Монголд ЖДҮ ба дундаж давхарга яагаад байдаггүй вэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Улс орон бүр жижиг, дунд үйлдвэр ба дундаж давхаргаа өргөжүүлэх, тогтвортой байлгахыг чухалчилдаг. Учир нь энэ бүлэг нийгмийн ихэнхийг эзэлж байвал эдийн засаг тогтвортой гэж үздэг. Эдийн засгаас гадна нийгмийн хамгийн тогтвортой суурь болно. Гэхдээ улс орон бүр нийгмийн дундаж давхаргатай байх зорилго тавьдаггүй. Жишээлбэл, Катар, Кувейт, Бруней улсад дундаж давхарга гэсэн ойлголт байхгүй. Учир нь нэг хүнд ногдох баялаг их учраас тус улсын иргэн бүр дээд давхаргад л хамрагдана.

Харин Хятад, Энэтхэг мэтийн хүн ам олонтой улсуудад жижиг, дунд үйлдвэр нийгэм эдийн засгийн болоод зогсохгүй улс төрийн тогтвортой байдлын суурь болно. Дээрх жишээнээс харахад Монгол Улс жижиг, дунд үйлдвэрт анхаарал хандуулаад байх орон биш. Учир нь манай улс нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд эхний аравт жагсдаг. Эндээс харвал бид дээд зиндааны улс. Харамсалтай нь өнөөдөр хүн амын 30 хувь нь дэлхийн жишгээр ядууд тооцогдоно.

Гэхдээ ямар ч монгол ядуу, дэлхийн ямар ч ядуугаас 60 хувь баян. Хятадад 400, Энэтхэгт 500, АНУ-д 30 сая ядуу бий. Дээр нь дэлхий дээр хуурай газар үзээгүй хоёр, мах идэж үзээгүй 20-иод сая хүн байдаг мэдээ бий. АНУ-ын ядуус машинаар гэр хийж, сүмээр хооллож, шөнөдөө л хоног төөрүүлэх эрхтэй. Монголд ийм ядуу иргэн байхгүй. Монгол баян орон гэдгийг батлах гоё үг байдаг. “Сүүлчийн Хятад турж үхэхэд эхний Монгол өлсөж эхэлнэ” гэдэг юм.

Монголын төр сүүлийн 15 жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай ярьсан боловч хэдэн гишүүнийг л буруутгахаас өөр үр дүн гарсангүй. Төр жижиг, дунд үйлдвэр байгуулах нь үлгэр гэдгийг 250 шахам жилийн өмнө А.Смит хэлчихсэн. Түүний хэлсэн үгийг 1980 оны дундуур Р.Рейган, М.Тетчер нар хэрэгжүүлсэн байдаг. Үр дүн нь барууныхан өнөөдөр үзэл бодолдоо үнэнчээр Орост хориг тавьж байна. Гэхдээ л оросууд хоригт орсноос хойш багагүй ашигтай ажилласан нь дэлхийд нууц биш. Харин монголчууд хэзээнээс жижиг дунд үйлдвэртэй байсан, түүний хүчээр дэлхийг эзэлсэн тухай олон эдийн засагчид нотолдог. Учир нь монголчуудын амьжиргаа хэдэн малдаа л байсан.

Мал аж ахуй, уул уурхайгаасаа тэд эрчим хүч, хүнс, орон сууц гээд бүх хэрэгцээт зүйлсээ хангана. Долоо хоног морио сэлгэж унаад, борцоор хооллоод дэлхийн талыг туулсан. Энэ бол жижиг үйлдвэрлэлийн хүч. Тухайн үед жижиг үйлдвэрлэл монголын хүчирхэг хэрэгсэл байсан. Монголчуудын энэ давуу тал Чингисийн гүрнийг байгуулсан гэнэ.

Харин өнөөдөр бид Чингисийн гүрэн мөн үү гэсэн асуулт гарна. Бүгд Чингисээр амьсгалж байгаа ч тухайн үеийн үртэс ч байхгүй гэдгийг бүгд мэднэ. Монгол шиг хүн ам цөөтэй оронд жижиг, дунд үйлдвэр хөгжинө гэдэг нь бүтэхгүй зүйл юм. Болдог бай­сан бол өнгөр­сөн хугацаанд эрх биш цөөн ч гэсэн үйлдвэртэй болох байсан биз.

Манай улсад дундаж давхарга болон жижиг дунд үйлдвэр хөгжих боломжийн тухай олсон мэдээллээ хуваалцъя. Хүн ам цөөтөй оронд жижиг, дунд үйлдвэр эдийн засагт хавсарга хэлбэрээр хэрэгжинэ. Баялаг ихтэй, хүн ам цөөтэй орнуудад жижиг, дунд үйлдвэр гэдэг нь ажиллах хүчний хомсдолд оруулна. Манай оронд Эрдэнэт шиг 10 үйлдвэр байхад л хангалттай гэнэ. Энэ үйлдвэрүүдийг дагаж л жижиг, дунд үйлдвэр хөгжинө.

Энд төрийн оролцоо шаардлагагүй. Том үйлдвэрүүд өөрсдөө жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бойжуулна. Энэ арван үйлдвэрт нийгмийн хамгийн идэвхтэй хүн амын хэсэг ажиллана. Тэд нийгмийн дундаж давхарга болно. Тэдэн дээр том үйлдвэрийн ханган нийлүүлэгч нэмэгдэнэ. Энэ хүн амын 30 орчим хувийг эзлэх эхний ээлжийн тооцоо бий. Дээр нь төрийн албан хаагчийг нэмбэл идэвхтэй хүн амын 50 хувь болно. Тэднийг л эхний ээлжид нийгмийн дундаж давхаргад бүртгэж болно. Мэдээж энд хамрагдах иргэд корона, Укрианы дайн гэх мэтийн асуудалд бүдрэх ёсгүй. Монголчуудын 20-хон хувь нь үлдсэн 80 хувиа тэжээх чадвартай гэдэг. Эрдэнэт, Оюу толгойд ажиллаж байгаа залуус зөвхөн өөрсдийгөө тэжээгээд зогсохгүй хамаатан саднууддаа багагүй тус болдог. Өнөөдөр ийм залуусын тоо 20 мянгад хүрлээ.

Тэднийг 10 дахин өсгөхөд л Монголын эдийн засгийн өсөх хүч 10 дахин нэмэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэр байгуулах гэж их хэмжээний мөнгө төсөвлөж, төр хэдэн гишүүнээ яллах хэрэггүй. Түүний оронд стратегийн арван том үйлдвэр төрийн баталгаагаар байгуулаад, хувьцаагаар мөнгөө олчих. Энэ үйлдвэрүүд жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлээд, ажилчид нь дундаж давхарга болчихно. Удахгүй ажил­чид нь Эрдэнэт, Оюу толгойд ажил­лаж байгаа залуус шиг хотын бөгөөд орон нутгийн орон сууцтай болно. Өнөө­гийн байдлаар монголчуудын 30 хувь нь Монголдоо дундаж давхаргад хамрагдахад ядуурал 20 хувь болно. Харин 50 хувь нь дундаж давхаргад хам­раг­­дахад 10 хувь болж буурах тооцоо байна.

Сүүлийн жилүүдэд төрөөс явуулсан жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг харахад хөрөнгө гаргахыг л илүүд үзсэн. Гэтэл бага хүүтэй зээл нь үр дүнд хүрээгүй. Хэдийгээр гишүүд тэр зээлийг “хуссан” ч анхнаасаа л буруу тогтолцоо байсан. Учир нь тэр зээлийг авсан хэн ч, юу ч хамаагүй үйлдвэрлэчихээд худалдан авагч төрөөс нэхсэн. Улмаар худалдан авагчтай болсон тохиолдолд, өндөр үнээр бараагаа шахах шаардлага тавьсан. Энэ бүхэн нь төр жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэний л гор. Харин ихэнх оронд жижиг, дунд үйлдвэрийг дэмжихийн тулд зах зээлийг нь чөлөөтэй болгох арга хэмжээ авдаг юм байна. Жишээлбэл, Зүүн өмнөд Азийн орнуудад цагаан будааг тариа­лах, худалдаалах, борлуулах эр­хийг хөнгөвчилдөг бол Хятадад өрхийн хэ­рэг­­цээний будаанд төр оролцдоггүй гэнэ.

Өнөөгийн яриад байгаа жижиг, дунд үйлдвэр гэдэг бол үнэн хэрэгтээ монголчуудын уламжлалт аж ахуй юм. Гэхдээ өнөөгийн шаардлага хангахгүй. Өнөөдөр ямар ч үйлдвэрт ноос, арьс, толгой шийр хэрэггүй. Нэг өрхөөс гарах 100 хүрэхгүй тооны тийм бүтээгдэхүүнийг сонирхох үйлдвэр өнөөдөртөө байхгүй. Хэрэв төр үнэхээр дундаж давхаргыг бий болгох гэж байгаа бол хэрэг болж магадгүй хэмээн олон жил сонинд ажиллахдаа олсон мэдээлэл, зарим гаднын эдийн засагчдын мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя.

Аливаа улсын хүн амын 60-аад хувь нь эдийн засгийн идэвхтэй хүчинд тооцогддог боловч түүнээс арав гаруйхан хувь нь эрчимтэй ажлын хүчинд тооцогдоно. Энэ нь манайхаар бол 200 орчим мянган иргэн. Энэ иргэдийг л баталгаатай, чанартай ажлын байраар хангасан тохиолдолд эхний ээлжид Монголын дундаж давхарга бүрдэнэ. Энэ давхаргыг бүрдүүлэхийн тулд хэдхэн том экспортын үйлдвэр байгуулах шаардлагатай. Энэ тохиолдолд залуус Солонгос явах биш, том үйлдвэрт таван жил ажиллаад хөл дээрээ босохыг сонгоно. Ингэж л монголын дундаж давхарга үүсэх тухай 15 жилийн өмнө Австралийн эдийн засагч ярьж байсан.

Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Хавайн их сургуулийн профессороос асуухад “Танайд бэлэн туршлага бий” гэж байсан нь бас сонин. Түүний үзэж буйгаар монголчууд 1990 онд гайхамшигт хувьчлал хийсэн. Үр дүн нь өнөөдөр  нийслэлд авто түгжрэл үүсгэсэн. Тухайн үед монголчууд хувьцааны ойлголтгүй байсны бурууг өнөөдөр өмч хувьчлалд тохдог. Гэхдээ төр энэ  бүхнийг залруулах боломжтой. Эхний ээлжид Эрдэнэтийг 100 хувь монголчуудад хувьцаалж болно. Энэ үр шимийг мэдэрсэн монголчууд дараагийн хувьцааг сонирхоно. Энэ тохиолдолд ган, зэс, төмөр, нефть, шил, уран, метан, ноос, мах, ширний үйлдвэрүүдийг төрийн баталгаагаар байгуулж болно. Түлхүүр хүлээлгэж өгсний маргааш хувьцаалаад төр мөнгөө олоод авчихна. Ийм хялбар арга байгаа тухай хэдэн жил яригдсан ч төр анхаарахгүй өнөөг хүрсэн. Гэхдээ үнэхээр хүсвэл хэрэгжүүлж болох л зүйл. Хятад, Индонези, Малайзи улсууд энэ зарчмаар хөгжөөд байна. Гэхдээ төрийн түшээд нь л шүлэнгэтэхгүй бол шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 25

Яагаад гэвэл тэр хэмжээнд сэтгэдэг төр монголд байдаггүй юм. Тураалтай бас шуналтай этгээдүүд засагладаг.

0  |  0
Арчаагүй учир(66.181.161.98) 2022 оны 06 сарын 24

Монгол хүн чадвар муутай, хүүхэд байхаас хагас дутуу хүн болж бойждог учраас тэр. Ждү-д эсийн эцэст дэжмээд дэмжээд ард олон арчаагүй, амьдрал үзээгүй цагт хөгждөггүй юм.

0  |  0
kkkk(118.201.253.180) 2022 оны 06 сарын 24

ЗЭС ХАЙЛУУЛАХ 10 АЧИТ ЭХ ШГ ҮЙЛДВЭР БОСГОХОД ХУВИЙНХАНД БАЙГУУЛАХАД ТУСЛАХ, дундын ЦАХИЛГААН СТАНЦ - 2Ш БАРИХ ХЭРЭГТЭЙ БНАА, УЛС СААД БОЛОХГҮ ЭРДЭНЭТ , ОТ гоос ТҮҮХИЙ ЭД АВАХАД НЬ ТУСЛААД НИЙЛҮҮЛЧИХ,БАРАГ БАЯН АМЬДРАНА, ДОЛЛАР ОРЖ ИРНЭ

0  |  0
Top