ФОТО: Шатахуун дуусаж, өлсгөлөн нүүрлэсэн Шри Ланкын хувьсгал

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Шри Ланк улс бүрэн дампуурснаа дэлхийд зарлалаа.

Энэ улс түүхэндээ хамгийн том хямралтайгаа учраад байна. Улс оронд бензин дуусаж, хоол хүнс, эм хэрэглэлийн дутагдалд оржээ. Төв банк нь цалин тавихын тулд шинээр мөнгө хэвлэж байна.
 


Улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, иргэд Ерөнхийлөгч Готабая Раджапаксаг огцрохыг шаардаж байна. Шри Ланкийн гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрчээ.
 


Тавдугаар сарын 16-нд Ерөнхий сайд Ранил Викрамасингхе улс оронд бензин дууссаныг зарласан.

Шатахууны дараалалд хүмүүс амиа алдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өслөө.
 


Жишээ нь, гол хүнс болох будааны үнэ 2019 онтой харьцуулахад 96 хувь нэмэгдсэн байна. Эм хэрэглэлийн 85 хувийг гадаадаас авдаг байсан ч ковидийн хөл хорионы улмаас орж ирэхээ больсон байна.
 


Индонез улсаас эмнэлгийн барааны тусламж ирсэн бол Энэтхэг улс 1 сая ам.доллар тусламжаар илгээсэн.
 


Гэхдээ Шри Ланкийн Засгийн газрын мэдээлснээр хүнс, эм барааны анхан шатны хэрэгцээг хангахад 3 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ажээ.
 


Жагсагчид Ерөнхийлөгч Готабая Раджапакса болон түүний хамаатнуудын байшинг бүслэж, эвдэн сүйтгэж эхэлжээ.

Мөн эрх баригч намын 40 гишүүний орон байрыг шатаасан байна. Ерөнхий сайдын ордны ойролцоох нууранд дарга, албан тушаалтнуудын машин, мотоциклийг живүүлж, Засгийн газрыг дэмжигчдийг  ч нууранд түлхэн унагааж байна.
 


Ерөнхийлөгчийн ахан дүүс болох Махинда, Басиль, Шамаль нар Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдын албан тушаал эзлэж байгаад жагсагчид дургүйцэж байгаа юм.

Махинда 2005-2015 онуудад Ерөнхийлөгч байсан юм. Тэд Үндсэн хуулийг өөрчилж, чухал албан тушаалд өөрийн хүмүүсээ томилох эрхтэй болсон юм.
 


Засгийн газар дөрөвдүгээр сард огцорч, ард түмнийг тайвшруулах гэж оролдсон ч жагсаал үргэлжилсэн.

Тэр үед Ерөнхийлөгч Готабая Раджапакса зарим эрх мэдлээсээ татгалзсан ч огцрох бодолгүй байна.
 


Сүүлийн мэдээгээр 300 гаруй хүн шархдаж, 9 хүн амь үрэгдсэн. Засгийн газраас цэрэг, цагдаа нарт анхааруулалгүй буудах эрх олгожээ.

Эрх баригч Коммунист намын нэгэн томоохон дарга машиныг нь тойрсон хүмүүс рүү гал нээж, хоёр хүнийг алсан.
 


Засгийн газрыг дэмжигчид ч талбайд гарж, хоёр талынхан тулалдаж байна.

Жагсагчид Ерөнхийлөгчийг хулгайч, урвагч хэмээн нэрлэж, зайлахыг шаардахаас гадна авлигын хэргээр шүүхийг хүсч байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top