Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандтай 10 жилд нэг удаа улс даяар зохион байгуулдаг Хөдөө аж ахуйн тооллогын талаар ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн тооллого эхэлсэн. Энэхүү тооллогыг хэдэн төрлөөр явуулдаг вэ. Үйл явц ямар хэмжээнд байгаа бол?
-Хөдөө аж ахуйн тооллогод мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуур хэмээх таван дэд салбарын мэдээллийг цуглуулж байгаа. Мэдээлэл цуглуулалтыг тавдугаар сарын 21-нээс эхлүүлсэн. Ингэхдээ Булган, Орхон аймгаас тооллогоо эхлүүллээ. Үргэлжлүүлээд үр тариа зонхилсон Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Увс, Архангай, Хөвсгөл зэрэг зүүн бүсийн аймгуудаас мэдээлэл цуглуулж байна. Дараа нь гуравдугаар бүс болох урд болон баруун аймгуудаас мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа.
-Тооллогын зорилго нь юу вэ?
-Гол зорилго нь 10 жилийн хооронд тоон мэдээлэлд гарсан өөрчлөлтүүд одоо ямар байгаа, 10 жилийн өмнө ямар байсан, ямар өөрчлөлт гарсан, бид юуг анхаарах шаардлагатай талаарх асуултын хариултыг олох боломжтой юм. Ингэснээр бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг цуглуулж, бэлтгэж байгаа гэж ойлгож болно. Өмнө нь дурдсан дэд салбаруудын түвшинд үйлдвэрлэлийн орц ямар шат дамжлагаар дамждаг талаар мэдээлэл цуглуулж байгаа гэсэн үг. Газар тариалангаар жишээ авъя.
Бид хэдий хэмжээний талбайд ямар нөөц ашиглаж бүтээгдэхүүнийг бий болгосон, улмаар хэдэн шат дамжлагаар дамжин хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүн очиж буй мэдээллийг гинжин хэлхээ байдлаар цуглуулж байгаа юм. Үүнд ажиллах хүчийг ч нэг төрлийн орц хэмээн үзэж байгаа. Ажиллах хүч хэр хомсдолтой, ажилчдын насны бүлэг, гэрлэлтийн байдал, хүйсийн харьцаа, боловсролын түвшин ямар байгаа, мэргэшсэн мэргэжлийн ажилчдын тоо, түр болон байнгын ажлын байр хэд байгааг тооцоолон гаргах боломжтой болно. Өөр нэгэн орц бол бид ямар төрлийн үр, бордоо ашиглаж байгаа талаарх мэдээлэл юм.
Тухайн үр, бордоог ямар хэмжээнд ашиглаж байна вэ, органик байж чадаж байна уу, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, насжилтын талаар, газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, хэдий хэр талбай усалгаатай байдаг гэх зэргээр өргөн хүрээний мэдээллийг цуглуулна. Мөн манай улсад хүлэмжийн тариалалт жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаа явуулах боломжтой байна уу, агуулах савны хүртээмж хүрэлцээний одоогийн түвшин ямар байна гэх мэт хөдөө аж ахуйн салбарын суурь мэдээллийг цуглуулахаар ажиллаж байна.
Нийгэм ахуйн асуултууд ч багтаж байгаа. Жишээлбэл, газар эзэмшлийг жендэрээр ялган харах зорилготой асуултууд орсон. Өрхийн түвшинд газар эзэмшил ямар түвшинд байгаа, хүүхдэдээ өвлүүлбэл, зарж борлуулахад хэн шийдвэр гаргах, нөлөөлөл ямар байгаа, жендэрийн эрх тэгш байдал алдагдаж буй эсэх, хэн нь түлхүү шийдвэр гаргалтад оролцож байгаа талаар дэлгэрүүлж харах боломжтой задгай тоон мэдээллийг цуглуулж байгаа. Энэ мэтээр хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй өрх, аж ахуйн нэгж бүрээс мэдээлэл цуглуулахаар тооллого, судалгааны ажлыг эхлүүлсэн юм.
-Энэ тооллогыг яагаад 10 жилд нэг удаа авдаг юм бол?
-Малын тоо толгойн өөрчлөлт, тариалсан талбай, ургац хураалтын талаарх мэдээллийг жил бүр авах боломжтой байдаг. Авсаар ч байгаа. Тооллогыг 10 жилээр авдаг шалтгаан нь жил бүр тоон мэдээллийг баталгаажуулах, хяналт тавих, богино хугацаанд өөрчлөлт ордоггүй үзүүлэлтүүд, 10 жилийн хугацаанд өсөлт бууралт нь харагдах боломжтой тоон мэдээллийг гаргаж байгаа юм. Мал сүрэг гэхэд л амьдын болон гулуузын жин, өрхийн зах зээлд хүрч байгаа байдал, ашиг шимийн бүтээгдэхүүний боловсруулалтын хувь хэмжээ зэрэг урт хугацаанд өөрчлөлт гарах үзүүлэлтүүдийг авч байгаа. Жил бүр ийм хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх нь сайн зүйл. Гэвч бидэнд тогтмол томоохон хэмжээний асуулгаар мэдээлэл цуглуулах боломж, бололцоо байхгүй. Цаашдаа Үндэсний тооцооны систем буюу нэмэгдэл өртөг тооцох, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг тооцох суурь тооцооны коэффицентийг үүсгэж байгаа юм.
-Тооллогыг ямар байдлаар авдаг вэ?
-Хөдөө аж ахуйн тооллого өмнө нь 2012 онд явагдсан. Ингэхдээ цаасан хэлбэрээр авч байлаа. Цаасан дээр газрын зураг хэвлээд тухайн газарт юу тарьсан талаар зураглал болон бичгийн хэлбэрээр мэдээлэл цуглуулдаг байсан. Цаг хугацаа их ордог. Энэ жилийн тухайд таблетэд суурилж мэдээллийг цуглуулж байна. Өндөр нарийвчлалтай сансрын зургийг таблетад урьдчилж бэлтгээд, дээр нь мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах нөхцөл бүрдсэн. Таблетаар судалгааг авснаар хугацааг хэд дахин хэмнэж байгаа. Шивэлтийн алдаа, цаасны зардал гаргахгүй, мэдээллийн чанарыг дор нь шалгах, зохион байгуулалттай эерэг талууд бий болсон.
-Энэ удаагийн тооллогод сансрын зураг ашиглаж байгаа гэлээ. Өмнө нь манай улсад сансрын зураг ашиглаж тооллого хийж байсан уу?
-Хөдөө аж ахуйн салбарт өндөр нарийвчлалтай сансрын зургийг энэ жилээс л ашиглаж үзэж байгаа. Өмнө нь Sentinel хиймэл дагуулын зургийг ашиглаж байсан. Өнгөрсөн жил туршилтаар төмс, рапс, буудайн дээр тооцооллын ажлыг хийлээ. Тооцооллын ажлаар 75-85 орчим хувьтайгаар тухайн бүтээгдэхүүнийг таниулж чадсан. Туршилтын арга боловсруулах чиглэлээр зарим сумыг сонгож, сансрын зургийг ашиглаж байсан юм. Олон улсад ашигладаг аргачлалуудыг Монгол Улсад ашиглахаар ажиллаж байна. Сансрын зураг өртөг өндөртэй. Бид боловсон хүчний чадварыг дайчилсны эцэст үнэгүй сансрын зураг ашиглаж байгаа. Үнэгүй мөртлөө боловсруулалт шаардсан, орон зайн заслыг ихээр хийсэн зураг юм. Өндөр нарийвчлалтай гэдэг нь нэг фиксельд нэгээс хоёр метр газрыг хамруулсан зураг бэлтгэсэн.
-Макро түвшний судалгааны ажилд хүний нөөц хэр хангалттай байгаа вэ?
-Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 74 дүгээр тогтоолыг гаргасан. Үүнд, тооллогыг таваас долоодугаар сарын хооронд зохион байгуулах, шат шатны Тооллогын комиссыг орон нутагт байгуулж, нэгдсэн байдлаар Улсын тооллогын комисс хариуцан ажиллах тухай тусгасан. Тиймээс шат шатандаа тооллогын комиссыг байгуулаад ажиллаж байна. Бүрэлдэхүүн нь орон нутагт Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Статистикийн хэлтэс, төрийн сангийн ажилчид гэх мэтээр хөдөө аж ахуйн салбарт харьяалагдах өргөн цар хүрээ бүхий хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Тухайн орон нутгаа сайн мэддэг хүмүүс орон нутгийн мэдээллийг цуглуулж байгаа гэсэн үг.
-Жил бүр малын тоо толгойн тооллогыг явуулдаг. Малын тоо толгойн тооллогыг хэрхэн авдаг бол. Зарим иргэдийн зүгээс манай улсад 70 сая хүртэлх толгой мал байх боломжгүй хэмээн харддаг шүү дээ?
-Мал тооллогыг арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулдаг. Үүнд энэ хугацаа нь үндсэн гурван шалтгаантай. Нэгдүгээрт, малын орлого буюу төллөлтийн хугацаа дууссан, зарлагадах мал буюу өвлийн идшийн малаа бэлдээд дууссан байх үе юм. Хоёрдугаарт, мэдээлэл цуглуулах үед өрхүүд өвөлжөөндөө байрласан учраас суурин байршилтай байдаг. Гуравдугаарт, оны төгсгөлд тоолсны ач холбогдол нь тухайн салбарын нийт үйлдвэрлэлийг тооцоход харьцуулагдах суурь мэдээллийг бүрдүүлэх боломжтой болдогт юм. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмэгдэл өртөг буюу эдийн засагт үзүүлж байгаа суурь тооцоог гаргаж, бусад салбарын мэдээллүүдтэй нэгтгэх боломж бүрддэг.
Зохион байгуулалтын хувьд яривал Үндэсний статистикийн хороо малын тоо толгой тоолоход аргачлал, арга зүйгээр хангах чиг үүрэгтэй. Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт жил бүр Тооллогын комиссыг байгуулдаг. Тухайн Тооллогын комисс маршрут гаргаж, өрх бүрээр орж, нэг бүрчлэн малын тоо толгойг тоолдог. Энэ чиглэлийн дагуу арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж, Үндэсний статистикийн хорооноос хөгжүүлсэн программ хангамж руу малын А данс хэмээн нэрлэдэг маягтыг шивж оруулна. Улмаар арванхоёрдугаар сарын 28-30-ны өдрүүдэд урьдчилсан дүнг зарлаж, мэдээлэх боломжтой болдог. Үүнээс хойш хоёрдугаар сарын 10 хүртэл нүүж яваад мэдээллээс хоцорсон айл өрхүүдээс малын мэдээллийг авсны дараа эцэслэсэн байдлаар тоон мэдээллийг нэгтгэж гаргадаг юм.
Хүмүүсийн зүгээс шүүмжлэлтэй хандах асуудлууд бий. “Малын тоо толгойн мэдээллийг банкнаас ав” гэх мэтээр хэлдэг л дээ. Гэхдээ мал тооллогын мэдээллийг чанартай болгох үүднээс сүүлийн жилүүдэд хэрэглээнд энэхүү мэдээллийг нэвтрүүлэхэд анхаарч байгаа. Банкны зээлийн барьцаанд мал тооллогын мэдээллийн санг ашиглаж байна. Тухайн айл жилийн эцсийн байдлаар хэчнээн мал тоолуулсан мэдээллийг малчин өөрөө хүссэн тохиолдолд харж, хянах боломжтой байгаа юм.
Энэхүү мэдээлэл нь зөрүүтэй байвал банк эрсдэлээ дааж, хэрэглэгчийнхээ зээлийг гаргаж өгөхгүй асуудал үүсэх боломжтой. Одоогийн нөхцөл байдлаар жилийн эцсээс тоо нь зөрсөн тохиолдол, гомдол ирээгүй. Дараа нь нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж тогтоох зэрэгт энэхүү мэдээллийг ихээр ашиглаж байгаа. Малаа заавал тооллогод хамруулж байж сүүний урамшуулалд хамрагддаг байх жишээтэй. Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор малчид бэлчээрийн даац муу болсонтой холбоотойгоор татвараа төлье гэх хандлагатай болсон. Тэд тоо толгойноос илүүтэй чанарт анхаардаг боллоо. Малын тоо толгойн мэдээллийг олон төрлөөр хэрэглээнд ашиглаж байгаа учраас үнэн зөвөөр мэдээлэхийг эрмэлзэж байгаа. Нөгөө талаас тоологчид ажлаа чанартай хийж, хариуцлагатай болж байна. Өнгөрсөн оны жилийн эцсээр 67.3 сая толгой мал тоологдсон.
-Тооллого, судалгаа хийхэд хамгийн ихээр тулгарч буй бэрхшээл, хүндрэл нь юу вэ?
-Хүмүүс тооллогоос зайлсхийх хандлагатай байдаг. Цаг их зарцуулдаг, нууцын мэдээлэл гэх зэргээр төвөгшөөх нь бий. Судалгааны гол зорилго нь бодлого шийдвэр гаргахад хэрэгтэй тоон мэдээллийг үнэн зөвөөр цуглуулахад оршиж байгаа юм. Цуглуулсан тоон мэдээллийг нууцлалыг хангаж, нэгтгэж байж ашигладаг. Тиймээс тухайн хувь хүний мэдээллийн задруулахгүйгээр, нэгтгэл дүнгээр мэдээллийг хүргэдэг юм. Жишээлбэл, 67.3 сая толгой малын хэд нь хэнийх вэ гэх мэдээллийг задруулах ямар ч боломжгүй. Тиймээс судалгаанд үнэн зөвөөр оролцох, хариуцлагатай хандах шаардлагатай байна.
Мэдээлэл цуглуулахад байнгын хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Улсын хэмжээнд Хөдөө аж ахуйн судалгааг гурван бүсэд хуваан хийж байна. Энэ нь хөрөнгө мөнгө хэмнэж буй үйл ажиллагаа. Бид одоогоор 380 таблетыг л ашиглах боломжтой байна. Хэрэв 1000 таблет байсан бол бүх аймгаар зэрэг судалгаа хийх бололцоотой байсан. Зохион байгуулалтын хувьд мэдээлэл цуглуулж буй хүнд ч хялбар байх байлаа.
Судалгаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр түүврийн аргыг ашигладаг нь нэг төрлийн зардлаа хэмнэж буй үйл ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд хөрөнгө санхүүгийн таналтын байдалтай байгаа нь судалгаа, мэдээллийг цуглуулахад илүү нарийвчлалтай мэдээлэл цуглуулъя хэмээн зорьж буй үед зарим мэдээллийг орхигдуулах эрсдэлийг үүсгэж байгаа. Жишээ нь, хөдөө аж ахуйн судалгаанд авдаг малын ашиг шимийн талаарх асуулгыг жил бүр авбал эдийн засгийн хөгжилд нэмэртэй. Харамсалтай нь жил бүр үүнд зарцуулах төсөв байхгүй. Тиймээс тав эсвэл 10 жилд нэг удаа энэ мэдээллийг цуглуулдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )