ТОП-91-д эрх чөлөө олговол ипотекийн яргаас залуус ангижирна

2022 оны 05 сарын 29

Монголчууд зах зээлийн эдийн засагт шилжихээр 30-аад жил зүтгэж байна. Өндөр хөгжилтэй орнуудыг харахад зах зээлийн эдийн засагт шилжинэ гэдэг нь хувийн өмч нь давамгайлж, эдийн засаг нь хүчирхэгжиж буй хэрэг аж. Өндөр хөгжилтэй орны эдийн засгийн үндсэн үзүүлэлт нь хөрөнгийн биржийн улаан, ногоон сум. Ногоон сум нь дээшээ зааж хувьцааны үнэ өссөныг заадаг бол улаан нь доошоо зааж, үнэ буурсныг мэдээлнэ. Эндээс яагаад хувьцааны үнэ өсөх нь сайн үзүүлэлт вэ гэсэн асуулт гарна. Аливаа компанийн хувьцааны үнэ өсөх нь хүнээр бол цусны эргэлт сайжирч байгаатай адил үзүүлэлт. Харин Монголд хөрөнгийн биржийн нөлөө эдийн засагт бага. Гэхдээ сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна. Хятадын үсрэнгүй хөгжлийн 60-аад хувь нь гадаадын хөрөнгийн оруулалт бол үлдсэн 40 хувь хөрөнгийн биржийн тэлэлттэй холбоотой гэнэ. Манай эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайгаас хэт хараат байгаа тухай ярьдаг.

Үнэн хэрэгтээ уул уурхайгаас ч биш. Хятадын хилийн араншингаас л хамааралтай гэж үзэж болно. Энэ бүхэн нь биднийг дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх хөшүүрэг болно. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нэг жижигхэн алхам бол жил бүр ТОП-100 аж ахуйг шалгаруулах ёслол. Гавьяат, мянгат гэх инээдтэй шагналуудын дэргэд эдийн засгийн тоймлож харах боломж олгодгоороо энэ ёслол улстөрчид, эдийн засагчдын сонирхлыг татна. Саяхан ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулав. Эндээс зарим нэг нааштай үзүүлэлтийг харж болно.

Манай ДНБ 2017 онд 27,8 их наяд төгрөг байсан бол 2021 онд 43 их наяд болж өсжээ. Гэхдээ өдөр ирэх тусам суларч байгаа төгрөгийн ханшийг тооцвол харагдаж байгаа шигээ өндөр өсөлт биш. Төгрөг өнөөдөр монголчуудын амьдралыг зохицуулах хэрэгсэл биш болсон. Зүгээр л Монголбанкны рекламын пауз, Үндэсний статистикийн хорооны нэмэгдсэн цалингийн үзүүлэлт, гэр хорооллын ус худалдан авдаг хэрэгсэл болсон гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн энэ нөхцөл нь уул уурхайг түшиж, хэдэн ногоон зууж амьжиргаагаа залгуулахыг монголчуудад тулгаж байна.

Энэ хүнд нөхцөлд манай аж ахуй нэгжүүдийн түмэн бэрхшээлийг туучин эдийн засгаа солонгоруулах оролдлого эхнээсээ үр дүнд хүрч байгааг ТОП-100-гаас харж болно. Жишээлбэл, өмнөх жилүүдэд уул уурхай, санхүү, архи, тамхины компаниуд тэргүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд цөөн боловч хүнс, барилгын компаниуд орж ирж байна. ТОП-100-гийн хамгийн компанийн олонх нь худалдаа үйлчил­гээний салбараас тодорсон. Гэхдээ хүнсний үйлдвэрлэлээс есхөн компани байгаа нь дээрх компаниуд дотоодын биш гадаадын бараа борлуулагч болохыг батална. Тэр тусмаа хөнгөн үйлдвэрийн салбараас ганц компани багтсан нь дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ ямар түвшинд байгааг гэрчилнэ.

Бас нэг сайн үзүүлэлт бол зам барилгын таван компани багтсан байна. Мэдээж эдийн засаг солонгороход дээрх үзүүэлтүүд хангалттай биш. Гэхдээ бага боловч өөрчлөлт гарч байгаа нь л чухал юм. ТОП-100-гийн 83 нь ХХК, ес нь төрийн өмчит, найм нь хувьцаат компани байгаа нь манайд хөрөнгийн зах зээл ямар байгааг илтгэнэ.Сүүлийн 20-иод жил эдийн засгийг солонгоруулах тухай эрх баригчид номлосон боловч өнөөдөр ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Солонгорно гэдэг нь уул уурхайн салбараас хараат бус болох оролдлого юм. Гэхдээ өнөөгийн явуулж байгаа бодлогоос харвал уул уурхайн гарцыг бууруулж бусад салбарын орлоготой тэнцүүлэх зарчим мэт харагдана.

Сүүлийн 20-иод жил аливаа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор хэдэн их наяд төгрөг гаргасан ч өнөөдөр энэ гээд хэлчих сайн тоо алга. Өнөөдөр хүн амын 30 шахам хувь ядуурлын ирмэгт байгаа нь үүний гэрч. Гэтэл өмнө нь зарцуулсан тэр их мөнгө хаана байна гэж асууя. Олон эдийн засагч эрх баригчдын халамж, төсвийн хөрөнгө оруулалтыг ангийн дайсан мэтээр хардаг. Хүүхдийн, тэтгэврийн мөнгийг хасчихвал халамжид тийм их мөнгө гардаггүй. Төсвийн хөрөнгө оруулалт улаан булан, сумын даргын оффис болж бутардаггүй бол шаардлагатай л хэмжээний хөрөнгө оруулалт. Томоохон төслийг хэрэгжүүлэхэд чамгүй нэмэр болно.

Харин төрийн алдаа бол ЖДҮ, Хөгжлийн банк, арван их наяд төгрөгийн хөтөлбөр, түүнд төрөөс олгох хүүний зөрүү. Энэ их мөнгө нь халамж, төсвийн хөрөнгө оруулалттай харьцуулахад асар их нөөцийг буруу зарцуулсан жишээ юм. Хил хаалттай байхад их наяд төгрөг гаргаад шидчихэд мах, бензин, ам.долларын үнийг өсгөж улмаар инфляц л хаданд гарна. Төр ажлын байр нэмэгдүүлэхээр олон арга сэдэж байна. Хэдэн тэрбумаар зарцуулаад хэдэн ажлын байр гарсан нь тодорхой бус.

Ажлын байрыг төр биш, хувийн хэвшил бий болгодог гэдгийг өнөөг хүртэл Засгийн газрууд ухаараагүй л байна. Ажлын байрыг олноор бий болгодог салбар бол манай нөхцөлд ХАА, барилга, хүнс. Эдгээр салбарууд ажлын байр олноор үүсгэхээс гадна, зах зээл нь бэлэн байгаа нь хамгийн давуу тал юм. Бид хүнснийхээ 80 орчим хувийг гаднаас авч байгаа аж.

Монголын нэг сая өрхийн 40 хүрэхгүй хувь нь л инженерийн байгууламжтай орон сууцанд амьдарч байгаа. Энэ их зах зээлийг манай компаниуд хангах боломж, чадамжтай гэдэг. Дээрх гурван салбарт уламжлалт боловсон хүчнээс эхлээд орчин цагийн нано технологичид ч бий. Эдгээр салбарууд хөл дээрээ босвол бусад олон салбараа дэмждэг давуу талтай. Инээдтэй нь эдгээр салбаруудыг дэмжихийн оронд алт, түлшний үний зөрүү, ноолуурын салбарт ихээхэн хэм­жээний хөрөнгө төрөөс гарч байгаа нь үргүй зардал болж хувирч байна. Өнөөдөр томоохон барилгын компаниудад ажиллаж байгаа залуус байрны асуудлаа шийдэх боломжтой болсон.

Гэтэл төрөөс ипотекийн зээлд гаргасан асар их мөнгийг барилгын паркуудыг байгуулахад зарцуулсан бол өнөөдөр залуус 200-300 хувийн хүүтэй зээлд 20-30 жил дарлуулахгүй байсан. Цөөнгүй барилгын компани ажилчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууц олгохоос гадна барилгын сайн мэргэжилтнүүд түвшингээсээ үл хамаарч Солонгост ажиллахаас ч илүү цалин авах нь олширч байна. Эрдэнэт, Оюу Толгойд ажилласан залуус арваадхан жил ажиллаад зээлээр бус цалингаараа орон сууц авах нь нэмэгдэж байгаа судалгаа бий. Оюу Толгойн ажилчид нийслэлээс гадна Өмнөговь аймагт ч сууцтай болсон тохиолдол цөөнгүй.

Эрх баригчид ЖДҮ нэрээр мөнгө хусах нь зуршил болсныг бид ойрын жилүүдэд мэдэрсэн. Үнэн хэрэгтээ жижиг, дунд үйлдвэрийг том үйлдвэрүүд үүсгэдэг болохоос эрх баригчид хөгжүүлсэн түүх байдаггүй. Монголд 10 орчим томоохон боловсруулах үйлдвэр байгуулчихад л залуус маань хангалтай цалинтай ажлын байраар хангагдах судалгаа бай­даг. Энэ тохиолдолд тэд гадагшаа гарч хүчир хөдөлмөр эрхлэхгүй байр, унаа, сургалтын төлбөрөө Монголдоо олох боломжтой. Хэрэв компаниудад эрх чөлөө олговол эзэд нь солонгос бүү хэл америкчуудын дундаж цалинг монгол залууст өгөхөд бэлэн гэнэ. Өнөөдөр ТОП-100-д багтсан төрийн өмчит есөн компаниас бусад нь ярихгүй л байгаа болохоос асар их дарамтад байдаг гэнэ. Монголын эдийн засгийг чирч яваа хувийн хэвшлийнхэнд хамгийн том аюул нь төсвийн мөнгө ба төрийн албан хаагч. Тэдгээрийн тоо өсөх тусам авилга, ажилгүйдэл, гэмт хэрэг, өвчлөл нэмэгдэж, хувийн хэвшлийнхний орлого буурна.

Төр мөнгө яаж үрдгийг Хөгжлийн банкнаас харж болно. Өнөөдөр байсхийгээд л хүүхдийн мөнгийг төр хадгалах тухай санаа түгээнэ. Шалтгаан нь хүүхдийн мөнгөөр архи уугаад байгаад гэнэ. Үнэн хэрэгтээ судалгаагаар тав хүрэхгүй хувь нь гэдэг. Энэ нь шалтаг болохоос шалтгаан биш. Хүүхдийн мөнгийг төр хадгална гэдэг чононы хүзүүнд мах зүүхтэй адил хэрэг. Төр өөрийн мэдлийн банкандаа байгаа хоёр их наяд төгрөгийг хянаж чадаагүй байж хэдэн арван жил хадгалах, хэдэн их наядыг хадгална гэдэг үнэмшихэд бэрх. Хэдэн жилийн дараа Жавхлан сураггүй болоход хүүхдийн мөнгө ХЗХ, Хөгжлийн мөнгөтэй адил ууршсан байх магадлал өндөр.

Өнөөдөр хүүхдийн мөнгө олон хүний амьжиргааг хангахаас гадна санхүүгийн салбарыг багагүй тэтгэж байгаа мэдээлэл бий. Ламд өгсөн мөнгө бурханд очдоггүй гэдэг. Төрд хадгалуулсан мөнгө иргэнд эргэж ирсэн түүх ховор. Монголбанкны хянадаг олон банк дампуурч төсөв болон иргэд хэр хэмжээгээр хохирсон нь одоо ч тодроогүй. Эндээс харвал төрд "нядлуулж" байгаа их мөнгийг ТОП-100-д өгсөн бол бид өнөөдөр 150-иад мянган иргэнээ гадаад тамлахгүй байсан гэж зарим компанийн захирал ярьдаг.

Барилга, хүнс, ХАА-н салбарт оруулсан нэг төгрөг ойрын хугацаанд хэд дахин өсөх "алтан цонх" өнөөдөр нээгдэж байгаа тухай зарим бизнесмен ярьж байна. Үр тариа, мах дэлхийн зах зээлд хомсдож байна. Койн, сугалаанд орж буй их хэмжээний мөнгө барилга дотоодын хүнсэнд урсана. Цар тахлын нөлөөнөөс ойрын таван жил улс орнууд гарахгүй. Энэ нь манайд ашигтай тусах аж. Үүлэн чөлөөний нар шиг энэ мөчийг төр ашиглаж чадвал манай хувийн хэвшлийнхэн эдийн засгаа гуравхан жилд солонгоруулж чадна аж.

Энэ бүхэнд төр шүлэнгэтээд мөнгө зувчуулах арга хайх хэрэггүй. Байгаа мөнгөөрөө л барилгынханд дэд бүтэц, газар тариаланд түлш, хүнснийхэнд үйлдвэрлэл явуулах эрхийг л өгчихөд хангалттай. Мэдээж энэ бүхнийг хийхэд хугацаа орно. Иргэдэд амаргүй байх болно. Гэхдээ үнэхээр иргэдийг хөрөнгийн бирж рүү оруулж эдийн засгийг яаралтай тэлэхийг хүсвэл Салхит, Эрдэнэт, Оюу Толгойн төрийн хувийг иргэдэд хувьцаалж болно. Мөн Эрдэнэтийн орлогоор иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг үргэлжлүүлэн төлж болно. Ингэснээр хувийн хэвшилд орох мөнгө л нэмэгдэнэ. Уул уурхайн бус компаниуд томорч эдийн засаг солонгорох зам шулуудна. Энэ бүхнийг хувийн хэвшил л хийж чадна.

 

ТӨРИЙН ӨМЧИЙН ТОП-9

 

Топ-100 дотор төрийн өмчит есөн аж ахуйн нэгж бий. Төрийн өмчийг хувийн өмчтэй харьцуулах нь төсвийн мөнгөөр худалдаж авсан жийптэй тэтгэврийн зээлээр авсан эксел уралдахтай адил харагдана. Мөн аливаа группийн охин компаниудыг тусад ТОП-110-д шалгаруулах нь нь хэр нийцтэй юм бол. Өнөөдөр яг төрийн өмчийн компаниудын ДНБ-д эзлэх хувь, хувийн өмчийн ДНБ-д эзлэх хувийг тооцвол ямар тоо гарах бол. Дээр дурьдсан гурван салбарыг дэмжих мөнгө байхгүй гэх байх.

Энэ тохиолдолд алдагдалтай ажилладаг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өмчийг дуудлагаар зарчихад хангалттай мөнгө босно. Гэтэл тэмээг биш тэвнийг харав гэгчээр Сангийн сайд НӨАТ-ын сугалаатай ноцолдож байгаа дэндүү жол санаа юм. Сугалаа нийгмийг ямар ихээр өдөөх чадалтайг өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа хувийн хэвшлээс гаргаж байгаа сугалааны тоо харуулж байна. Төр иргэдэд эдийн засгийн эрх чөлөө олгож л татвар төлөгчдийн тоо, татварын хэмжээг л нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй. Аль нэгэн сайд нь хүүхдийн мөнгө болон сугалааны жаахан мөнгөнд шүлэнгэтээд байх нь төрийн бодлого биш баймаар.

Асар их алдагдалтай бас их хөрөнгөтэй төрийн өмчит компаниудыг цэгц­лэх тухай яриад удаж байна. Хийж ядаад байх юмгүй энэ ажилд толгой хүрэхгүй байгаа бол эдийн засаг солонгорох гэдэг үгийг ойлгох­гүй нөхөр л жолооны ард сууж байна гэсэн үг. Онолоор манайх шиг жижиг оронд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг тав болгоход төр гаргасан мөнгөө татвараар 20 дахин өсгөж, төсөвт төвлөрүүлэх боломжтой гэнэ. Учир нь иргэдийн таван хувийн буцаан авах сонирхол НӨАТ-тай үйлчилгээг сонгох ба өнөөгийн цөөхөн НӨАТ төлөгчийг хэд дахин нэмэгдүүлнэ. Энэ нь  бидний олон жил хүссэн ДНБ өсөхөд нөлөөлнө. Төр хувийн өмчид халдсан цөөнгүй тохиолодол сүүлийн жилүүдэд гарч байна. Ихэнх шалтгаан гэдэг нь шалтаг төдий зүйл.

Харин ашиггүй ажиллаж, тэр бүү хэл татвар төлөгчдийн халаасаар тэжээгдэж байгаа төрийн өмчит компанийг татан буулгахад жижиг­хэн шалтаг саад болж чадна. Дээрх жишээнүүд манай төрийн мөнгө, өмчтэй харьцдаг зарчим. Нэгэнт төр ийм сэтгэхүйтэй тул төрийн өмчийн компаниудын удирд­­­лага ийм л зарчмаар ажил­лана. Тэд хувийн хэвшилтэй топ­роод явж байгаа нь утгагүй бөгөөд инээдтэй. Эрдэнэт, Таван толгойн хөрөнгө оруулалтаар эдийн засаг солонгорохгүй. Тэр тус­маа хамгийн том компаниуд төрд байхад найдвар бага. Харин ТОП-8 хувьцаат компани л эдийн зас­гийг солонгорлыг тэргүүлж иргэдийг нурууг тэнийлгэх болов уу.

Х.БАТТӨГС

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэрэл(202.131.245.154) 2022 оны 05 сарын 30

НӨАТын буцаан олголтыг нэмэгдүүлбэл НӨАТ ын орлого нэмэгдэнэ. Учир нь хүмүүс НӨАТ ын баримтыг худалдаа нийсэн газраасаа заавал нэхэж авна. Харин одоо бол өгсөн өгөөгүй 2% ын төлөө хэрүүл хийхгүй хаячихаад л явж байгаа. Эсвэл иргэдээс ийм хууль бус татвар авахаа зогсоо.талхаа хүртэл 10% ын татвартай авч байгаа ш дээ.

0  |  0
Unen ug(174.192.199.130) 2022 оны 05 сарын 29

Mongol uls butehgui uls bolj bgaag ta nar harj bn mongolin irged yu huleej bga gej bod ni margaashin hool yu bile gej bodoh

0  |  0
Top