Улаанбаатарыг “мөчлөөд” утаа, түгжрэлээс салах уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарыг задлах тухай, өөрөөр хэлбэл монголчуудын мал мөчлөх гэдэгтэй адил санаа түгсээр. Үнэн хэрэгтээ энэ санааг цөөнгүй эдийн засагчид таалдаггүй. Учир нь Монгол Улс бүхэлдээ жижигхэн зах зээл. Түүн дотор байгаа ганц амьд хүний томоохон төвлөрөл нь Улаанбаатар хот. Өнөө цагт зах зээлийн багтаамж хэдийгээр худалдан авах чадвараар хэмжигдэж байгаа ч, цаашдаа хүний тоо толгойноос хамааралтай болохыг Хятадын улам бүр тэлж байгаа эдийн засгаас харж болно.

Хэдийгээр хятадууд хурдацтай хөгжиж байгаа ч, том хөрөнгө оруулагчид оросын дайнаас сургамж авч хөрөнгө оруулалтын бүтэцдээ өөрчлөлт оруулах сонирхол нэмэгдэж байгаа гэнэ. Өмнө нь урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байсан бол сүүлийн жилүүдэд богино хугацаанд ашгаа өгөх салбарыг илүүтэй сонирхдог болов. Цөөнгүй эдийн засагчид Энэтхэгийг илүү тогтвортой зах зээл гэж үздэг. Тус орныг супер гүрэн болно гэдэгт маргах хүн ховор. Эндээс харвал хүн их байх тусам ашиг хийх магадлал өндөр.

Харин манай улс гурав гаруйхан сая хүн амтай. Газар нутаг, нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд тэргүүлэх боловч, хүн амын 30 шахам хувь нь орлого багатайд тооцогдоно. Хүн амын 30-аад хувь нь ХАА-н салбарт ажилладаг гэж тооцвол үлдсэн 70 хувь нь суурин газарт амьдардаг болж таарна. Гэхдээ Монголын дотоодын ганц зах зээл нь Улаанбаатар.

 

Учир нь энд 1.5 сая хүн амьдардаг. Үүнээс томоохон хүн амын төвлөрөл байхгүй. Ийм хэмжээний хүн амын төвлөрлөөс гаднын акулууд ашиг олох тухай зүүдлэх ч хэрэггүй. Харин монголчуудын тал нь төвлөрсөн энэ хотоос Монгол Улс тэжээгдэж байгаа нь маргашгүй үнэн. Хүн амын 30 хувь төвлөрсөн хөдөө, 20 хувь төвлөрсөн аймгийн төвүүдээс компаниуд ашиг олохгүй гэдэг нь сүүлийн 20 гаруй жилд батлагдсан. Тийм учраас хөдөө ажлын байр үүсдэггүй.

Тэд нийслэл рүү тэмүүлэхээс өөр гарцгүй. Өнөөгийн Улаан­баатарын төвлөрөл хувийн том хөрөнгөтнүүдийг төрүүлсэн. Тэдний хүчээр нийслэл машин, барилгаар дүүрсэн билээ. Энэ бүхний үр дүнд Монголын өрх бүр хувийн машинтай болж малчин бүр 200-13 мянга хүртэлх малтай болсон. Энэ бүхнийг төрүүлэгч нь нийслэлд төвлөрсөн 1.5 сая хүний хүч. Хэрэв уул талаар нэг тарсан 1.1 сая монголчууд нийслэлд нэмэгдсэн бол өнөөдрийн ядуус 20 хувь буурна. Хүн төрөлхтөн хүний төвлөрлөөс алдсан зүйл нэг ч байхгүй. Хожсон зүйлийн жишээ Япон, Хятад Малайз, Индонез, Энэтхэг улс. Дэлхий дээр хэдэн арван саяар тоологдох хүнтэй хэдэн зуун хот бий. Тухайн хотуудын иргэд улаанбаатарчууд шиг бие биенээ ад үзэж, зах хязгаар руугаа хөөдөггүй. Эрх баригчид нь ч хэн ч бурхны өмнө мал шиг биш, хүн шиг тэгш амьдрах эрхтэй гэж үздэг.

Харин Улаанбаатарт л дээр, дооргүй хэн нэгнээ ад үзсэн, хөөж туусан сэтгэхүй бүрдээд удаж байна. Сэтгэл судлаачийн үзэж буйгаар нийгмийн аль ч давхаргад нийгэмшээгүй иргэдийн төлөөлөл байдаг. Тэдний адгууслаг сэтгэхүйн эхний шинж тэмдэг нь нэг дор олуулаа амьдрахыг ойлгодоггүйгээр барахгүй, хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг.

Нийслэлээс 100 мянган оюутныг гаргах тухай хамгийн их яригддаг. Тэд яг ямар гай тарьсандаа цөлөгдөх ёстойг хэн ч хэлдэггүй. Нийслэлээс хөдөө дайжсан иргэдэд төрийн элдэв хөнгөлөлт үзүүлэх нь социализмыг давтсан хошин шог л болно. Монголын амьжиргаа болсон нийслэлийг мөчилж байгаа шалтгаан нь маш энгийн. Утаа, түгжрэл. Энэ бэрхшээл техникийн хувьсгалаас эхлэлтэй. Энэ зовлонг туулаагүй нэг ч томоохон хот дэлхийд байхгүй. Утаа бол өнөөгийн технологийн эринд нүд ирмэх зуур шийдэх асуудал. Манайд зах зээлийн зарчим нийтэд үйлчлэхгүй байгаагаас энэ асуудлыг шийдээгүй өнөөг хүрсэн. Үүнийг бусад оронд нийгмээрээ шийдсэн бол манай оронд цөөн тооны эрх баригчид төсвийн шуналд хөтлөгдөн, шийдэх дүр эсгэсээр өнөөг хүрсэн.

Бүр инээдтэй нь эдийн засаг томрох тусам утаа, түгжрэлийн асуудал нэмэгдэх орчин бүрдсэн. Перугийн эдийн засагч Э.Сато Улаанбаатарын гэр хороололд утаа, түгжрэлийг бүү хэл гурван тохилог Улаанбаатар байгуулах хөрөнгө байгааг сануулсан байдаг. Гаднын хүн тэгж харж байхад улаанбаатарчууд нацистууд еврей нарыг устгасантай адил хөөж туухыг урьтал болгож байгаа нь хүний нийгмийн өнөөгийн амьдралын хэв шинжийг ойлгох чадваргүйг л харуулж байгаа гэнэ. Хөөх туухын горыг заавал коммунист жишээгээр батлах шаардлага байхгүй. Улаанбаатарт сурч байгаа 100-гаад мянган оюутан багаар тооцоход 300 мянгаад ажлын байрыг бий болгодог судалгаа бий.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр нэртэй өрхийн амьжиргааны ихэнхийг бүрдүүлдэг үйлчилгээний ихэнх хувийг оюутнууд авдаг. Нийслэлчүүдийн мах, ногооны хэрэгцээний ихэнхийг шуналтай ченжүүд, дамчин лангуучид хангадаг хэмээн ойлгодог хүмүүс. Үнэн хэрэгтээ дээд боловсролыг татваргүй болгосноор малчдын хүүхэд бүрдээ боловсрол олгох тэмүүлэл нь малыг 70 сая гартал өсгөж, нийслэлчүүдийг мах ногоогоор хангах суурь болсон.

Нийслэлээс зөвхөн оюут­нуудыг гаргахад л 300 мянгаар ажлын байр устаж, мах, ногооны үнэ өсөх биш, хэрэглээ тасарна. Цаашид утаа, түгжрэлийг цөллөгийн аргаар шийдэх ямар ч оролдлого үр дүнд хүрэхгүй. Харин хүн амын төвлөрлийг зах зээл хэмээн харж капиталын эх үүсвэр болгосноор асуудлыг шийдэх боломжтой хэмээн гаднын эдийн засагчид зөвлөдөг. Үүрэн телефоны салбарт ажилладаг нэгэн инженерийн ярьснаар бол хэрэв тухайн байгууллага 330 биш 100 суманд салбараа байгуулсан бол монголчуудын авах гар утас, интернэтийн төлбөр өнөөгийнхөөс 60 хувь буурах боломжтой гэнэ.

Харин арваад жилийн өмнө гаднын нэгэн эдийн засагч нийслэлийн төвлөрлийг сааруулах асуудлын тухай яриаг сонсоод “Монголын нийслэлийг нүүлгэх таатай боломж та бүхэнд байна” хэмээн гайхашруулж билээ. Тэрбээр албан бусаар санаагаа хэлэхдээ диктофон хаахыг хүссэн юм. Түүний үзэж буйгаар төр засаг Улаанбаатарт байрлаж байгаа тохиолдолд хотын асуудал шийдэгдэхгүйгээс гадна эрх баригчид төрийн ажлаа хийхийн оронд өсөн нэмэгдэж байгаа төсвийн мөнгө рүү өлөнтөж, асууд­лыг ужгируулахыг л хичээдэг гэнэ.

Москва хотын мэр А.Лужков тухайн үедээ “Москвад Кремль байгаагүй бол би шинэ нийслэлийг таван жилийн дотор барих байсан” гэдэг байж.

Тэр нийслэлийг нүүлгэх тухай яриа Мэрийн зарчмаар Улаанбаатарыг нүүлгэх нь нэлээд үнэмшилтэй сонсогдоно. Улаанбаатар дээр жишээлээд үзье. Засгийн газрыг нийслэлд шилжүүлээд, нийслэлийн тамгын газрыг хувийн хэвшилд шилжүүлнэ. Гэхдээ жилийн дотор шинэ нийлэлийн бүсэд 1.5-2 дахин том багтаамжтай барилга бариулна. Бусад төрийн байгууллагыг ийм зарчмаар хамгийн богино хугацаанд шилжүүлж болно. Энэ тохиолдолд төрөөс дэд бүтцийн мөнгө л гарна. Энэ нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулснаас бага мөнгө байх болно.

Өнөөдөр нийслэлийн хамгийн ашигтай байрлалуудыг төрийн байгууллагууд л эзэгнэсэн. Тэдний барилга хувийнханд шилжвэл ашиг хоёр дахин өсөж, төсөв 30-аад хувиар нэмэгдэнэ. Ингэснээр утаа, түгжрэлийг хувийн хэвшлийнхэн шийдэх боломжтой болно. Өнөөгийн зургаар ойрын 10 жилд Улаанбаатарыг мөчлөөд ч асуудал шийдэгдэхгүй. Нийслэлийг нүүлгэх газар ойрын 100 км-ын тойрогт хангалттай бий. Төв аймагт л жаахан төлбөр өгчихөд болно шүү дээ. Ингээд л Улаанбаатарын утаа, түгжрэл шийдэгдэж, шинэ цөллөг үүсгэх сэтгэхүйгээс салж болно. Энд Үндсэн хууль гэх том өөрчлөлт хэрэггүй биз дээ. Утаа, түгжрэлийг өлөн нүдээр харахаа больчихвол л болно доо.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top