Цахим бугуйвчнаас сард 400 мянган төгрөгийн хураамж авдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэлээс тодрууллаа.
-Зорчих эрхийг хязгаарлах цахим бугуйвч хүний эрхийг зөрчиж байна гэдэг гомдол гарч байна. Үнэн үү?
-2021 оноос шинэ төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Зорчих эрхийг хязгаарлах тухай ялын талаар харилцан адилгүй ойлголттой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ төрлийн ялын чиглэлээр олон нийтэд нээлттэй мэдээлийг хүргэж байгаа. Монгол Улсын хувьд шинэ Үндсэн хуулиа баталж хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг байгуулахаар шийдэж 30 гаруй жилийг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд хууль зүйн зайлшгүй шийдвэрлэх ёстой зүйл нь эрүүгийн ял шийтгэлийн бодлогыг иргэнд ээлтэй, нийгмийн болон эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байх зорилтуудыг дэвшүүлж ирсэн юм. Эрүүгийн ялыг олон төрлийн сонголттой буюу ял шийтгэлийн бодлогыг уян хатан зохион байгуулах шийдлийг бид хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэ олон жилийн урт хугацааны бодлогын хэрэгжилт нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн эрүүгийн хуулинд заасан ялын шинэ төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ял юм. Энэхүү ялыг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Улс орнууд энэ төрлийн ялыг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай гэж үзээд цөөнгүй улс орнууд хэрэгжүүлж эхэлснээс гадна олон түвшинд судалж хэрэгжүүлж байгаа. Тус ял нь хорих ял буюу бусад төрлийн ялыг бодвол тухайн хүнд нийгэм, эдийн засгийн эерэг нөлөө үзүүлдэг. Энэ ялыг эдэлж байх явцдаа хувь хүн өөрийнхөө оршин суугаа хаяган дээр амьдрах, цаашилбал ажил хөдөлмөр эрхлэх, суралцах тэр дундаа гэр бүлийнхээ харилцааг таслахгүйгээр нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, үр хүүхдээ асран хамгаалах гэх мэтчилэн иргэний заяагдмал эрхүүдийг бүрэн эдлэх боломжийг олгодгоороо онцлог бөгөөд эерэг үр дүнтэй.
Энэ ял шийтгэлийн бодлогод орсон шинэ төрлийн ял шийтгэлийг дэлхийн 30 гаруй улс хэрэгжүүлж байгаа. Бусад улс оронд 1983 онд хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш технологийн дэвшил, хөгжлийнхөө хурдцаас хамаарч улс орнууд ээлж дараатай нэвтрүүлж эхэлсэн юм. Монгол Улс энэ ялыг нэвтрүүлж, ашиглаж эхэлсэн 27 дахь орон. Зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн гол онцлогийн нэг нь цахим төхөөрөмжийг ашиглаж тухайн хүний байршлыг тодорхойлж, зорчих эрхийг хязгаарлах замаар, өөрөөр хэлбэл чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлах нөгөө талдаа тодорхой чиглэлд зорчихгүй байх, тодорхой маршрутаар зорчих, тодорхой бүсээс гарахгүй байх, тодорхой газар очихгүй байх эсхүл тодорхой газраас явахгүй байх гэсэн үүргийг ноогдуулдаг ял байгаа юм. Таны асуусан асуултад хууль зүйн үүднээс тайлбарлаж хэлэхэд ял шийтгэгдсэн хүндээ бол маш их эерэг үр дагаврыг үүсгэдэг ял. Гэсэн хэдий ч нөгөө талд эрүүгийн эрх зүйн зарчмын үүднээс тодорхой үүргийг ноогдуулж байгаа.
Тэр үүргийг шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд заасан хугацаагаар ял шийтгэгдсэн бол биелүүлэх үүрэгтэй. Энэ шинэ төрлийн ялын зохицуулалтыг манай улс шинээр бий болгож хэрэгжүүлэх явцад олон улсын жишиг туршлагаас харгалзан, авч хэрэгжүүлсэн туршлага бий. Энэхүү цахим төхөөрөмжийн ашиглалтын зардлыг ял шийтгэгдсэн хүн хариуцан төлөх зохицуулалттай байдаг. Ялын төрлүүдэд нийгэмд ашигтай байх, эерэг үр нөлөөтэй байхаас гадна ял шийтгэгдсэн хүн гэм буруугаа ухамсарлах, ойлгох, хүлээн зөвшөөрөх, зан үйл, нийгмийн харилцаанд зөв оролцох, хууль сахин биелүүлэх гэх мэтчилэн боломжийг үүсгэх ёстой байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 169 дүгээр зүйлд ял шийтгэгдсэн хүн хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг өөрөө төлөх үүрэгтэй гэж заасан. Гэхдээ цахим орчинд яригдаад байгаа шиг өндөр үнэтэй биш. Программ хангамжийн ашиглалтын зардал бусад технологийн шийдэл, дата зэрэг ашиглалтын зардал дээр багахан хэмжээний зардал гарч байгаа. Үүнийг ялтан өөрөө хариуцан төлөх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.
-Ашиглалтын зардлын хэдэн төгрөгийг хэчнээн хүнээс авч байгаа вэ?
-2021 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд хоёрдугаар сард эхний хүнд цахим бугуйвчийг зүүлгэн байршлыг хянаж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар тооцвол 2464 хүн цахим бугуйвч зүүсэн гэсэн статистик тоо байна. Үүний 1100 гаруй хүн нь өнгөрсөн онд батлагдсан өршөөлийн хуулиар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн хүмүүс эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1400 гаруй хүн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байна. Эдгээр хүмүүс цахим бугуйвчийн ашиглалтын зардлыг тодорхой хэмжээгээр төлөх үүрэг хүлээж байгаа. Үүнд нэг уян хатан зохицуулалт байгаа нь тодорхой хэмжээний амьжиргааны эх үүсвэргүй, эдийн засгийн байдал хүндрэлтэй цаг үед иргэдийн тодорхой хувийн байдлыг харгалзан үзэж, төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг давхар оруулж өгсөн.
Шүүхээс ялын төрлийг сонгож оногдуулахдаа өөрийн дотоод итгэл үнэмшил дээр суурилж, тодорхой хэмжээний оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, гэм буруугийн үйлдлийг харгалан үздэг. Энэ ялын гол онцлог нь нэг хүнд хорих ял оногдуулаад тухайн хоригдол хорих ангид ял эдэлье гэвэл тусгай зориулалтын барилга байгууламж барина. Техник хяналтын камераар бүрэн тоноглогдсон байнгын харуул хамгаалалт, эмнэлгийн үйлчилгээ зэрэг олон ажлууд явагдана. Эдийн засагт өндөр ачаалал үүсгэдэг гэсэн олон улсын судалгаанууд байдаг. Эрүүгийн ялын сөрөг үр дагаврыг бууруулахад л чиглэгдсэн ял байгаа юм. Ял эдэлж байгаа болон зорчих эрхээ хязгаарлуулсан хоригдлын ар гэрээс маш олон арга хэрэглэж ялын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.
Энэ явцад байнгын маш өндөр хувьтай сэтгэл хамамжийн үр дүн гарч байгаа юм. Жишээлбэл, гэр бүлийн гишүүд, үр хүүхэд, хань ижил нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн ч гэлээ гэр бүлийн харилцаа нь тасрахгүй хамт байна. Зардлын асуудал нь олон улсын дунджаас маш бага зардалтай. Жишээлбэл, БНСУ-д нэг ширхэг бугуйвчийн ашиглалтын зардал 3900 орчим ам.доллар гэсэн тооцоо 2021 онд гарсан байдаг. Израль болон Швед, АНУ-д ашиглаж байгаа цахим бугуйвчийн ашиглалтын зардал бүр үнэтэй байх жишээтэй. Манайд зөвхөн дата ашиглалтын болон төхөөрөмжийн зардлыг өдөрт 1300 төгрөгөөр тооцож авч байгаа. Сард 30-40 мянган төгрөг болж байна. Энэ зардал эргээд ямар нэгэн байдлаар ашиг болдоггүй.
Тухайн хүндээ зарцуулагддаг. Биечлэн очиж хяналт хийх, цаашлаад техник төхөөрөмждөө засвар үйлчилгээ хийх ажлуудад бүрэн зарцуулагдаж байгаа. Энэ ялыг хэрэгжүүлэхэд техникийн горимын мэдлэг шаарддаг. Хүн бүр гар утас хэрэглэж байна. Үүнтэй ижил цахим бугуйвчаа байнгын цэнэглэх үүрэгтэй. Жишээлбэл, өсвөр насны хүүхэд гэрээсээ гадуур хичээлдээ явахдаа утсаа цэнэгтэй байлгаж ар гэрийнхэнтэйгээ холбоотой байдагтай адилхан. Байнгын цэнэгтэй байлгах үүрэг хүлээлгэж байгаа. Дээр нь эвдэж, гэмтээхгүй байх үүрэг хүлээж байна. Хэрэв төрийн өмчид бүртгэгдсэн цахим бугуйвчийг эвдэж гэмтээсэн тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй. Нөгөө талдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтын бүсийг удаа дараа зөрчих, санаатайгаар техник хэрэгслийг эвдэж гэмтээх тохиолдолд эрүүгийн хуулийн 5 дугаар зүйл дээр зааснаар ялыг нь хорих ялаар солих заалт бий. Өнгөрсөн хугацаанд 350 гаруй хүн дэглэм журам зөрчсөн буюу тодорхой хэмжээний зөрчил гаргасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялаар солигдсон тоон үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж цахим бугуйвч зүүсэн хүн хязгаарлалтын горимыг зөрчихгүй, техник хяналтын горимыг зөрчихгүй байхад ямар ч хүндрэл үүсэхгүй.
-Хэдийгээр цахим бугуйвч зүүж байгаа ч хүний эрхийн асуудал учир далд байдлаар хөлөнд нь ч юм уу зүүх боломжгүй юу?
-Энэ асуудал олон улсад яригддаг асуудлын нэг. Хорихоос өөр төрлийн ялыг алтернатив ял гэж нэрлэдэг. Тухайн хүний гэм буруугийн байдалтай нь тохируулдаг ял. Бидэнд олон улсад ашиглагдаж байгаа технологийн шийдлээс шалтгаалаад хөлийн болон гарын цахим бугуйвчийг ашиглах боломжийг бүрдүүлсэн шийдэлтэй ажиллаж байгаа юм. Тухайн хүн дээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт хариуцсан алба хаагч хүлээж аваад цахим бугуйвч ажиллах горимыг танилцуулна. Улмаар эрх үүргийг нь танилцуулж, тайлбар тэмдэглэн авдаг. Үүний хажуугаар хөл, гарын цахим бугуйвч зүүх үү гэдэг сонголтын асуудал үүсдэг. Бид олон улсад ашиглаж байгаа хөлийн болон гарын цахим бугуйвчийг анхнаасаа нэвтрүүлсэн. Цаашид хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна.
Н.АНУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
төрийн албандийханд бүгдэд нь зүү хаана очич авилга авахыг тогтоож бай