Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” хэмээн захьсан. Өнөөдөр бид идэх хоолныхоо ихэнхийг бусдаас асаар, өмсөж зүүхийнхээ дийлэнхийг гаднаас авч байна. Тэгэхээр бид их хааны хэлснээр аль хэдийнэ бусдын боол болжээ. Боол болох болохдоо Эрээн боомтын боол, харь гүрний хараат болон хувирч. Цар тахлын үед цурманд орсон эдийн засаг одоо Эрээн боомт сар орчим хаагдах чимээнээр импортын цутгал таг гацаж, экспортын урсгал татрав.
Одоо л яс махандаа тултал ойлгож байгаа болохоос бус өнгөрсөн 30 жилийн турш бид ийм л “хавх”-нд байж ирсэн. Үйлдвэрлэж бүтээдэггүй улсад үүнээс цааш явах газар үгүй гэдгийг ч бултаараа бид харж халаглаж сууна. Ангийн үс, арьс ширээ урд айлд зарж цай тамхи, даавуу даалимбахан олж авдаг асан бүрэнхий түүхийн бүдэгхэн амьдрал өнгө зүсээ үл ялиг хувиргасан төдийгөөр өнөө ч давтагдсаар. Нүүрс, зэс, алт, цайр, төмрийн хүдэр, жонш, ноолуураа түүхийгээр нь экспортолж, идэж уух, өмсөж зүүх хэрэгцээт зүйлсийнхээ 90 гаруй хувийг эргүүлээд импортоор авч байна. Баялгаа ийнхүү түүхийгээр нь гаргасаар байвал эдийн засаг улам “түүхийрч”, улс орон улам ч уруудан доройтох шинжтэй.
ДНБ-ийг төгрөгөөр тооцвол сүүлийн жилүүдэд хэдэн их наядаар хэмжигдэх болж сүрхий өссөн мэт харагдах ч иргэдийн орлогын өсөлтийг ам долларт шилжүүлбэл гавьтай нэмэгдсэн юм бараг л байхгүй байна. Тэгэхээр бид юун түрүүнд хэрэглэгч бус үйлдвэрлэгч, импортлогч бус экспортлогч улс болоход Алсын хараагаа чиглүүлж ёстой жинхэнээсээ шинэ сэргэлт хийх цаг болжээ.
Түүний тулд үйлдвэрлэлийг бодитоор бойжуулж, дэмжиж, нэмүү өртөг шингээж, ахиу ашиг олох бүхэнд төрийн бодлогоор боломж олгох цаг болж. Тиймээс яг энэ үед Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийг Улсын Их Хурал хэлэлцэхээр болсон нь цагаа олсон хэрэг гэдгийг олон нийт, тэр дундаа үйлдвэрлэгчид хэлж, харж, хүлээж байна. Учир нь, энэ хууль батлагдвал МУ-ын ДНБ-ийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх, Монгол Улсын төсвийн орлого бодитоор өсөх боломж бүрдэх юм. Малчин хүн орлогоо нэмэгдүүлье гэвэл малынхаа үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг өсгөх хэрэгтэй болдог.
Яг түүн шиг Монгол Улс татварын бааз сууриа өргөтгөе, иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмэгдүүлье гэвэл татварын бааз сууриа өргөтгөхөөс өөр зам байхгүй. Харин түүнийг өргөтгөхийн тулд үйлдвэрлэлийг дэмжихээс өөр гарц байхгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 33 тэрбум ам.доллар болж тэнгэрт тулсан. Энэ өрийг эргүүлэн төлөхийн тулд бас л үйлдвэрлэгч улс болохоос өөр олигтой шийдэл харагдахгүй байна. Халамжаас хөдөлмөрт шилжих, Шинэ сэргэлтийн бодлогоо амь оруулах ганц жор нь ердөө л үйлдвэрлэгч улс болох зорилт юм. Харин энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хууль ус агаар шиг хэрэгтэй байна.
Чухам яагаад ус агаар шиг хэрэгтэй гэж гэсэн асуултад хариулах гээд үзье.
Шинэчилсэн найруулгын төсөлд паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тов тодорхой зааж өгсөн.
Тухайлбал, паркийн удирдлага, паркийн нэгжийн үйл ажиллагаанд татварын дэмжлэг үзүүлэх, паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах гэсэн заалт бий. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Үйлдвэрлэл технологийн паркууд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломж нээгдэнэ.
Мөн төсөлд паркийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлэх гэсэн заалт бий. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлж дэмжих юм.
Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдолтой Үйлдвэрлэл технологийн паркийн эрчим хүч, цахилгаан дулаан, цэвэр бохир, зам талбай гээд шаардлагатай дэд бүтцийг төр цогцоор нь шийдээд өгвөл үйлдвэрлэгч паркд шууд үйлдвэрээ байгуулж, бага зардлаар бизнесээ босгож, үйлдвэрлэлээ эхлүүлэх таатай боломж бүрдэхээр байна.
Түүнчлэн зарим паркийн нутаг дэвсгэрт гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулж болохоор зааж, төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай зөвшөөрөл авахад нь төрөөс дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох зохицуулалт ч тусгаад байгаа юм. Хамгийн чухал нэг зохицуулалт бол Үйлдвэрлэл технологийн паркд үйл ажиллагаа явуулахад Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх дэмжлэг юм. Өөрөөр хэлбэл, одоо байхгүй байгаа үйлдвэрийг байгуулагдахад төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлээд дараад нь хөл дээрээ босож, хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед нь татвараа авч, төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд хуулийн төслийн нэг зорилго чиглэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчдээ төрөнгүүт нь татварын дарамтаар бүтээгээд алчихалгүй харин ч татварын хөнгөлөлтөөр угжиж бойжуулж аваад дараад нь ашиг шимийг нь хүртэх эрх зүйн ээлтэй орчны тухай асуудал яригдаж байна гэсэн үг. Тийм болохоор “Алаагүй баавгайн арьсыг арав хувааж, төрөөгүй унаганы нуруу хугалах вий” гэсэн хийсвэр төсөөллөө хууль тогтоогчид хойш нь тавиад Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн төслийг эрэмдэглэлгүй батална гэдэгт үйлдвэрлэгчид итгэж хүлээж байгааг нуух юун.
Монгол Улс хөгжиж байж "хөлд орно”. Эрээн ханиад хүрэхэд энд найтаадгаа, бүр найгаа алддагаа болино. Түүний тулд аливаа улс орны хөлд оруулагч болж ирсэн үйлдвэрлэлийг дэмжихээс өөр зам алга. Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Үйлдвэрлэл технологийн паркийн хуулиа даруйхан баталж Шинэ сэргэлтийн бодлогын салхийг хагалах Үйлдвэрлэлийн хувьсгал хиймээр байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
МАН байгаа цагт хятадын түүхий эдийн орон л байх болно
Асуудлыг ингэж шийдэж болохгүй хүн бүрт ээлтэй, энхрэнгүй ниыгэм бий болгох ёстой ОюунЭрдэнэ гуай.
БЭЛЭНЧЛЭХ ЗАН МОНГОЛЧУУДЫН ДУНД ИХ БАЙДАГ. ЯМАР САЙНДАА ”ЦАВЧИХ”ДУНДААС НЬ УНАГАНА ГЭСЭН ОЙЛГОЛТ ГАРЧ ИРСЭН НЬ ЕР НҮҮДЭЛЧДИЙН АЖ АХУЙ ХӨТӨЛДӨГ АРГА МОНГОЛ ХҮНИЙ БЭЛЭНЧЛЭХ ЗАНГААС ҮҮДЭЛТЭЙ. НЭГ ХЭСЭГ НЬ ХӨДӨЛМӨРЛӨӨД НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ТЭДНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМИЙГ ХЭД НУГАЛЖ ДАМЛААД БАЙЖ БАЙНА ДАА.ТЭГЭЭД ХӨЛС ӨӨ ГОЙЖУУЛЖ ЯВАА ХҮМҮҮС НЬ ХЭЗЭЭЧ БАЯЖДАГГҮЙ,ХАРИН НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ТҮНТИЙТЛЭЭ БАЯЖААД.
Эх орноо хоосруулж иргэдээ элгээр нь мөлхүүлсэн Да.Ганболдын онолыг хэрэгжүүлсэн1996-2000 онд төр засгийг удирдсан хүмүүс 1710 үйлдвэрийг ,117 металл эдлэл хийдэг үйлдвэр цехийг бүрмөсөн устгасан хүмүүст хариуцлага тооцож идэж баяжсан хөрөнгөнөөс нь буцааж авмаар хүсэлтэй иргэд бид олон байна. Яагаад тэднийг өөгшүүлээд өшөө болоогүй Зайсанд луйвраар дархан цаазтай газрыг хувьчилж аваад барьсан шавран”гэр жорлонг”нураасныг буруутгаж сүйд болцгоох юм.Уг нь энэ төр засаг зөв эхэлж хонгилйн үзүүрт гэрэл харуулсан юмсан.