Өнөөдөр Зуны эхэн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчэн өдөр. Энэ өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.10-т зааснаар бүх нийтээр амарч байна.
Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Бурхан багшийн их дүйчэн өдөртэй холбогдуулан өчигдөр /2022.06.13/ Гандантэгчэнлин Хийдээс Бурхан багшийн их эрднийн шүтээн ринсрэлийг Бүгд найрамдах Энэтхэг улсаас залах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Уг ёслолд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин Хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон албаны бусад төлөөлөгчид оролцсон.
Энэхүү залан авчирсан ринсрэлийн тухайд Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Энэтхэг улсаас Бурхан багшийн ариун чандрыг залж ирж байгаа. Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараасан. Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна. Энэхүү ариун чандар заларсан газар болгонд амгалан жаргалан үүсэж, сайхан болдог гэдэгт бид итгэдэг.
Энэтхэг улстай 2000 жилийн өмнөөс найрсаг харилцаатай байсан. Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой. Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм. Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна. 1995 онд Бурхан багшийн чандар манай улс заларч байсан. Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" гэдэг мэдээллийг өмнө нь өгсөн.
БУРХАН БАГШИЙН ИХ ЭРДЭНИЙН ШҮТЭЭН РИНСРЭЛ БА ТУС ЭРДЭМ
Ринсрэл гэж юу вэ?
Буддын шашинт лам багш нарын чандрын үнснээс гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин зүйлийг ринсэл гэдэг. Тус содон зүйл буюу ринсэл нь энэрэнгүй сэтгэл хийгээд билиг ухааны эрдмийг олсоноор үүсэн буй болдог гэж үздэг. Сувдан хэлбэртэйгээс гадна шүд, ясны ринсэлүүд байдаг аж.
Сэтгэгдэл ( 2 )
Zavaarsiin. Bi ta nariig iim mal bolno chinee sanasangui. Shavar baromal lam uns shuteheer ouyn uhaan saihan setgeliig shut. Minii surgaaliig guivuulsan ene lamtsaruud hoid nasandaa haluun tamd unah bolno.