“S&P Global Ratings”: Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 2024 он хүртэл үргэлжилнэ

2022 оны 06 сарын 10

Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа дэлхийн хүнсний хямрал улам гүнзгийрч эхэлсэн билээ. Дэлхийн үр тарианы экспортын 30 хувийг  дайтаж буй орнууд нийлүүлдэг учраас мөргөлдөөн нь хөгжиж буй орнуудад өлсгөлөнгийн хар салхи үүсгэж болзошгүйг НҮБ анхааруулсан. Энэтхэгээс эхлээд Малайз, Индонез зэрэг улсын  Засгийн газрууд элсэн чихэр, тос, шувууны мах зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний экспортдоо хязгаарлалт тогтоож эхлээд байна. 

НҮБ-ын  Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли “Дэлхий дахин  ирэх  10-12 сарын хугацаанд хүнсний үйлдвэрлэлийн бэрхшээл, улмаар 2023 онд хүнсний олдоцтой холбоотой асуудалтай тулгарч магадгүй” хэмээжээ.

 

ХЯМРАЛ ХЭР ХҮНД БАЙНА ВЭ

 

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 38 орны 44 сая орчим хүн өлсгөлөнгийн аюулд өртөөд байгаа аж. Өлсгөлөн газар авч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, олдоц буурахад хамгийн их нөлөөлж буй гол  шалтгаан нь Украины дайн гэдгийг  холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.  Дайтагч орнууд дэлхийн улаан буудайн бараг гуравны нэгийг нийлүүлдгээс гадна эрдэнэ шишийн нийлүүлэлтийн 20 орчим хувь, наранцэцгийн тосны 76 хувийг экспортлодог. Үүний зэрэгцээ ОХУ  дэлхийн азотын бордооны 20 орчим хувийг экспортлодог байна.

Мөн хөрш Беларусь улс нь дэлхийн калийн экспортын 40 хувийг бүрдүүлдэг аж. Сингапурын Наньян технологийн их сургуулийн Аюулгүй байдлын судалгааны төвийн хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Пол Тенг бордооны үнэ өссөнөөр  Тайландын зарим тариаланч будаа тариалахаа больсон тухай онцолжээ. 

Тэрбээр “Энэ нь ирэх ургацын улирал болон Тайландын будааны нөөцөнд  нөлөөлөх магадлалтай. Тайланд нөөцлөөд илүү гарсан будаагаа экспортлодог. Харин тариалалт буурах юм бол тэд экспортоо бууруулна” гэжээ.  Түүнчлэн  Пол Тэнг “Москва Украины боомтуудыг бүсэлсэн нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг бүр ч эмзэг болгож байна” гэдгийг онцолсон байна.

Дайн эхэлснээс хойш Оросын арми Украины томоохон далайн боомтуудын заримыг эзлэн авсан. Африкийн холбоо боомтуудын үйл ажиллагааг зогсоосон хэвээр  байвал байдал хүндэрч  болзошгүйг анхааруулсаар байгаа билээ. Учир нь,  Африкийн орнууд улаан буудайнхаа 44 хувийг Украин, Оросоос импортлодог. Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн холбоог даргалагч Сенегалын Ерөнхийлөгч Маки Саллыг Хар тэнгисийн Сочи дахь өргөөндөө хүлээн авч уулзсан билээ.

 

ДЭЛХИЙН БАНК ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД ЯМАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА ВЭ

 

Дэлхийн банк өнгөрсөн сарын 18-нд хүнсний хямралыг зогсооход туслахын тулд 30 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдсэн.  Дэлхийн банкнаас гадна Азийн хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагууд эрсдэлтэй орнуудад туслах зорилгоор янз бүрийн санаачилга гаргаж байна. АНУ-ын Төрийн сан хоёрдугаар сараас хойш дэлхийн хүнсний яаралтай тусламжийн хөтөлбөрт 2.6 тэрбум гаруй ам.доллар хандивласан байна. Гэхдээ НҮБ-ын ХХААБ-аас гаргасан тайланд дурдсанаар дэлхий даяар өлсгөлөнг бууруулахад жил бүр 265 тэрбум ам.доллар шаардлагатай  аж.

 

ХЯМРАЛ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ

 

“S&P Global Ratings”-ийн зээлийн шинжээч Самуэл Тилларай лхагва гарагт нийтэлсэн тайландаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон нийлүүлэлт тасалдах зэрэг үзэгдэл 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тухай дурджээ. Тэрбээр  "Бидний хийсэн дүн шинжилгээнээс харахад Төв Ази, Ойрхи Дорнод, Африк, Кавказын бага, дунд орлоготой орнууд хүнсний хямралын нөлөөнд хамгийн ихээр өртөж болзошгүй" гэв.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Бисли Украины Одесса боомтыг дахин нээхийн зэрэгцээ бордооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, экспортын хоригоос зайлсхийх нь өлсгөлөнд нэрвэгдэх хүний тоог бууруулах хамгийн зөв гарц гэдгийг онцолсон.  Тэрбээр  “Бид асуудлыг үл тоомсорлож болохгүй. Одоогоор боомтуудын үйл ажиллагааг сэргээх нь  маш чухал байна. Дэлхий маш, маш эмзэг байдалд байна” гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top