Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарч байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-Аюулгүй байдал”-ын бодлого, зохицуулалтыг үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.
Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл” зөвлөгөөнийг 2 дахь өдрөө зохион байгуулж байна.
Монгол Улсад хүнс боловсруулах 1900 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын хүндхэн цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн байгааг онцлоход таатай байна.
Монгол Улс 291.5 сая ам.долларын 16 гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг 2021 онд импортлосон ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 25,8%-иар өссөн байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлын 2021 оны түвшинг 2010 онтой харьцуулахад гурил 30%, гурилан бүтээгдэхүүн 9%, төмс 5%, цөцгийн тос 0.6%-иар тус тус буурч, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, саахар, чихрийн зүйл, загасны мах, хүнсний ногоо 38.4-100% хамааралтай хэвээр байна.
Цар тахал болон Орос, Украйны дайны нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний тээвэр, логистикт үүссэн хүндрэл, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хомстол, үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг УИХ-аас баталсан.
Засгийн газраас 2021-2022 онд дотоодын улаанбуудай, тосны ургамал худалдан авсан 11 үйлдвэрт 42.4, Нийслэлийн хүн амын хэрэгцээнд мах нөөцөлж, нийлүүлж буй 23 аж ахуйн нэгжид 96 тэрбум 1 жилийн хугацаатай, 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээр олгож, Засгийн газраас 7.65%-ийн хүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Ингэснээр зах зээлийн үнээс 30-40%-иар хямд 12,7 мян.тн мах, 80.6 мянган тн гурилыг сүүлийн 6 сард тогтвортой үнээр хэрэглэгчдэд нийлүүлсэн.
Хүн амын 2022-2023 оны хэрэгцээнд зориулж, 15.0 мянган тн мах, 90.0 мянган тн гурил үйлдвэрлэх, зохистой дадлын шаардлага хангасан хүнс боловсруулах, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэх, гол нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах, агуулах зоорийн үйл ажиллагаа эрхлэх хүнсчиддээ зориулж 3%-ийн нэн хөнгөлөлттэй хүүтэй, 2 жилийн хугацаатай 550 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Мөн импортын хамаарал өндөртэй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, өвөл, хаврын улиралд үйлдвэрт нийлүүлсэн 19,2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шат дараалалтай шийдээд явж байна.
“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, хариуцлагыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг 5 жилийн хугацаанд цогцоор нь дэмжих 5 үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Зорилтыг дурдвал,
Хүнсний үйлдвэрлэлийн салбар хөгжихөд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа нэн чухал. Монгол Улсын хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээж байгаа Хүнсчид та бүхэндээ ажлын гялалзсан их амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 2 )
Монгол ингэхэд улс юм уу эсвэл нилээд өр зээлтэй жижигхэн компани юм уу ойлгоход хэцүү боллоо. Стратегийн гол хүнсний бүтээгдэхүүн мах бэлтгэлээс дүгнэвэл дампуурч байгаа компани юм шиг.
хүнс ч бай ер нь ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ мэргэжлийн ажилтан хүний оролцоотой шийдэгддэг гэдгийг манай төр, засаг байнга мартдаг. ХААН-н төрөлжсөн мэргэжлийн сургуулиудыг байгуулж төрөөс зориуд дэмжиж өгвөл энэ яриад байгаа асуудал нь амжилттай хэрэгжих боломжтой юм уг нь.