Депп Хердийн эсрэг: Хэн нь Холливудад ЭРГЭН ИРЖ чадах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Өнгөрсөн долоо хоногт АНУ төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан шүүх ажиллагаа өндөрлөсөн. АНУ-ын Виржиниа мужийн тангарагтны шүүх Эмбер Хердийн хуучин нөхөр Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгасныг гүтгэлэг болохыг хүлээн зөвшөөрөв. Энэ шийдвэрийг Депп амьдралыг нь эргүүлж өгсөн хэмээн мэдэгдсэн. Харин шүүхэд ялагдсан Эмберийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

Депп, Херд хоёр 2009 онд “Ромын өдрийн тэмдэглэл” кино зураг авалтын үеэр танилцаж, 2015 онд гэрлэжээ. Гэвч гэрлэлт удаан үргэлжлээгүй. Нэгхэн жилийн дараа Херд салах өргөдлөө өгөв. Тэр үед л Херд Деппийг бие болон сэтгэлийн хүчирхийлэлд буруутгаж байсан ч хожим нь хуучин хосууд тохиролцоонд хүрч, жүжигчин бүсгүй нэхэмжлэлээсээ буцсан юм. 2018 онд Херд “The Washington Post” сонинд гарсан нийтлэлд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байсан тухай мэдэгдсэн. Хэдийгээр тэрбээр тодорхой нэр дурдаагүй ч Жонни Деппийн талаар ярьж буй нь тодорхой байв. Энэ нийтлэлийн дараа “Карибын тэнгисийн дээрэмчин” өөрийг нь гүтгэсэн хэмээн хуучин эхнэрээ шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжилсэн. Херд хариуд нь 100 сая ам.доллар нэхэмжилж, хуучин нөхрөө шүүхэд өгснөөр энэ түүх эхэлж байв.

Хоёр жүжигчин хоёул энэ хэрэг нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж, ирээдүйд олох ашиг, орлогоос нь салгасан гэж мэдэгдсэн. Яг хэдий хэмжээний ашиг орлого олох байсныг нь тогтоох боломжгүй. Учир нь тэд хоёул өөрсдийн амжилт, алдагдлыг хэтрүүлэн үнэлж байв. Энэхүү шүүх ажиллагаа Депп, Херд хоёрын карьерт хэрхэн нөлөөлөх тухай таамаглахад бэрх ч кино урлагийн шинжээчид тэдний хуучин амьдрал хэзээ ч буцаж ирэхгүй гэдэгт санал нэг байна. Маргааны гэрч, үзэгчид хэний ч талд орсон бай сөргөлдөгч талууд аль нь ч өөрсдийгөө сайн талаас нь харуулж чадаагүй. 2015 онд хуучин хосууд үйлчлүүлж байсан сэтгэл судлаач Лорел Андерсон тэдний харилцааг “харилцан хүчирхийлэл” гэж тодорхойлж, Депп ч тэр, Херд ч тэр хоёул буруутай гэж онцолсон.

Деппийг өршөөсөн нь

Жонни Депп шүүх хурал дээр Хердийн нийтлэлийн дараа бүх зүйлээ алдаж, энэ нийтлэл түүний алхам, шийдвэр бүрийг хянаж байсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, шүүх ажиллагаа эхлэхээс өмнө тэрбээр хожигдсон. Учир нь түүний нэр хүнд нурж унасан гэж тэрбээр мэдэгдэж байв. Хердийн гүтгэлгээс болж Жепп 23 сая ам.долларын цалин авчрах “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зургаадугаар ангид тоглох боломжоо алдсан гэж түүний төлөөлөгч Жек Вингем өгүүлсэн. Үүнээс гадна кино од “Гайхамшигт мангасууд” төслөөс гарахад хүрсэн. “Карибын тэнгисийн дээрэмчид” кино Жонни Деппийг нэр алдрын оргилд хүргэж, “Disney” студид 4.5 тэрбум ам.доллар авчирсан. Жүжигчин өөрөө 300 сая орчим ам.доллар авчээ.

Шүүх ажиллагаа Деппийн ард шүтэн бишрэгчдийн асар том арми буйг харуулав. Шүүхийн гадаа хайртай жүжигчинтэй зургаа авхуулах, гарын үсгийг нь авах, бэлэг өгөх гэсэн шүтэн бишрэгчид багширч байсан. Шүүх хурлын явцад явуулсан санал асуулгаар үзэгчид Деппийг шинэ, шинэ төслүүдэд харахыг хүсэж буйг харуулсан. Энэ бол Холливудын студиүдийн хувьд чухал шалгуур. Шинжээчид Деппт юу чаддагаа харуулах шинэ кинонд тоглож, карьераа сэргээх боломж бий гэдэгт итгэлтэй байна.

Хердийн ирээдүй

Харин Хердийн хувьд Холливуд ч тэр, үзэгчид ч тэр нигүүлсэнгүй хандсангүй. Хуучин нөхрийг нь бодвол Хердийн ирээдүй бүрхэг. Тэрбээр шүүхэд ялагдаад зогсохгүй олны өмнө худалч болох нь илчлэгдсэн. Хүмүүст алдартай, сэтгэл булаам Деппт итгэх нь илүү хялбар. Харин Херд хуучин нөхрийнх нь шүтэн бишрэгчдийн үзэн ядалтын бай болов. Шүүхийн гадаа түүнийг хэн ч бэлэгтэй угтсангүй. Тэр бүү хэл түүнийг “Aquaman” киноны хоёрдугаар ангиас хасах шаардах бичигт дөрвөн сая гаруй хүн гарын үсгээ зураад байна. Санал асуулгын дүнгээс үзвэл үзэгчид Хердийн зохимжгүй үйлдлийг уучлахад бэлэн биш гэдэг нь харагдаж байна. Депп олны дэмжлэг хүлээсэн бол Херд интернэт орчинд доромжлолтой тулгарав.

Шүүх ажиллагаанаас өмнө Хердийн карьер тийм ч тогтвортой, амжилттай байсангүй. “Ромын өдрийн тэмдэглэл”, “Aquaman” кинонд дүр бүтээхээс өмнө тэрбээр жижиг төслүүдэд оролцож байв. Кэтрин Арнолд зөвлөхийн хэлснээр, энэ дуулиан гараагүй байсан бол Эмбер Херд “Aquaman” киноны дараа Холливудын шинэ оддын нэг болох байжээ. Гэвч Эмбер од болох боломжоо алдсанаас гадна “L’Oreal” компанитай байгуулсан сурталчилгааны гэрээнээсээ ч салав.

PR агентуудын ярьж буйгаар, энэхүү дуулианаас болж Херд муу нэртэй болов. Холливуд “гэмтэй” эрчүүдээс болгоомжилдог ч эмэгтэйчүүдэд илүү хатуу ханддаг байна. Тиймээс продюсерууд түүнд итгэхгүй бөгөөд төсөлдөө урихыг хүсэхгүй. Нэгэн шинжээч Хердэд жүжигчний карьераа мартахыг хүртэл зөвлөсөн ч бий. Гэхдээ бүх зүйл Эмбер Херд ялагдлаа хэрхэн даван туулахаас шалтгаална. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрбээр урам хугарснаа нуугаагүй. “Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд ухарсан алхам болсонд урам хугарч байна. Энэ нь зориг гаргасан эмэгтэйчүүд олны доромжлолын бай болж байсан тэр үе рүү буцсан шийдвэр боллоо” гэж Амбер мэдэгдэж байв.

Энэхүү шүүх ажиллагаа жүжигчдийн ажил, амьдралыг ялгаж салгах шаардлагатайг дахин харуулав. Харамсалтай нь тэд кинон дээр гардаг шигээ амьдрал дээр тийм ч сэтгэл татам хүмүүс биш аж. Депп, Херд хоёр ч үүний жишээ юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрд авьяасгүй(2.212.23.11) 2022 оны 06 сарын 11

Хэрдийн жүжиглэснийг харахад үнэн уйтгартай. Кинонд дүр бүтээхэд авьяас маш чухал!

0  |  1
Oogii(202.9.46.16) 2022 оны 06 сарын 10

Gan ta tvvniig tanidag yum uu.

0  |  0
Ган(202.126.90.23) 2022 оны 06 сарын 13

депп бол сэтгэцийн өвчтэй, архны хамааралтай тарган бүдүүн хөгшин эр. \nДепп өөрөө Хердыг байнга сэтгэл үйн тогтвортой байдалд оруулчихаад дараа нь гонгидог хогийн арчаагүй увайгүй хуншгүй эр

1  |  5
Top