Эрх баригчид эцэг хуулийн өөрчлөлтөөр жижиг намуудыг барьцаалав уу

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Улс төр, нийгэм, эдийн засагт таагүй байдал үргэлжилж, эрх баригчид сайн сайхан зүйл рүү олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байгаа ч зөвхөн өнгөн хэсэгт будаг нялахаас хэтэрсэнгүй. Эцэст нь төрийн тогтолцоо руу бүх бурууг чихэж, хүссэн хүсээгүй эцэг хуульд гар хүрэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсгэж байна уу гэмээр харагдана. Уг нь сүүлийн 20 жил дуншиж байж өнгөрөгч 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан ч дахин өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг хуульчид болон улс төрийн намууд тайлбарлах болов.

Энэ тал дээр эрх баригч нам болон парламентад суудалтай, суудалгүй намууд бүгд санал нэгдсэн гэхэд болно. Гэхдээ олон жил гудамжинд улс төр хийсэн жижиг намын төлөөллүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаагийн цаана юу байна вэ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг бүрээр “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрчлөлт хийхээр зориглож байна” гэх өгүүлбэрийг ёс юм шиг дурдах болов.

Бүр эсэргүү гэмээр нөхдүүд эрх баригч нам, намын генсект тал засан гүйлдээд байгаагийн цаана ямар нэгэн тохироо байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн намуудын тохиролцоогоор явах нь зөв үү, буруу юу гэх асуудал үүсэж таарна. Учир нь энд нийгмийн зөвшилцөл бүрдсэн байх ёстой.

Энэ удаагийн хийх гэж буй өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлж, нам намын төлөөллөөс бүрдсэн дээд, доод хоёр танхимтай байх асуудал нэлээд хүчтэй яригдаж, хуулийн төсөл ч бэлэн болсон гэх. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулах эсэх эрх нь гагцхүү МАН-д бий. УИХ дахь үнэмлэхүй олонхийн бүлэг оруулахгүй гэвэл Төрийн ордон тойрч гороолоод ч тусыг эс олно. Тэгэхээр олон жил парламентын танхим зүүдлэн, гудамжинд улс төр хийсэн жижиг намын төлөөллүүд өөрчлөлтийг маш ихээр хүсэж байгаа нь тохиролцоонд орох шалтгаан болж таарна.

Иймээс тэд МАН-ын генсектэй тохиролцоонд хүрсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, уур амьсгалаар нэгэнт ил болж байх шиг. Эх сурвалжийн хэлж байгаагаар Д.Амарбаясгалан дарга жижиг намуудын төлөөлөлтэй биечлэн уулзаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй байгааг сануулахын зэрэгцээ тэдний саналыг сонссон байна. Харин жижиг намын төлөөллүүд “Парламентын гишүүдийн тоог нэмж биднээс төлөөлөл оруулах ийм боломж байна. Үүнийг эрх баригч намын хувьд дэмжээд явах юм бол бид та бүхний саналыг ямар нэг асуудалгүй дуу нэгтэй дэмжинэ” гэсэн төдийгүй энэ тал дээр тохиролцоонд хүрсэн гэдгийг нуугаагүй. Нэгэн насаараа парламент зүүдэлж байгаа энэ мэт улс төр сонирхогчдын хувьд өөрсдөө л зүүдээ биелүүлж байвал юуг ч зөвшөөрч дэмжих байх.

Тэр ч бүү хэл эрх баригчдад хамгийн харшилтай “Буян”-гийн Б.Жаргалсайхан “Тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар саад болоод байгаа бол огцруулаач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга залуу өөрчилнө, шинэчилнэ гээд тэмцээд байна, оронд нь энэ залууг томилоод шинэчилж өөрчлөөд цаашаа явъя” хэмээн хэлж байна.

Б.Жаргалсайхан ингэх хүн биш. Зөв зүйл байсан ч буруу зүгт эргүүлж явдаг хүн гэнэт яагаад эрх баригчдад  тал засах болов. Нэг насаараа сонгуульд унасан Б.Жаргалсайхан парламентад орохыг хүсэж байгаа. Үүнээс гадна “Эрэл”-ын Б.Эрдэнэбат, ХҮН-ын Б.Найдлаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Ш.Төмөрсүх, Үнэн ба зөв намын А.Отгонбаатар гээд бултаараа эрх баригчдаа магтангаа гишүүдийн тоог нэмэхийг шаардаж байгаагаас харж болно. Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Т.Доржханд тэргүүтэй гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үүний цаанаас ч МАН цухалздаг.

Мөн Австралид Элчин сайдад зөвлөж байгаад ирсэн гэх Ж.Батзандан тогтолцооны шинэчлэлийн тухай ном бичсэн, төрийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулийг засаж залруулах хэрэгтэй хэмээн удаа дараа мэдэгдэж байгаагийн цаанаас ч МАН цухалзана. Парламентад 10 орчим суудалтай АН-аас С.Одонтуяа гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгтэйг сануулж, эрх баригчдыг дэмжиж байгаагаа ил далд илэрхийлэх болсон. Үүний цаана АН-ыг МАН-д дагаар оруулсан гэх С.Эрдэнэ байгаа гээд утас хөвөөд байвал олон зүйл ил болно. Энэ мэт эх сурвалжийн мэдээ мэдээллээс харж байхад эрх баригчид жижиг намуудын хүсэл тэмүүлэл дээр дөрөөлж, Үндсэн хуульд өөрсдийн зоргоор нэмэлт, өөрчлөлт оруулахаар зүтгэж байж болох юм. Уг нь улс төрийн намуудын хэлэлцүүлэг төдийгүй бүх ард түмний санал дээр үндэслэдэг жишиг байдаг сан.

Үндсэн хууль бол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Үндсэн хуульд тусгасан эрх мэдэл хоорондын хяналт, тэнцэл нь хүний эрхийг хангахад чиглэсэн гэдгийг бид тунхагаас мэднэ. Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Юуны өмнө “Давхар дээл”, “Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байх”, “Парламентын гишүүдийн тоог нэмэх” гэсэн гурван асуудал бий. Мөн дагалдах олон зүйл байгаагийн нэг нь Сонгуулийн тухай хууль бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон зүйл заалт нь хоорондоо уялдаатай төдийгүй зайлшгүй шаардлагатай зүйлс гэдгийг нийгэм өөрөө сануулж буй. Нөгөө талаас хүн төрөлхтний хөгжил, цахим ертөнцийн давалгаа гээд өдрөөс өдөрт өрнөж буй бүхэнд өөрчлөлт шаардагдах учраас шинэ цагтай хөл нийлүүлэн алхахын тулд хуулиа нийцүүлэх шаардлага байгаа.

2019 оны өөрчлөлтөөр Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлж байгаа нь шууд УИХ-аас хамааралтай Засгийн газар ажилладаг болгосон. Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа аманд орчихоод ажил хийхгүй байна гэх шүүмжлэлийн дагуу Засгийн газрын тодорхой хувийг “давхар дээл”-нээс салгасан. Гэтэл одоо “Давхар дээлнээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” гэх шалтгаан тоочиж байгаагийн цаана дээл давхарлах санаа шууд харагдаж байгаа юм. Ядахад л энэ заалтыг эсэргүүцэж байх ёстой жижиг намын төлөөллүүд бултаараа алгаа ташаад байгаагийн цаана тохиролцоо байгаа гэхээс өөр аргагүй.

 

Олон жил яригдсан нэг асуудал бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох эсэх. Маргаан өрнөж л байна. УИХ-ын гишүүд ийм жижиг парламентаас ард түмний төлөөлөл болсон Ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь иргэдийнхээ эрхийг хязгаарласан хэрэг болно гэх мэтээр эсэргүүцэж байна. Үүнийг дагуулан гишүүдийнхээ тоог нэмээд Ерөнхийлөгчөө парламентаас сонгох санал явж байгаа нь өнөөх жижигүүдийн мөрөөдөл. Хэрэв тохиролцоо ёсоор гишүүдийн тоог нэмээд Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог боллоо гэж үзэхэд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлага гарна. Үүнийг өөрчлөхгүйгээр жижиг намын төлөөллийг парламентад хангаж чадахгүй. Үүнийг хангахын тулд “Давхар дээл”-ний асуудлаар барьцаа үүсгэнэ гээд бүгд уялдаа холбоотой.

Гэтэл нэг том саад бий. Тэр нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль. Энэ хуульд зааснаас харахад “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон бол найман жилийн хугацаанд гар хүрч болохгүй буюу дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг хязгаарлана” гэсэн байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад Үндсэн хуулийг тогтвортой байх байдлыг хангаж, дээдлэн сахих үүрэг бүхий УИХ-ын гишүүд болон улс төрийн намууд уг хязгаарлалтыг зөрчиж, хууль өөрчлөх тухай санал гаргаж байгаа нь УИХ-ын гишүүд бүрэн эрхээ зөрчиж буй үйлдэл юм. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд нөхцөл бүрдэж байгаа бол юуны өмнө Журмын тухай хуульд өөрчлөлт оруулж таарна. Ингэж байж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярих учиртай. Гэтэл том жижиггүй өөрчлөх тухай яриад байгаагаас Журмын тухай хуулиа яах вэ гэх нэгээхэн ч байр суурь алга. Ямартай ч эрх баригчид эцэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрсдийнхөө хүслээр гүйцэлдүүлэхийн тулд жижиг намуудын хүсэл сонирхлыг барьцаалсан бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.45) 2022 оны 06 сарын 07

Үндсэн хуулийн асуудлаар жижиг намуудыг барьцаалчихдаг юм байж. Гэтэл гадаад өрийн асуудлаар Монгол улс өөрөө гадныханд барьцаалагдсан байдалтай байна.

0  |  0
Top