Улаанбаатарын их сургуулийн Эрдмийн танхимд өнгөрөгч баасан гаригт “Хятадын угсаатны зүй” номын нээлт боллоо. Уг номыг БНХАУ-ын Төвийн Үндэстний их сургуулийн профессор Яан Шөнминийн захиалгаар Улаанбаатарын их сургуулийн захирал, доктор, профессор С.Байгалсайханаар удирдуулсан төслийн баг монгол хэлнээ орчуулан уншигч олноо хүргэж байгаа аж.
“Хятадын угсаатны зүй” номын нээлтэд Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн Г.Чулуунбаатар, Монгол Улс болон Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, эрдэмтэн Г.Цэрэнханд, Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор Ц.Эрдэнэбат болон эрдэмтэн багш, оюутан сурагчид оролцсон юм. Харин уг номын эзэд болох Яан Шөнминь, Дин хун нар цахимаар оролцож, санал бодлоо солилцсон. Хятадын 56 үндэстний тухай түүхчлэн өгүүлсэн уг номын арга хэмжээг С.Байгалсайхан нээж үг хэлэхдээ “Энэ ном бол эрдэм шинжилгээний хувьд ч түүх, эх сурвалжийн хувьд ч маш сайн бүтээл болсон гэж үзэж байна. Өнөөдөр даяаршлын эрин үе давалгаалж байна, ийм үед биднийг дангааршиж үлдэхэд ч хэрэг болно. Тус ном нь эрдэмтэн судлаачид, угсаатны чиглэлээр сурч буй оюутан суралцагчдад ихээхэн хэрэгтэй. Энэ номыг зохиогчид хятадын бүх нутгаар явж бүтээсэн” гэдгийг онцолсон.
Мөн үеэр Г.Чулуунбаатар “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиуд дундаас эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үр дүнтэй, эрэлхийлэлтэй ажилладаг нь Улаанбаатарын их сургууль юм. Тус сургуулийн багш нар маш олон чиглэлээр судалгаа шинжилгээ хийж ирсний нэг жишээ нь энэ ном. Угсаатны зүй бол өөрөө асар том зүйл. Угсаатан дотроо түүх соёл, урлаг, утга зохиол, уламжлалт ахуй гээд бүгдийг багтааж байдгаараа том шинжлэх ухаан юм. Төслийн багт баяр хүргэе” хэмээсэн.
Үүнээс хоёр жилийн өмнө С.Байгалсайхан тэргүүтэй эрдэмтэд БНХАУ-ын Төвийн Үндэстний их сургуулийн урилгаар Бээжин хотод очиж тус сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэр Улаанбаатарын их сургуульд Хятадын угсаатны зүйн танхим байгуулах санал гаргаж байсан ч цар тахлын улмаас энэ ажил хойшилсон гэдгийг дурдаж байсан бол номын нээлтэд ирсэн эрдэмтэн мэргэд “Хятадын угсаатны зүй ном “ нь хээрийн судалгааны болон танхимын судалгааны хүрээнд ихээхэн ажил хэрэг болгож бүтээсэн ном гэдгийг онцолсон.
“Хятадын угсаатны зүй” номын төслийн багт доктор, профессор Ө.Саранцэцэг, хятад хэлний багш, докторант Х.Нандин-Эрдэнэ, хятад хэлний багш, магистрант Ч.Гүжинлхам, Б.Нарандэлгэр нар ажилласан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Маш их хэрэгтэй мундаг ном орчуулжээ. Заавал худалдаж авнаа. Халхууд Зүүнгарчууд угсаа гарвалаа огтоос мэддэггүй Монгол Улсын хүн амын 95% нь өөрсдийгөө Монгол Түвд Хятад Казах гэдгээ ч мэддэггүй хүмүүст бол хэрэг болох ном байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
hytad?