Б.Хаш-Эрдэнэ: ОХУ импортын бүтээгдэхүүний татвараа бууруулвал манай улсын экспорт нэмэгдэх боломжтой

2022 оны 06 сарын 10

Красноярск мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж, Енисейн Сибирь хөрөнгө оруулалтын цогц төслийн танилцуулга бизнес форум өчигдөр боллоо. Энэхүү форумд төрийн болон бизнесийн байгууллагуудын 200 орчим төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр Улаанбаатар хотын Хуралдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнээс зарим холбогдох мэдээллийг тодрууллаа.


-Бизнес форумын хүрээнд Булган болон Өвөрхангай аймгууд хойд хөрштэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн хэд хэдэн компаниуд ОХУ-аас ирсэн бизнес түншүүдтэй гэрээ байгуулах боломжтой болсон юм билээ. Энэ нь эдийн засаг талаасаа ямар үр өгөөжтэй хэмээн харж байгаа бол?

-ОХУ-ын зүгээс ирсэн тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлийн бүхий л салбарт Монголын талаас хамтран ажиллах бүрэн боломжтой. Эдгээр салбарт хамтран ажиллах сонирхолтой хоёр улсын компаниуд эхнээсээ гэрээ хэлцлээ зөвшилцөж байгаа. ОХУ-аас ирж буй бизнес эрхлэгчдэд манай улсад үйл ажиллагаагаа явуулах, хөрөнгө оруулахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор, ялангуяа валютын зохицуулалт, шинээр зарим хориг заалтууд гарсан. Гэхдээ энэ асуудал удаан үргэлжлэхгүй болов уу хэмээн харж байгаа. Булган болон Өвөрхангай аймгууд санамж бичигт гарын үсэг зурснаар тус хоёр аймгийн бизнес эрхлэгчид мал аж ахуй, ноос ноолуур, худалдаа арилжаа гэх мэт салбарт хамтарч ажиллах юм. Энэ нь экспортоо нэмэгдүүлэх боломж хэмээн харж байгаа.

-Дотоодын бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Бизнесийн орчинд хамгийн их тулгардаг асуудал нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудал юм. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь богино хугацаатай, өндөр хүүтэй байдаг. Тиймээс альтернатив эх үүсвэр шаардлагатай байгаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, ноос ноолуурын салбарт түүхий эдийн олдоц, нөөц бэлдэх нь чухал. Улирлын чанартайгаар түүхий эдийг бэлтгэдэг учраас эргэлтийн хөрөнгөд асуудал үүсдэг байх жишээтэй.

-Та сая бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулахад хязгаарлалт байхгүй гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж, манай улсад үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн саад хязгаарлалт тавьдаггүй. Зөвхөн Орос улсын хувьд ч биш. Бүх гадаадын хөрөнгө оруулагчдад хамаатай. Зарим хөрөнгө оруулалт хийсэн компаниудын хувьд асуудал үүсэх нь бий. Тухайлбал, валютын чөлөөтэй урсгал байгаа эсэх, ялангуяа сүүлийн 2-3 сарын хугацаанд Монголбанкны зүгээс валютын урсгалд хяналт тавьж байгаа. Энэ асуудал удаан хугацаанд үргэлжлэхгүй байх. Бусдаар бол айхавтар хүндрэл үүсдэггүй.

Бизнес эрхлэгчдийн зүгээс хэцүү байна хэмээн хэлдэг зүйлсийн нэг бол хуулийн хэрэгжилт юм. Хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шатанд очоод гэрээний хэрэгжилтийн асуудалд Монголын талаас анхаарч үзэх шаардлагатай байдаг хэмээн гаднын хөрөнгө оруулагчид их ярьдаг.

-Бид хойш хөршөөс импортын бүтээгдэхүүн ихээр авдаг. Гэхдээ экспорт маш бага хувийг эзэлдэг. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийх шаардлагатай хэмээн үзэж байгаа вэ?

-Статистик мэдээллээр 2020 оны байдлаар Монголоос ОХУ руу хийж буй экспортын хэмжээ нийт экспортын 0.7 хувь байна. Нэг хувь ч хүрэхгүй байгаа юм. Бидний зүгээс хойд хөрш рүүгээ экпортлох хэмжээгээ нэмэх сонирхолтой байгаа. Монголын компаниуд 30 гаруй жилийн турш сонирхож байна шүү дээ. Одоогийн байдлаар сүлжмэл бараа бүтээгдэхүүн, зарим төрлийн хувцас зэргийг экспортлох нь нэмэгдсэн. Харин мах махан бүтээгдэхүүнийг экспортлох нь багассан байна.

Манай улсаас ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход гаалийн татвар өндөр. Монгол руу бараа оруулж ирэхэд дунджаар таван хувийн гаалийн татвар авдаг. ОХУ-ын хувьд импортын бараанаас 30-40 хувийн татвар авдаг байх жишээтэй. Тиймээс гаалийн татвараа буулгах хүсэлтийг ОХУ-д олон жилийн турш тавьж байгаа. Нөгөө талаар ОХУ-ын хил дээр гаалийн байгууллагын зүгээс хийж буй үйл ажиллагаагаа хөнгөвчилж, хурдан болгох хүсэлтийг бизнес эрхлэгчдийн зүгээс удаа дараа тавьдаг. Манай улсын бараа бүтээгдэхүүн Оросын стандартыг хангадаг. Энэ хоёр асуудлыг шийдсэн тохиолдолд экспорт нэмэгдэх боломжтой юм.

Н.АНУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top