УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан /2022.06.03/ гарагийн нэгдсэн хуралдаанаар “Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонссон билээ. Мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эко-системийн доройтол зэрэг байгалийн хүчин зүйлс байгаа боловч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай болж, энэ асуудал дээр төрийн зөв бодлого, шийдвэр үгүйлэгдэж байгааг тодотгоод 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай” Монгол Улсын хууль, 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсан. Өнөөдрийн байдлаар холбогдох хуулиудын биелэлт хангалтгүй, хөтөлбөрийн үндсэн зорилтууд ажил хэрэг болоогүйг онцолж байлаа.
“Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хувьд эхний үе шат нь 2021 онд дууссан, хоёр дахь буюу эцсийн үе шат нь 2023 дуусахаар байгаа боловч хэрэгжилт тун хангалтгүй байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга онцлоод өнөөдөр цөлжилттэй тэмцэхийн тулд билэгдлийн чанартай хөтөлбөр дэвшүүлж, лоозогнох биш, бодит ажил хийх хэрэгтэй байна. 2020-2022 онд цөлжилттэй тэмцэх, зарим нуур, голыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулахад зориулж улсын төсвөөс 20,0 гаруй тэрбум төгрөг хувиарласан. Эдгээр төслийн биелэлтийг гаргаж, дүгнэлт хийж, тайлагнах шаардлагатай гэж байлаа.
Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын асуудал манай эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хойч ирээдүйтэй холбоотой тулгамдсан асуудлын нэг тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах зүйлд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох, ингэхдээ хууль журмын заалтууд нь амьдралд бодитой хэрэгжихүйц, үр дүнг нь тооцож болохоор хэмжигдэхүйц болгоход анхаарах, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа, шинжилгээнд тулгуурлан зөв зохистой төлөвлөж, хэрэгжилт дээр бодитой төлөвлөлт, гүйцэтгэлийг шаардаж ажиллахыг тодотгов.
Мөн бүс нутгийн механизмыг ашиглах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутагт гадаргын усыг ашиглах боломжуудыг судлан, усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэх, бэлчээрийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг бий болгох, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо толгойн харьцааг зохистой болгоход анхаарах, Улаанбаатар болон бусад хот, суурин газруудад олон жил ярьсаар байгаа хог, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд байгуулахыг Д.Ганбат дарга танилцуулгадаа тодотгоод Засгийн газраас дээрх саналуудыг ажил хэрэг болгож, гаргасан хууль хөтөлбөрүүдийг цаасан дээр үлдээн мартах биш, бодит ажил болгоход онцгой анхаарч, гүйцэтгэл сайтай ажиллахыг хүссэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Бидон-Ганбат сайн ажиллаж байгаа.Албан тушаалд нугасгүй дуртай Ганибал,ЖБатсуурь,Туваан нар бүлгийн даргаас нь унагах гээд хуулийн төсөл оруулж үзлээ.Арай хэтэрчээ.Бидонхүү маш сайн ажиллаж байгааг дахин хэлъе