Газрын тос, байгалийн хийн үнэ ирэх саруудад ч өндөр байх төлөвтэй байгаагаас гадна Орос, Украины дайн үргэлжилж байгаатай холбоотойгоор зарим бүс нутагт нүүрсний эрэлт нэмэгдэхээр байгаа талаар Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) гүйцэтгэх захирал Фатих Бирол онцолжээ.
Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын (ДЭФ) жил тутмын уулзалтын үеэр Анадолу агентлагт өгсөн ярилцлагадаа Фатих Бирол “Дэлхий дахин эрчим хүчний хямралыг даван туулахаар хичээж байна. 1970-аад оны нефтийн хямрал хүртэл түүхий тосоос үүдэлтэй байсан” гэжээ. Орос, Украины дайны улмаас дэлхийн олон оронд эрчим хүчний тасалдал үүссэн бөгөөд үүний үр дүнд эрчим хүчний үнэ нэмэгдэж, Орос газрын тос, байгалийн хийн дэлхийн хамгийн том, номер нэг экспортлогч, нүүрсний зах зээлийн гол тоглогчийн байр сууриа алдсан билээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) гүйцэтгэх захирал гэнэтийн зүйл тохиолдохгүй бол газрын тос, байгалийн хийн өндөр үнэ, зах зээлийн тогтворгүй байдлыг үргэлжлүүлнэ гэдгийг тодотгосон байна.
ОХУ-аас өөр эрчим хүчний эх үүсвэр олохын тулд зарим улс өөр орноос байгалийн хий, газрын тос импортлож эхлээд байгаа билээ. Одоогоор Азербайжан, Норвеги, АНУ гол импортлогч болоод байна. Судлаачид сэргээгдэх эрчим хүч нь стратегийн чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлоод цөмийн эрчим хүчтэй салах ёс гүйцэтгэсэн улс орнууд ч гэсэн атомын цахилгаан станцаа сэргээхээр ажиллаж эхэлсэн тухай онцолж байгаа юм.
Орос Украины дайн өрнөдийн орнуудыг Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах, дэлхийн ногоон эрчим хүчний хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний үнийн өсөлтөөс болж зарим улс нүүрс рүү хошуурч байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг улам хурдасгах эрсдэлтэй юм.
Фатих Бирол “Нүүрсний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж магадгүй. Зарим улс орон яг одоо сандарч байна. Нүүрстэй холбоотой хөрөнгө оруулалт нь бидний уур амьсгалын зорилтод хүрэхэд нөлөөлнө. Тиймээс бид болгоомжтой байх хэрэгтэй" гэжээ. Хөгжиж буй эдийн засагтай Турк болон Энэтхэг улс эрчим хүчнээс илүү хамааралтай тул Европын орнуудаас илүү хүнд байдалд орох эрсдэлтэйг тэрбээр мөн тодотгосон байна. Эрчим хүчний нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч БНЭУ нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч эхлээд байгаа билээ. Өнгөрсөн баасан гарагт нүүрсний спот үнэ Австралийн Ньюкасл боомтод 1.6 хувиар өсөж, тонн нь 398 ам.доллар давжээ. Харин коксжих нүүрс болон ган үйлдвэрлэгчдийн эрэлт бага байгаатай зэрэгцээд Ганцмод хилийн боомтод Монголын коксжих нүүрсний үнэ буураад байна.
Тавдугаар сарын 25-26-нд “SXCoal”-ийн тооцоолсноор Монголын түүхий коксжих нүүрсний үнэ Ганцмод боомтод тонн нь 1900-1950 юаньд хэлбэлзэж байсан юм. Энэ нь өмнөх хоёр хоногийнхоос 50 юаниар буурсан дүн аж. Харин Жингтанг боомтод ОХУ-ын коксжих нүүрсний спот үнэ тонн нь 2800 юань байна. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 100-150 юаниар буурсан үзүүлэлт юм. Коксжих нүүрсний үнэ буурахад Монголын импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Хоёр улсын нүүрсний компаниудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр зургаадугаар сарын 14-нд Монголын нүүрсний ассоциаци болон “Fenwei Digital Information Technology” компани хамтран "БНХАУ Монголын нүүрсний компаниудын арилжаа" цахим хурлыг зохион байгуулахаар болсон байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )