ERG: Түүхий эдийн супер цикл 30 жил үргэлжилнэ

2022 оны 05 сарын 29

Эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай металлын олборлолтыг чиглэсэн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурсантай холбоотойгоор нийлүүлэлтийн шок үүсэж түүхий эдийн ханшийг ирээдүйд өсгөнө гэж  Евразийн Ресурс групп (ERG)-ийн гүйцэтгэх захирал Бенедикт Соботка лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр цар тахалтай холбоотой логистикийн асуудал, эрэлт хэрэгцээтэй хосолсноор түүхий эдийн зах зээлд шуурга үүсэх болно хэмээн Давост үргэлжилж буй дэлхийн эдийн засгийн форумд үг хэлэх үеэрээ ярьжээ. Соботка түүхий эдийн супер цикл  эхэлсэн бөгөөд 30 жил үргэлжлэх болно гэж хэлээд 2022 оны эцэс гэхэд зэсийн үнэ 20 хувиар өснө хэмээн таамаглаж буйгаа онцолсон байна.

Люксембургт төвтэй, хувийн хэвшлийн  Евразийн Ресурс групп нь зэс, кобальтын гол нийлүүлэгч юм. Мөн хөнгөнцагааны исэл, төмрийн хүдэр нийлүүлдэг. Собокта мөн чулуужсан түлшний сэргэлт түр зуурынх бөгөөд нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих шилжилтийг зогсоох боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 

Түүнчлэн тэрбээр “Эрчим хүчний шилжилтийн хэрэгцээг хангахын тулд уул уурхайн салбарт жилд 200-300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үүний ихэнх нь зэс, никель, кобальт болон бусад металлын олборлолтод зарцуулагдана.  Хэрэв  жижиг нийлүүлэлт тасалдвал үнийн томоохон өөрчлөлт гарах болно" гэжээ.

Лондоны Металлын биржийн лхагва гарагийн арилжааны хаалтын ханшаар  зэсийн үнэ  тонн нь 9640 хүрсэн. Харин ERG оны эцэс гэхэд зэсийн ханш тонн тутам 11.5 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. АНУ-ын “Goldman Sachs” банкны түүхий эдийн зах зээлийн шинжээчид энэ онд зэсийн ханш 12 мянган ам.доллар давна гэж тооцсон.

Түүнчлэн Бенедикт Соботка Европын холбоо, БНХАУ зэрэг томоохон эдийн засагт нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь Орос, Украины дайнаас үүдэлтэй түр зуурын үзэгдэл. Ирэх 30 жилийн хугацаанд дэлхий дахинд цэвэр эрчим хүчний шилжилтэд 50 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай. Зах зээлийн орчин үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн тасалдалтай тулгарч байгаагаас шалтгаалан Засгийн газрууд болон томоохон үйлдвэрлэгчид газрын тос, зэс, никел зэрэг стратегийн болон үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэх алхам хийж эхэлнэ. Тухайлбал, цахилгаан автомашин үйлдвэрлэгчид лити, кобальт зэрэг металлыг зах зээлийн өнөөгийн ханшаар худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахыг оролдож байгаа.

Энэ нь зах зээлд эрэлтийг нэмж, мөчлөгийн гадуурх үнийн өсөлт явагдахад хүргэнэ. Зах зээлд уг нөлөөлөл 2022 оны хоёрдугаар хагаст мэдрэгдэж эхэлнэ” гэж таамагласан байна. Автомашины салбар зэрэг эцсийн хэрэглэгчид лити, кобальт гэх мэт металлыг худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахыг оролдож эхлээд байгаа юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 30

Монголоос Хятадруу гаргаж байгаа газрын баялгийн түүхий эд зэс, коксжсон нүүрс олон улсын зах зээлийн үнээс хямдаар экспортлогдрж байгаа нь Хятад колони улсаасаа баялгий нь цөлмөж байгаа үйлдэл шиг харагдаж байна. Тийм болохоор монголыг бүрэн эрхт улс биш нэг жижигхэн компаний статусаар ажиллаад байна гэж хэрсүү монголчууд дүгнээд байгаа вм шүү.

0  |  0
Top