Европын эрчим хүч Хятадаас хамааралтай болох магадлал өндөр

2022 оны 05 сарын 31

Европын удирдагчдын Оросын чулуужсан түлшний хараат байдлаас гарсан ч, Хятадын хяналтад байдаг стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтээс хамааралтай болох вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Брюссель ногоон хэлэлцээр, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэхэд зайлшгүй шаардлагатай чухал түүхий эдийг урт хугацаанд нийлүүлэхээр чармайж, улс орнуудтай тохиролцохыг эрмэлзэж байна. Ирээдүйд эдийн засаг нүүрс, газрын тосонд түшиглэхээ больж, батерейны лити, цахилгаан машин, салхин сэнс зэрэгт өргөнөөр хэрэглэгддэг газрын ховор элементээс шалтгаалдаг болно” гэж Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцолжээ.

Түүнчлэн тэрбээр “Ногоон болон дижитал шилжилт нь газар ховор металлын эрэлтийг нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Гэсэн хэдий ч газрын ховор металлын нийлүүлэлт дэлхийн цөөхөн үйлдвэрлэгчээс шалтгаалдаг. Бид газрын тос, байгалийн хийтэй адил урхинд орохоос зайлсхийх ёстой” гэжээ.

Гэхдээ газрын ховор элементийн хараат байдлаас  сэргийлэхэд хэтэрхий оройтсон байж магадгүй гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хятад улс дэлхийн литийн зах зээлийн тал хувийг хянаж, нийт лити-ион батерейны дөрөвний гурвыг үйлдвэрлэдэг байна.

ОУЭА-ийн тэргүүн Фатих Бирол "Өнөөдөр газрын тосны тухай, маргааш литийн нийлүүлэлтийн тухай ярих болно. Хятад улс зөвхөн ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаанд төдийгүй цэргийн лазер, пуужин, хиймэл дагуул зэрэг дэвшилтэт технологид  өргөнөөр ашиглагддаг газрын ховор металлыг “түгжчихсэн”. Бээжин кобальт, бал чулууны дэлхийн нийлүүлэлтэд давамгайлж байна. Лити карбонатын үнэ энэ жил бараг арав дахин өсжээ. Кобальт 150 хувь, никелийн фьючерс ханш бараг хоёр дахин өсжээ. 

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Давосын чуулга уулзалтад хэлсэн үгэндээ Хятадаас хараат байдалд орох эрсдэлтэй талаар мөн адил хатуу анхааруулж, Украины түрэмгийлэл нь эсрэг тэсрэг гүрнүүдтэй хийсэн чөлөөт худалдааны худалдааны гэнэн гэрээний хор уршгийг илчилсэн гэжээ. Тэрбээр “Бээжинтэй харилцах харилцаанд "Хойд урсгал 2" хоолойн сүйрэлтэй дүйцэхүйц зүйл байх ёсгүй. Бид урт хугацааны аюулгүй байдлын хэрэгцээгээ богино хугацааны эдийн засгийн ашиг сонирхлоор сольж болохгүй. Чөлөөт худалдаа нь бид бүгдэд маш их хөгжил цэцэглэлт, эд баялаг авчирсан боловч өндөр өртөгтэй. НАТО-гийн технологийн давуу тал нь бидний аюулгүй байдлын үндэс байсаар ирсэн. Одоо бид хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг шинэ, хор хөнөөлтэй технологиудыг харж байна” гэжээ.

Европын холбоо 200 тэрбум еврогийн хөтөлбөр баталсан бөгөөд Оросын байгалийн хийн бүх импортыг өөр хүчин зүйлээр орлуулахыг эрмэлзэж байгаа юм. Түүнчлэн ногоон эрчим хүчний талаар хэт амбицтай зорилт тавьж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийт эрчим хүчний хангамжийн 45 хувь хүртэлхийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа аж. Европын Ногоон хэлэлцээрийн тэргүүн Франс Тиммерман Давосын чуулга уулзалтад хэлсэн үгэндээ Газар дундын тэнгисийн бүс нутаг нь эцсийн дүндээ дэлхийн цэвэр эрчим хүчний системийн төв болно гэжээ. Эрэлт нь нийлүүлэлтийг хязгаарын хүрээнд бий болгодог ч Европ чухал материалын төлөөх тэмцэлд орох нэгэнт тодорхой болсон гэдгийг мэрэгжилтнүүд онцолж байна.

 

ЯПОН ИРЭХ САРЫН 10-НААС ЭХЛЭН АЯЛАЛЫН БАГ ХҮЛЭЭН АВНА

 

Япон улс Ковид-19-ийн хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах ажлынхаа хүрээнд зургаадугаар  сарын 1-ээс эхлэн хилийн боомтоор өдөрт тус улсад нэвтрэх гадаадын иргэдийн дээд хязгаарыг 20 мянга болгоно гэж Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр ирэх сарын 10-наас эхлэн групп аялалд хамрагдах жуулчдыг хүлээн авахаар болсон талаараа онцожээ.

Кишида "Бид өдөрт улсдаа нэвтрүүлэх гаднын иргэдийн тоог 20 мянга хүртэл нэмэгдүүлж,  Японд ирэхдээ заавал шинжилгээ өгөхгүй байх боломжийг олгоно. Өдөр тутмын хязгаарт гаднын аль нэг орноос буцаж ирсэн япон иргэд, байнгын оршин суух эрхтэй хүмүүс, мөн виз эзэмшигчид болон багц аялалд хамрагдах жуулчид багтана. Эрсдэл багатай орнуудын аялагчдыг вакцинд бүрэн хамруулахгүй бөгөөд бүүстер вакцинд хамрагдсан хүмүүсийг хорио цээрийн дэглэм болон КОВИД-19-ийн  шинжилгээнээс чөлөөлнө. Аялал жуулчлалыг сэргээж,  КОВИД-19-ийн хязгаарлалтыг хөнгөвчлөхийн хэрээр тахал дахин сэргэж болзошгүй гэж санаа зовж буй хүн олон байна. Япон улс зургаадугаар  сарын сүүлч гэхэд аялал жуулчлалаас хамааралтай Хоккайдо мужийн Читосе нисэх онгоцны буудал болон хамгийн өмнөд хэсгийн Окинава арлын Наха нисэх онгоцны буудалд олон улсын нислэгээ сэргээхэд бэлтгэнэ” гэжээ.

Япон энэ долоо хоногт АНУ, Австрали, Сингапур, Тайландаас ирсэн зочдыг багтаасан жижиг хэмжээний туршилтын аялалаа эхлүүлсэн. Японы КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авах Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтан  Макото Шимоараисо “Бие даасан аялал жуулчлалыг хэзээ бүрэн хэмжээгээр сэргээх нь тодорхойгүй байна” гэжээ.  2019 онд цар тахал дэгдэхээс өмнө Япон улс 31.9 сая гадаадын жуулчин хүлээн авч байсан бол 2021 онд ирсэн жуулчдын тоо 245 мянга болж түүхэн доод хэмжээндээ хүрчээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.67) 2022 оны 06 сарын 07

Орос хятад 2 гүй дэлхийн хөгжил гэж байхгүйг цаг хугацаа ойлгуулна..өрнөдийхөн яс махандаа ойлгоно

0  |  0
Top