Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж, АН-ын тамганы маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталж, Ц.Тувааныг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болох, мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус болохыг шүүх тогтоолоо. Монгол Улсыг бүтэн тойрч, 100 гаруй мянган хүний санал цуглуулсан Х.Баттулгын АН-ын дарга болох хүсэл ийнхүү талаар болж байна.
Үүний өмнө АН-ын Үндэсний бодлогын хорооны ротацийн хурал болсон. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын Их хурлаа товлон зарлаж, зарим гишүүдийг сонгосон.
Тодотговол, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллагдсан Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын дарга асан Б.Хурц болон гадагшаа зугтаасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэх мэт үл бүтэх нөхдөөр бүрдүүлснээ бахархалтайгаар зарлав.
Үүүнээс гадна улстөржихөөс өөр аргагүй нөхцөлд байгаа Х.Тэмүүжин, Д.Сосорбарам, Ц.Элбэгдорж, Д.Доржпүрэв, Д.Ренцэнтавхай нар Үндэсний бодлогын хорооны гишүүнээр орж ирсэн байна. Одоогийн байдлаар Ц.Элбэгдорж лавтай шалгагдаж байгаа. Үүнээс харвал Үндэсний бодлогын хороо үндэсний гэмтнүүдээр дүүрлээ гэж болохоор.
Энэ бол С.Эрдэнийн гэж болох АН бөгөөд удаа дараа шүүх дээр ялалт байгуулж байгаа нь цаанаа учиртай. Харин энэ удаад дахин ялалтаа зарлаж байгаа нь хэзээ ч хөдөлшгүй зүйл гэдгээ батлан харуулж байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12, тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна. Тиймээс 2021 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг АН-ын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.
Мөн уг сонгуулийн үр дүнд АН-ын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчдийн хуралдаанаас үзэж байсан ч Ц.Туваан нар дахин шүүхэд хандсан. Одоо бол хана мөргөсөн гэсэн үг. С.Эрдэнэ 2024 оны долоодугаар сарын 11 хүртэл АН-ын тамга, тэмдгийг эзэмшинэ. Тэгэхээр тарж бутарсан АН-ын гишүүд эртхэн тамгатай нөхрийнхөө туган дор нэгдэхээс өөр сонголтгүй боллоо.
Улс төрийнхөө карьерыг дуусгаж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, гишүүн асан Р.Амаржаргал, Э.Бат-Үүл гэх мэт хуучин кадруудын үгэнд орж, тэднийг дагаж хуйлраад байх хэрэггүй. Ёстой “Буруу харан уйлж, зөв харан инээж” тамгатай нөхөртөө хадаг барихаас өөр арга үлдсэнгүй. Гагцхүү айсуй 2024 он хүртэл гишүүд дэмжигчдээ нэгтгэх, тамгаа салгаж авахын тулд их эв нэгдлийн төлөө явах нь чухал болоод байна.
Өнөөдөр С.Эрдэнийг “бүхэл бүтэн нам барьцаанд тавьчихлаа” хэмээн харааж зүхэн, түүнээс зайгаа барьж байхаар гэр дотор нь орж сууж байгаад хоймор гэтэх цаг санж. “Чоно үүрэндээ өлзийтэй” ч гэдэг дээ. Ерөөсөө ойрхон шадарлаж, өдөр тутам цайгаа хуваан ууж байгаа хүмүүсээс тамгатай нөхөд цэрвээд байдаггүй биз дээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд ч дахин дахин намын дарга болох гэж хөрөнгө мөнгө зарах хэрэггүй. Шинэ залуу гишүүний хувиар өөрийнхөө хувь улстөрчийн карьерыг өндийлгөх замаа бодсон нь дээр. “Тэсо” хэмээх группыг зовж зүдэрч л босгосон байж таарна, хайран ч хөрөнгө мөнгө.
Хамгийн баян Х.Баттулга нэг ч төгрөг зарахгүй О.Цогтгэрэлийн сонирхлыг дагуулан улс төр хийлгэж байгааг улс төрийн хүрээнд харж байна. Ингэхэд “Женко”, Тэсо” хоёрын хөрөнгийг харьцуулах аргагүйтай адил Х.Баттулга, О.Цогтгэрэл хоёрын нүүдлийг ч адилтгах аргагүй. Тэр хэрэг гарвал хэнтэй ч нөхөрлөж, хэрэг бүтвэл хэнийг ч хаяж чадах нэгэн.
Өнгөрөгч гуравдугаар сард Дээд шүүх дээр АН-ын даргын асуудлыг шийдвэрлэхээр материал задлахад Б.Тулгатын бус С.Эрдэнийн материал байсан гэдгийг санах хэрэгтэй. М.Тулгатын хувьд хэзээ ч АН-ын дарга байгаагүй гэдэг нь үүнээс харагдана. Уг нь М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтран, “Биднээс хуульд нийцэж байгаа нэгийг АН-ын даргаар бүртгэж өгнө үү. Бүртгэгдээгүй нэг нь гомдол гаргахгүй” гэсэн утгатай хүсэлтийг Улсын дээд шүүхэд өгөөд байжээ.
Гэтэл М.Тулгатын АН-ын даргаар бүртгүүлэхээр өгөөд байсан материалыг С.Эрдэнэ татан авсан байна. Үүнээс харвал ирээдүйд залуус дундаа эвлэлдэн нэгдэж, ахмадуудын зодооны гар хөл болохгүй юм байна гэх гэрэл гэгээ туссан ч дахиад нөхцөл байдал өөр байна.
Тэд ч акулууд биднийг өмнөө түлхэж, хөрөнгө мөнгө, нэр төрийг минь хий дэмий үрж байна гэдгийг гадарлав бололтой. Өнгөрөгч 2016 оны УИХ болон Орон нутгийн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд шат шатны сонгуульд ялагдал хүлээсэн АН ээлжит хуралдаанаа зохион байгуулж байв. Тиймээс Улсын дээд шүүх тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Харин АН-ын даргаар С.Эрдэнийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Дээд шүүх 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн бүртгэж байв. Энэ цагаас хойш таван жил зөвхөн тэр л албан ёсны дарга байв.
Ингээд сая гарсан шийдвэртэй мөргүүлээд үзэхэд С.Эрдэнэ ирэх 2024 он хүртэл намын даргаар ажиллана гэхээр АН-ын түүхэнд хамгийн олон жил даргын алба хашсан хүн болох аж.
Тэгвэл өнгөрөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр АН-ын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал болж, АН-ын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Мөн Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзан, О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзаж байв. Үүгээр ч зогсохгүй тавдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар ч татгалзсан. Ийнхүү Улсын дээд шүүх тус намын дүрэм болон даргын асуудлыг удаа дараа хэвээр нь үлдээж, татгалзаж байгаагаас харвал дараа дараагийн алхамд шилжихийг л сануулаад байгаа хэрэг. Уг нь олон жил маргаантай байгаа АН-ынхан эвлэрч “Эв нэгдлийн их хурал”-аа зарлан хуралдуулах тухай мэдэгдэж байсан нь саяхан ч ийнхүү 2024 оны хүртэл нэгэн туурга дунд багтах эсэх нь ихээхэн эргэлзээтэй болж байна. Дахин сануулахад өнөөх л АН-ын нэрээр 30 жил идэж уусан үеийн хэдэн өвгөдөө дагаж дуурайгаад байж болохгүй гэдгийг дахин сануулъя.
С.ДАНЗАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Монголын АН Монголын ардчилал шиг коммунизмжлаа. Байхгүй дээд шүүхийн шийдвэрээр сөнөсөн үхдэлүүд АН ын удирдлага болж байгаа юм байна. Нөгөө 70 сая малтай монголчуудад цогцос хадгалах бодис хольж идүүлдэг шиг юм болж дээ.
монголын гэмт хэргийн бүлэглэл бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч байна.
Юу яриад байна. Цогтгэрэл ч гэх шиг,Уучлаарай гишүүд нь сонгосон дарга нь Баттулга байхад Эрдэнэ мэтийн холион бантангуудын хийж байгаа хууль бус үйлдэлийг жинхэнэ гишүүд дэмжихгүй.
за тэр ч юу вэ? тэгвэл эртхэн мориноосоо буусан нь дээр биздээ!? гарьдхүүгийн баярсайхан гай болно гэхээс гавъяа байгуулна гэж л лав байхгүй.хойд насандаа магад.
Гишүүн асан Гарьдхүүгийн Баярсайхан АН-ын дарга болох нь ээ