Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнийн ерөнхий зохицуулагч Д.Ундраатай ярилцлаа.
ХОРОО, СУМДАД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ ХӨЛГҮЙ БАЙНА
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Монгол Улс хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн насанд хүртэл нь хамгаална гэж хуульчилсан. Тэгвэл бүх шатандаа үүнийг хэрэгжүүлж чадаж байна уу?
-Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын талаар зориуд товч мэдээлэл өгье. 1925 онд Швейцарын Женев хотод НҮБ-ын гишүүн орнууд хүүхдийн эрхийг олон улсын хэмжээнд улс орон даяар тэмдэглэж байхыг уриалсан байдаг. Монгол Улс бол 1952 онд албажуулсан. Үүнээс хойш “Хүүхдийн баяр” гэж тэмдэглэж байгаад 1995 оноос “Эх үрсийн баяр” болгож, 2003 оноос дахин “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэж өнөөг хүрсэн.
Монгол Улсын хэмжээнд 3.4 сая хүн амьдарч байгаагийн 38 орчим хувийг нь хүүхдүүд эзэлж байна. Тэгэхээр улсын хэмжээнд 1.3 сая хүүхэд байна. Эдгээр хүүхдийн маань эрх бүрэн хангагдаж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр бид дүгнэлт хийх цаг болжээ.
Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орж, энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж зайлшгүй батлагдах шаардлагатай болсон. Ингээд 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь нэлээд тунхгийн шинжтэй байсан учраас орчин үеийн хөгжил дэвшлээ дагаад энэ хуулийг хэрэгжүүлэхэд асуудал байсан. Хүүхдийн эрхийг зөрчсөн хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид оногдуулдаг шийтгэл нь одооогийн нөхцөл байдалд тохирохгүй гэж үзсэн. Ингээд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хуулчид нийлж 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулж, батлуулсан. Энэ хуулийг баталснаар эцэг эх, асран хамгаалагч болон төр ямар үүрэгтэй вэ, хүүхдийн эрхүүд дээр төр ямар оролцоотой байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Ингээд 2016 онд Монгол Улсын Засгийн газар гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхээр хуульчилсан байдаг.
Тэгэхээр хүүхдийн аливаа асуудлыг хүүхдийн баяраар бэлэг өгөөд дуусгахдаа биш, гэр бүл төвтэйгээр шийдэх ёстой юм байна. Ажил, орлоггүй эцэг эхийг ажил, орлоготой болгох, архины хамааралтайг нь архинаас гаргах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн зан үйлийг засах гэх мэтээр гэр бүл, хүүхдийн эрхийн эрх ашгийг төр хамгаална гэж хуульд заасныг төр өөрөө хангаж ажиллах ёстой.
-Ковидын үеийн хөл хориотой хоёр жилд хүүхдийн эрхийн зөрчил буураагүй гэсэн мэдээлэл байгаа. Хүүхдийн эрх ямар хэлбэрээр зөрчигдөж байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд ковидын хоёр жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байгаа. Жишээлэхэд 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 37787 хүүхэд осол гэмтэлд өртсөн байна. Тэдгээр хүүхдийн дийлэнх нь гэр бүлийн орчиндоо үл хайхрагдсаны улмаас түлэгдсэн, бэртсэн, унасан, хөлдсөн, живж амь насаа алдсан байна. Энэ бол маш өндөр тоо шүү.
Тэгэхээр энэ дээр хэн анхаарлаа хандуулах ёстой юм бэ? Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажил чиг үүргийн хүрээнд аль агентлагууд дээр байдаг вэ. Мэдээж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар, аймаг, сумын Эрүүл мэндийн газрууд, зам тээврийн осол гэмтэл тэр чигээрээ Замын цагдаагийн чиг үүрэг болоод орж байна. Дээрээс нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг анхан шатан дээр Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг, сургууль цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг, бүх эцэг эхчүүд чиг үүргийн хүрээнд бүгд холбогдож ажиллаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байх ёстой. Гэтэл энэ үүрэг нь хаана хэрэгжиж байна вэ.
Судлаач хүний хувьд харахад Монгол Улсын хэмжээнд нийт хүүхдүүдийн маань 400 гаруй мянга нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Тэгэхээр 1.3 сая хүүхдийн маань хэд нь эрсдэлтэй нөхцөлд байгааг бид бодох хэрэгтэй.
-Хүүхдийн хүчирхийлэл дундаас бэлгийн хүчирхийлэл багагүй хувийг эзэлж байна. Хүчирхийлэлд өрсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, сэтгэл зүйг нөхөн сэргээх ажлууд яаж хийгдэж байна вэ?
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэдэг хамгийн хүнд хүчирхийлэлд өртсөн байдаг. Ийм хүүхдүүдийг үнэхээр төр засаг нь анхаараад эрүүл мэнд, сэтгэл заслын нөхөн сэргээх эмчилгээнүүдийг урт хугацаанд үзүүлж байж тэр хүүхэд илаарших боломжтой. Тэгэхгүй л бол насан туршийн хохирогч болж үлддэгээрээ бэлгийн хүчирхийлэл үнэхээр жигшүүртэй гэмт хэрэг.
Гэтэл эдгээр хохирогч хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Одоогийн байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна. Бэлгийн хүчирхийлэл өндөр гараад байгаа аймаг, сумдууд дээр илүү анхаарал хандуулж ажиллах цаг болчихсон. Аль аймаг, аль дүүрэг, хороонууд дээр энэ төрлийн гэмт хэрэг өндөр байна вэ гэдгийг сигментлэн үзэж, хариу үйлчилгээг үзүүлэх ёстой.
Манай Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн маань 42 төрийн бус байгууллага 20 мянган ээжийг нэтгэсэн хөдөлгөөн. Бид 2020 оны гуравдугаар сард энэ хөдөлгөөнийг байгуулсан зорилго нь ердөө л хүүхдийн эрх хамгааллын асуудлыг төрийн түвшинд аваачих, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд төр үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг шаардсан. Ингээд 2020 онд УИХ-д нэр дэвшсэн дөрвөн намын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан. Ингэсний хүчээр бид МАН буюу сонгуульд олонх болсон намын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидын нөхөн сэргээх бүсчилсэн төвүүдийг байгуулна гэж оруулж чадсан.
-Тэгвэл түүнээс хойш хэчнээн бүсчилсэн нөхөн сэргээх төв байгуулагдсан бэ?
-Харамсалтай нь 2020 оны сонгуулиас хойш бүсчилсэн нөхөн сэргээх төвүүдийн нэг нь ч байгуулагдаагүй байна. Сэлэнгэ аймагт нэг шав тавигдлаа. Улаанбаатар хотод нэг байрны тохижилт хийгдээд энэ чиглэлээр ажиллах байгууллагуудаа сонгон шалгаруулалтаа хийгээд үйлчилгээгээ эхлэх байх. Гэхдээ дөрвөн жилийн парламентын 50 хувь нь өнгөрчихлөө. Төдийлөн энэ үйл ажиллагаа нь онц ахиц гарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ огт ажил хийгээгүй гэхэд хэцүү байна. Ямар ч байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны А.Ариунзаяа сайд сүүлийн хоёр жил ажлаад яваад байгаа. Гэхдээ удаан байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртөж, насан туршдаа хохирогч болдог хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг шүүхээр олгодог асуудал үнэхээр орхигдсон.
2020 оны тавдугаар сарын 21-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудын сэтгэл санаанын хохирлыг барагдуулах жишиг нормативыг тогтоох журам боловсруулах ажлын хэсэг байгуулах чиглэлийг холбогдох гурван яамд нь өгсөн.
Мөн дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүүхдийн эрхийг хангаж ажиллах жил дээр манлайлалтай ажиллахыг зохиуд уриалъя. Хандалтын төлөө сайтууд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг аймаг, сум, сургууль, ангиар нь зарладаг асуудал үнэхээр эмнгэнэлтэй байна. Тэр хүүхэд хэдийгээр хохирогч болсон ч ирээдүйд амьдрах хэрэгтэй. Гэтэл нутаг орондоо амьдарч, сургуульдаа сурах боломжгүй болгож байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдэд ээлтэй байх тал дээр анхаарч, ёс зүйн кодоо барьж ажилладаг байх, ёс зүйтэй байх шаардлагатай байна. Үнэхээр нэр устай нь зарламаар байгаа бол хүчирхийлэл үйлдсэн этгээдийг бус яагаад хохирогчийг зарладаг юм бэ.
Баянгол дүүргийн дугаар хороонд байшингийн дээврээс үсрэх гэж байгаа гурван хүүхдийг унан унатал нь лайв хийж үзүүлдэг зэрлэг хэвлэл мэдээллийн сайтыг хараад гутарсан. Үнэхээр харамсалтай. Тэгээд нэг нь унаад амь нас эрстсэн шүү дээ. Өөрсдөө бас эх хүн, эцэг хүн ажиллаж байгаа. Гэтэл үүн дээр яагаад хүн ёсны үүднээс анхаарч болохгүй байгаа юм бэ. Ямар хүнлэг бус юм бэ гэдгийг зориуд хэлье.
Аливаа хэвлэл мэдээллийн байгууллагын нэвтрүүлгийн 40-60 хувь нь хүүхдэд ээлтэй нэвтрүүлэг байх ёстой. Гэтэл тэр хаан байна вэ.
Телевизүүдийг үзэж байхад реклам, хүүхдэд ээлгүй хятад, солонгос драмуудыг гаргадаг болчихсон байна. Монгол дархлаатай, ёс заншлаа мэддэг, эх оронч хүүхдийг бэлдэх чиглэлээр ямар контент нэвтрүүлэг хийж байна вэ. Гадны нэвтрүүлгүүдийг хуулбарлаж байна шүү дээ.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАРДЛААС ХАМТАРСАН БАГУУДАД НЭГ Ч ТӨГРӨГ ХУВААРИЛААГҮЙ БАЙНА
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нэг удаагийн үйлчилгээ үзүүлээд өнгөрөх биш дараа нь хүчирхийлэл давтагдахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай харагдаг вэ?
- Монгол Улсын төр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегаа боловсруулсан байх ёстой. Тэн дундаа Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл.
Миний хувьд аймгуудын стратегийг жижиг жижгээр боловсруулаад явдаг. Аймгууд дээр ерөнхийдөө гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулъя гэвэл урьдчилан сэргийлэх ажлыг хамгийн сайн хийх ёстой. Урьдчилан сэргийлэх ажил, эрт шатны илрүүлэг, тандалт судалгаа гэсэн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүний зохицуулалтыг нь хийгээд өгчихсөн. Хороо, сумын Засаг даргаар ахлуулсан 740 орчим “Хамтарсан баг” ажиллаж байгаа. Энэ хамтарсан баг нь өөрийн хороо, сум дээр эрсдэлтэй гэр бүлийн хүүхдүүдээ илрүүлээд, хүүхэд хүчирхийлэлд өртөж, хүүхэд жирэмсэлсний дараа биш урьдчилан сэргийлэх нь бидний үндсэн ажил.
Гэтэл одоогийн нөхцөл байдал өнгөрсөн борооны араас цув нөмрөөд, хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа нийтээрээ сошлиар сэвдэг. Цаана нь хохирогчийг хамгаалах асуудал үлдчихдэг. Хамгаалах байранд аваад дөрөв, тав хонуулаад гаргана. Гэтэл тэр хүүхдийг бүрэн бүтэн хариу үйлчилгээ үзүүлэх, гэнэтийн авсан сэтгэл зүйн эмгэгүүд дээр урт хугацаанд үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Хүчирхийлэл үйлддэг этгээдийг 7-30 хоног баривчлаад өнгөрөх биш, зан үйлийг нь засах, урт хугацааны сургалт, нөлөөлийн арга хэмжээнд хамруулах, хяналтын тогтолцоог нь илүү сайжруулалх ажлуудыг хийс ёстой. Гэтэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд урт хугацааны сэтгэл зүйн үйлчилгээг төдийлөн сайн үзүүлж чадахгүй байгаа.
Тийм учраас Монгол Улсыны хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд 10 тэрбум төгрөгийг энэ жил төсөвлөсөн. Энэ мөнгийг яг анхан шатан дээр үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан багт нь хуваарилах зайлшгүй шаардлага гарч байна.
Өмнөх жилийн хүүхэд хамгааллын 8.3 тэрбум төгрөгний 45 хувийнх нь тайлан одоо болтол байхгүй байгаа Б.Баярсайхан гишүүн хэлж байсан. Тэр тайлан нь хайччихсан юм бэ. Яагаад тэр тайлан үр дүнгүй зарцуулагдчихсан юм бэ, яагаад хүүхдүүд рүү очиж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр бид анхаарлаа хандуулах зайлшгүй шаардалагатай. Жишээ нь улсын хэмжээнд 31 асрамж, халамжийн төв байна. Хоёрхон нь төрөөс санхүүжилттай. Бусад нь нөгөө л төрийн бус байгууллага, сайн санаатай хүмүүс, олон улсын дэмжлэгээр ажиллаж байна.
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод ямар хариу үйлчилгээ үзүүлдэг ямар байгууллагууд байна вэ. Урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чадаж байна уу?
-Монгол Улс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүддээ урт хугацааны үйлчилгээ үзүүлж чадахгүй байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын нөхөн сэргээх Үжин төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хөөрхөн зүрхнүүд, Гүнж төв гэсэн хэдхэн байгууллага чадах чинээгээрээ өөрсдөө мөнгөө олоод зүтгээд явж байна. Гэтэл төр энэ үйлчилгээг үзүүлж байгаа төрийн бус байгууллагуудад яагаад одоо болтол дэмжлэг үзүүлдэггүй юм бэ.
Одоо тэр 10 тэрбум төгрөгийг Хамтарсан баг руу хуваарилж өгөх ёстой. Үүнийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нар нэгдүгээр сарын 30-нд Хүүхэд хамгааллын зардлын жишиг нормативыг гаргаж, урьдчилан сэргийлэх ажлын зардлыг олгохыг Гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгосон. Гэтэл хагас жил болж байхад одоо болтол хуваарилж өгөөгүй байна.
Төр шийдвэр гаргаад байдаг дунд шат, агенлаг нь ажлаа хийдэггүй, анхан шатан дээр нь ажил удааширдаг. Төрийн ажилд хурд хэрэгтэй байна шүү дээ. Журам батлагдаад, журмаа хэрэгжүүл гээд сайдаас бичиг өгчихсөн л бол одоо хоёрдугаар улирлын хуваарилалтыг аль хэдийнэ хийчихсэн байх ёстой. Гэтэл анхан шат, хамтарсан багуудад нэг ч төгрөг хуваарилагдаж очоогүй байна.
ХОРИХ ТӨВД БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН 65-70 ХУВЬ НЬ ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭР ОЧСОН БАЙНА
-Бэлгийн хүчирхийлэлд охидоос гадна хөвгүүд өртсөн тоо баримт цөөнгүй. Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд үйлчилгээ авч чадах байна уу?
- Ер нь бага насны бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа охид, хөвгүүдийн тоо өсөлттэй байна.
2020 онд Нийслэлийн гэр бүл, залуучуудын хөгжлийн газар маань Гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын “Үжин” төвтэй нийлээд хэд хэдэн хөвгүүнийг манай дээр байрлуулсан. Төр өөрөө байр саваар хангадаггүй. Бид өөрсдөө түрээсийн байр, хаус, нэг давхрын гурван өрөө ч юм уу түрээслээд явдаг учраас хэцүү байсан. Гэхдээ хөвгүүдээ авч, холбон зуучлаад асрамж халамжийн төвүүдэд өгсөн. Ер нь сүүлийн жилүүдэд бага насны эрэгтэй хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудал нэмэгдээд байна.
Тэгэхээр бид одоо зөвхөн охидоо биш хөвгүүдээ хамгаалах шаардлага үүсэж байна.
Хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ охидыг зодож болохгүй, хайрлах ёстой гээд байдаг. Гэтэл сүүлийн үед охид нь хөвгүүдийг зоддог асуудал их гарч байна.
Түүнчлэн хүүхдрийн хорих анги буюу сургалт хүмүүжлийн тусгай төв дээр гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа хүүхдүүдийн 65-70 хувь нь хүчингийн гэмт хэрэг үйлдээд орсон байна.
Тэгэхээр яагаад хүүхдүүд маань хүчирхийлэгч болж эхлэв гэдэгт бид анхаарал хандуулах цаг болжээ. Энэ бол хэвлэл мэдээлл, цахим орчинтой их холбоотой.
Цахимаас маш олон буруу үлгэр дуурайллуудыг авч, түүнийгээ найзуудттайггаа нийлж туршдаг асуудал их яригдаж байна. Тийм учраас дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн сайтуудад “Нийгмийнхээ стрессийг нийлж засъя” гэж уриалмаар байна. Буруу зүйлийг түгээхээс илүү соён гэгээрлийг түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон болоосой.
-Хэдхэн хоногийн өмнө хүүхдийн өмнө үүрэг хүлээгч байгууллагуудын чуулган болж өнгөрлөө. Тус чуулганы үр дүнг юу гэж дүгнэж байна вэ?
УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар олон улсын байгууллагуудтай хамтарч тавдугаар сарын 27-ны өдөр хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг “Хүүхдэд ээлтэй Монгол” нэрийн дор зохион байгуулсан.
Энэ дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн буюу яам, агентлагийн сайд, дэд сайд, төрийн нарийн, холбогдох агентлагийн удирдлагууд хүүхдийн өмнө 2022, 2023 онуудад юу хийх вэ гэдэг амлалтаа танилцууллаа.
Жишээлбэл, Соёлын яам урлаг соёлын бүх тасалбарынхаа орлогын нэг хувийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зарцуулахаар шийдвэрлэж байгаа нь маш том амлалт байлаа.
Цахим хөгжлийн яам хүүхдийг цахим орчны хүчирхийллээс урьдчилан сэргийлэхээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын контентууд дээр хяналт тавих, хүүхдэд ээлтэй, эерэг контентуудыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллахаа амлаж байна. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын хүрээнд хүүхэд хамгааллын бодлоготой болно гэлээ.
Ер нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээж байгаа салбаруудаас Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн орчин дахь хүүхэд хамгаалал маш муу хэрэгжиж байгааг судлаач хүний хувьд цохон тэмдэглэе.
Эрүүл мэндийн яам маш олон үүрэг хүлээдэг. Яагаад гэвэл үзлэг шинжилгээний явцад зодуулж, цохиулсан хүүхэд, насанд хүрээгүй охидын жирэмслэлт, бэлгийн замын өвчлөл байвал заавал мэдээлэх хуулийн үүрэгтэй байдаг. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна.
Боловсролын яам /БШУЯ/-тай холбоотой боловсролын орчны хүүхэд хамгааллын асуудал төдийлөн сайн биш байна. Жишээлбэл, хүүхэд зодож байгаа багш нартай холбоотой асуудал өдөр бүр шахам гарч байна.
Нэгэнт Монгол Улс 2016 онд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон орон болсон учраас багш ажиллагсад хүүхэд зоддог асуудлаа болих хэрэгтэй. Төсвийн мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагч хуулийг сахин биелүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Сургуулийн дотуур байрны асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай болсон. Сургууль, цэцэрлэгийн камерууд бүгд ажилладаггүй байх жишээтэй. Дүр эсгэсэн камертай сургуулиуд олон байна. Энэ хяналтын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагууд, Боловсролын ерөнхий газрын хүүхэд хариуцсан газар нэгж хий.
Нэн ялангуяа хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурахтай холбоотой эрхүүд Улаанбаатарын хэмжээнд маш өндөр, улаан түвшинд очиж байна. Лифтэнд суух гэж байсан хүүхэд лифт рүү унаад нас барлаа, хүүхдүүд байшингийн дээврээс үсэрч амь насаа эрсдүүлсэн асуудал гарлаа. Энэ мэт маш олон асуудал байгаа учраас Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүн бүр хүүхдийн өмнө ямар үүрэг хариуцлага үүрч, хариуцлагаа ухамсарлаж ажиллах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш зүгээр нэг чихэр, шоклад, бэлэг өгөөд өнгөрдөг асуудлаа бид болих цаг болжээ.
-Сайн жишгүүд байв уу?
-Чуулган дээр 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нар бүсчлээд илтгэл тавьж, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, шинээр хийх олон ажлыг нэрлэсэн.
Тэр дундаас Зүүн бүсийн илтгэлээс нэг онцлог зүйл ажиглагдаж байсан нь Дорнод аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн М.Бадамсүрэн хүүхэд рүү чиглэсэн багагүй шинэлэг ажлуудыг нэрлэсэн. Үүний нэг нь хүүхдийн цүнхний жинг захирамжилсан анхны аймаг байлаа. Бага насны хүүхдүүд хүнд цүнх үүрдгээс болоод мөр нь далийчихсан, нурууны мурийлттай болж хохирч байдаг. Бүх сургууль дээр “Жаргалан кафе” гэж нээж өгч, сурах эрмэлзэлтэй, амьдралын хүнд нөхцөлд байгаа 5-аас дээш ангийн хүүхдүүдэд үдийн цай өгдөг сайн туршлагууд харагдаж байсан. Мөн холоос хичээлдээ явдаг хүүхдүүдийг зөөх автобусаар сургуулиудаа хангасан байна. Энэ бол тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлаа сайн хийж байгаа жишээ гэж харагдаж байна.
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж буюу тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдийг урлаг, спортоор нийгэмшүүлэхийг түлхүү анхаарч байна. Мөн боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулж, мөн гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн хохирогчид хариу үйлчилгээ үзүүлэх чанарын асуудал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа дурдаж байгаа нь сайшаалтай байсан.
Амласан бол хийх ётой. Тийм учраас төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн комиссын Иргэний зөвлөлийн гишүүний хувьд яг энэ хүүхдийн эрхийг хангаж ажиллах чиглэлээр амласан амлалтууд, хийж хэрэгжүүлж байгаа хуулиар үүрэг хүлээсэн ажлуудаа хэрхэн хийж байна вэ гэдэг дээр хатуу хяналт тавьж ажиллана. Тийм учраас бүгдийг баримтжуулж авсан.
ЯМААНД 20 МЯНГА,ХҮҮХДЭД 6830 ТӨГРӨГ ОНОГДОЖ БАЙНА
-УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Өмнөх хуулийнхаа хэрэгжилтийг гүйцэд хангаагүй атал дахин өөрчлөх шаардлага байна уу?
-Нийгмийн бодлогын байнгын хороо, Оюунчимэг гишүүнээр ахлуулсан энэ хуулиудын хэрэгжилт дээр УИХ-ын хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнд нь Б.Баярсайхан, Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ч.Ундрам зэрэг гишүүд ажиллаж, эхнээсээ аймаг, дүүрэг, агентлагуудаар хяналт шалгалтыг хийгээд явж байна.
Аливаа хуулийг 3-5 жил хэрэгжүүлээд, хяналт мониторинг хийгээд болохгүй зүйлийг өөрчлөхөөс өөр аргагүй. Жишээлэхэд Хүүхэд хамгааллын хуулинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг санаатай ба санамсаргүй хүчирхийлэл гээд оруулчихсан. Би судлаач хүний хувьд хэзээ ч санамсаргүй хүчирхийлэл байхгүй гэж үздэг.
Тийм учраас энэ тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хуулинд анхан шатны нэгж буюу хороо, сумдад гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох зайлшгүй шаардлагатай. Одоо бид хэчнээн хүүхэд, залуучуудын газар нь ажлаа хийгээд анхан шатан дээрээ огт хөлргүй газар шүү дээ. Сум, хороон дээрээ хөлгүй нөхдүүд ажил хийгээд зүтгээд байдаг. Яг энэ хүмүүсийн ажлыг базаж ажиллах ёстой мэргэжилтэн алга.
Монголрын төр бас хэцүү шүү дээ. Сум дээр мал хариуцдаг таван хүний орон тоог нэмээд бий болгочихсон. Гэтэл хүүхэд хариуцсан нэг ч орон тоо байдаггүй. Эндээс л харах хэрэгтэй. Монголын төр иргэн төвтэй, хүн төвтэй төр байх байтал мал төвтэй болчихоод байна. Ямаанд 20 мянган төгрөг өгөөд байдаг. Гэтэл хүүхэд хамгааллын зардлыг тооцож үзвэл нэг хүүхдэд 6830 төгрөг л оногдож байна.
Тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэсэн үндсэн концепцтэй. Гэтэл энэ концепцыг хэрэгжүүлэхийн тулд хүүхдийн хөгжлийн орчныг бий болгох хэрэгтэй. Хүүхдийн дугуйлангуудын хэд нь ажилладаг юм бэ, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх ямар төвүүд нээлттэй ажиллаад байгаа юм бэ. Зуслангаа дэмжих чадаж байгаа юм уу, үгүй юу.
Зуслангийн хөтөлбөр гээд зуны гурван сарын турш ажиллаж байна. Тэгвэл эрсдэлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй явуулах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэтэл төр хэмнэлтийн горим гээд зарлаад байдаг. Цахимаар урьдчилан сэргийлэх ажлыг хийгээд үр дүнд хүрдэг бол ковидын хоёр жилийн хугацаанд буурах ёстой. 2020 онд 1181 хүүхэд гэмт хэргийн хохирогч байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар 1365 хүүхэд болж нэмэгдсэн. Одоо он гарснаас хойш хагас жилийн байдлаар гэмт хэргийн хохирогч болчихсон хүүхэд дөрөвдүгээр сарын байдлаар 700 гарчихаад байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 6 )
Аа
Энн Зургаа долгое мянган хүүхэд хүчирхийлүүлсэн гэсэн тоо нь яаж гарсан эд вэ. Үнэн юмуу худлаа юмуу. Худлаа бол худлаа гээд үнэн бол үнэнг нь төр засаг хүлээн зөвшөөрөөд аянгын харангаа дэлдээчээ. Худал үнэн нь. Мэдэгдэхгүй ийм хачин аймаар юм ярчихаад нэг л сайхан сенсаац дэгдээсэн амьтан маасайгаад сууж байдаг энэ одоо юу вэ
Монгол хүн Монгол хүүхдийн үнэлэмж ямаанаас хямд. Монгол төр ингэж хүнээ үнэлдэг. Тэмцэлгүй ард түмэн мөхдөг жамтай
Энэ судлаач уу. Ямар судалгаа хийсэн бол. Ярьжбайгаа зүйлээ өөрөө ойлгож байгаа болуу.
Mal mal geseer mal ni huneesee unetei mah ni bur unetei saihoon saihan!
Хүний алаг үрсийг адгуус малнаас дор үздэг төр засагтай бид үнэхээр жаргаж үхэх нь ээ.