УИХ-ын өнөөдрийн /2022.06.03/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэх зарчим үйлчилж эхлэх эрх зүйн орчин бүрдлээ.
Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөл хөрсөнд бууснаар аливаа хэргийг замхруулдаг, хуулийнхан авлига авдаг, эрүүдэн шүүдэг, хэрэг тулгадаг, хонгил үүсгэдэг зэрэг сөрөг үр дагавар алга болно гэж хууль санаачлагчид үзсэн байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар санаачилж, өргөн барьсан бөгөөд тэд өнөөдөр /2022.06.03/ мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхээс хоёр төрлийн шийдвэр гардаг. Хэрэв хэрэг үйлдсэн нь нотлогдол яллана. Нотлогдохгүй бол цагаатгах шийдвэр гаргадаг. Харамсалтай нь, манай улсад өөр хууль үйлчилдэг. Хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Үүнээс болж олон хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар замхруулдаг, алга болгодог" хэмээн ярьжээ.
Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж тусгасан байна. Түүнчлэн "Шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй" гэдгийг ч тодотгож өгчээ.
Хамгийн гол нь, хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр хэргийг өөрөөр нь эрүүдэн шүүж хүлээлгэдэг биш, удаан хугацаагаар хэргийг мөрдөн байцаалтад байлгаж барьцаалдаг, шантааж хийж авлигаждаг байдлыг халж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ ч утгаараа аливаа хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцдаг болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг бол нотлох баримтыг хангалттай цуглуулсан эсэх, тухайн яллагдагч, сэжигтэнд эрхийг нь танилцуулсан эсэх, өмгөөлөгчийнх нь хамт мэдүүлэг авсан эсэх, хууль бусаар эрүүдэн шүүж байгаад гарын үсэг зуруулсан эсэхийг тусгайлан шалгадаг үе шат. Энэ үе шат хууль зөрчигдсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаана. Харин нотлох баримт бүрэн цугларч, хууль ёсны эрх зөрчигдөөгүй гэж үзсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлж, гэм бурууг тогтооно. Өөрөөр хэлбэл, нотол. Нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчим Монгол Улсын эрх зүйн системд нутагшихаар боллоо" гэх тайлбарыг өглөө.
Тэгвэл хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хуулийн байгууллага маш сайн ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн шалгасан хэрэг дээрээ маш сайн ажиллаж, нотлох баримтаа цуглуулж байж шүүхэд шилжүүлэх ёстой. Тэгэхгүй бол нотлох баримт хангалтгүй, хэрэг бүрэн нотлогдохгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ утгаараа прокурор хариуцлагатай ажиллах ёстой. Дутуу шалгасан хэргийг шүүхэд шилжүүлэх аваас прокурор өөрөө хариуцлага хүлээнэ" гэдгийг мэдээлэл хийх үеэрээ давхар сануулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )