Түр зуурын бороо Улаанбаатарын үнэн төрхийг илчлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Улаанбаатар хотод нэг хоног дуу цахилгаантай, аадар бороо орлоо. Хаа сайгүй ус тогтож, шалбааг үүсжээ. Орцны үүдэнд усны гуталтай тогтоол усанд тоглох хүүхдүүдийн хувьд энэ нь бяцхан баясал. Усан дээр үсэрч, дэвхцэн, хувцсаа шавар, шалбааг болж буйг ч анзаарахгүй хүүхдүүд жаргалтай нь аргагүй инээж байлаа. Хүүхдүүдийн нүдээр орцны үүдэнд буй тогтоол ус асуудал биш юм. Харин томчуудад борооны дараах Улаанбаатарын гудамж төдийлөн жаргалтай зүйл биш. Энд тэндгүй үүссэн тогтоол усыг гатлах, тойрч гарна гэдэг тэдний хувьд хүндхэн даваа юм. Энэ мэтээр орцны үүднээс л эхлүүлээд бороо орсны дараах асуудлууд биднийг угтдаг. Энэ удаа борооны дараах Улаанбаатар талаарх сурвалжилгыг хүргэж байна.


 

ХОТЫГ ЦЭВЭРЛЭХЭД ТААТАЙ Ч ЯВГАН ЗОРЧИГЧДОД ХАЛТАЙ

 

Хотын төвийг зорихдоо явган зорчигчийн замаар болгоомжтойхон алхах иргэд нүдэнд туслаа. Дэлхий цөмөрчих вий хэмээн болгоомжлох шиг, эсвэл үнэг чононоос зугатах туулай мэт сортосхийж харагдана. Учир нь автомашинууд замын хажуугийн тогтоол усыг гатлахад иргэд рүү ус цацардаг болохоор тэр. Юу юугүй ийн бодож байхад л цагаан өнгийн приус машин урд алхах ээж, хүү хоёрын хажуугаар зөрөхдөө хурдаа хасаагүйн улмаас тэдэн рүү ус цацарчихав. Араас нь үглээд үлдэх ээж замтай ойр явснаас уу, эсвэл тогтоол усыг цацсан жолоочийн буруу байв уу гэдгээс илүүтэй яагаад хотын төвийн зам дээр ус тогтсон нь мөнхийн сэдэв байсаар ирэв. Улаанбаатар хотын автозам ус зайлуулах хоолойгүй гэдгээрээ дотоодод төдийгүй гадаадад алдаршсан гэж болно.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 800 гаруй км хатуу хучилттай зам байгаагаас 190 км зам нь ус зайлуулах шугам сүлжээтэй ажээ. Ингээд үзвэл нийт хатуу хучилттай замын дөрөвний нэг нь л ус зайлуулах шугам сүлжээтэй болж таарч байгаа юм. Нөгөө талаас 190 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу гэвэл үгүй. Шугамын хоолой борооны дараа бөглөрөх тохиолдол байнга давтагддаг. Ихэвчлэн лаг шавар болон хог хаягдлаас улбаатай байдаг ажээ.

Борооны усаар урсаж орж ирэх лаг шаврыг тооцоолоогүй инженерийн шугам сүлжээтэй хэмээн тодорхойлж ч болохуйц. Явган зорчигчдод энэ мэт халтай тохиолдол  цөөнгүй. Харин хот тохижилт, үйлчилгээний газрынханд борооны ус зарим талаараа ач холбогдолтой. Учир нь тоосжилт, шороо ихтэй нийслэлийн зам талбайг төдийлөн чийгтэй байлгах боломжгүй учраас бороо орсны дараа тогтоол усгүй зам талбайг цэвэрлэх нь амар байдаг талаар нэрээ нууцлахыг хүссэн тохижилт үйлчилгээний ажилтан Б хэлсэн юм.

Түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байхтай таарав. Тэрбээр “Энэ хэсэгт хэд хэдэн барилга барьж байгаа болохоор ер нь тоос, шороо ихтэй. Замын ойр орчимд тогтсон тогтоол ус бараг л байхгүй. Харин ус газарт шингээд зам цэвэрлэхэд ам, хамар руу шороо орохгүй амар байна. Болж өгвөл өглөө бүр багахан ч атугай чийгшилтэй зам талбайг цэвэрлэхийг хүсдэг ч тэгэх боломжгүй. Төвийн хэсгийн зарим зам талбайг цэвэрлэхэд таатай байгаа ч мэдээж хүндрэлтэй газрууд ч бий. Амралтын өдрөөр орсон борооны улмаас шөнөжин ажилласан хүмүүс ч байгаа” хэмээв.

 

УСАН САН БОЛСОН НҮХЭН ГАРЦ

 

Ус, цаг уурын аюулт үзэгдлийн улмаас өчигдрийн байдлаар 85 дуудлага иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт хоёр, Чингэлтэй дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт 11 дуудлага ирсэн байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 53 дуудлага иржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу очиж найман гэр, долоон байшин усанд автсан, хоёр гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсныг аюулгүй болгосон байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын диспечер Т.Ариунсанаа “Манай байгууллага байгалийн давагдашгүй үзэгдлийн дараа нийслэлийн авто зам, явган зорчигчийн замын цэвэрлэгээг хийдэг. Уржигдар шөнө орсон борооны үеэр манай байгууллагын 29 үйлчилгээний ажилтан, яаралтай дуудлагаар хоёр задгай машин, дөрвөн шүүрний машинтайгаар ажилласан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд нийт 180 тонн шороо, элс болон хайрганы хог хаягдал гарсныг цэвэрлэж дуусгасан. Гэнэтийн дуудлагаар очих үед нийслэлийн Баянзүрх дүүргийн Монель болон Дарь эх орчмын байршилд нөхцөл байдал нэлээд хүнд байсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зурагт орчимд үерт автсан зам, талбай хамгийн их байлаа. Өчигдөр зам талбайд 208 хүний бүрэлдэхүүнтэйгээр 11 хог тээврийн машинтай ажил гүйцэтгэсэн” гэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг цэгийн шил, лааз, ундааны сав автозам руу урсаж орсон. Дүүргийн удирдлагууд, нийслэлийн Хот тохижилтын газар, Зам тээврийн үйлчилгээний 55 ажилтан, Тохижилт цэвэрлэгээний ОНӨААТҮГ-ын таван автомашин, нэг автогрэйдэр, 10 ачигч тухайн цэгт үүссэн лаг шавар, хог, үерийн усаар дамжиж ирсэн бохирдлыг нийт 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж, ажилласан” хэмээн мэдээлэв.

Автозамын тогтоол уснаас гадна хамгийн их асуудал үүсгэдэг хэсэг нүхэн гарц байдгийг зайлшгүй дурдах нь зүйтэй. Улаанбаатар хотод бороо орох бүрд нүхэн гарцанд машин гацдаг жишиг эсвэл, тохиолдол хэмээн нэрлэж болохуйц үйл явдал болдог. Энэ удаагийн аадар борооноор ч ийм байдал үүссэн юм. Тухайлбал, 22-ын товчооноос Тахилт руу гардаг шинэ нүхэн гарцанд хоёр метр орчим гүнзгий усанд машин суусан тохиолдол гарчээ. Машинд зорчиж явсан иргэд машиныхаа дээвэр дээр зогсож байсныг Аврах ангийнхан аюулгүй хэсэгт гаргажээ. Товчхондоо бороо орсон тохиолдолд нүхэн гарцыг усаар дүүрэхгүй байхаар барих ёстой. Гэвч Улаанбаатар хотод борооны дараа хамгийн ихээр усанд автдаг хэсэг болоод байгаа нь өөрөө хамгийн том асуудал болоод байна.

 

ГЭР ХОРООЛЛЫН БОХИР ХОТЫН ТӨВ РҮҮ УРССААР

 

Хотын төвийн байр байдал зөвхөн их бага хэмжээний усан тогтоолоор хэмжигдээгүй юм. Зарим хэсэгт их хэмжээний хогны бөөгнөрөл үүссэн байлаа. Бөөгнөрөл бүү хэл өндөрлөг хэсгээс уруугаа хогны жим татсан газрууд ч байв. Байгалийн ямар ч үзэгдэлтэй тулгарсан хотоор нэг хог хөглөрдөг. Манай хотын нэг онцлог нь замын хоёр талд хоёр өөр амьдрал зэрэгцэн оршдог дүр төрх юм.

Жишээлбэл, Баянбүрдийн тойргийн замаас урагш хэсэгт хотын төв, хойшоогоо гэр хороолол байрладаг. Мөн гэр хороолол нь өндөрлөг хэсэгт, хотын төв нь нам газар байрладаг газар зүйн өвөрмөц бүтэцтэй хэмээн тодорхойлж болно. Тийм болохоор бороо орсны дараа бүхий л хог, шавар, бохир гэр хорооллын бүсээс хотын төв рүү урсдаг. Борооны ус агаарт ууршсан цэвэр усны тунадас байдаг учраас байгаль дээр олдох цэвэр усны нэг. Гэхдээ газарт буух явцдаа агаараас бага зэргийн тоосонцор цуглуулдаг учраас уух боломжгүй байдаг. Гэвч хотын бүтцээс харахад газарт буугаад л хөрсний бохирдолтой холилдоно. Тэр дундаа нүхэн жорлонгийн хэмээн тодотгох нь зүйтэй болов уу. Хогноос гадна нүхэн жорлон бол бас нэгэн асуудал үүсгэгч.

Гэр хороололд нийт 149.900 нүхэн жорлон бий. Үүнээс 50 мянган нүхэн жорлон гүн бохирдолтой.

Тэгэхээр төдий хэмжээний хөрсний бохирдол уулын хэсгээр буюу өндөрлөг газарт байрлах гэр хороололд бий. Ийм хэмжээний хөрсний бохирдол хотын төв рүү урсаж орж ирээд зогсохгүй, халуунд ууршсанаар элдэв өвчлөлийн эх үүсвэр болдог. Хүрээлэн буй орчны бохирдлоос үүсэлтэй нянгийн, гэдэсний халдварт өвчлөл нэмэгдэнэ гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн иргэн А.Чулуун “Жил бүр борооны улиралд энэ асуудлыг ярьдаг. Огтхон ч шийддэггүй. Хамгийн энгийнээр бид эрүүл, аюулгүй орчинд аж төрөх боломгүй болж байна” гэлээ. Харин Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ “Хөрсний бохирдол гэдэг маш том асуудал. Ус зайлуулах дэд бүтэц шаардлагатай байна. Бороо орох үед хотод ямар ажлуудыг хийж гүйцэтгэж буйг харах ч боломжтой болдог. Ер нь хэдий болтол борооноос үүсэлтэй зам эвдэрч гэмтэж, түүнд нь хэдэн тэрбум төгрөг зарлагадах ёстой вэ” хэмээв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.229) 2022 оны 06 сарын 21

Борооны ус та нарыг ажлаа хийхийг шаардаад бнашдээ анзаараач ард түмнээ мэхлээд байхаар ажлаа хий даргатан нараа

0  |  0
Зоригт (59.153.113.202) 2022 оны 06 сарын 21

Сумъяабазар аа хулгайч аа дээрээс урсаж орж байгаа үерийн ус шал өмхий айлуудын нүхэн жорлонгийн ялгадас тэр чигээрээ бөөн бөөнөөрөө урсаж орж байна. Ажил хийвэл хий чадахгүй бол зайлаачээ фсда минь ээ.

0  |  0
Top