Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой Баатар, Монгол Улсын Баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой Баатар, Монгол Улсын Баатар, сансрын нисэгч В.П.Савиных нар Улаанбаатар дахь Русский Домд РЦНК-гийн дэргэдэх орос хэл судлалын төв, нийслэлийн ерөнхий боловсролын найман сургуулийн сурагчдын төлөөлөлтэй уулзаж байна.
Хүн төрөлхтний түүхэнд нэрээ, сансрын уудамд мөрөө тамгалан үлдээсэн амьд домгуудаас хүүхдүүд сонирхдог хамгийн өвөрмөц асуултуудыг асууж байгаа аж.
Өнгөрсөн онд тохиосон хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой, сансрын нисэгч В.А.Жанибековын 80 насны ойн босгон дээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийг Владимир Александрович Жанибековын нэрэмжит болгон өргөмжилсөн билээ. Тус сургуулийн сурагчид энэхүү уулзалтаар Баатруудад ая дуу, ардын бүжгээрээ мэндчилэх гэж хүрэлцэн иржээ.
Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд болох сансрын нисэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 41 жилийн өмнө сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардсан юм.
Сансрын баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч, сансрын тойрог замд найман хоног нисэж, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.
Тэгвэл Зөвлөлтийн сансрын нисэгч, монголчууд бидний сайн танил Владимир Жанибеков, Виктор Савиных нар сансар судлалын түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан байдаг. Тодруулбал, 1985 оны хоёрдугаар сарын 11-нд удирдлагаас гарсан “Салют- 7” хиймэл дагуулыг “Союз Т 13” хөлгөөр нисэж очин засаж, хэвийн ажиллагаанд оруулсан явдал нь тухайн үеийн сансар судлалын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү бөгөөд амжилттай явагдсан ажиллагаа болсон юм.
Тус ажиллагаа нь удирдлагагүй болсон хиймэл дагуулыг сансрын хөлөгтэй гар удирдлагаар холбох, цаашлаад гэмтлийн шалтгааныг олж тогтоон засаж, хэвийн ажиллагаанд оруулсан анхны практик тохиолдол болсон байна.
Тухайн үед ажиллагааг удирдах, гар удирдлагаар хоёр хөлгийг залгах сансрын нисэгчийн сонголтонд тухайн үеийн хамгийн туршлагатай нисэгч Владимир Жанибеков сонгогдсоноор түүний сансрын тав дахь удаагийн нислэг товлогджээ. Нислэгийн бүхээгийн инженерээр Виктор Савиных сонгогдсон нь түүний хувьд хоёр дахь нислэг болсон байна.
Сонирхуулахад, Владимир Александрович Жанибековын хобби нь загасчлах, зураг зурах аж. Тэрбээр ОХУ-ын уран зургийн Академийн өргөмжит гишүүн бөгөөд энэ уулзалтад оролцож буй хамгийн сонирхолтой асуулт тавьсан нэг хүүхдэд өөрийн таталбараа бэлэглэхээр зуржээ.
Сэтгэгдэл ( 0 )