ДЭМБ-аас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан зууны нэг хувьд тохиолдог ховор бүлгийн цустай Хүндэт донор Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр хүний алтан амь аврах ариун үйлсэд өөрийгөө зориулж өдөр, шөнө хэзээд дуудахад бэлэн байж, донор хүний үүргээ биелүүлж иржээ.
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Ховор бүлгийн цустай учир таныг бусад доноруудаас онцлогтой гэж үздэг юм билээ?
-Би Улаанбаатар төмөр замын татах хэсэгт няраваар 27 жил ажиллаж байна. Цэргийн их сургуулийг 1992 онд төгсөж байлаа. Гэр бүл, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Миний хувьд II бүлгийн сөрөг цустай. Байнгын доноруудын 44 хувь нь I, 32 хувь нь III, 21 хувь нь II, долоон хувь нь IV бүлгийнх байдаг бол сөрөг резус нь мянгад нэг байдгаараа илүү үнэ цэнтэй гэж болно. Ердийн донорууд 35-аас дээш удаа цусаа өгч байж Хүндэт донор болдог бол ховор бүлгийн цустай хүмүүс 20 удаа цусаа өгч энэ болзлыг хангадаг. Миний хувьд 2018 онд Хүндэт донор болж байлаа.
-Та нийт хэдэн удаа цусаа өгч хэчнээн хүний эрдэнэт амийг аварсан бэ?
-Би 1990 оноос хойш цусаа өгч эхэлсэн. Энэ хугацаанд 45 удаа цус өгчээ. Нийтдээ 18 литр цус бэлэглэсэн байна. Ингээд бодохоор 135 хүний амийг аварчээ. Хүндэт доноруудыг топ, алт, мөнгө, хүрэл гэж алдаршуулдаг. 200 болон түүнээс дээш удаа цусаа өгсөн бол Топ донор, 150-иас дээш Алтан донор, 100-аас дээш удаа цусаа өгсөн бол Мөнгөн донор, 70-аас дээш бол Хүрэл донор гэж алдаршуулдаг. Тэгэхээр ховор бүлгийн цустай учраас болзол нь арай бага л даа.
-Анх ямар учраас донор болов. Анх цусаа өгөхөд ямар санагдаж байв?
-Анх цэргийн сургуульд суралцаж байхдаа цусаа хандивлаж эхэлсэн. Оюутнууд Цусны төвд бөөнөөрөө очиж цусаа өндөг байлаа. Тэр үед өөрийгөө сөрөг резустэй, ховор бүлгийн цустай гэдгээ мэдсэн. Анх цусаа өгөхөд зүүгээр хатгуулах нь л эвгүй байсан. Одоо бол цус авдаг бүдүүн зүүнээс айхгүй хэрнээ тарианы нарийн зүүнээс айдаг хэвээрээ шүү /инээв/.
-Хүний амь аварсан яаралтай дуудлага хэр олон гарч байв. Ховор бүлгийн цус гэхээр ямар онцлогтой вэ?
-Яаралтай дуудлага үе үе ирнэ. Хүний орчлонгийн өвчин зовлон, осол аваар, төрөхийн хүндрэл, мэс засал гээд хэлж ирэхгүй зовлон их шүү дээ. Тун яаралтай таны цус хэрэг боллоо гээд цусны баг ажил дээр ирж цус авах тохиолдол олон гарч байсан. Мөн цус хэрэгтэй байна гээд дуудвал өөрөө гүйж очоод өгөх ч үе бий. Тэр бүрийд хамт олон маань ойлгож дэмждэг. Цусаа өгөөд явж байхад сэтгэл нэг л сайхан бие хөнгөрөөд ирдэг. Би чинь хүний алтан амь аварч байгаа шүү дээ гэж өөртөө бахаддаг. Танихгүй олон хүний судсаар миний цус гүйж яваа гэж бодохоор сонин ч юм шиг, амийг нь аварсан гэж бодохоор сайхан ч юм шиг. II бүлгийн сөрөг резус цус нь Европт элбэг, Азид ховор байдаг юм билээ. Сөрөг резустай хүнд цусны бүлэг нь тохирохгүй байх нь элбэг тул хүүхэдтэй болох магадлал бага байдаг. Ялангуяа эмэгтэй хүн нэг л хүүхэд төрүүлдэг гэж үздэг. Тиймээс охин хүүхдийн цусны бүлэг резусийг эрт тодорхойлж анхаарах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг юм билээ.
-Хэзээ мөнхөд хэн нэгэнд таны цус хэрэг болох учир байнгын бэлэн байдалд, бие сэтгэлийн бэлтгэлтэй байдаг байх. Танд энэ бүхэн хэрхэн нөлөөлдөг вэ?
-Донорууд цус өгөхдөө өөрийгөө бэлтгэж очдог. Жишээ нь, нойр хоолны дэглэм, хувийн ариун цэвэр, сэтгэл зүйн бэлтгэл чухал. Мөн зургаан цагаас дээш амарсан байх, шингэн зүйл ердийнхөөс их уух, согтууруулах ундаа гурван хоног хэрэглээгүй байх, өнгөтэй ундаа жүүс уугаагүй байх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй, өөх тостой хоол идээгүй, эм тариа 10-14 хоног хэрэглээгүй байх хэрэгтэй. Энэ бүхэн яваандаа дадал болдог учраас яаралтай дуудлагын үед ямагт бэлэн байдаг. Бас архи, тамхинаас хол байх гээд зөв дадал зуршлыг суулгаж өгдөг дөө.
Харин цусаа өгсний дараа архи согтууруулах ундаа хэрэглэх, өндөрт гарч ажиллах, хүнд машин механизм жолоодох, ачаалалтай ажиллах, дасгал хийх, саунд суух, бүгчим газар удаан ажиллахыг хориглодог.
-Донор болохыг хүсэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?
-Таны нэг удаа хандивласан цус гурван хүний амь насыг аварч, гурван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэдэг. Иймээс эрүүл чийрэг, эрч хүчтэй залуу насандаа цусаа хандивлаарай. Мөнгөөр орлуулшгүй, алтаар хэмжишгүй буян юм шүү.
-Хүндэт доноруудыг төр, засгаас хэрхэн харж үзэж, шагнаж урамшуулж, нийгмийн халамж анхаарал тавьдаг вэ?
-Төрийн одон тэмдгээр шагнуулж байгаагүй, МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнуулж байсан. Бид чинь нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй. Мөн зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх, рашаан сувилалд хэвтэх гэх мэт урамшуулал байдаг.
-Цар тахлын үед Цусны төв нөөцгүй болж байсан. Таных шиг ховор бүлгийн цус бүр ч эрэлттэй байсан байх даа?
-Нэг сая хол давсан хүн амтай, эрсдэл ихтэй өнөө үед цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж донорын эгнээг өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа. Шинжлэх ухаан, техник технологи хөгжлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч дэлхий нийтэд цусыг орлуулах боломжгүй, зохиомлоор гаргаж чадаагүйн дээр удаан хадгалах аргыг ч өнөөдрийг хүртэл нээгээгүй учраас цусны донор гэдэг маш чухал.
Тиймээс ч цусны донорыг тогтмолжуулах, донорын эгнээг нэмэх, шинэ болон байнгын донорын тоог нэмэгдүүлэх, өргөмжлөх үүднээс цусны донорын өдөр гэж тэмдэглэдэг. Албан байгууллагуудаар явж донор нэмэгдүүлдэг. Сүүлийн үед зам тээврийн осол нэмэгдэж байгаа учир цусны хэрэгцээ байнга шаардаж байдаг. Монгол Улсын цусны албаны хэмжээнд 150 мянга гаруй цусны донор байдгаас идэвхтэй өгдөг 36 мянган донор бий гэсэн судалгаа бий. Эерэг бүлгийнх 99 хувь бол сөрөг бүлгийн цус нь нэгхэн хувийг эзэлдэг. Иймд сөрөг бүлгийн цустай хүн аюултай нөхцөлд байдалд ороход цусны нөөц хомсдох эрсдэлтэй байдал үргэлж үүсдэг.
-Цусаа тогтмол өгөхөд өөрт юу мэдрэгддэг вэ. Хэдэн нас хүртлээ цусаа өгнө гэж боддог вэ?
-Тогтмол өгдөг болохоор цус шингэрээд, толгой сэргээд ирэх шиг болдог. Бас даралт хэвийн, биеийн жин нэг янзандаа, эрүүл хэв маягтай амьдардаг болчихсон учраас өөрт зовуурь шаналгаагүй. Ер нь цусны донор байхын тулд 17-60 настай байх ёстой. Тэгэхээр би 60 нас хүртлээ цусаа өгнө.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Өөрийн биеийн хэсгээс бусдад авлагагүйгээр бэлэглэнэ гэдэг гайхалтай!
логикоор бодоход ховор бүлгийн цустай гэхээр яг энэ бүлгийн цус таарах хүний цус бас ялгаагүй ховор баймаар юмаа. Ямар ч байсан 1 бүлгийн цус бусад бүлгийн цусыг орлох чадвартай гэдгийг л мэдээд байна. Бусад 2 3 4 бүлгийн цус яг тухайн бүлгийн цус л таардаг гэдэг юм билээ
Сайхан хүн юм. Баяр хүргэе.
Буянтан юмаа эрүүлийг хүсье.
2000 onii yed hoolnii mungugyu bolood 2-3udaa tsusaa ogch l blaa , taliigaachtaigaa hamt .