"Хан вилла"-гийн дүүжин шат ТОГЛООМЫН ТАЛБАЙД унаж, ХҮҮХЭД ГЭМТЭЭЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25


Барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж тоглоомын талбайд тоглож байсан бага насны хүүхэд хүнд гэмтсэн хэрэг Хан-Уул дүүрэгт гарчээ.

Тус дүүргийн VI хороонд байрлах “Гарден вилла” хотхоны тоглоомын талбайд тоглож байсан 9 настай хүүгийн дээрээс тус байрны хажууд баригдаж буй “Хан вилла” хотхоны гадны фасадны дүүжин шат унажээ.

Хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан бөгөөд “Хан вилла” хотхоны гурван ажилтан барилгын гадна фасадны ажил хийж байх үед дүүжин шатны тросс тасарсан байна. Ингэхдээ хажуугийн хотхоны хүүхдийн тоглоомын талбай руу шидэгдэж, хүүхдийн дээрээс унажээ. Ослын улмаас дүүжин шатан дээр ажиллаж байсан гурван ажилтны нуруу хугарч, хавирга нь цуурсан бол дүүжин шатанд дарагдсан хүүгийн баруун гар хугарч, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон байна.

Одоогоор гэмтсэн хүмүүсийн биеийн байдал дээрдэж, амин үзүүлэлт сайжирсан гэдэг мэдээллийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс өглөө.

Бид мэдээллийн мөрөөр өнөөдөр (2022.05.25) осол гарсан барилга дээр очиж, хариуцсан албан тушаалтнуудтай уулзах хүсэлт тавьсан боловч барилгын хамгаалалтын ажилтан дотогш нэвтрүүлсэнгүй.

Хамгаалалтын ажилтнаас болсон явдлын талаар асуухад “Тийм хэрэг гарсныг бид мэдээгүй. Дарга болон ХАБ-ын инженерүүд барилга дээр байхгүй. Хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. 

Биднийг ослын газарт очих үед барилгын ажил үргэлжлэн явагдаж байсан хэдий ч энэ барилгын аюулгүй ажиллагаанд анхаарал тавьж ажиллаж байгаа нэг ч албан тушаалтан байгаагүй юм.

Осол гарсны дараа хэргийн газарт цагдаагийн алба хаагчид болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Э нар ажилласан байна.

Хяналтын байцаагчийн урьдчилсан дүгнэлтээр, тухайн барилгын ерөнхий инженер болон ХАБ-ын ажилтан нь ажил эхлэхээс өмнө ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, ажлын байрны орчин нөхцөлийг шалгах ёстой байсан ч осол гардаг өдөр зааварчилгаа танилцуулаагүйгээс гадна, дүүжин шатны аюулгүй байдлыг ч шалгаагүй байна. Тиймээс ч хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаараагүйн улмаас дээрх осол гарч, гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна.

Осол гарсны дараа ч ялгаагүй дээрх барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаа боловч аюулгүй байдлыг ханган шалгах, албан тушаалтан, харгалзах хүн байгаагүй нь дахин осол гарах эрсдэл хэвээр байна гэсэн үг. 

Дашрамд дурдахад, “Хан вилла” хотхоныг “Өгөөмөр хангал” ХХК захиалан бариулж байгаа бөгөөд тус компани нь хоёр жилийн өмнөөс барилгын засвар хийх зөвшөөрөл авсан юм байна.
 

"Гарден вилла" хотхоны хүүхдийн тоглоомын талбайОсол гарах үед хүүхэд энд тоглож байжээДүүжин шат унахдаа тоглоомын талбайн хаалтыг эвдсэн байдалХаалт эвдэрснээс үүдэж, цахилгааны утас доош унасан байнаДүүжин шатны тросс ингэж тасарчээДүүжин шат унахдаа хоёр хуваагдсан байв

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top