Казахстанд өнгөрсөн ням гарагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга өрнөж, тус улсын иргэдийн олонх нь дэмжсэн байна. Үүнийг ажиглагчид казахстанчууд Нурсултан Назарбаевын сүүдрээс гарахыг зорьж байна хэмээн үзэж байна.
Казахстаны Үндэсний сонгуулийн хорооны дарга Нурлан Абдиров "Ард нийтийн санал асуулга хүчин төгөлдөр болсон гэж үзэж болно. Санал асуулгад оролцсон иргэдийн 77 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Сонгуулийн ирц 68 гаруй хувьтай байсан” гэжээ.
Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өнгөрсөн нэгдүгээр сард болсон эмх замбараагүй байдлын үеэр төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг зогсоож, 81 настай Назарбаев болон түүний хамаатан саданг төрийн албаны чухал албан тушаалаас чөлөөлөх зэрэг шинэчлэлийн багц санал болгосон юм.
ЭЛБАСЫН ЭРИН ҮЕ ДУУСЛАА
Өдгөө 69 настай Ерөнхийлөгч Токаев бүх нийтийн санал асуулга нь шинэчлэлийнх нь зөвхөн эхлэл гэж мэдэгджээ. Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар “Төр, нийгмийн харилцааны парадигм өөрчлөгдөж, хүний эрхийг нэгдүгээрт тавьж байна” гэжээ. Нэгдүгээр сарын хямралаас өмнө Токаевыг Назарбаев болон түүний төрөл төрөгсдийн сүүдэрт Казахстаныг захирч байна гэж олон нийт шүүмжилж байсан. Назарбаев Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч гэсэн Үндсэн хуульд заасан Элбасы буюу үндэсний удирдагч гэсэн цолыг нь хадгалсаар байсан бөгөөд энэ нь түүнд албан тушаалын байр сууринаас үл хамааран бодлого боловсруулахад нөлөөлөх эрх мэдэл олгосон юм. Харин шинэ Үндсэн хуульд энэ статусыг хасах ажээ. “Шинэ Үндсэн хуульд энэ статусыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Элбасын эрин дууссан гэж бид итгэлтэйгээр хэлж чадна" гэж улс төр судлаач Газиз Абишев Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өөр нэг нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн хамаатан саданг төрийн албан тушаал хашихыг хориглосон явдал юм. Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаалаас үүдэлтэй нэгдүгээр сард болсон цуст мөргөлдөөнд 230 гаруй хүн амь үрэгдэж, эрх баригчид Орос тэргүүтэй аюулгүй байдлын эвслийн цэргүүдийг улсдаа нэвтрүүлж, эсэргүүцлийн жагсаалыг намжаахаас өөр аргагүйд хүрсэн.
Токаев Засгийн эрхийг хүчээр булаан авахыг санаархсан хүмүүсийг террористууд хэмээн буруутгаж, казах цэргүүдэд тэдгээр террористуудыг буудаж алах тушаал өгсөн. Хуучин болон одоогийн Ерөнхийлөгчид хоёулаа хөрш ОХУ-ын холбоотон бөгөөд Москва тэргүүтэй аюулгүй байдлын эвслийн 2000 гаруй энхийг сахиулагч Казахстанд ирсэн нь Токаевыг хяналтаа бэхжүүлэхэд нөлөөлсөн. Токаев жагсаал үймээний үеэр өөрийн нүүдлийг хийж, Назарбаевын баруун гар Карим Масимовыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулж, өөрийгээ тус зөвлөлийн тэргүүнээр томилсон бөгөөд Засгийн газрыг огцруулж Назарбаевын гар хөлүүдийг засгийн болон арми тагнуулын гол албан тушаалуудаас зайлуулж, өөрийн хүмүүсийг гол тушаалуудад тавьсан.
Үүнтэй зэрэгцээд Назарбаевын охид гэр бүлээрээ, мөн Назарбаевын гар хөл болсон тэрбумтан олигархууд Казахстанаас зугтан гарсан тухай мэдээлэл бий. Мөн төрийн чухал алба хашиж байсан этгээдүүд улс орноо орхин гарсан тухай мэдээлэл байна.
Назарбаев Казахстаныг 30 жил захирахдаа энэ улсыг авилгажсан, олигархижсан улс болгон хувиргаж, өөрөө болон гэр бүлээрээ тэрбумтнууд болсон. Назарбаев 200 тэрбум ам.доллартай, хоёр дахь охин нь найман тэрбум ам.доллартай талаар “Форбес” сэтгүүл бичиж байв. Төрсөн дүү нь тус улсын захуудыг хянадаг, худалдаа наймааны бүх сүлжээг атгадаг. Отгон охин нь Британийн иргэн болоод тэнд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан зэрэг олон мэдээлэл гарч байв.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
хасган бомбоо хасгандана