Хамран сургах тойргийг шинэчилж, хувийн цэцэрлэгт хамруулна

2022 оны 06 сарын 02

2022-2023 оны хичээлийн жилд сугалаа сугалж байгаа 34 мянган хүүхдийн асуудал буюу 2 настай хүүхдүүдийн асуудлыг яаж шийдэх талаар Засгийн газрын даваа гаргийн /2022.06.02/ дараах шийдлүүдийг гаргасныг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.


9 ДГЭЭР САРЫН 1-НД НИЙСЛЭЛД:

-Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар  20 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулна. Тэдгээр цэцэрлэгт 3000 хүүхдийг нэмж авах боломжтой болно.

-Цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэж, үйл ажиллагаа явуулна. Ирэх 7 хоногт нийслэлд хамгийн өндөр ачаалалтай байгаа 26 хамрах сурах тойрог дээр түрээслэх байрнуудыг судалгааг авах нээлттэй сонгон шалгаруулалтыг хийнэ.

-Шаардлага хангасан орон сууцуудын 1 дүгээр давхрыг худалдан авна.

-Байшингаас дутахгүй, шинэ технологиор баригдаж байгаа гэр цэцэрлэгүүдийг ашиглана. Улаанбаатар хотод 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнэ нь орохгүйгээр 1.8 тэрбум төгрөг орж, барихдаа 3 жилийг зарцуулж байна. Харин Цомцог гэр буюу шинэ технологиор барих гэрүүд нь 100 хүүхдийн цэцэрлэгийн 300 сая төгрөгөөр, 3-5 сарын дотор бэлэн болох боломжтой. Энэ цэцэрлэгийг 15 жил хүртэл ашиглах боломжтой.

-Шаардлага хангасан орон сууцуудын 1 дүгээр давхрыг худалдан авна

-Байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагааг олон хэлбэрээр дэмжинэ. Өнөөдөр нийслэлд 21 байгууллагын цэцэрлэгт 1700 хүүхэд байна. Энэ намар олон байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар нь дэмжих боломж байгаа гэж харж байна.

-Нийслэлд хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь хамран сургах тойргийг дандаа буруу төлөвлөж байсан. Яагаад гэхээр хамран сургах тойрог дээр тухайн тойрог дээр байгаа төрийн өмчит цэцэрлэгийнхээ багтаамжаар тооцоолдог байсан. Жишээ нь БЗД-ийн 17 дугаар хороон дээр цэцэрлэгийн насны 2900 хүүхэд байхад хамрах тойрогт нь 300 хүүхдийн хүчин чадалтай ганцхан цэцэрлэг байна. Ингэж л төлөвлөлт хийгддэг учраас цаана нь үлдэж байгаа 2600 хүүхэд дээр сугалаа явуулдаг байдал үүсэж байгаа.

-Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлнэ. Одоо шинээр төлөвлөхдөө хамран сургах тойрог дээр байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг төлөвлөнө. Өмнө нь хувийн өмчийн цэцэрлэгүүдийг төлөвлөгдөггүй байсан. Хувийн өмчийн цэцэрлэгүүдийг санхүүжүүлэх санхүүгийн механизм тодорхой бус байсан учраас хувийн өмчийн цэцэрлэгүүд өндөр төлбөрөөр хүүхэд авахаас хамран сургах тойргийн хүүхэд авах сонирхолгүй байсан. Одоо бол УИХ-ын тогтоолоор төрийн өмчийн цэцэрлэгт олгож байгаа хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний зардлыг хувийн цэцэрлэгт өгч, дээрээс нь хоолны мөнгийг нь өгнө гэдэг шийдвэр гарсан. Үүнээс хойш хувийн цэцэрлэгүүд идэвхжиж, хамран сургах тойргийн хүүхдүүдийг авах боломж нээгдэж байна.

Түүнчлэн төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүд өөрийн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг авдаггүй, 30-40 хувьд нь өөр тойргийн хүүхдийг авдаг зүйл байсан. Эхний ээлжинд бид нэгэнт хамран сургах тойргийг шинээр төлөвлөж байгаа учраас энэ цэцэрлэгүүдийн 70-80 хувьд нь тухайн хамран сургах тойрог дээр амьдарч байгаа хүүхдүүдийг авах зохицуулалтуудыг хийх шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top