууль, хүчирхийлэл, бүхий л бохир зүйлүүдийг гаргаж байгаа гишүүддээ шууд хариуцлага хүлээлгэдэг болохгүй бол өнөөдөр ЖДҮ, Хөгжлийн банк гээд нийгэмд таалагддаггүй, ард түмний бухимдалыг төрүүлсэн улстөрчийг шуурхай шалгуулах хариуцлага тооцох болно. Гишүүнээс түдгэлзүүлдэг асуудал Их хурлын дундын хуйвалдаан болж, УИХ хариуцлагын хямралд орчихсон. Цөөн шударга гишүүн бий, гэхдээ одоо бүгд адил гэсэн нийгмийн ойлголт руу оруулчихсан. Бүгд адил байх ёстой гэдэг үүднээс нэр цэвэр ганц хоёр хүнээ элдвийн асуудалд заавал холбогдуулах, нэр төрийг нь унагах элдэв оролдлого хийдэг, захиалдаг болжээ.
-Хоёр танхимтай парламентыг бүрдүүлчихээр шууд ард түмний төлөөлөл болж чадах уу?
-Дээд танхим бол шууд ард түмний төлөөлөл. Тухайн орон нутагтаа ажиллаж амьдарч, тэдний төлөөлөл болно. Тэгээд жилдээ дөрөвхөн удаа хуралдахаар маш бага зардал гарна. Монгол шиг 3.5 сая хүн амтай улсад хамгийн тохиромжтой хувилбар. Ардын Их Хурал, Улсын Бага хуралтай байсан 1990-1992 оны тогтолцоо харьцангуй зөв байсныг түүх харуулдаг. Өнөөгийн УИХ буюу хууль тогтоох байгууллагын хувьд гишүүдийн тоо ч оновчтой биш. Энд би Засгийн газрын гишүүн 100 хувьд Их хурлаас байна гэсэн зүйл яриагүй. Эсвэл 100 хувь ангид байна ч гээгүй. Гагцхүү дээрээ хяналттай, хариуцлагатай УИХ-ын тухай ярьж байна. УИХ нь Улсын Бага хурал нэртэй байж болно.
Гол үүрэг нь хууль тогтоох, мэргэжлийн хуульч, эдийн засагчаас бүрдсэн парламент ажиллах ёстой. Дөрвөн жилд нэг удаа сольсоор байгаад нэгдүгээр ангийн хүүхдээс ч дор ямар ч мэдлэггүй нөхдүүд мөнгө тарааж давхисаар байгаад ороод ирчихсэн, сурах гэж дөрвөн жил болж байгаа шүү дээ. Жаахан юм гадарладаг болохтойгоо зэрэг нь дараагийн сонгууль болж чөлөөлөгддөг.Тиймээс парламентыг шинэчилж ротацийн системээр, гуравны нэг гэсэн зарчмаар явдаг тогтолцоотой болох нь чухал. Энэ нөхцөлд сонгуулийн авилгын компанит сүлжээнээс салж шударга сонгуулийн тухай ярьж болно. Өнөөгийн манай улстөрчдөд үүнийг олж харах, сэтгэх чадвар байна уу. Дээр нь бүх яруу найрагч, бөх тамирчид дуучин урлаг уран сайхныхан нь өөрийн илүү амжилттай хийж чадах мэргэжлийнхээ ажлыг хийгээч, мэргэшсэн парламент руу битгий орооч. Тэр чинь мэргэшсэн хуульч, эдийн засагчид байх ёстой газар болохоос сайн дурын уран сайханчдын тайз биш.
-Гишүүдийн тоо чухал биш гэсэн үг үү?
-Тоо хамаагүй. Гэхдээ хоёр сая хүнийг төлөөлж байсан 1990-ээд он биш, 3.5 сая хүнийг төлөөлөх хэмжээнд дэлхийд нэр хүндтэй байнгын ажиллагаатай парламент байх ёстой. Тайлангаа Дээд танхим буюу АИХ-д тавьдаг, тайлагнадаг, гаргасан хуулийг нь улирал улирлаар нь хянадаг, хэлэлцдэг амьд тогтолцоо хийвэл Монголыг нэг том хямралаас гаргах хууль тогтоох байгууллагын бүтцийн цорын ганц гарц болно. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар саяхан чуулганы хуралдаан дээр хэлсэн байсан. Бусад хүмүүс ч хэвлэлээр ярьсан байна.
Тэр байтугай УИХ асуудлаа ил хэлэлцэж чадахгүй болчихсон байна шүү дээ. ПетроЧайна, Дачин Тамсагийн асуудлыг ард түмэн хэчнээн жил ярьсан. Одоо ярих гэхээр “Ил хэлэлцэж болохгүй, ард түмэн босно шүү” гэдэг байж болохгүй шүү дээ. Ийм хэмжээнд хүртэл Монголын төр бохирдож, авлигад идэгджээ. Өнөөдөр авлигын асуудал хаана байна, УИХ, Засгийн газарт л байна шүү дээ. Тендер, концесс авдаг хэдхэн бүлэглэл сууж байгаа шүү дээ, төрөөс төрсөн тэрбумтнууд, тэр хүмүүс нь хэмжээгүй баян, ард түмний 90 хувь нь ядуу, өдөр тутмын хоолоо шийдэж чадахгүй өлсөж, зовж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Мэдээж өнөөгийн Засгийн газар, эрх барьж байгаа улс төрийн хүчин хүлээхээс аргагүй.
-МАН,МАХН хоёр нийлэхдээ гэрээндээ Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг тусгасан байсан уу?
-Миний дээр ярьсан өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд хийх нь 2021 онд хоёр нам нийлэх, хамтраад Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэх гэрээний нэг гол үндэслэл байсан.
-Үүнийгээ хэр сануулж байна?
-Хэлэхээс аргагүй шүү дээ, бид хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүст хэлж, сануулж байгаа. Энэ бол түүхэн хариуцлага шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь том асуудал бол байгалийн баялгийг ард түмэндээ 100 хувь эзэмшүүлэх юм. Би УИХ-ын гишүүн байхдаа аль 2003 оны хоёрдугаар сарын 15-нд Эдийн засгийн байнгын хороонд “Баялгийн сан” байгуулах, уул уурхайн баялгийн ашгийн 30 хувийг түүнд байршуулахыг санал болгож байсан. Үүнийхээ төлөө амьдарч, тэмцэж, ажиллаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Намайг энэ асуудлыг ярьж байх үед Норвегийн сан байгуулагдаж байсан. Өнөөдөр тэр сан 1.7 триллион ам.доллартай. Норвеги улс далайгаасаа байгалийн хий, нефть гаргаж авдаг бол Монгол Улсад байгалийн бүх баялаг байна.
Гэтэл 2019 онд “Нийтийн өмч байна” гэж маш утгагүй заалт оруулсан. Жилд нэг сая тонн нефтийг литрийг нь 200 төгрөгөөр гадагшаа гаргаж байгаа атал Монгол Улс бүх шатахуун, тосоо гаднаас худалдаж авч байгаа. Улс орон өөдөлж, дэвжихгүй байгаагийн гол шалтгаан нь улс төр, бизнесийн олигархи бүлэглэл төрийн дээд шатанд байгаад оршиж байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр зөвхөн бүлэглэлд үйлчилдэг, ялангуяа Ц.Элбэгдоржоос эхлээд дараагийн Ерөнхийлөгчдийн үед ч улс төр, бизнесийн бүлэглэлд л үйлчилж байсан шүү дээ. Энэ байдлыг өөрчлөх гэж өнөөгийн Ерөнхийлөгч нэг оролдлого хийсэн. Халаасныхаа шүүгчийг томилдог, хэнийг нь шүүгч байлгах, хэнийг байлгахгүй вэ, хэнийг албан тушаалд дэвшүүлэх вэ, хэнийх нь сөрөг хүчнийг дарсан гавьяаг үнэлж одон медаль өгөх вэ гэдгийг Ц.Элбэгдоржийн үеэс шийдэж эхэлсэн шүү дээ.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Одоо болио. МАН тай нэгдсэнээр та нар золиосонд явсан байхаа
Тэнэг мал минь ҮХ-иар хамаагүй оролдож болохгүй шүү, хар шуналын туламнууд минь. Албан тушаалын хэнээтэн хамартангууд бага галзуурна шүү.
ЧИ ТЭМЭЭН ПООЛОО НЭРЭЭР ИДСЭН МӨНГӨӨ УЛСАД ТӨЛӨӨ БАЛИАР ХУЛГАЙЧ
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулхад нийт ард түмнээрээ хэлэлцэх ёстой байтал 2 нам гэрээ хийгээд өөрчилчихдөг тийм амархан юм гэж хаана байсан юм бэ? Энэ намууд хуулийг зүгээр үгүйсгэж байна.