БНХАУ хөл хорионы дэглэмээ сулруулсантай холбоотойгоор зэсийн үнэ өссөн байна. Шанхай хотын албаны хүмүүс хоёр сар үргэлжилсэн хөл хориог зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Хятадын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт тахал өвчинд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээхийн тулд төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн бодлогыг хамарсан 33 арга хэмжээний багцыг зарласан. Үүнтэй холбоотойгоор ирэх сард нийлүүлэх зэсийн үнэ өнгөрсөн лхагва гарагийн тооцооноос таван хувиар өсөж, Нью-Йоркийн “Comex” зах зээл дээр тонн нь 10.050 ам.доллар болжээ.
Чилийн зэсийн үйлдвэрлэл дөрөвдүгээр сард буурсан бөгөөд төрийн өмчит компани “Codelco”-гийн олборлолт өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар багасаж, 116 мянган тонн болжээ. Чилийн байгаль орчны зохицуулагч Антофагаста Минералсынгийн мэдээлснээр Лос-Пеламбресийн зэсийн уурхайд хаягдлын менежменттэй холбогдуулан хориг арга хэмжээ авах ажиллагааг эхлүүлсэнтэй холбоотойгоор зэсийн үйлдвэрлэл буурсан байна.
Үүний зэрэгцээ, дэлхийн хоёр дахь томоохон зэс үйлдвэрлэгч Перуд уул уурхайг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл улам ширүүссээр байна. Энэ долоо хоногт зэсийн хоёр ч гол төсөлд түймэр гарч, “MMG Ltd”-ийн Лас Бамбас зэсийн уурхай болон “Southern Copper Corp”-ын Лос-Чанкас төсөл орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
ИРЭХ ОНД НИЙЛҮҮЛЭЛТ ЭРЭЛТЭЭСЭЭ ДАВНА
Өнгөрсөн оны эхээр хоёр сая тонн хүрч байсан Лондоны Металлын биржийн металлын нөөц 900 мянган тонноос буурсан байна. Нөөц буурснаар металлуудын үнийн хэлбэлзэл үргэлжлэх өндөр эрсдэлтэй гэж “Bank of America” тооцоолжээ. Тухайлбал, хөнгөн цагааны нөөц 465 мянга 700 тонн болж, сүүлийн 21 жилийн доод цэгт хүрлээ. Ийнхүү нөөц буурснаар дэлхийн хэмжээнд металлын үнийн өсөлт үргэлжилнэ гэж үзэж байна.
Зэсийн үнэ гуравдугаар сард тонн нь 10 мянга 845 ам.доллар болсон бол хөнгөн цагааны үнэ тонн нь 4073 ам.доллар болж, шинэ дээд түвшинд хүрээд байсан юм. Гэхдээ “RBC Capital Markets”-ийн шинжээчид дэлхийн зэсийн нийлүүлэлт ирэх хоёр жилийн хугацаанд эрэлтээсээ давна гэж таамаглажээ. Тэгвэл 2022 онд аж үйлдвэрийн металлын үнэ нэг фунт нь 4.32 ам. доллар байх бөгөөд 2023, 2024 онд зах зээл бага зэрэг илүүдэлтэй байж фунт нь 3.75 ам. доллар болж буурна гэж шинжээчид тэмдэглэсэн байна.
Перугийн “Quellaveco”, Сербийн Тимок, Чилийн Куебрада Бланкагийн зэрэг ашиглагдаагүй зэсийн томоохон төслүүд 2022 оны дунд үе, 2023 оны эхээр олборлолтоо эхлүүлж, эрэлтийн өсөлтийг хэвийн болгохоор байгаа аж. "Эрэлт удааширч, шинэ нийлүүлэлт 2023 онд зах зээлийг тэнцвэржүүлж магадгүй ч дунд хугацааны хэтийн төлөв эерэг хэвээр байна" гэж “RBC Capital Markets” үзэж байна.
Зэсийн үнэ 2020 оны гуравдугаар сараас хойш 125 хувиар өсөж, цар тахал эхэлснээс хойш ханш нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн түүхий эдийн нэг болоод байна. Зэсийн ханш өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Эдгээр хүчин зүйл нь шар металлын ханш өсөхөд цаашид ч нөлөөлөхөөр байгааг шинжээчид онцолж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд хөнгөн цагааны үйлдвэрлэл 256 хувиар, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 257 хувиар өссөн бол 2013 оноос хойш зэсийн олборлолт, үйлдвэрлэл аажмаар буюу жилд ердөө 1.7 хувиар өссөн. Зэсийн нийлүүлэлтийн удаашрал нь олон хүчин зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт, зэсийн үнэ 2010 -2016 оны хооронд 58 хувиар буурч, үйлдвэрлэлийн өртөгтэйгөө дөхөж улмаар уурхай болон хүдэр боловсруулах үйлдвэрүүдэд шинээр хөрөнгө оруулах нь буурч байв. Хоёрдугаарт, зэсийн хүдэр дэх зэсийн агууламж тогтмол буурч байна. Зэсийн ордны илрүүлсэн нөөц өссөөр байгаа ч зэс олборлох зардал мөн нэмэгдсээр байгаа юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )